Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0108

 

                                                                                                                               

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Б.О, гуравдагч этгээд “Ө м” ХХК-ийн өмгөөлөгч П.Е, А.Б, гуравдагч этгээд А.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эс, гуравдагч этгээд Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, гуравдагч этгээд Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээд “Х х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хулан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу  “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.5, 14.1.9, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018/-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.14, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 6* тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Э-г бүртгэсэн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний, дээрх 6* тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Б-г бүртгэсэн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, тус 6* тоотын 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Ж-ыг бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл болон уг үл хөдлөх эд хөрөнгийг Х х б-ны барьцаанд тус тус бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... иргэн А.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байр, 6* тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гарган, түүнд хавсарган өргөдөл, “Ө м” ХХК-ийн “А.Э 37 дугаар байрны 6* тоотыг захиалсан нь үнэн бөгөөд төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлж байна” гэсэн тодорхойлолт, тус компанийн “үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ” зэрэг нотлох баримтыг ирүүлснийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220505846* дугаарт бүртгэж, 00041140* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

Ийнхүү гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.5, 14.1.9 дэх заалтыг тус тус зөрчөөгүй /үндэслэлийг дурдвал/:

1. А.Э-д 6* тоот орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гарган, хууль, журамд заасан нотлох баримтыг бүрдүүлэн өгсөн байсан ба бүртгэл хийх тухайн хугацаанд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй тул бүртгэж гэрчилгээ олгосон.

2. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Хууль хяналтын байгууллага улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан шийдвэрээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгжид ажлын 3 өдрийн дотор ирүүлнэ”  гэж заасан байдаг ба хууль хяналтын байгууллагаас дээрх дурдсан улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан шийдвэр тухайн үед ирээгүй байсан байна.

3. А.Э-ийн өмчлөлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байр, 6* тоот хаягт байршилтай орон сууцны эрхийг “... улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгосон” гэж шүүхээс үндэслэсэн байна. Гэвч “Ж” ХХК нь “Ф Ж Л Х” ХХК-аас Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байр /75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга/-ын өмчлөх эрхийг 139 дугаартай нотариатчийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр шилжүүлэн авсан ба уг гэрээнд 566* м.кв талбайтай гэж бичигдсэн, харин байрны тоотыг тусгаагүй байсан байна. Иймд бүртгэлийг давхардсан гэх үндэслэл байхгүй байна.

 4. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018/-ийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “улсын бүртгэлийн байгууллагын тооцоолох машины зөөгч болон санах байгууламжид хадгалсан тооллого, түүвэр судалгаа, мэдээлэл боловсруулалтын дэлгэрэнгүй материалыг тогтоосон хугацаанаас өмнө устгах, бусдад дамжуулах, худалдах” гэж заасан байх тул захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хуулийн зүйл заалтыг ямар үндэслэлээр үндэслэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2020/0676 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Гуравдагч этгээд Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүхээс “... нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 6* тоот, 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Э-г бүртгэсэн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний, дээрх 6* тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Б-г бүртгэсэн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, тус 6* тоотын 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Ж-ыг бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл болон уг үл хөдлөх эд хөрөнгийг Х х бны барьцаанд тус тус бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд Л.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А.Э-д 40,000,000 төгрөгийн зээл олгож барьцаалсан юм. Улмаар А.Э нь үндсэн зээл, хүү, алдангийг төлөлгүй 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүрсэн. Зээлээ төлж чадахгүй тул байраа худалдан авахыг санал болгосон. Тухайн байрыг 100 сая төгрөгөөр үнэлж, зээл болон хүүгийн хамт 45,000,000 төгрөгийг суутган, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг бэлнээр А.Э-д өгч 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийж, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-220505846* дугаартай гэрчилгээгээр баталгаажуулсан байдаг. Л.Б нь А.Э-гаас 3 жил төлөөгүй зээлийн гэрээний дагуу алдангийг огт бодоогүй. Энэхүү хэрэгт Л.Б-ээс өөр өөрийн мөнгөн хөрөнгөөрөө хохирсон хүн байдаггүй.

2. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Л.Б-ээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Тухайн үед барьцаанд бүртгэлтэй байсан талаар асууж байсан. Ингээд 2018 онд А.Э-г маргаан бүхий орон сууцыг зээлийн төлбөртэй суутган худалдаж авахыг санал болгох үед шүүхийн маргаантай асуудал чинь яасан вэ? гэж асуухад, асуудал дууссан, ямар ч асуудал байхгүй гэсэн. Ингээд Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бичиг браимтаа бүрдүүлж өгөөд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээ ямар ч асуудалгүй гарсан. Төрийн байгууллага нь баталгаажуулж өгсөн байхад надад эргэлзэх сэтгэл төрөөгүй, үнэхээр асуудал нь дууссан юм байна гэж итгэсэн.

3. Маргаан бүхий байрыг Л.Б-ийн нэр дээр бүртгүүлсэн улсын бүртгэл нэхэмжлэгчийн ямар ч эрхийг зөрчөөгүй.

4. Харин энэхүү захиргааны хэрэгт 2020 оны 05 дугаар сард гуравдагч этгээдээр орж эхлээд, хэргийн материалтай танилцахад А.Э-гийн ах А.Эн гэх хүн маргаан бүхий байрыг залилан мэхэлж, “Ж” ХХК-ийг хохироосон нь тогтоогддог. “Ж” ХХК нь байраа бусдад залилуулсан гэх гомдлоо эрүүгийн журмаар шийдвэрлүүлчихсэн байдаг.

5. Шүүхээс гуравдагч этгээд Л.Б болон Ж, “Х х б” ХХК-ийг тус тус бүртгэсэн бүртгэл нь 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хууль 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” гэж заасантай нийцээгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гуравдагч этгээдүүдэд мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал юм. Шаардагдах бичиг баримтуудаа бүрдүүлж өгсөн, төрийн байгууллага бүртгэсэн, гуравдагч этгээдүүд төрийн байгууллагад итгэсэн шүү дээ.

6. Шүүхээс “Мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09144 дүгээр ”... “Ж” ХХК-ийн хөрөнгө, мөнгийг битүүмжлэх” тухай захирамж мөн улсын бүртгэлийн байгууллагад хүргэгдсэн байна” гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү захирамж нь “Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Ү-2205061435 дугаартай бүртгэлийн хувийн хэрэгт хамааралтай. “Ө м” ХХК-ийн хүсэлтээр хийгдсэн ажиллагаа байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

Гуравдагч этгээд Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Х.Ж нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 6* тоот хаягт байрлах 67,06 м.кв 2 өрөө орон сууцыг тус орон сууцны өмчлөгч байсан иргэн Л.Б-ээс 95,000,000 /ерөн таван сая/ төгрөгөөр худалдан авч 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ү-220505846* дугаарт бүртгүүлснээр өмчлөх эрхээ баталгаажуулсан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авахдаа эрхийн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн өмчлөгч этгээд болох Л.Б-ээс худалдан авсан үйл баримт тогтоогдож байгаа ба уг орон сууцны талаар бусад этгээд маргаж байгаа эсэх, маргаантай хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсныг мэдээгүй, мэдэх боломжтой байсан гэж үзэх нотлох баримт тогтоогдоогүй байхад гуравдагч этгээд болох Х.Ж-ын шударгаар олж авсан өмчлөх эрхийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх “... эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа нь хувь этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж байгаа Захиргааны үйл ажиллагаа болохоос бус өмчлөх эрхийг хөндөхгүй тул нэхэмжлэгч бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдуулж маргах эрхтэй, харин гуравдагч этгээдүүд нь хүчин төгөлдөр гэрээний үр дагаврыг хуульд заасан бусад хэлбэрээр арилгуулахаар шаардах эрхтэй ...” хэмээн дүгнэж Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.1 дэх заалтыг үндэслэл болгож “бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй” хэмээн Х.Ж-ын өмчлөх эрхийг баталгаажуулсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ захиргааны байгууллагыг буруутгаж байгаа боловч эцсийн дүндээ Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны хөрөнгө оруулагч нар болох нэхэмжлэгч “Ж” ХХК болон “Ө м” ХХК-ийн хооронд үүссэн “маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг минийх чинийх хэмээн булаацалдаж буй” маргааны золиос нь гагцхүү гуравдагч этгээдээр оролцож байгаа шударга өмчлөгч Х.Ж болж таарч байгаа юм.

2. Анхан шатны шүүх ... 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Э-гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220505846* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон нь анхны бүртгэл бус юм, учир нь өмнө нь буюу 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хэлбэртэй байхдаа 566* м.кв талбайтай хэсгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч “Ж” ХХК Ү-2205037507 дугаарт бүртгэгдэж байсан байна /15 дахь  тал/, 566* м.кв талбай дотор маргаан бүхий 6* тоот хаягт байрлах 67.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц багтаж байсан болох нь Орон сууц санхүүжилтийн корпорациас “Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх тухай” 676 дугаар албан бичгийг Захиалгаар барьсан орон сууцны жагсаалтын хамт 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт хүргүүлсэн, уг жагсаалтад 6* тоот орон сууц нь “Ж” ХХК-ийн өмчлөлд байхаар тусгагдсан /16 дахь тал/ байхад Захиргааны байгууллага хариуцлагагүй хандаж бүртгэл хийсэн, харин гуравдагч этгээд “Ө м” ХХК нь өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дуусаагүй барилгын зориулалтаар бүртгэгдсэн 438.18 м.кв талбайд 6* тоот орон сууц хамаарч байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ... гэсэн үндэслэлийг зааж, нэхэмжлэлийг хангасан нь буруу гэж үзэж байгаа болно.

Учир нь анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцны өмчлөл, гуравдагч этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээнүүд, зээлийн болон барьцааны гэрээний асуудлыг иргэний хэргийн шүүх эцэслэн шийдсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэх, улсын бүртгэл талуудын хүсэл зоригт үндэслэх, бодитой байх зарчим зэргийг үнэлээгүй.

3. Маргаан бүхий орон сууцны бүртгэлийн талаархи маргаанд Захиргааны хэргийн шүүх 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэрэг үүсгэсэн байна. 2015 онд нэхэмжлэгч “Ж” ХХК нь “Ө м” ХХК болон бүртгэлийн байгууллагын ажилтныг маргаан бүхий орон сууцны бүртгэл болон өмчлөлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулсан байх бөгөөд Захиргааны шүүхээс хэргийг түдгэлзүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг түдгэлзүүлсэн үндэслэл хэрхэн яаж арилсан, энэ нь хэрэг маргаан шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлсөн талаар шийдвэртээ нэг ч өгүүлбэр дураагүй атлаа шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өмчлөх эрхтэй холбоотой маргаанууд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж дууссан гэсэн тайлбарыг “Ө м” ХХК үгүйсгээгүй /17 дахь тал/ гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Учир нь маргаан бүхий 6* тоот хаягт байрлах 67.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөлийн маргаантай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэр хэрэгт огт байхгүй байхад нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй холбоотой маргаанууд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж дууссан гэсэн тайлбарыг үнэн зөв хэмээн дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шударга өмчлөгч миний хууль ёсны эрх ашгийг сэргээж өгнө үү ...” гэжээ.

Гуравдагч этгээд “Ө м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/676 дугаар шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлэр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2009 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглохоор заасан байх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.9-д “... урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 6* тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Э-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220505846* дугаарт бүртгэхдээ хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчиж А.Э-ийн тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотлох баримт нь эргэлзээтэйн дээр улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгосон гэж үзэхээр байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дээрх дүгнэлт нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа А.Э-ийн өмчлөлд орон сууцыг бүртгэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд биш байсан төдийгүй тус орон сууц нь өмнө нь өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй байсан байхад уг бүртгэлийг шалгаагүй, өмнө хийгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй нь хууль бус бүртгэл болсон байна гэх дүгнэлтийг хийсэн нь хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байна.

Анхан шатны шүүхээс дуусаагүй барилгын улсын бүртгэл, тус барилга дахь орон сууцны тоот дээр шинээр улсын бүртгэл хийх хоёрыг ялгаж үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий барилга баригдаж байх явцад 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй 566* м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “Ф Ж Л Х” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн 2205037507 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Үүний дараа “Ф Ж Л Х” ХХК нь компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн компанийн эрх, үүргээ “Ж” ХХК-д шилжүүлсний дагуу уг дуусаагүй барилгын өмчлөх эрхийг 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Ж” ХХК өөрийн нэр дээр шилжүүлж авсан бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус дуусаагүй барилга нь 95 хувийн гүйцэтгэлтэй болсон учир гүйцэтгэлийг баталгаажуулан гэрчилгээнд өөрчлөлт оруулж авсан байдаг.

“Ө м” ХХК-ийн хувьд орон сууцны барилгыг баригдаж байх явцад “Ф Ж Л Х” ХХК-тай тохиролцсон гэрээний дагуу тус барилгаас өөрт оногдох хэсгийн тодорхой хэсэг буюу 438 м.кв талбайг салган өөрийн нэр дээр өмчлөх эрхээ баталгаажуулан 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205037506 дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан.

Манай компанийн хувьд баригдаж буй барилгаас өөрт ногдох талбайгаас тодорхой хэсгийг зохих журмын дагуу баталгаажуулж авсан бөгөөд энэхүү 6* тоот орон сууц хамаарч байсан. Ийм учраас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу өөрийн өмчөө захиран зарцуулах эрхийн хүрээнд А.Э-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж худалдан борлуулах гэрээг хийсэн. Захиалагч гэрээгээр тохиролцсон орон сууцны үнэ болох 90 531 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир улсын бүртгэлд хандан улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахын тулд худалдагч талаас шаардлагатай баримт буюу талуудын хоорондох өр төлбөр дууссан талаарх тодорхойлолтыг гаргаж өгсөн.

Маргаан бүхий 6* тоот орон сууц нь 6* тоот гэдгийнхээ хувьд урьд өмнө улсын бүртгэгдэж байгаагүй учир улсын бүртгэгчийн зүгээс уг орон сууц дээр шинээр өмчлөх эрх үүсэж байгаа учраас шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг зөвлөсөн.

Үүний дагуу талуудын хооронд хийгдсэн гэрээ, орон сууцны план зураг, өр төлбөр дууссан талаарх тодорхойлолт зэргийг хавсарган бүртгэлийн байгууллагад хандсан. Бидний зүгээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 14.1.1-д  заасны дагуу “Ф Ж Л Х” ХХК-тэй хийсэн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ, баригдаж буй барилгаас өөрийн өмчлөлийн талбайг баталгаажуулсан гэрчилгээ зэргийг хавсарган бүртгэлийн байгууллагад өгсөн. Түүнээс “Ж” ХХК-ийн өмчлөлийн 566* м.кв талбайгаас салгаж орон сууц худалдсан зүйл байхгүй байхад тус компанийн зөвшөөрлийг авч улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хуулиар тавигдаагүй.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээдийн өөрийн өмчөө захиран зарцуулахдаа өөр бусад хамааралгүй этгээдийн зөвшөөрлийг авах шаардлагагүй байдагтай нэгэн адил юм.

Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн заалт, нөхцөлийг буруугаар тайлбарлан 6* тоот орон сууц нь өмнө нь улсын бүртгэлд бүртгэлтэй байсан. Ийм учраас “Ж” ХХК-ийн зөвшөөрлийг авах шаардлагатай байсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэл, орон сууцны тоот дээр өмчлөх эрхийн бүртгэл үүсэх 2 нь тусдаа ойлголт гэдгийг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй байна.

Тодруулбал, баригдаж дуусаагүй барилгыг өмчлөх эрхийг баталгаажуулаад өмчлөх эрхийн гэрчилгээ авчихсан байгаад уг барилга 100 хувийн гүйцэтгэлтэй болоод ашиглалтад орох тохиолдолд дуусаагүй барилгын гүйцэтгэлийг баталгаажуулж олгосон улсын бүртгэл дуусах буюу хаагддаг. Харин тус орон сууцан дахь тоот бүрээр өмчлөгч этгээдүүд дээр бүртгэл хийхэд өмнөх дуусаагүй барилгын бүртгэл үргэлжилж бүртгэгдэн, эсхүл тухайн барилгаас салгаж бүртгэгдсэн бүртгэл хийгдэнэ гэх заалт хуульд байхгүй.  Энэ талаар шүүх хуралдааны явцад Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар барилга бүрэн баригдаж дуусаад ашиглалтад орсон нөхцөлд өмчлөгч этгээдүүд дээр бүртгэл хийгдэхэд өмнө дуусаагүй барилгын бүртгэлийн асуудал дахин хөндөгдөхгүй гэдгийг тодорхой тайлбарлаж хэлсэн байдаг.

- Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасанчлан А.Э нь манай компанитай харилцан тохиролцож, хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр орон сууц худалдан авч улсын бүртгэлд өөрийн өмчлөх эрхээ хууль, холбогдох журмын дагуу бүртгүүлсэн. Тухайн үед улсын бүртгэлээс уг орон сууц нь өмчлөх эрхийн ямар нэг маргаантай эсхүл, өмнө өөр этгээдийн нэр дээр бүртгэл хийсэн талаар мэдээлэл байгаагүй буюу бүртгэл хийхээс татгалзах нөхцөл байгаагүй учраас улсын бүртгэгч хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн.

А.Э-ийн нэр дээр хийгдсэн эхний бүртгэл хуулийн зөрчилгүй учир дараа дараагийн хуувь ёсны дагуу холбогдох гэрээ, хэлцлийн үндсэн дээр өмчлөл эзэмшилдээ шилжүүлэн авсан хуувь ёсны шударга эзэмшигч нарын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд хэн нэг этгээд өөрийн дураар хандан бүртгэлийг хүчингүй болгуулах эрхгүй. Анхан шатны шүүх хууль ёсны шударга өмчлөгч нарын хуулиар хамгаалагдсан эрх ноцтойгоор зөрчигдөж болзошгүй нөхцөл үүсээд байгааг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хоёр. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй, энэхүү хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь маргаан бүхий Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 6* тоот 67.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны өмчлөгч болох А.Э-гийн нэр дээр бүртгэл хийгдсэн үед тус орон сууцны хууль ёсны өмчлөгч нь манай компани байсан гэж маргаж байна. Нэхэмжлэгч этгээд шүүхэд хандан эрх ашиг нь зөрчигдсөн гэж маргаж байгаа нөхцөлд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэв өөрөө гаргаж өгөх боломжгүй нөхцөлд шүүхийн журмаар холбогдох байгууллагаас гаргуулах эрх нь хуулиар нээлттэй юм.

Энэхүү хэргийн материалд 6* тоот орон сууц нь “Ж” ХХК-ийн өмчлөлийнх байсаар байхад хууль бус бүртгэл хийн өөр хүний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан гэх үндэслэл нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, хэргийн материалд 2008 онд “Ө м” ХХК, “Ф Ж Л Х” ХХК нарын хийгдсэн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан. Тус гэрээгээр “Ө м” ХХК-ийн өмчлөлийн 1406 м.кв бүхий газар дээр “Ф Ж Л Х” нь 10 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барих бөгөөд тус барилгын нийт борлогдох ашигтай талбайн 10 хувь болох 630.183 м.кв талбайг “Ө м” ХХК өмчлөх эрхтэй байхаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу “Ө м” ХХК 630.183 м.кв талбайн холбогдох хэсэг болох 438.18 м.кв талбайн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталгаажуулан улсын бүртгэлийн Ү-2205037506 дугаарт бүртгүүлсэн байдаг. Харин үлдэх 566* м.кв талбайг “Ф Ж Л Х” ХХК-ийн өмчлөлд байхаар улсын бүртгэлд бүртгэл хийгдсэн бөгөөд тус бүртгэл нь “Ж” ХХК-тай хийгдсэн тохиролцооны дагуу “Ж” ХХК нь тус дуусаагүй барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд өөрчлөлт орж бүртгэгдсэн зэрэг үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагын хуулбар үнэн тамга тэмдэг бүхий баримтуудаар нотлогдож байна.

Ингэхдээ “Ж” ХХК-ийн өмчилж буй 566* м.кв талбайд 6* тоот 67,06 м.кв талбай бүхий орон сууц хамаарахгүй байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 110 айлын орон сууц, үйлчилгээний талбайтай орон сууц буюу 566* м.кв талбайд 6* тоот орон сууц багтаж байгаа нь орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөд хавсаргасан захиалагч нарын нэрсийн жагсаалтаар тогтоогдох бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг ОССК-д барьцаалахдаа тус жагсаалтын дагуу барьцаалсан гэх тайлбарыг хэлдэг. Гэвч тус орон сууц захиалагч нарын жагсаалтыг гаргахдаа “Ө м” ХХК-ийн саналыг аваагүй, тохиролцсон талаар баталгааг авалгүйгээр өөрсдийн дураар орон сууцны тоотуудыг хуваарилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус орон сууцны барилгыг барихад 2 тал харилцан хөрөнгө оруулалт оруулсан “Ө м” ХХК-д ногдох хэсгийг тодорхойлохдоо ийм тоотуудыг танай компанийн өмчлөлд өгч байгаа талаар “Ж” ХХК-ийн мэдэгдсэн албан бичиг байхгүй, өөрсдийн компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан ганц баримтыг үндэслэн шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй юм. Өөрсдийн тамга тэмдэг бүхий баримтыг үндэслээд орон сууцыг өөрийн өмчлөл байсан гэж маргаж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохгүй гэж үзэж байна.

Үүнээс гадна улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаартай 566* м.кв талбай бүхий дуусаагүй барилгыг улсын комисст хүлээлгэж өгснөөр тус барилгын улсын бүртгэл дуусгавар болж байгаа. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харьяа улсын бүртгэлийн архивт хийсэн үзлэгийн явцад тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 566* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нийт хэдэн хүний нэр дээр салгаж бүртгэгдсэн гэдгийг тогтоох боломжгүй байхад анхан шатны шүүхээс уг баримтуудыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарласан байна.

“Ө м” ХХК-ийн хувьд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй байсан барилгаас 438 м.кв талбайг өөрийн нэр дээр өмчлөх эрхийг баталгаажуулж авсан. Үлдэх 200 гаруй м.кв талбайд үйлчилгээний зориулалттай талбай тусдаа шилжүүлж авахаар тохиролцсон. Энэ нь хэргийн материалд авагдсан орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээр нотлогдож байгаа. Манай компани эхний ээлжийн 2010 онд шилжүүлж авсан талбайгаа хуульд зааснаар захиран зарцуулах эрх тухайн үед нээлттэй байсан. Энэхүү эрхийнхээ дагуу 6* тоот орон сууцыг худалдахаар ярьж байх үед А.Э нь тус орон сууцыг худалдан авах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн тул бидний хооронд хүчин төгөлдөр “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ” байгуулагдаж захиалагчийн зүгээс төлбөрөө бүрэн төлсөн учраас улсын бүртгэлд тооцоо дууссан талаарх албан бичгийг гаргаж өгсөн.

Үүгээр зогсохгүй хэргийн материалд авагдсан “Ж” ХХК-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан албан бичгээс талуудын хоорондох гэрээний үндсэн тохиролцооны дагуу 32, 46, 48, 100, 96, 6* тоотуудыг хүлээлгэж өгсөн бөгөөд орон сууцыг гэрээнд тохирсон хугацаанд ашиглалтад оруулаагүйгээс үүдсэн алдангийн төлбөрт 4 орон сууц өгөхөөр болсон зэрэг нь тодорхой нотлогдож байгаа. Уг баримт нь улсын бүртгэл дэх үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт хавсралтаар авагдсан байгаа бөгөөд шүүхийн журмаар бүртгэлийн байгууллагаас тус баримтыг гаргуулан хэргийн материалд хавсаргагдсан.

Хэргийн материалд цугларсан баримтаар маргаан бүхий орон сууц нь “Ж” ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд хамаарч байгаа гэдгээ нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч амаар тайлбарлаж байх боловч уг тайлбар нь холбогдох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байхад энэхүү нөхцөл байдлыг анхаарч, хариуцагч болоод гуравдагч этгээдүүдийн тайлбар түүнийгээ үндэслэсэн баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хууль ёсны өмчлөгч нарын өмчлөх эрхийг баталгаажуулсан үнэн, зөв бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гурав. Нэхэмжлэгч нь “Ө м” ХХК манай өмчлөлийн байрыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, улсын бүртгэгч нартай хуувилдан улсын бүртгэлийг өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр шилжүүлсэн гэх үндэслэлийн тухайд

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтран ажиллаж байсан “Ө м” гэж компани бидэнд мэдэгдэлгүйгээр хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхлэх шинж чанартай үйлдэл хийн 6* тоот орон сууцыг бусдад худалдан борлуулсан байна гэж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд энэхүү хэрэг удаа түдгэлзсэн байдаг. Түдгэлзсэн шалтгаан нь “Ж” ХХК-ийн захирал С.Эрдэнэ Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандан Баянгол дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн улсын бүртгэгч нар болон А.Эрдэнэтөгс нарт холбогдуулан манай компанийн өмчлөлийн орон сууцыг бусдын өмчлөлд хууль бусаар шилжүүлж өмчлөх эрхэд халдан онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр гомдол гаргасан.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж тогтоох үүрэг бүхий байгууллагаас тус гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад захиргааны шүүх дээр маргаж буй орон сууцны улсын бүртгэл нь хууль бус баримт дээр үндэслэж хийгдсэн, бүртгэх ёсгүй байсан бүртгэлийг хууль зөрчин хийсэн, гомдол гаргагч компанийг өмчлөх эрхэд халдан их хэмжээний хохирол учруулсан эсэхийг шалгаж тогтоосон байдаг. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын тогтоолоор А.Эрдэнэтөгс нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар бусдын байрыг худалдан борлуулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн улсын бүртгэгчийн үйлдлийг хянаж шалгаад тухайн үед 6* тоот орон сууцны бүртгэлийг хийсэн улсын бүртгэгч нь хууль зөрчиж бүртгэл хийгээгүй бөгөөд тус этгээдүүдийн улмаас “Ж” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байна гэж үзсэн бөгөөд энэхүү маргаан нь шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэм буруутайд тооцохгүй гэж заасанчлан А.Эрдэнэтөгс болон улсын бүртгэгчийг гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол байхгүй атал гэм буруутай нь нэгэнт тогтоогдчихсон мэт агуулга бүхий тайлбар хийн орон сууцны бүртгэл хууль бус гэж үзэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь хууль зөрчжээ.

Дөрөв. Захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрийн чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахгүй асуудлыг хянаж, шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэх чиг үүрэгтэй бөгөөд өөр шүүхэд харьяалан шийдвэрлэх маргааныг хянан шийдвэрлэх үүрэггүй байдаг.

Гэтэл анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхэд хамааралгүй буюу 6* тоот орон сууц нь “Ж” ХХК-ийн өмчлөлийн байр байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Талууд маргаан бүхий орон сууц нь Хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу чухам хэний өмчлөлд шилжих ёстой байсан бэ гэдэг дээр маргаж байгаа. Өөрөөр хэлбэл, “Ж” ХХК нь 6* тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхийн өмнө тус орон сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх ёстой.

Тодруулбал, иргэн хуулийн этгээдийн хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаан буюу эдийн баялагтай холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. Гэтэл “Ж” ХХК нь маргаж буй орон сууцны өмчлөлийн талаарх маргааныг харьяалах иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэж шийдвэрлүүлээгүй, тус орон сууцны хууль ёсны өмчлөгч хэн бэ гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол байхгүй, мөн хэргийн материалд тус орон сууц нь нэхэмжлэгч байгууллагын өмч юм гэдгийг нотолсон баримт байхгүй байхад чухам ямар баримтыг үндэслэн 6* тоот орон сууц нь “Ж” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Үүнээс гадна захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч этгээдийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд хэрэг шийдвэрлэгдсэний дараа эрх ашиг нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн орон сууцны өмчлөлийн асуудал харьяалах шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдээгүй атал өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэн тус хөрөнгийг хууль ёсны дагуу өмчилж буй этгээдүүдийн хуулиар хамгаалагдсан эрхэнд үндэслэлгүйгээр халдсан байна.

Тав. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд

Энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “Ө м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг тус хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд байгууллагын шийдвэрээр Дархан-Уул аймаг руу албан томилолтоор явсан бөгөөд зарлагдсан хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа хүсэлт болон шалтгаанаа нотлох баримтаа шүүхэд хүргүүлсэн боловч хүсэлтийг хүлээн авалгүйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Е-д анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй байж шүүх хуарлдааныг хийсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид хуулиар олгогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар, хүсэлтээ гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх, харилцан мэтгэлцэх зарчмаар хангаагүй хуулиар олгосон эрхийг хууль бусаар хязгаарласан, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0676 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд “Ө м” ХХК, Л.Б, Х.Ж нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 6* тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Э-г бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох, 6* тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Б-г бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн уг орон сууцны өмчлөгчөөр Х.Ж-ыг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Х х б-тай байгуулсан барьцааны гэрээний бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан /Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/62 дугаар тушаалаар хүчингүй болсон/ “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.7-д “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг анхны удаа бүртгэж баталгаажуулахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай тухай хуулийн 16 дугаар зүйл болон энэхүү журмын 4.3-т заасныг баримтлах бөгөөд нийт хэдэн м.кв талбайтай барилгын хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа болохыг өмчлөгчөөр тодорхойлуулж, бүртгүүлэх үеийн бодит гүйцэтгэлийг улсын бүртгэлд тусгана”, 4.9-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд дуусаагүй барилгаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2 ба түүнээс дээш этгээд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын хүсэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн хамтын өмчлөлд, эсвэл хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд бүртгэнэ. Ийнхүү салгаж бүртгэхдээ хөрөнгө оруулагч, захиалагч нарын талаар урьдчилан ирүүлсэн жагсаалтын дагуу тулган хянах бөгөөд анхны өмчлөгчийн хувийн хэрэгт нэмэлт, өөрчлөлт хийж, гэрчилгээг хүчингүй болгоно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгана” гэж тус тус заажээ.

Дээрх хууль болон журмын зохицуулалтуудаас үзэхэд улсын бүртгэгч нь аливаа бүртгэлийг хийхдээ тухайн хөрөнгө улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эсэх, бүртгэгдсэн бол тухайн бүртгэл хүчинтэй эсэх, мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтыг гарган өгсөн эсэхийг нягталж, шалгах үүрэгтэй, хэрэв мэдүүлэг хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар заасан, харин дуусаагүй барилгаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2 ба түүнээс дээш этгээд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын хүсэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн хамтын өмчлөлд, эсвэл хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд салгаж бүртгэх бөгөөд ийнхүү салгаж бүртгэхдээ хөрөнгө оруулагч, захиалагч нарын талаар урьдчилан ирүүлсэн жагсаалтын дагуу тулган хянаж, анхны өмчлөгчийн хувийн хэрэгт нэмэлт, өөрчлөлт хийж, гэрчилгээг хүчингүй болгохоор байна.

Хэрэгт авагдсан “Ө м” ХХК болон “Ф Ж Л Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай” 01[1], мөн оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02, 2010 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр “Нэмэлт гэрээ”[2]-үүдээс үзэхэд “Ө м” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 9 тоотод орших 1,406.00 мкв талбай бүхий газар дээр “Ф Ж Л Х” ХХК нь 10 давхар үйлчилгээ, орон сууцны барилга барьж, нийт ашигтай талбайн 10 хувь болох 630,183 (зургаан зуун гучин метр квадрат мянганы нэг зуун наян гурав) м.кв талбайг “Ө м” ХХК өмчлөхөөр тохиролцжээ.

 Улмаар тухайн барилгыг 75 хувийн гүйцэтгэлтэй үед /Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байр/ тус барилгын 438,18 м.кв талбайтай хэсгийн өмчлөгчөөр “Ө м” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037506 дугаарт, 566* м.кв талбайтай хэсгийн өмчлөгчөөр “Ф Ж Л Х” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037507[3] дугаарт тус тус бүртгэж гэрчилгээ олгосон, “Ф Ж Л Х” ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”[4]-ээр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /160671/ Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 566* м.кв, 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 1,600,000,000 /Нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд тус орон сууцны зориулалттай 566* м.кв, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаарт бүртгэж, 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000170158 дугаар гэрчилгээ[5] олгосон, “Ж” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан барилгын хэмжээ нь анх гэрээгээр тохиролцсоноос өөрчлөгдөөгүй, эдгээр үйл баримттай талууд маргаагүй байна.

Баянгол дүүргийн, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /160671/ Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны маргаан бүхий 6* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь /6* тоот гэдэг утгаараа/ урьд хэн нэгний өмчлөлд бүртгэгдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх боловч хэрэгт авагдсан “Ж” ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000170158 дугаар гэрчилгээ, “Ө м” ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000138838 дугаар гэрчилгээ[6], “Ж” ХХК болон Орон сууц, санхүүжилтийн корпорацийн хооронд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн бүртгэл хяналтын карт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 445/2012 дугаар акт, Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт зэргээс үзэхэд Баянгол дүүргийн, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /160671/ Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны маргаан бүхий 6* тоот, 67,06 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь өмнө нь тухайн орон сууцны барилгыг бүхэлд нь дуусаагүй барилга хэлбэрээр бүртгэсэн байсан нь тогтоогдож байх тул өмнө нь бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр байсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагчийн маргаан бүхий 6* тоот 67,06 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд А.Э-гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220505846* дугаарт бүртгэж, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 000411409 дүгээр гэрчилгээ олгосон нь дээрх хууль болон журамд нийцээгүй, тус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Иймээс шүүх “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “эд хөрөнгийн эрхийг анх удаа бүртгүүлэхэд хавсаргаж ирүүлбэл зохих баримтууд бүрэн байсан тул бүртгэсэн ...” гэх тайлбар үндэслэлгүй, ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, гуравдагч этгээд “Ө м” ХХК-ийн “... өөрт ногдох хэсгийн тодорхой хэсэг буюу 438 м.кв талбайг салган өөрийн нэр дээр өмчлөх эрхээ баталгаажуулан 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205037506 дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан ... өөрт ногдох талбайгаас тодорхой хэсгийг зохих журмын дагуу баталгаажуулж авсан бөгөөд энэхүү талбайд 6* тоот орон сууц хамаарч байсан ... өөрийн өмчөө захиран зарцуулах эрхийн хүрээнд А.Э-тай ... гэрээг хийсэн ... 6* тоот орон сууц нь 6* тоот гэдгийнхээ хувьд урьд өмнө улсын бүртгэлд бүртгэгдэж байгаагүй ...”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... А.Э нь 6* тоот орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гарган, хууль, журамд заасан нотлох баримтыг бүрдүүлсэн өгсөн байсан ба бүртгэл хийх тухайн хугацаанд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй ... “Ж” ХХК нь “Ф Ж Л Х” ХХК-аас Баянгол дүүргийн 18 дугаар хороо ... 37 дугаар байр /75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга/-ын өмчлөх эрхийг ... шилжүүлэн авсан ... байрны тоотыг тусгаагүй байсан ... иймд бүртгэлийг давахрдсан гэх үндэслэл байхгүй ...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч “Ж” ХХК нь Орон сууц, санхүүжилтийн корпорацитай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан, тус корпорациас Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлүүлэхээр хүргүүлсэн орон сууцны жагсаалтад Баянгол дүүргийн, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /160671/ Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны маргаан бүхий 6* тоот, 67,06 м.кв 2 өрөө орон сууц байсан эсэхээс үл хамааран урьд 95 хувийн гүйцэтгэлтэй үед нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн өмчлөлд, 75 хувийн гүйцэтгэлтэй үед “Ө м” ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан энэ тохиолдолд тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг салгаж бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан гуравдагч этгээд А.Э-ийн мэдүүлэг, түүнд хавсарган өгсөн баримтуудыг хариуцагч хууль болон журамд заасны дагуу шалгаж, нягтлан, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь бүртгэгдсэн эрхийн бүртгэл хүчинтэй эсэхийг хянахаас гадна мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байгаа эсэхийг нягталж шалган, мэдүүлэгт тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь захиалагч болон гүйцэтгэгч компанийн хэний өмчлөлд хамаарах болохыг тодруулж, холбогдох баримтыг үндэслэн 6* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд А.Э-ийн өмчлөлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх байжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч баригдаж дууссан барилгын хэсгийг өмчлөгч нарын тус тусын өмчлөлд салгаж бүртгэхдээ хөрөнгө оруулагч, захиалагч нарын талаар урьдчилан ирүүлсэн жагсаалтыг шаардах, улмаар тулгаж хянах, анхны өмчлөгчийн хувийн хэрэгт нэмэлт, өөрчлөлт хийж, гэрчилгээг хүчингүй болгох байтал эдгээр асуудлыг тодруулж, шалгалгүйгээр өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад гуравдагч этгээд А.Э-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль бус байна.

Гуравдагч этгээд А.Э-ийн бүртгэлийн хувийн хэрэгт “Ж” ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан “... “Ж” ХХК нь 1406 м.кв талбайн 10% болох 630,183 м.кв талбайг “Ө м” ХХК-ийн захирал А.Э-өд өгөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Бид гэрээнд заасан талбайг өөрт нь хүлээлгэн өгсөн. Үүнд: ... 67,06 м.кв – 6* тоот ...” гэх гарын үсэг, тамга тэмдэггүй баримт[7] авагдсан байх боловч энэ нь урьдчилан ирүүлсэн жагсаалтын дагуу тулган хянах, анхны өмчлөгчийн хувийн хэрэгт нэмэлт, өөрчлөлт хийж, гэрчилгээг хүчингүй болгох үүргээ биелүүлээгүй, өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад гуравдагч этгээд А.Э-гийн өмчлөлд маргаан бүхий 6* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, шүүх “... 6* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Э-г бүртгэх үед ... эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд заасан хөрөнгө оруулагч, захиалагч нарын урьдчилан гаргасан жагсаалт Улсын бүртгэлийн байгууллагад ирээгүй байсны зэрэгцээ, А.Э-гаас маргаан бүхий бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгсөн “Ж” ХХК-ийн гэх хүсэлт нь улсын бүртгэлийн байгууллагад хаяглагдаагүй, захирлын гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дарагдаагүй байх тул А.Э-г тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохыг баттай нотлох баримт байгаагүй гэж үзэхээр байжээ ...” гэж дүгнэснийг буруутгахааргүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 6* тоот 67,06 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А.Э-гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220505846* дугаарт бүртгэж, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 000411409 дүгээр,Ж ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061435 дугаарт давхардуулан бүртгэж, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000470942 дугаар, Л.Б-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220505846* дугаарт бүртгэж, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 000650671 дүгээр[8], Х.Жавзандолгорын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220505846* дугаарт бүртгэж, 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 000677312 дугаар[9] гэрчилгээ тус тус олгосон байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220505846* дугаартай бүртгэлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 6* тоот 67,06 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Х х бны зээлийн барьцаанд тус тус бүртгэжээ.

Гуравдагч этгээд А.Э-гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220505846* дугаарт бүртгэж, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 000411409 дүгээр гэрчилгээ олгосон нь хууль бус байх тул уг хууль бус бүртгэлийг үндэслэн хийгдсэн Баянгол дүүргийн, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /160671/ Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны маргаан бүхий 6* тоот, 67,06 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Л.Б, Х.Ж-ын өмчлөлд, Х х б-ны зээлийн барьцаанд тус тус бүртгэсэн нь хууль бус, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 1787 дугаар дүгнэлтээр “... эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061435 дугаарт “Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 6* тоот 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, НШГА-нд албан бичгээр мэдэгдэх ...” гэж дүгнэсэн байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3771 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 6* тоот 67,06мкв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Э-гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220505846* дугаарт бүртгэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/-т холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 05 дугаар 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 20-ны өдөр хариу тайлбар болон холбогдох бүртгэлийн хувийн хэргийг хавсаргаж ирүүлсэн, хариуцагчийн ирүүлсэн баримтуудад “давхардсан тул асуудал шийдэгдтэл хөдөлгөөн оруулж болохгүй” гэсэн тэмдэглэгээ бүхий “Ж” ХХК-ийн хүсэлт гэх баримт бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” 102/ШЗ2016/09144 дүгээр захирамжаар “Ө м” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч “Ж” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 432,240,500 төгрөгийн хэмжээнд битүүмжилж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамж улсын бүртгэлийн байгууллагад хүргэгдсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар маргаан бүхий бүртгэлтэй холбоотой эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа талаар баримтууд бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд “Ө м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутад “... итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А миний бие ... Дархан-Уул аймаг руу хэргийн материалтай танилцах, үйлчлүүлэгчээс хэргийн үйл явцын талаар мэдээлэл авах үүрэгтэйгээр албан томилолтоор явж байгаа учир 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болоод байна ... өмгөөлөгчөөр П.Е-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн зүгээс өмгөөлөгчид тус хуралдааны товыг мөн мэдэгдээгүй байна ...” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд шүүх мөн өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдааныг эхлүүлж, хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үзэхээргүй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 30.3-д “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 30.3.1-д “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” гэж заасан нь хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжийг олгосон, өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах эрх олгосон агуулгатай зохицуулалт байх бөгөөд шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш байна.

Мөн хэрэгт “гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Е 88075692 холбогдох боломжгүй байх тул msj бичиж үлдээв” гэх тэмдэглэгээ бүхий Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” Баримт №13 авагдсан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулйин 71 дүгээр зүйлийн 71.2-т “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэж зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах нь хэргийн оролцогчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх тул гуравдагч этгээд “Ө м” ХХК-ийн “... шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд байгууллагын шийдвэрээр Дархан-Уул аймаг руу албан томилолтоор явсан бөгөөд зарлагдсан хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа хүсэлт болон шалтгаанаа нотлох баримтаа шүүхэд хүргүүлсэн боловч хүсэлтийг хүлээн авалгүйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ... өмгөөлөгч П.Е-д анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй байж шүүх хуралдааныг хийсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид хуулиар олгогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар, хүсэлтээ гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх, харилцан мэтгэлцэх зарчмаар хангаагүй хуулиар олгосон эрхийг хууль бусаар хязгаарласан, хууль зөрчсөн үйлдэл ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлүүдээр хариуцагч, гуравдагч этгээд Л.Б, Х.Ж, “Ө м” ХХК нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд Л.Б, Х.Ж, “Ө м” ХХК нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд “Ө м” ХХК, Л.Б, Х.Ж нарын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                                            Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                     

 

[1] 1-р хавтаст хэргийн 218-219 дэх тал

[2] 1-р хавтаст хэргийн 224 дэх тал

[3] 4-р хавтаст хэргийн 34 дэх тал

[4] 3-р хавтаст хэргийн 241 дэх тал

[5] 4-р хавтаст хэргийн 10 дахь тал

[6] 1-р хавтаст хэргийн 227 дахь тал

[7] 1-р хавтаст хэргийн 62 дахь тал

[8] 2-р хавтаст хэргийн 198, 203 дахь тал

[9] 2-р хавтаст хэргийн 204, 207 дахь тал