Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0039

 

 

 

 

 

 

  2020           01          09                                      2020/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч: Г.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905048691387 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Б-нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа  хөгжлийн банкны 405 дугаар салбарын үйлчилгээний танхимын сандал дээр тус салбарын борлуулалт мэдээллийн ажилтан Б.С-ийн мартсан байсан 2.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone XS Max Gold маркийн гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б-д шүүх хуралдаанд: “...Би мөнгө хийх гээд банк руу орсон. Тухайн үед гар утсыг хараагүй, гар утас байхыг хараагүй байж байгаад доороос юм нухахаар нь үзтэл гар утас байхаар нь авсан. Хүн мартаад явсан байна гэж бодсон. Ажлаас хүн дуудахаар нь би гар утсыг олсон гэж бодоод гараад явсан. Эзэн нь ярихаар нь өгнө гэж бодож байсан. Тэгээд нөгөөдөр ажил дээр байхад хүмүүс ирсэн. Тэгээд намайг утас олсон уу гэж асуухад нь гар утсыг өгсөн” гэв.

Хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 01 дүгээр хороонд байршилтай Худалдаа хөгжлийн 405 тоот салбарт тухайн банкны мэргэжилтнээр ажилладаг. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ 08 цаг 45 минутын үед ирээд хувцас хунараа солиод байж байтал 09 цаг болсон. Манай банк 09 цагт онгойж үйл ажиллагаа эхэлдэг. 09 цаг 10 минутын үед банкны заалан дотор мэдээллийн самбарыг шинэчлээд явж байгаад мэдээллийн самбарын хажуу хэсэгт ертөнцийн зүгээр хойд талд нь байх цэнхэр өнгийн харилцагч нар суудаг урт цэнхэр өнгийн сандлын баруун захад нь өөрийн эзэмшлийн iphone XS Max Gold загварын гар утсаа түр тавьж үлдээсэн юм. Тухайн үед ажил хийхэд гар утас саад болоод ажил хийж болохгүй байсан болохоор нь тухайн суудал дээр тавьсан юм. ...Би мэдээллийн самбар шинэчилж байтал мэдээллийн баримт бичиг дутахаар нь эргэж теллер дээр ирээд дутсан маягтаа аваад эргээд мэдээллийн самбар дээр иртэл самбарын хойд хажуу талд байх цэнхэр өнгийн сандлын баруун зах хэсэгт ногоон цэнхэр өнгийн урт куртиктэй махлаг бүдүүн биетэй эгч ирээд суучихсан байгаа харагдсан. Би ч мэдээллийн самбар дээр мэдээллээ шинэчлээд зогсож байгаад, ажлаа дуусгаад эргээд ажлын ширээ рүүгээ суугаад минут ч болоогүй утсаа санаад тавьсан суудлын хэсэгт очоод үзтэл утас алга болсон байсан юм. ...Манай ажилчид бид нар аваагүй гээд байхаар нь банкны дотор камерын бичлэгийг шүүж үзтэл тухайн өдрийн 09 цаг 11 минутад манай банкны зааланд ногоон цэнхэр өнгийн урт куртиктэй махлаг бүдүүн биетэй эгч үйлчлүүлэх гэж орж ирээд банкны дугаарлуулагч машинаас тасалбар аваад суудал дээр сууж байгаа харагдсан, тэр үед би теллер дээрээс материал авч байсан байна лээ. Тэр эмэгтэй сандлын баруун захад байх утсыг хараад шууд санаатайгаар дээр нь сууж байгаа харагдсан. Би теллер дээрээс материал аваад эргээд самбар дээр ирээд мэдээлэл шинэчилж байсан. Тэгсэн тэр эмэгтэй миний утсан дээр суучихаад намайг харчих вий гэсэн байдалтай миний утсыг гараараа цааш нь далдалж лавшруулж нууж түлхэж байснаа намайг ажлын ширээ рүүгээ явсны дараагаар 09 цаг 14 минутад миний утсыг өөрийнхөө доороос сэмхэн аваад банкаар үйлчлүүлэхээ болиод шууд гараад ертөнцийн зүгээр баруун зүг рүү алхаад явж байгаа бичлэг байсан юм. ...Би камерын бичлэгээс гар утсаа хулгайд алдсаныг мэдээд цагдаад хэлсэн, цагдаа удалгүй 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний утсыг авсан хүн болох Гэлэнхүү овогтой Г.Б- гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Г.Б-гэх эмэгтэй гэртээ миний утсыг нуучихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Баянгол дүүргийн 01-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны 405 тоот салбарын зааланд ...Ногоон саарал өнгийн урт өвлийн куртиктэй, хар өнгийн хилэн түрийтэй гуталтай бүдүүвтэр биетэй, шаргалдуу царайтай эмэгтэй хүн банкны гадна хаалга руу ороод заалан дотор хүлээлгийн суудал дээр байсан гар утсан дээр бөгсөөрөө сууж байгаад алдагдсан гэх iphone x s max гар утсыг аваад банкны заалнаас гараад явж байгаа бичлэг байв” гэжээ /хх-н 5-7/,

Яллагдагчаар Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би Худалдаа Хөгжлийн банкинд мөнгө тушаахаар очсон. Тэгтэл сандал дээр утас байхаар нь хүн хаячихсан юм байх гэж бодоод аваад гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44-47/,

  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 9/, хохирогчийн алдсан гар утасны гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 20-22, 49/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 24/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 34-36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

        Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

        Шүүгдэгч Г.Б-нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны 405 дугаар салбарын үйлчилгээний танхимын сандал дээр тус салбарын борлуулалт мэдээллийн ажилтан Б.С-ийн мартсан байсан 2.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone XS Max Gold маркийн гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм  буруутай болох нь:

 Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.С-ийн: “...мэдээллийн самбарын хажуу хэсэгт ертөнцийн зүгээр хойд талд нь байх цэнхэр өнгийн харилцагч нар суудаг урт цэнхэр өнгийн сандлын баруун захад нь өөрийн эзэмшлийн iphone XS Max Gold загварын гар утсаа түр тавьж үлдээсэн юм. ......камерын бичлэгийг шүүж үзтэл тухайн өдрийн 09 цаг 11 минутад манай банкны зааланд ногоон цэнхэр өнгийн урт куртиктэй махлаг бүдүүн биетэй эгч үйлчлүүлэх гэж орж ирээд банкны дугаарлуулагч машинаас тасалбар аваад суудал дээр сууж байгаа харагдсан, тэр үед би теллер дээрээс материал авч байсан байна лээ тэр эмэгтэй сандлын баруун захад байх утсыг хараад шууд санаатайгаар дээр нь сууж байгаа харагдсан. ...Тэгсэн тэр эмэгтэй миний утсан дээр суучихаад намайг харчих вий гэсэн байдалтай миний утсыг гараараа цааш нь далдалж лавшруулж нууж түлхэж байснаа намайг ажлын ширээ рүүгээ явсны дараагаар 09 цаг 14 минутад миний утсыг өөрийнхөө доороос сэмхэн аваад банкаар үйлчлүүлэхээ болиод шууд гараад ертөнцийн зүгээр баруун зүг рүү алхаад явж байгаа бичлэг байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-нь хохирогчийн сандал дээр дээр мартаж үлдээсэн гар утсыг мэдсээр байж авсан, түүнчлэн өөрөө ашиглах санаа сэдэлт төрөн банканд үйлчлүүлэх гэж байснаа больж, утсыг авч гарсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, гар утсаа буцаан авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Г.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-г 600 нэгж буюу 600.0000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Г.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй, хувийн байдал 5 хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Б-г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР