Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/00749

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 21 өдөр    Дугаар 181/ШШ2016/00749    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар            

Нэхэмжлэгч: Д.М нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Х холбогдох

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Г.Х, түүний өмгөөлөгч Т.Б, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2008 онд Г.Х-тай гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. 2009 онд охин Х.Б төрсөн. Охин Х.Б нь Нийслэлийн 1-р дунд сургуулийн 1-р ангид сурдаг, 7 настай. Нөхөр Х 2010 оноос хойш ааш зан нь эвдэрч гэр орондоо тогтохгүй, бидний харилцаа хүнд байдалд орсон тул 2010 оноос өдийг хүртэл 6 жил тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд охинтойгоо уулзаж биднийг гэсэн удаагүй. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул эвлэрүүлэн зуучлалд хандах шаардлагагүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж охиныг миний асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.Х би 2008 онд эхнэр Д.М-тай гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд 2009 онд охин Х.Б төрсөн. Одоо тэрээр 7 настай ба Улаанбаатар хотын 1-р сургуульд суралцдаг.

Бид хамтран амьдрах хугацаандаа зан байдлын хувьд таарч тохирохгүй байсны улмаас 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Би тусдаа амьдарсан 6 жилийн хугацаанд түүнтэй эвлэрэх гэж нилээдгүй хичээсэн боловч үр дүн гараагүй. Бид тус тусын амьдралтай болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтийг цуцлуулж охин Х.Б-г эх Д.М-ийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Г.Х, Д.М нар нь хамтран амьдарч байх хугацаандаа 2009 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр охин Х.Б-г төрүүлжээ.

Гэрлэгчид хоорондоо таарч тохирохгүйгээс 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч, хэн аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэсний болон хүүхдийн төрсний гэрчилгээ, охин Х.Б 1 дүгээр ангид сурдаг, эрүүл бойжиж байгаа тухай хэсгийн эмчийн тодорхойлолт, 1 дүгээр дунд сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд зохигчдын харилцан тохиролцсоноор гэрлэлтийг цуцлаж, охин Х.Б-г эхийн асрамжид үлдээх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан Г.Х, Д.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2009 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр охин Х.Б-г эх Д.М-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2009 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр охин Х.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг Г.Х-с сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Г.Х, Д.М нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгосугай.

                7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

                       

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО