| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0349/Э |
| Дугаар | 360 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 360
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Э.Энхбат,
шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г -т холбогдох эрүүгийн 190800224000 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 02 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, дэлгүүрт худалдагч хийдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Налайх дүүргийн Уурхайн 00 дугаар гудамжны 000 тоотод оршин оршин суугаа, ял шийтгэлгүй, С овгийн Н-н Г /РД:00000000/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод байрлах Н.Г ийн түрээсэлдэг орон сууцанд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 02 цагийн үед У.Д , Н.Г , А.Н нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад хохирогч У.Д нь Н.Г , А.Н нарыг хэл амаар доромжилсноос шалтгаалж, Н.Г нь У.Д руу аяга шидэж түүний биед зүүн чамархайн хуйханд няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод байрлах Н.Г ийн түрээсэлдэг орон сууцанд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 02 цагийн үед У.Д , Н.Г , А.Н нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад хохирогч У.Д нь Н.Г , А.Н нарыг хэл амаар доромжилсноос шалтгаалж, Н.Г нь У.Д руу аяга шидэж түүний биед зүүн чамархайн хуйханд няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг,
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч У.Д ын “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксийгаар хүргүүлсэн ба нэг мэдэхэд 00 дугаар байрны орцод нэг давхарт ганцаараа зогсож байсан ба нэг онгорхой хаалга байхаар нь ороход 2 эмэгтэй, 2 эрэгтэй архи уугаад сууж байхаар нь би нэг шил архи гаргаж ирээд цуг уусан. ...Би нэлээн согтсон ба болсон явдлыг орон гаран санаж байгаа. ...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яг хэн миний толгойд гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. ...Сүүлд эдгээр хүмүүстэй уулзахад Г гэх эмэгтэй миний толгой руу аяга шидсэн гэж ярьж байсан. ...Г надаас уучлалт гуйж 1.000.000 гаран төгрөг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /хх25-27, 49-р тал/,
2. Гэрч А.Н-н “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г залгаад “Сонгинохайрхан дүүргийн 00-р хороо, 00-р байранд Дэн буудал ажиллуулахаар түрээсэлж байгаа, цэвэрлэгээ хийх шаардлагатай байна” гэхээр нь очсон. Г ийн ангийн найз Б найз М гэх хүнтэй ирээд архи уусан. 23 цагийн үед үл таних 30 гаруй насны 180 см өндөртэй хүн ороод ирсэн байсан ба өврөөсөө архи гаргаж ирээд хувааж ууж байгаад Б үл таних залуутай муудалцаад нүүрэн тус газар нь 2 удаа цохиод газар унагаагаад дэвсээд байсан. ...Б , Г нар маргаад Б , М нар гараад явсан хойгуур Г үл таних залуу бид 3 гурав пиво уугаад сууж байхад үл таних залуу гэнэт бид хоёрыг харааж элдэв бусаар хэлээд байхаар нь Г уурлаад ууж байсан аягаа үл таних залуу руу шидэхэд тус залуугийн зүүн талын чихний орчимд оноод хагартал нөгөө залуугийн зүүн талын чихний орчмоос цус гараад эхэлсэн. ..Б цохиж зодоод явсны дараа Г нэг шаазан аяга шидэж нөгөө залуугийн зүүн чих орчим онож хагарсан...” гэх мэдүүлэг /хх12-13-р тал/
3. Гэрч С.Г-н “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 03 цагийн орчим коридорт нэг үл таних 40 орчим насны 175 см орчим өндөр эрэгтэй, мөн нүдний шилтэй 4 тоотын эзэн эмэгтэй хоёр гарч ирээд орцны дотор талын шатан дээр үл таних залууг орхиод буцаад орсон бөгөөд би цагдаа дуудсан. Эрэгтэйн зүүн талын чихний дээд орчмоос цус маш их гарч харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх 14-15-р тал/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №0000 дугаартай “...У.Д ын биед зүүн чамархайд хуйханд няцарсан шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх19-р тал/
5. Яллагдагч Н.Г ийн “...Д хажууханд сууж байсан ба бид хоёр руу “пизда, гичий, лалар, янхнуудаа танай найз чинь намайг доромжилж зохиж зоддог хэн бэ, янхнуудаа” гээд орилоод байхаар нь миний уур хүрээд Д д “чи хүнийг пизда, янханаар нь дууддаг хэн бэ” гэж хэлээд ширээн дээр байсан дотроо жаахан пивотой шинжтэй шилэн аягыг аваад Д руу шидээд уг аягыг Д ын хаана нь оносныг нь хараагүй. ...Би өөрийн гэм бурууг ойлгож хохирогч У.Д аас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх44-45-р тал/
6. Гэрч Э.Б-н “... тухайн эд зүйлийг цэвэрлэж байтал тус өрөөний ширээний хажуугийн сандал дээр шар өнгийн түрүүвч 1 ширхэг, самсунг эс-5 маркийн гар утас 1 ширхэг байхаар нь би аваад өөртөө хадгалаад байлгаж байсан ...” гэх мэдүүлэг /хх9-р тал/, Э.Б Эд зүйл хүлээлгэн авсан тэмдэглэл, У.Д д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх4-5-р тал/.
7. Хохирогч У.Д нь “... Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт Бид тохиролцон хохирлын талаар маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү..” гэсэн хүсэлт /хх-ийн 74/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод байрлах Н.Г ийн түрээсэлдэг орон сууцанд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжиллоо гэж хохирогч У.Д ыг руу аяга шидсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №0000 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Иймд шүүгдэгч Н.Г нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Д д хохирол төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Н.Г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г нь жирэмсэн учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Г , хохирогч У.Д нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Н.Г т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч Н.Г ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч У.Д руу аяга шидэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт улсын яллагчийн санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерийн бичлэг бүхий сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н-н Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хяналтын камерийн бичлэг бүхий сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР