Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

  2020           01          09                                    2020/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Иргэдийн төлөөлөгч: Д.Дулмаа,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Насанд хүрээгүй гэрч: Б.Л-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Д-,

Шүүгдэгч: Т.Ц-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

Шүүгдэгч: Б.Т-, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Т-, Т.Ц-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905021170565 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 05–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Ц-, 2000 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....тоот регистртэй,

 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т-, 1999 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Т-, Т.Ц- нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Д.Н-, А.Т-нарын Самсунг Эс-7 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж, 505.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 10-ны орой Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 50а байрны орчимд иргэн Т.С-, М.М-нарын Самсунг Жи-3, ЛЖ-5 загварын гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж, 378.560 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, 

- 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр байрны орчим насанд хүрээгүй Н.Б-, Д.П-нарын эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өг, хүнд хэлвэл ална шүү” хэмээн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, “SKY IM-100, LG X-power маркийн гар утаснуудыг дээрэмдэж 300.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 42 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй Б.Бат-Үйлсийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж  дээрэмдэж, 234.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Ж.Б-ын “Самсунг нөт-5” загварын гар утас, 3000 төгрөг зэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

- 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын дээд сургуулийн зүүн талын 7 шар байрны орчим насанд хүрээгүй Э.Э-гийн эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өгөхгүй бол ална шүү” хэмээн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, “iphone-6” загварын гар утсыг дээрэмдэж, 280.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдэж, бусдад нийт 1.700.560 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Ц- шүүх хуралдаанд: “...Э- энэ хэрэг дээр худлаа яриад байна. Бид хоёр орц руу дагуулж ороод хутга гаргаж ирээгүй байхад хутгатай байсан гэж мэдүүлсэн. Бид хоёр хутгатай байгаа гэж худлаа хэлсэн болохоос яг хутгатай байгаагүй” гэв.

Шүүгдэгч Б.Т- шүүх хуралдаанд: “...Э-гийн хэрэг дээр хутга гаргаагүй. Хутга байгаа гэж хэлсэн. Би нөүт-5 авсан хэрэг дээр мэдээгүй байсан. Бүрэнжаргалын хэрэг дээр оролцоогүй” гэв.

Насанд хүрээгүй гэрч Б.Л- шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн үед Э- бид хоёр далан руу буугаад 75 дугаар байрны тэнд явж байсан чинь энэ хоёр хүн ирээд юм асуусан. Дээшээ гарсан чинь Э-гээс мөнгө байна уу гэтэл Э- байхгүй, ээж хагалгаанд орох гэж байгаа болохгүй гэхэд утсыг нь гаргуулж ирээд хүн амьтнаас тусламж хүсвэл тусалсан хүнтэй чинь цуг хутгална гэж хэлсэн. Бор иштэй хутга байсан. Намайг цаашаа хараад зогс гэж хэлсэн байсан ба намайг эргээд харахад халаасанд нь бор иштэй хутга байхыг харсан. Гаргаж ирсэн эсэхийг нь хараагүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед хичээлээ тараад найз Л-ын хамт Баянгол дүүргийн Төмөр замын дээд сургуулийн зүүн талын 7 шар байрны орчим явж байсан чинь орцны урд сууж байсан нэг хүүхэд дуудаад юм асууя гэхээр нь би орохгүй гэсэн чинь зүгээр ор гээд миний араас түлхээд найз бид хоёрыг оруулсан. Тэгээд дээшээ шатаар дагуулж гараад буланд зогсож байгаад миний халаасанд байсан гар утсыг аваад кодоо гарга гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй гэж хэлсэн чинь нэг хутга гаргаж ирээд кодоо гарга гэж хэлэхээр нь би айгаад гар утасны кодыг гаргаж өгсөн. Тэгсэн id кодоо гарга гэж хэлсэн би бүх кодоо нөгөө хүүхдэд гаргаж өгсөн. Намайг нэг удаа гэдэс рүү цохиод найз бид хоёрыг хамгийн дээд давхар луу гүй гэж хэлээд өөрсдөө гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 16-17/,

            Насанд хүрээгүй гэрч Б.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед хичээлээ тараад харих гээд найз Э-гийн хамтаар барилгын 7 шарын 5-р байрны үүдээр алхаж явсан чинь хөөе наашаа хүрээд ир юм асууя гэж хэлээд  очсон чинь та хоёр энэ хавийнх уу гэсэн чинь тийм гэж хэлсэн чинь цаана нь сууж байсан нэг залуу руу заагаад та хоёр тэр ахтайгаа очоод уулзаадах гэж хэлсэн. Тэгээд орц руу ороод тэр залуу дээр нь очсон чинь дээшээ гараадах гэж хэлээд куртикний халааснаас хутга гаргаж ирээд харуулаад дээшээ гар гэж хэлсэн... Манай найз утсаа гаргаж ирэхгүй байсан чинь элэгдээд, нэгжээд утсыг нь гаргаад ирсэн. Тэгээд манай найзын утасны кодыг гаргуулж аваад дээшээ гар гэж хэлсэн. Бид хоёр дээшээ гараад харсан чинь гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 18-19/,

            Насанд хүрээгүй хохирогч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...өнөөдөр 16 цагийн орчим найз П-той хорооллын Москва рестораны автобусны буудал дээр уулзаад П-ийн гэр лүү явж байсан. П-ийн гэр лүү явах замд Гранд Хилл зочид буудлын зүүн талаар урагшаа далан руу явж байхад нэг нь сургуулиа төгсөөд удаагүй юм шиг 20 орчим насны хар өнгийн бомбиртай дотуур нь хар өнгийн малгайтай цамцныхаа малгайг нь өмсчихсөн хүзүүндээ том чихэвч зүүчихсэн туранхай ойролцоогоор 170 см өндөртэй царайг нь сайн харж чадаагүй нөгөөх нь 20 гаран насны саарал өнгийн ноосон цамцтай халимаг үстэй том нүдтэй хацар нь том уруул нь жижигхэн хацарны дээд хэсгээрээ барзгардуу царайтай, махлагдуу, нөгөөхөөсөө бага зэрэг намхан хүн бид хоёрыг дуудаад бомбертой ах нь та 2 миний дүү шүү гэж дагуулж явж байгаад нэг бор шартай байрнуудын дунд аваачаад П- бид хоёрыг нэг нэгээр нь салгаад намайг хорь орчим насны хар өнгийн бомбертой дотор нь хар өнгийн малгайтай цамцтай нь ...намайг авч яваад миний халаасыг ухаад миний гар утсыг авчихсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 62-63/,

            Насанд хүрээгүй хохирогч Д.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гэр рүү явах замд Гранд Хилл зочид буудлын зүүн талаар урагшаа далан руу явж байхад нэг нь сургуулиа төгсөөд удаагүй юм шиг 20 орчим насны ...нөгөөх нь 20 гаруй насны саарал өнгийн ноосон цамцтай халимаг үстэй, хацар нь том уруул нь жижигхэн... махлагдуу хүн бид хоёрыг дуудаад бомбертой ах нь та хоёр миний дүү шүү гээд дагуулж явж байгаад нэг бор шартай байрнуудын дунд аваачаад Баярдаш бид хоёрыг нэг нэгээр нь салгаад...авч явж миний халаасыг ухаад миний гар утсыг авчихсан. Бид хоёрыг жоохон чанга ярихаар чимээгүй бай эсхүл ална шүү гээд айлгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 69-70/,

            Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...би найз Тэлмүүнтэй хамт 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим манай ангийн хүүхэд Тэнүүнээс мөнгө авах зорилгоор 20 дугаар сургуулийн баруун талд байдаг Сот 4 байрны урдуур явах үед Сотын 4 дүгээр байрны орцноос 18-20 насны хоёр залуу гарч ирээд бид хоёрыг шууд дагаад явсан. Тэгээд Тэлмүүн бид хоёр 4 дүгээр байрны 2 дугаар орцонд ороод Тэнүүнтэй уулзаж мөнгө авчихаад доошоо буухад орцны үүдэнд нөгөө араас дагаад байсан хоёр залуу зогсож байсан. Тэгээд орцоор гарах гэтэл бид хоёрыг гаргахгүй дээгүүрээ цагаан хантаазтай залуу нь миний хацар цээж рүү цохисон. Тэгсэнээ тэр цагаан хантаазтай залуу нь миний нуруу руу тохойлдсоноо мөнгө байна уу гэхээр нь би байхгүй гэтэл шууд миний халаасыг нэгжиж эхэлсэн... халаасанд байсан миний самсунг эс-7 маркийн гар утсыг аваад утасныхаа пин кодыг хэл гэхээр нь би мэдэхгүй гэхэд тэр цагаан хантаазтай залуу намайг дээшээ 5 давхар луу гар гэхээр нь би дээшээ гараад цонхоор харах гээд болохгүй болохоор нь орцоор гарч ирэхэд тэр хоёр залуу гараад явчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 125-126/,

            Насанд хүрээгүй хохирогч А.Тэлмүүний мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би найз Номуны хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 2 дугаар орц руу орж 3 давхарт гарч хүүхэдтэй уулзчихаад шатаар бууж байтал орцны хаалганы дэргэд 18-аас 19 насны хоёр залуу тааралдаад нэг нь миний нүүр лүү алгадаад нөгөө залуу нь манай найз Номуны гэдэс рүү нь цохисон. Тэгээд намайг алгадсан залуу дуугүй байгаарай гээд миний халаасыг ухаад самсунг эс-7 маркийн гар утсыг аваад ямар хогийн утас вэ гэж байгаад бид хоёрыг шатаар дээшээ гар гээд бид хоёрыг дээшээ гарангуут орцны хаалга онгойлгоод зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 131/,

            Насанд хүрээгүй хохирогч Г.Саруултөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим өөрийн найз болох Маргадтай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байр дээр байдаг сагсны шийдэн дээр уулзаад Маргад бид хоёр тамхи татах гээд 50а байрны урд талын далантай хэсэг дээр тамхи татаад байж байхад далангаас хоёр залуу өгсөөд бид хоёрыг чиглээд ирсэн. ...намайг шууд алгадаад авсан, харин нөгөө хамт явж байсан залуу нь бид хоёрыг утсаа гаргаад ир гэхээр нь үгүй гэсэн чинь тэр хоёр залуугийн жинсэн яктай 20 гаруй насны залуу нь намайг шууд алгадаад авсан. Би өөрийн гар утас болох 2016 оны Самсунг жи-5 загварын хар саарал өнгийн гар утсыг өгсөн. Маргад бас гар утсаа гаргаж өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 202/,

            Хохирогч М.Маргадын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед гэртээ байж байхад найз Саруултөгс нь бэлтгэл тарчихлаа гараад ирээч гээд дуудсан юм. Тэгээд бид хоёр хамт зам дагуу алхаж байгаад 50а байрны урд талд очоод тамхи татаад зогсож байхад далангаас 20 гаруй насны хоёр эрэгтэй хүн ирээд саарал өмдтэй, цэнхэр өнгийн яктай 170 см өндөртэй ах намайг шууд алгадсан. Яагаад энд тамхи татаад байгаа юм бэ гээд миний гэдэс рүү нэг удаа цохисон...нөгөө хар хослолтой ах миний халааснаас миний гар утсыг авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 206-208/,

            Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Үйлсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 42 дугаар байрны хажууд явж байтал 16-18 насны хоёр залуу байрны буланд тааралдаад бага зэргийн махтай 170 см өндөртэй залуу нь намайг чи манай дүүг зодсон бацаан мөн үү, чи аль сургуульд сурдаг юм гэхээр нь би 49 дүгээр сургуульд сурдаг юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Ямар нэгэн хүүхэд зодоогүй гэсэн чинь цуг байсан бараан хувцастай өндөр туранхай залуу нь намайг нааш ир гэж дагуулаад 42 дугаар байрны  дүгээр орцонд оруулаад ах нь чамайг аятайхан байвал зодохгүй, ах нь нэг хүүхэд дуудах гэсэн юм ахдаа утсаа өгөөдөх гээд чанга дуугаар хэлэхээр нь би айгаад халаасандаа байсан самсунг жи-7 маркийн гар утсаа гаргаж өгтөл кодоо гаргаад өг гэхээр нь би кодоо гаргаад өгсөн. Тэгсэн миний утсыг үзэж байгаад ... намайг 5 давхар луу гараад хүүхэд дуудаад өг гэхээр нь би дээшээ 5 давхарт гартал ямарч хүүхэд байхгүй доод орцны хаалга дуугархаар нь доошоо гүйгээд гартал алга болсон байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-н 243/,

            Насанд хүрээгүй хохирогч Ж.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 07-ны 20 цагийн үед давтлагаа тараад гэр лүүгээ харих гээд байрныхаа хойд талын 2 дугаар байрны орчим явж байтал гэнэт араас нэг хүн ирээд хүзүүгээр тэврээд миний халаасанд хутга байгаа шүү ийшээ ор, орилох юм бол ална шүү гэж хэлээд намайг хоёр дугаар байрны орц руу авч орсон... тэгээд орцоор ороод чамд утас гэж байна уу цэх зогс гэж хэлээд миний халаасыг ухаад гар утас буюу миний халаасанд байсан 3000 төгрөгийг авсан. Тэгээд намайг одоо энэ байрны гурван давхарт гар, хэрэв чамайг бууж ирэх юм бол би чамайг ална гэж хэлээд намайг гурван давхар луу гаргасны дараа зугтсан.... ” гэсэн мэдүүлэг /2 хх-н 186/,

            Яллагдагчаар Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “...би дээрх үйлдлийг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 35/,

            Яллагдагчаар Т.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “...би дээрх үйлдлийг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 39/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-н 2, 46, 106, 189, 2 хх-ийн 172/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 44, 103, 187, 235/,  Хохирогчийн өргөдөл /1 хх-н 47-48/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 49-50, 110-112, 2 хх-ийн 180/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 107-108, 190-191, 238, 2 хх-ийн 173-174/, Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 32/,  шүүгдэгч Б.Т-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-н 185, 1 хх-н 70, 79-81, 84-99,  /, шүүгдэгч Т.Ц-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /2 хх-н 52, 64-69, 222/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 хх-ийн 101-112/, хохирогч төлсөн баримт /2 хх-н 117-125/, Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 27-29, 78, 82, 136, 206-208, 250 2-н 194/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

            Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч Б.Т-, Т.Ц- нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Д.Н-, А.Т-нарын Самсунг Эс-7 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж, 505.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 10-ны орой Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 50а байрны орчимд иргэн Т.С-, М.М-нарын Самсунг Жи-3, ЛЖ-5 загварын гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж, 378.560 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан, 

- 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр байрны орчим насанд хүрээгүй Н.Б-, Д.П-нарын эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өг, хүнд хэлвэл ална шүү” хэмээн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, “SKY IM-100, LG X-power маркийн гар утаснуудыг дээрэмдэж 300.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 42 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй Б.Бат-Үйлсийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдэж, 234.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Ж.Б-ын “Самсунг нөт-5” загварын гар утас, 3000 төгрөг зэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

- 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын дээд сургуулийн зүүн талын 7 шар байрны орчим насанд хүрээгүй Э.Э-гийн эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өгөхгүй бол ална шүү” хэмээн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, “iphone-6” загварын гар утсыг дээрэмдэж, 280.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдэж, бусдад нийт 1.700.560 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн: “...найз Л-ын хамт Баянгол дүүргийн Төмөр замын дээд сургуулийн зүүн талын 7 шар байрны орчим явж байсан чинь орцны урд сууж байсан нэг хүүхэд дуудаад юм асууя гэхээр нь яваад очсон чинь наад орц руугаа ороод нэг хүнтэй уулзаадах гэхээр нь би орохгүй гэсэн чинь зүгээр ор гээд миний араас түлхээд найз бид хоёрыг оруулсан. Тэгээд дээшээ шатаар дагуулж гаргаад буланд зогсож байгаад миний халаасанд байсан гар утсыг аваад кодоо гарга гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй гэж хэлсэн чинь нэг хутга гаргаж ирээд кодоо гарга гэж хэлэхээр нь би айгаад гар утасны кодыг гаргаж өгсөн. Тэгсэн add кодоо гарга гэж хэлсэн би бүх кодоо нөгөө хүүхдэд гаргаж өгсөн. Намайг нэг удаа гэдэс рүү цохиод найз бид хоёрыг хамгийн дээд давхар луу гүй гэж хэлээд өөрсдөө гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 16-17/, насанд хүрээгүй гэрч Б.Л-ын: “...найз Э-гийн хамтаар барилгын 7 шарын 5-р байрны үүдээр алхаж явсан чинь хөөе наашаа хүрээд ир юм асууя гэж хэлээд очсон чинь та хоёр энэ хавийнх уу гэсэн чинь тийм гэж хэлсэн чинь цаана нь сууж байсан нэг залуу руу заагаад та хоёр тэр ахтайгаа очоод уулзаадах гэж хэлсэн. Тэгээд орц руу ороод тэр залуу дээр нь очсон чинь дээшээ гараадах гэж хэлээд куртикний халааснаас хутга гаргаж ирээд харуулаад дээшээ гар гэж хэлсэн... Манай найз утсаа гаргаж ирэхгүй байсан чинь элэгдээд, нэгжээд утсыг нь гаргаад ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 18-19/, насанд хүрээгүй хохирогч Н.Б-ийн: “...П-ийн гэр лүү явах замд Гранд Хилл зочид буудлын зүүн талаар урагшаа далан руу явж байхад нэг нь сургуулиа төгсөөд удаагүй юм шиг 20 орчим насны хар өнгийн бамбиртай дотуур нь хар өнгийн малгайтай цамцныхаа малгайг нь өмсчихсөн хүзүүндээ том чихэвч зүүчихсэн туранхай ойролцоогоор 170 см өндөртэй царайг нь сайн харж чадаагүй нөгөөх нь 20 гаран насны саарал өнгийн ноосон цамцтай халимаг үстэй том нүдтэй хацар нь том уруул нь жижигхэн хацарны дээд хэсгээрээ барзгардуу царайтай, махлагдуу, нөгөөхөөсөө бага зэрэг намхан хүн бид хоёрыг дуудаад бомбертой ах нь та 2 миний дүү шүү гэж дагуулж явж байгаад нэг бор шартай байрнуудын дунд аваачаад П- бид хоёрыг нэг нэгээр нь салгаад ...хорь орчим насны хар өнгийн бомбертой дотор нь хар өнгийн малгайтай цамцтай нь ...намайг авч яваад миний халаасыг ухаад миний гар утсыг авчихсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 62-63/, насанд хүрээгүй хохирогч Д.П-ийн: “...гэр рүү явах замд Гранд Хилл зочид буудлын зүүн талаар урагшаа далан руу явж байхад нэг нь сургуулиа төгсөөд удаагүй юм шиг 20 орчим насны ...нөгөөх нь 20 гаруй насны саарал өнгийн ноосон цамцтай халимаг үстэй, хацар нь том уруул нь жижигхэн... махлагдуу хүн бид хоёрыг дуудаад бомбертой ах нь та хоёр миний дүү шүү гээд дагуулж явж байгаад нэг бор шартай байрнуудын дунд аваачаад Баярдаш бид хоёрыг нэг нэгээр нь салгаад...авч явж миний халаасыг ухаад миний гар утсыг авчихсан. Бид хоёрыг жоохон чанга ярихаар чимээгүй бай эсхүл ална шүү гээд айлгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 69-70/, насанд хүрээгүй хохирогч Д.Н-гийн: “...Сот 4 байрны урдуур явах үед Сотын 4 дүгээр байрны орцноос 18-20 насны хоёр залуу гарч ирээд бид хоёрыг шууд дагаад явсан. Тэгээд Тэлмүүн бид хоёр 4 дүгээр байрны 2 дугаар орцонд ороод Тэнүүнтэй уулзаж мөнгө авчихаад доошоо буухад орцны үүдэнд нөгөө араас дагаад байсан хоёр залуу зогсож байсан. Тэгээд орцоор гарах гэтэл бид хоёрыг гаргахгүй дээгүүрээ цагаан хантаазтай залуу нь миний хацар цээж рүү цохисон. Тэгсэнээ тэр цагаан хантаазтай залуу нь миний нуруу руу тохойлдсоноо мөнгө байна уу гэхээр нь би байхгүй гэтэл шууд миний халаасыг нэгжиж эхэлсэн... халаасанд байсан миний самсунг эс-7 маркийн гар утсыг аваад утасныхаа пин кодыг хэл гэхээр нь би мэдэхгүй гэхэд тэр цагаан хантаазтай залуу намайг дээшээ 5 давхар луу гар гэхээр нь би дээшээ гараад цонхоор харах гээд болохгүй болохоор нь орцоор гарч ирэхэд тэр хоёр залуу гараад явчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 125-126/, насанд хүрээгүй хохирогч А.Тэлмүүний: “...4 дүгээр байрны 2 дугаар орц руу орж 3 давхарт гарч хүүхэдтэй уулзчихаад шатаар бууж байтал орцны хаалганы дэргэд 18-аас 19 насны хоёр залуу тааралдаад нэг нь миний нүүр лүү алгадаад нөгөө залуу нь манай найз Номуны гэдэс рүү нь цохисон. Тэгээд намайг алгадсан залуу дуугүй байгаарай гээд миний халаасыг ухаад самсунг эс-7 маркийн гар утсыг аваад ямар хогийн утас вэ гэж байгаад бид хоёрыг шатаар дээшээ гар гээд бид хоёрыг дээшээ гарангуут орцны хаалга онгойлгоод зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 131/, насанд хүрээгүй хохирогч Г.Саруултөгсийн: “...Маргад бид хоёр тамхи татах гээд 50а байрны урд талын далантай хэсэг дээр тамхи татаад байж байхад далангаас хоёр залуу өгсөөд бид хоёрыг чиглээд ирсэн. ...намайг шууд алгадаад авсан харин нөгөө хамт явж байсан залуу нь ...бид хоёрыг утсаа гаргаад ир гэхээр нь үгүй гэсэн чинь тэр хоёр залуугийн жинсэн яктай 20 гаруй насны залуу нь намайг шууд алгадаад авсан. Би өөрийн гар утас болох 2016 оны Самсунг жи-5 загварын хар саарал өнгийн гар утсыг өгсөн. Маргад бас гар утсаа гаргаж өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 202/, хохирогч М.Маргадын: “...50а байрны урд талд очоод тамхи татаад зогсож байхад Далангаас 20 гаруй насны хоёр эрэгтэй хүн ирээд саарал өмдтэй, цэнхэр өнгийн яктай 170 см өндөртэй ах намайг шууд алгадсан. Яагаад энд тамхи татаад байгаа юм бэ гээд миний гэдэс рүү нэг удаа цохисон...нөгөө хар хослолтой ах миний халааснаас миний гар утсыг авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 206-208/, насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Үйлсийн: “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 42 дугаар байрны хажууд явж байтал 16-18 насны хоёр залуу байрны буланд тааралдаад бага зэргийн махтай 170 см өндөртэй залуу нь намайг чи манай дүүг зодсон бацаан мөн үү, чи аль сургуульд сурдаг юм гэхээр нь би 49 дүгээр сургуульд сурдаг юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Ямар нэгэн хүүхэд зодоогүй гэсэн чинь цуг байсан бараан хувцастай өндөр туранхай залуу нь намайг нааш ир гэж дагуулаад 42 дугаар байрны орцонд оруулаад ах нь чамайг аятайхан байвал зодохгүй, ах нь нэг хүүхэд дуудах гэсэн юм ахдаа утсаа өгөөдөх гээд чанга дуугаар хэлэхээр нь би айгаад халаасандаа байсан самсунг жи-7 маркийн гар утсаа гаргаж өгтөл кодоо гаргаад өг гэхээр нь би кодоо гаргаад өгсөн. Тэгсэн миний утсыг үзэж байгаад ... намайг 5 давхар луу гараад хүүхэд дуудаад өг гэхээр нь би дээшээ 5 давхарт гартал ямарч хүүхэд байхгүй доод орцны хаалга дуугархаар нь доошоо гүйгээд гартал алга болсон байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-н 243/, насанд хүрээгүй хохирогч Ж.Б-ын: “...байрныхаа хойд талын 2 дугаар байрны орчим явж байтал гэнэт араас нэг хүн ирээд хүзүүгээр тэврээд миний халаасанд хутга байгаа шүү ийшээ ор, орилох юм бол ална шүү гэж хэлээд намайг хоёр дугаар байрны орц руу авч орсон... тэгээд орцоор ороод чамд утас гэж байна уу цэх зогс гэж хэлээд миний халаасыг ухаад гар утас болон миний халаасанд байсан 3000 төгрөгийг авсан. Тэгээд намайг одоо энэ байрны гурван давхарт гар, хэрэв чамайг бууж ирэх юм бол би чамайг ална гэж хэлээд намайг гурван давхар луу гаргасны дараа зугтсан.... ” гэсэн мэдүүлэг /2 хх-н 186/, эд зүйлийн үнэлгээнүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч нар хохирогч Э.Э-гийн гар утсыг дээрэмдэх үедээ хутга хэрэглээгүй, хэрэглэсэн гэдэг нь нотлогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн “...үгүй гэж хэлсэн чинь нэг хутга гаргаж ирээд кодоо гарга гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, мөн тухайн хэрэг болох үед насанд хүрээгүй хохирогч Э.Э-тэй хамт явж байсан гэрч Б.Л-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: “...бор иштэй хутга байсан, халаасанд нь байсан” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Ц-, Б.Т- нар нь насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн гар утсыг дээрэмдэн авахдаа зэвсэг буюу хутга хэрэглэсэн нь нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч нар нь хутга байгаагүй байгаа гэж хэлсэн гэх боловч энэ нь дээрх насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Шүүгдэгч нар нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ба тэдгээрийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Т- нь насанд хүрээгүй хохирогч Бүрэнжаргалыг дээрэмдсэн гэмт хэрэгт оролцоогүй тул түүний уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэдийгээр хохирогчийг шүүгдэгч Т.Ц- орц оруулж эд зүйлийг нь дээрэмдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч шүүгдэгч нар нь хамт явж байсан, шүүгдэгч Т.Ц-ыг орцноос гарч ирээд зугтах үед хамт зугтаасан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хамт зарцуулсан тул тэднийг үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ц-, Б.Т- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ц-, Б.Т- нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж бүлэглэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ц-, Б.Т- нар нь хохирогч нарын гар утсыг санаатай нэгдэж дээрэмдэн авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаар шүүгдэгч Б.Т- нь хохирогч нарыг хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нарын хохирлыг шүүгдэгч Б.Т- дангаараа төлсөн ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос Т.Ц- нь төлөөгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Ц-, Б.Т- нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т- нь учруулсан хохирлыг төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 06 жил 8 сар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Т.Ц-, Б.Т- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Т-гийн хохирогч нарын хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээг, шүүгдэгч Т.Ц-ын урьд нь тухайн төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан, хувийн байдал, хохирогч нарын хохирлыг төлөхөд оролцоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хуулийн дээрх зүйл, заалтад заасан хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хуульд зааснаар доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь хохирогч Э.Э-гийн гар утсыг дээрэмдэн авахдаа зэвсэг буюу хутга хэрэглээгүй гэж маргасан тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэх хууль зүйн ойлголт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ын удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, тэдгээрийн урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Б.Т-, Т.Ц-нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-г 05 жил хорих ялаар, шүүгдэгч Т.Ц-ыг 06 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан 05 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Т.Ц-т оногдуулсан 06 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-гийн урьд цагдан хоригдсон 26 хоног, шүүгдэгч Т.Ц-ын урьд цагдан хоригдсон 232 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-, Б.Т- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР

    

        ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ

                                                        

        ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ