Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 452

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч Б.Эрдэнэчулуун, түүний өмгөөлөгч М.Мөнгөнхүү,

Шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.С холбогдох эрүүгийн 2006 00252 0380 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,   сургуульд багш ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.С .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.С  нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 69-р сургуулийн хичээлийн байранд иргэн Б.Эрдэнэчулуунтай маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С  мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би  Б.Эрдэнэчулуун багшийн ангид ороход намайг “чи дандаа намайг худлаа гүтгэдэг” гэж хэлэхэд “би чамайг яаж гүтгэсэн юм бэ?” гэхэд “чи миний ээжийг алсан биз дээ” гэж хэлсний дараа би Б.Эрдэнэчулууны үснээс нь зулгайсан нь үнэн гэв.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би ангидаа дүнгээ шивээд сууж байхад Г.С  манай ангид орж ирээд хаалгаа цоожлоод утас дээрээ бичлэг хийсэн. Намайг “чи миний нөхөртэй явалддаг биз дээ” гэж доромжлоод намайг үстэж зодоход миний амьсгаа давхцаад гарах гэтэл намайг гаргахгүй “битгий баашлаад бай” гэж хэлсэн. Би ангиас гараад шууд “амь авраарай гэж орилоод захиралтай уулзах гэж явж байхдаа ухаан алдаж унасан. Би сэргээд шууд цагдаа дуусан. Би 294.000 төгрөг нэхэмжилж байна. Намайг удаа дараа миний нэр хүндэд халдсан учир гомдолтой байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч,  иргэний  нэхэмжлэгч  Б.Эрдэнэчулууны өгсөн  мэдүүлэг /хх-10, 11, 15-16/, гэрч Ц.Доржпагамын өгсөн мэдүүлэг /хх-18-19/, Г.С ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-17, 48/, гэрч Д.Байгалмаагийн өгсөн мэдүүлэг /хх-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 895 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 645 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 229 дугаартай гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-40-42/, “Натур эмнэлэг” компьютер томрграфийн оношлогооны баримт /хх-34-35/,  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, шуурхай удирдлагын тасагт гомдол өгсөн лавлагааны хуудас /хх-9/, хохирогч Б.Эрдэнэчулууны хохирлын баримтууд /хх-66-68/, шүүгдэгч Г.С ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.С  нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 69-р сургуулийн хичээлийн байранд иргэн Б.Эрдэнэчулуунтай маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч,  иргэний  нэхэмжлэгч  Б.Эрдэнэчулууны өгсөн: “Би   дүгээр сургуулийн ахлах сургуулийн 11-д бүлгийн багш хийдэг юм. Манай сургуулийн багш Соёл-Ундралтай 11 дүгээр сарын өмнө нэг асуудлаас болоод маргалдсан юм. Эн асуудлаас болоод Г.С нь намайг 4-өөс 5 удаа биед халдаж зодсон өнөөдөр намайг анги дотороо байхад Г.С нь Доржпагма гээд багштай хамт орж ирээд манай ангийн хүүхдийг арч бай гэж хэлээд Доржпагма бичлэг хийгээд Г.С нь цээжээрээ тулж ирээд нүүр рүү нулимахаар нь би нэг удаа нүүрэн тус алгадсан чинь зөрүүлээд миний үснээс чирч гүйгээд би ангиас гарах гэхэд гаргахгүй зодоод байхаар нь би арай гэж гарч зугтаад “амь авраарай” гэж олон удаа хашгираад гүйхэд араас коридорт барьж аваад бас зодоод байсан. Энэ үед манай Байгальмаа гэдэг багш салгаад Г.С хөөж явуулсан. Би тэндээс гарч яваад захиралтайгаа уулзах гэж яваад коридорт ухаан алдсан байсан. Хорооны эмч ирж үзээд баахан эм бичиж өгөөд явсан. Эмч явсны дараа би цагдаа дуудсан.” /хх-10/ гэх мэдүүлэг,

 

“2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг Г.С зодох үед хажууд Доржпагма гээд Соёл-Ундралын найз эмэгтэй бичлэг хийгээд 69 дүгээр сургуулийн өргөтгөл 207 тоот өрөөнд хаалгыг нь дотроос нь цоожилж байгаад зодсон. Би тухайн ангиас зугтаж гараад шатны хажууд байдаг мэдээлэл зүйн анги руу гүйж ороход Байгальмаа гээд багш сууж байсан. Тэр хүн надад тусласан.” / хх-11/ гэх мэдүүлэг,

 

"2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчим ангийн Ундралын хамт ангидаа дүн шивээд сууж байхад гаднаас Доржпалам, Г.С нар орж ирээд ангийн дарга Ундралыг гарч бай багштай чинь ярих зүйл байна гээд гаргасан. Тэгээд ангийн хаалгыг Доржпалам багш түгжиж Г.С гар утсаараа бичлэг хийж “танай хадам ээжийг чинь бид нар алаагүй” гэхээр нь “би гар утсаа гаргаж бичлэг хий” гэхэд Доржпалам миний гар утсыг булааж авах гэж оролдохоор нь би утсаа далд хийсэн. Тэгэхэд Г.С намайг буланд шахаад түлхэж ирээд нүүр рүү нулимж “янхан, гичий банзал” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд Г.С нь хөл рүү өшиглөж, үснээс угз татаж олон удаа зулгаасан. Энэ үед би амьсгаа давхцаад байсан болохоор би сүүлийн хүчээрээ ангийн хаалга түлхэж гарч Байгалмаа багшийн анги руу ороход Байгалмаа багш танихгүй хүмүүсийн хамт байсан. Тэгээд би Доржпалам, Г.С нараас салаад сургуулийн захирал руу очиход өрөөндөө байхгүй байсан. Тэгэхэд би сургуулийн коридорт явж байгаад ухаа алдаж унасан. Тэгэхэд сургуулийн үйлчлэгч нар анхан шатны тусламж үзүүлсэн. Би сэргэж цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж Г.С бид хоёрыг цадаагийн хэсэг рүү авч явахад Г.С нь “чи битгий жүжиглээд байгаарай” гэж хэлсэн. Миний биед тархи доргиж, хавдсан, хүзүү улайж хавдсан байсан. Зүүн гуя руу өсгийтэй гутлаараа өшиглөж гар хөхрүүлсэн. Тухайн бүх гэмтлийг Г.С багш учруулсан. Над руу шүлсээ хаяад байхаар нь би нэг удаа алгадсан. Хувийн шалтгааны улмаас удаа дараа хэл амаар доромжилж зодож байсан. Өмнө нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “Кино” үйлдвэрийн автобусны буудлын урд талын пабад зодсон. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. 20149 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 4 цагийн хичээл дээр ангид орж ирээд хэл амаар доромжилж зодсон. Мөн тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хичээл дээр мөн хэл амаар доромжилж, сургуулийн байранд зодсон. Мөн тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй. 2019 оны 17-оос 18-ны орчим Доржпалам, Г.С нар багш нарын өрөөнөөс дуудаж гаргаж ирээд Доржпалам нь цүнхээрээ зодсон. Мөн тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 22-ны шөнө Доржпалам, Соёл-Ундрал, Болортуяа нар маш олон удаа залгаж унтуулж амраагаагүй. Мөн гэрийн гадна ирсэн байна гээд дарамтлаад байсан. 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр сургууль дээр ангид Доржпалам, Болортуяа нар ангид орж ирж Г.С нь коридоороо намайг чирж хэл амаар доромжилж, багш нарын өрөөнд маш хүчтэй зодсон. Энэ бүх хугацаанд Г.С нь намайг маш хэрцгийгээр зодож “янхан гичийгээр” дуудаж шавь нар, багш нарын дэргэд хэл амаар доромжилж байсан. Мөн гэр оронд согтуу очиж нөхөр, хадам ээжтэй уулзаж намайг хэл амаар доромжилж байсан. Мөн сургуулийн хичээлийн байранд таарах болгондоо намайг байнга “янхан, гичий ичдэггүй, ажлаа тавьж өгөөч” гэж хэл амаар доромжилж, үгүй бол цохиж зөрдөг байсан. Сургуулийн захиралд удаа дараа танилцуулахад арга хэмжээ авдаггүй. 2 удаа захиралд ажлын байран дээр дарамтгүй, хүчирхийлэлгүй ажилламаар байна гэж өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй надад. Би маш их гомдолтой байна. Г.С нь сургуулийн орчин болон гадуур явж байгаад таарахад хэл амаар доромжилж, биед маш олон удаа халдсан. Тэр болгонд би цагдаад хандаж байгаагүй. Намайг зодох болгондоо толгой руу цохиж, үснээс зулгааж зоддог. Мөн миний хичээл орж байгаа хүүхдүүдийн дэргэд хэл амаар доромжилж, манай ангийн хүүхдүүдийг янз бүрийн байдлаар дарамталдаг." /хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Доржпагамын өгсөн: “Би   сургуулийн багшаар 10 жил ажиллаж байна. Эрдэнэчулуун багш найз Соёл-Ундралын нөхөр Мөнхсүлдтэй гэр бүлээс гадуур харилцаанд орох болсон. 2019 оны 3 дугаар сараас багш Эрдэнэчулуун нь намайг өөрийнх нь явдлыг суругуль дээр тараасан гэж хэл амаар доромжлох болсон. Мөн нэг удаа сургуулийн багш нарын хурал дээр Эрдэнэчулууны үсэн дээр бохь наасан харагддаг. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би Эрдэнэчулуун багшийн ангид орж яагаад ингэж хэл амаар доромжлоод байгаа талаар асуух гэж очсон. Тэгэхэд надаас түрүүлээд Г.С багш ангид нь орсон байсан. Эрдэнэчулуун ангидаа ганцаараа байсан ба яагаад алуурчин гэж доромжлоод байгаа талаар асуухад “та нар алуурчин биз дээ” гэж доромжилсон. Багш Эрдэнэчулуун нь дандаа худлаа ярьж гомдол гаргаж явдаг тул Соёл-Ундралын нүүр рүү нь алгадсан. Тэгээд энэ хоёр багш нэгнийхээ үснээс зулгааж ноцолдож эхэлсэн. Тэгж байгаад салаад Эрдэнэчулуун анги тойрч гүйгээд “хүн аллаа, намайг аллаа амь авраач” гээд орилоод байсан. Г.С багшийг ангийн хаалган дээр зогсож байхад түлхэж коридорт гаргаад буцаж орсон. Тэгээд би Г.С багшид явъя гэхэд явахгүй байхаар нь би хоёр багшийг орхиод яваад өгсөн. Тухайн үед Эрдэнэчулуун, Г.С алгадсан. Тэгэхээр нь Эрдэнэчулуун, Г.С нар нэгийгээ үсдэж зулгааж байсан. Ил харагдах ямар нээгн гэмтэл байхгүй байсан. Эрдэнэчулуун багш маш их худлаа цуурхал сургууль дээгүүр тараадаг тул тухайн үйл явдлын талаар бичлэг хийж аримтжуулах зорилгоор Соёл-Ундралын гар утсаар бичлэг хийсэн. ”/хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.С ын гэрч, яллагдагчаар өгсөн: “Тухайн өдөр ажил дээрээ байхад багш Эрдэнэчулуунаас дүн авах гэхэд намайг алуурчин гэж хэл амаар доромжилсон байсан. Тэгэхээр нь би Эрдэнэчулуунтай ангид нь маргалдаж манай найз Доржпаламтай хамт уулзах үед над руу алуурчин гэж хэл амаар доромжилж намайг эхлээд алгадсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж хариу үйлдэл үзүүлж үснээс нь зулгааж дарсан. Тэгэхэд Эрдэнэчулуун нь шалан дээр сууж байгаад хөл рүү өшиглөөд байсан. Намайг арагшаа түлхээд явж байгаад хаалга тулж ирэхэд хаалгаа түлхээд гарч коридорт гарч цагдаа дуудаарай намайг аллаа гэж орилоод байсан. Тухайн үед миний баруун талын хөл гуян дээрээ хөхөрсөн. Зүүн талын хөл шуу үеэрээ хөдөлгөж болохгүй өвчин орсон байсан. Би Эрдэнэчулууны биед гэмтэл байсныг мэдэхгүй. Тухайн үед намайг алуурчин, янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжилсон болохоор өөрийгөө хамгаалах гэж биед нь халдсан. 2019 оны 2 дугаар сараас Эрдэнэчулуун нь манай нөхөр Мөнхсүлдтэй гэр бүлээс гадуурах харилцаанд орсон байсан. Тэгээд Эрдэнэчулуун бид хоёр маргалдаж, хэрүүл хийх болсон. Мөн Эрдэнэчулуун нь өөрөө салахгүй гэж амиа хорлох оролдлого хэд хэдэн удаа хийж байсан.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

“Манай гэр бүлийн хүн болох Мөнхсүлдийг дарамталж байгаад гэр бүлээс гадуурах харилцаатай болсон. Эхнэрт чинь хэлнэ, надтай уулзахгүй бол би амиа хорлоно, судсаа ханан, би одоо үхэх гэж байна, намайг ирж ав гэж ангийнхаа хүүхдийн утсаар хүртэл мессеж бичиж, оройн цагаар гэрийн гадна ирж орилж хашгирч байсан. Удаа дараа заналхийлж байсан. Ажлын нэр хүндэд халдаж байна. Мөн хоёр хүүхдийг минь өнчин болгож байна. Намайг байнга худлаа ярьж гомдол гаргаж явдаг тул гомдолтой байна.” /хх-48/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Байгалмаагийн өгсөн: “Тухайн өдөр багш Эрдэнэчулуун нь манай ангид орж ирээд надад би Дорждаламаас орж дүнгээ авахад намайг маш ихээр доромжилж байгаад явлаа. Одоо Г.С нь дуудаж байна. Яаж орноо гээд айсан байдалтай хэлж байсан. Тэгээд Эрдэнэчулуун гараад явсан ба удалгүй Эрдэнэчулуун нь маш их айсан, уйлсан байдалтай орж ирсэн. Араас нь Г.С нь хөөсөн орж ирээд зодох гээд “янхан, гичий банзал” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би хүүхдүүд гадна байсан тул ангийн хаалгаа хааж байгаад Г.С гаргаж явуулах гэхэд Эрдэнэчулууныг дахин зодох гээд янз бүрэр хэл амаар доромжлоод байхаар нь арай гэж гаргасан. Тухайн үед Соёл-Ундрал, Эрдэнэчулуун нар нь архи уугаагүй байсан. Соёл-Ундралын биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Харин Эрдэнэчулууны биед үс нь сэгсийсэн, үс нь маш их унасан, гар нь шалбарсан байсан. Эрдэнэчулуун нь Соёл-Ундралын нөхөртэй гэр бүлээс гадуурах харилцаанд ороод баригдсан гэсэн. Тэгээд энэ хоёр багшийн хооронд үл ойлголцох зүйл гараад яваад байгаа. Харин 2019 оны хавар сургуулийн 307 тоот өрөөнл Г.С нь Эрдэнэчулууныг янхан, гичий, балай гэх мэтээр хэл амаар доромжилж, шүлсээ хаяж цохиж байсан. Би хаашаа нь цохисныг харж чадаагүй. Эрдэнэчулуун нь ухаан алдсанг би хараагүй. Харин тухайн үйл явдал болсны дараа сургууль дотор ухаан алдаж унасан гэсэн. Би хараагүй. Энэ үйл явдал хурцдаж сурагчдын хажууд Г.С нь Эрдэнэчулуун багшийг янз бүрийн байдлаар хэл амаар доромжлоод багшийн ёс зүйд нийцэхгүй асуудал гаргаж байгаа.” /хх-20/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 895 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Г.С ын биед баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагүй.
  4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. /хх-22-23/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 645 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Эрдэнэчулууны биед тархи доргилт, баруун мөр, цээжинд зулгаралт, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Шинэ гэмтлүүд байна. /хх-27-28/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 229 дугаартай гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 645 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Иргэн Б.Эрдэнэчулууны биед учирсан тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөр, цээжинд зулгаралт, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
  3. Иргэн Б.Эрдэнэчулууны биед учирсан гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  4. Гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. /хх-40-42/ гэх дүгнэлт,

“Натур эмнэлэг” компьютер томрграфийн оношлогооны баримт /хх-34-35/,  

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/,

Шуурхай удирдлагын тасагт гомдол өгсөн лавлагааны хуудас /хх-9/,

Хохирогч Б.Эрдэнэчулууны хохирлын баримтууд /хх-66-68/,

Шүүгдэгч Г.С ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-51/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.С  нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 69-р сургуулийн хичээлийн байранд иргэн Б.Эрдэнэчулуунтай маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Г.С ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.С  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эрдэнэчулуун нь 300.000 төгрөгийн хохирол учир нь баримтаар нотлогдож байна. Мөн хохирогч Б.Эрдэнэчулуун нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.С ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.С  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахыг дурьдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.С д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.С  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.С  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй Г.С  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус

тус зааснаар Г.С аас 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эрдэнэчулуунд олгосугай.

           

8. Хохирогч Б.Эрдэнэчулуун нь цаашид гарах эмчилгээний зардалтай

холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Батхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС