Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0040

 

 

 

 

 

 

  2020           01          09                                      2020/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Б.Батнасан,

           Шүүгдэгч: Б.Г-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905036920978 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г-, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лорд” нэртэй ломбард болох барьцаалан зээлдүүлэх газарт орж “гар утас худалдаж авах гэсэн юм” гэж тус газарт худалдаалагдаж байсан 400.000 төгрөгийн үнэ бүхий Samsung J6 plus маркийн гар утас 1 ширхэг, 340.000 төгрөгийн үнэ бүхий Samsung A6 маркийн гар утас 1 ширхэгийг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, хохирогч Г.М-т 740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн хэргийн талаар миний өгсөн мэдүүлэг үнэн зөв байгаа. Өнөрцэцэг гэж хүнийг гайхаад байна. Ломбарданд байсан гар утсыг авсан гээд байгаа. Иргэний үнэмлэх ашиглаж авсан гэж байгаа. 216.000 төгрөг төлөөд авсан гэж байгаа. Үүнийг ойлгохгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Миний эх Хөвсгөл аймагт ганцаараа байдаг тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lord” нэртэй ломбарданд ажиллаж байгаа юм. 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал гаднаас 25-28 орчим настай гэмээр танихгүй эрэгтэй хүн орж ирээд “би өнөөдөр цалингаа авлаа, 600.000 төгрөгийн цалин авсан, эхнэртээ утас авмаар байна гэж хэлээд лангуун дээр тавьсан байсан Самсунг Жи 7 Плас, Самсунг А6 загварын 2 ширхэг утсыг бараг 1 цаг орчим хугацаанд сим картаа хийгээд утас үзэж байгаад халааснаасаа 1 ширхэг эвдэрхий гар утас, бор өнгийн арьсан түрийвч гаргаж тавиад утсаараа ярьж байгаад намайг хальт арын өрөө рүүгээ ороод гараад ирэх хооронд гараад зугтаачихсан. Тэгээд араас нь гарахад аль хэдийн зугтаад алга болсон байсан. ...Самсунг Жи-7 плас маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр, Самсунг А6 загварын гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлж байна. Ломбард дээр энэ үнээр худалдаалж байсан. Би өөрөө хувиасаа 750.000 төгрөг гаргаад ломбарданд учирсан хохирлыг барагдуулчихсан. Ломбард ямар нэг хохиролгүй болсон. ...Би гомдолтой байна, өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. ...Би Самсунг Жи 7 плас маркийн гар утас гээд андуураад хэлчихсэн байна. Тухайн үед Жи 6 плас, Самсунг А6 маркийн гар утаснууд алдагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16, 83-85/,

Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын дунд орчмоор Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, Сансрын Баясах супермаркетын хажууд ажил дээрээ сууж байхад 30 орчим насны бор царайтай залуу өдрийн 14 цагийн орчимд гаднаас орж ирээд эгчээ гэрийнхээ тогоо таслуулчихсан би өөрийнхөө гар утсаа ломбарданд тавьчихсан байгаа та чөлөөлж аваад зөрүү 40.000 төгрөг өгчих гэж хэлээд гуйсаар байгаад би гар утас худалдаж авахаар болоод машинаа асаагаад өөрийн нөхөр Тэгшжаргалын хамт Баянзүрх дүүргийн цайзаас доош уруудаад хүнсний дэлгүүрийн хажуу талын ломбарднаас 240.000 орчим төгрөг төлж аваад мөн тэр залууд 30.000 орчим төгрөг өгөөд ломбардны үүднээс 2 тийш салж явсан юм. ...Би гар дээрээс худалдаж аваагүй, ломбарданд байгаа гэхээр нь чөлөөлж авсан. ...тухайн гар утсыг би эмэгтэй хүнд 320.000 төгрөгөөр зарчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч М.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тус ломбарданд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 200.000 төгрөгийн барьцаанд Галакси J6 Plus гар утас тавьсан байх ба түүнийгээ 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 216.000 төгрөг төлж буцааж авсан баримт байна. ...Тухайн эд зүйлийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр авсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр компьютерийн программ дээр алдаа гарч он, сар, өдөр цааш үргэлжлээгүй байна”гэсэн мэдүүлэг /хх-н 26, 72-73/,

Гэрч М.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тус ломбарданд Бямбатайван овогтой Ганбаатар гэх нэртэй /РК91091718/ хүн 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Галакси А6 маркийн гар утас барьцаанд тавьсан байх ба түүнийг Өнөрцэцэг гэх хүн ирж иргэний үнэмлэхний лавлагааг ашиглаж эд зүйлээ 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр буцааж авсан программ дээр харагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

Яллагдагч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гар утаснуудыг авч яваад тэндээсээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цайз-16 орчимд очоод очих гэж байсан айлаа хайсан боловч олоогүй тэгээд таксины мөнгөгүй болчихоор нь Самсунг Жи-7 маркийн гар утсыг нь 200.000 төгрөгөөр нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрийн хажуу талын ломбарданд барьцаанд тавиад мөнгөтэй болоод. ...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сэрээд зочид буудлаас гараад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн спорт цогцолборын орчимд ажилд орох гэж явж байгаад буцаад дахиад мөнгөгүй болчихоор нь би Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 10-р хорооллын 56-р байрны О үсгээр эхэлсэн нэртэй ломбарданд барьцаанд тавьж 190.000 төгрөгтэй болсон. ...Надад ял сонсгож байгаа зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 53-57/,

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх 3/, гэмт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-8/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 37-39/, шүүгдэгчийн гар утсыг барьцаалсан гэх заруудын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 61-62/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 63-71, 74, 82/, барьцаат зээлийн гэрээ /хх-н 75, 77/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лорд” нэртэй ломбард болох барьцаалан зээлдүүлэх газарт орж “гар утас худалдаж авах гэсэн юм” гэж тус газарт худалдаалагдаж байсан 400.000 төгрөгийн үнэ бүхий Samsung J6 plus маркийн гар утас 1 ширхэг, 340.000 төгрөгийн үнэ бүхий Samsung A6 маркийн гар утас 1 ширхэгийг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, хохирогч Г.М-т 740.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Б.М-ийн: “...25-28 орчим настай гэмээр танихгүй эрэгтэй хүн орж ирээд “би өнөөдөр цалингаа авлаа, 600.000 төгрөгийн цалин авсан, эхнэртээ утас авмаар байна гэж хэлээд лангуун дээр тавьсан байсан Самсунг Жи 7 Плас, Самсунг А6 загварын 2 ширхэг утсыг бараг 1 цаг орчим хугацаанд сим картаа хийгээд утас үзэж байгаад халааснаасаа 1 ширхэг эвдэрхий гар утас, бор өнгийн арьсан түрийвч гаргаж тавиад утсаараа ярьж байгаад намайг хальт арын өрөө рүүгээ ороод гараад ирэх хооронд гараад зугтаачихсан. Тэгээд араас нь гарахад аль хэдийн зугтаад алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16, 83-85/, гэрч Г.М-ийн: “...30 орчим насны бор царайтай залуу өдрийн 14 цагийн орчимд гаднаас орж ирээд эгчээ гэрийнхээ тогоо таслуулчихсан би өөрийнхөө гар утсаа ломбарданд тавьчихсан байгаа та чөлөөлж аваад зөрүү 40.000 төгрөг өгчих гэж хэлээд гуйсаар байгаад би гар утас худалдаж авахаар болоод машинаа асаагаад өөрийн нөхөр Тэгшжаргалын хамт Баянзүрх дүүргийн цайзаас доош уруудаад хүнсний дэлгүүрийн хажуу талын ломбарднаас 240.000 орчим төгрөг төлж аваад мөн тэр залууд 30.000 орчим төгрөг өгөөд ломбардны үүднээс 2 тийш салж явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, гэрч М.Ш-ын: “...Тус ломбарданд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 200.000 төгрөгийн барьцаанд Галакси J6 Plus гар утас тавьсан байх ба түүнийгээ 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 216.000 төгрөг төлж буцааж авсан баримт байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 26, 72-73/, гэрч М.Н-гийн: “...Тус ломбарданд Бямбатайван овогтой Ганбаатар гэх нэртэй /РК91091718/ хүн 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Галакси А6 маркийн гар утас барьцаанд тавьсан байх ба түүнийг Өнөрцэцэг гэх хүн ирж иргэний үнэмлэхний лавлагааг ашиглаж эд зүйлээ 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр буцааж авсан программ дээр харагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 27/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 31-33/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г- нь хохирогчийн ломбарданд зарж байсан утсыг худалдаж авна гэж үзэн, хүч хэрэглэхгүйгээр авч зугтаан 740.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байх тул эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 740.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-аас гаргуулж хохирогч Б.М-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Г-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 01 жил 06 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлөөгүй, хувийн байдал, тухайн төрлийн гэмт хэргээр урьд ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ял нь оруулах тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Г-ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 01 жил 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 01 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын урьд цагдан хоригдсон 112 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-аас 740.000 төгрөг гаргуулж хохирогч Б.М-т олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР