Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 02

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Б.Г

Өмгөөлөгч С.Батдэлгэр

Шүүгдэгч С.Э, Ц.Т нарын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Гэрч А.П

Иргэний нэхэмжлэгч А.С

Шүүгдэгч Б.Г , С.Э , Ц.Т нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э, Б.Г, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 1940000710082 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, С.Э

 Монгол Улсын иргэн, эмэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б.Г

Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ц.Т

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

-С.Э  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 01 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1 малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хөдөлмөрийн чадвартай 15-39 насны хоёроос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна, 2.2.2 арга хэмжээнд хамрагдах малчин өрх нь 150 хүртэл толгой малтай бол 5.0 сая төгрөг, 150-200 толгой малтай бол 4.0 сая төгрөгийн мал худалдан авах арга хэмжээг газар, хэлтэс зохион байгуулна гэх заалтыг зөрчиж, шаардлага хангаагүй байхад Ө.Бат-Эрдэнийг 2016, 2017 онд А дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүй байхад А дансандаа 126 малтай гэж, мөн малчин Л.Энхтөрийг А дансандаа 2017 онд 305 мал тоолуулсан байхад 117 малтай гэж худал тоо, мэдээлэл, тодорхойлолт гаргаж баталгаажуулан Ө.Бат-Эрдэнэ, Л.Энхтөр нарт “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс тус бүр 100 толгой мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Б.Г  нь Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус сумын багийн Засаг дарга С.Э тэй бүлэглэн Ө.Бат-Эрдэнийг 2016, 2017 онд А дансгүй, өөрийн нэр дээр мал тоолуулаагүй болохыг, мөн малчин Л.Энхтөрийг А дансандаа 2017 онд 305 мал тоолуулсан мал тооллогын программаас хараад мэдсээр байж, С.Э гийн худал тоо, мэдээлэл, тодорхойлолтыг баталгаажуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Ц.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа Б.Г тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1 малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хөдөлмөрийн чадвартай 15-39 насны хоёроос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна, 2.2.2 арга хэмжээнд хамрагдах малчин өрх нь 150 хүртэл толгой малтай бол 5.0 сая төгрөг, 150-200 толгой малтай бол 4.0 сая төгрөгийн мал худалдан авах арга хэмжээг газар, хэлтэс зохион байгуулна гэх заалтыг зөрчиж, шаардлага хангаагүй иргэн Б.Нямтөгөлдөрийг малын А дансгүй мал тоолуулаагүй байхад А дансандаа 143 малтай гэж хуурамч тоо, мэдээлэл, тодорхойлолт гарган Б.Г гаар баталгаажуулан Б.Нямтөгөлдөрт “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс 100 толгой бог мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Б.Г  нь Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа Ц.Түвшинбаяртай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б.Нямтөгөлдөрийг 2017 онд А дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүй болохыг программаас харж мэдсэн байж, Ц.Түвшинбаярын малтай гэсэн хуурамч тодорхойлолтыг баталгаажуулан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргүүдэд холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г  “2018 оны 5 дугаар сард малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамруулах гэсэн юм гээд сумын 5, 6 дугаар багийн Засаг дарга нараас малын А данс бичсэн тодорхойлолтыг оруулж ирсэн. Би данс нь тохирч байгаа айлуудыг баталгаажуулаад тохирохгүй байгаа 3 айлыг баталгаажуулаагүй үлдээсэн. Тэгсэн Эрдэнээ дарга орж ирээд Бат-Эрдэнэ гэдэг айл нь аав дээрээ малаа тоолуулсан, залуу хүмүүсийн амьжиргааг нь дэмжих шаардлагатай байна гэсэн. Энхтөрийг бол малаа зуданд алдсан, айлын мал малладаг, өөрөө тийм олон малтай хүн биш, олон хүүхэдтэй залуу өрхийг дэмжих шаардлагатай байна гэсэн. Нямтөгөлдөрийг бас эцэг, эх дээрээ малаа тоолуулдаг, мал маллаж амьдарч байгаа залуу малчин байгаа, өөрийн гэсэн малтай болгоё гэсэн санал шаардлагуудыг тавьж баталгаажуулахыг хүссэн. Би тухайн үед нь татгалзаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баримтуудыг нь баталгаажуулж өгсөн. Энэ үйлдлийг минь эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж яллаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би шууд утгаараа хэн нэгэнд давуу байдал бий болгосон гэж үзэхгүй байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э  “2018 оны хавар малжуулах хөтөлбөр орж ирсэн юм. Журмын дагуу багийнхаа иргэдийг судлаад үзэхэд журамд нийцэх хүн байгаагүй. Тэгээд багийн иргэн Энхтөр, Бат-Эрдэнэ нарын хүсэлтийн дагуу малжуулах хөтөлбөрт хамруулсан байгаа. Манай удирдлагаас хөтөлбөрийг буцаахгүйг хичээгээрэй. Нэг ч гэсэн  залуу гэр бүлийг дэмжихийг бодоорой гэж байсан юм. Энхтөрийн хувьд намар нь 305 толгой малтай байсан ч өвөл нь их мал үхсэн. Дорноговь руу отроор яваад хавар нь 100 гаруй толгой малтай болоод ирсэн юм. Энэ хүүхдийг залуу гэр бүл болохоор нь энэ хөтөлбөрт дэмжиж оруулсан байгаа. Бат-Эрдэнийн хувьд аав, ээжийнхээ малыг цуг маллаад явдаг малчин өрх байгаа. Өөрөө тусдаа А дансандаа мал тоолуулаагүй боловч аавынхаа малаас тасдаж тусдаа гараагүй байсан. Хүсэлт гаргасны дагуу хөтөлбөрт хамруулсан. Бат-Эрдэнэ одоо малаа тасдаж аваад, өрх тусгаарлан малаа маллаж байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т “2018 оны 05 сард өөрийн багийн иргэн Нямтөгөлдөрийг малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2017 онд А дансандаа мал тоолуулаагүй байхад нь 143 малтай гэж тодорхойлолт гаргаж өгсөн үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Нямтөгөлдөрийн хувьд багаасаа сургуульд суугаагүй, аав, ээжийнхээ нэр дээр малаа тоолуулдаг, өөрийн гэсэн цөөхөн малтай. Өөрөө малтай болох сонирхолтой, энэ талаараа надад амаар болон бичгээр хүсэлт гаргаж байсан. Уг хүсэлтийнх нь дагуу тэр хүүхдийг зээлд хамруулсан байгаа” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.С  “Санхүү албаны дарга Гэрэлтуяа, 5 дугаар багийн Засаг дарга Түвшинбаяр, 6 дугаар багийн Засаг дарга Эрдэнээ нар нь өөрийн багийн иргэдэд малын А дансгүй байхад нь А данстай гэсэн тодорхойлолт гаргаж малжуулах хөтөлбөрт заасан 200 толгой малаас доош малтай иргэнийг хамруулах гэсэн заалтыг зөрчсөн байгаа” гэв.

Иргэний нэхэмжлэгч А.Соёмбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дээрх малчдын зээлийн эргэн төлөлт хэвийн хугацаандаа хийгдэж байгаа. Хэнтий аймгийн Хөдөлмөр эрхлэлт дэмжих сангийн 100180037010 тоот дансанд төлсөн баримт байна. Манайх малчдын эргэн төлөлтийн хуваарийн дагуу 100 хувь төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /2-р хх-н 108 хуу/

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.П “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн зорилго нь бага малтай өрхийг малжуулах зорилготой. Малжуулах хөтөлбөрийн анхан шатны баримтыг тухайн сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал эрхэлсэн ажилтанд багийн Засаг дарга бүрдүүлж өгдөг. Манай хөтөлбөрт 150-200 толгой малтай өрхийг 4-5 сая төгрөгөөр малжуулна гэсэн байгаа үүнийг мал тооллогын А дансыг үндэслэн олгоно гэсэн байдаг. Төрийн санхүү албаны даргаар ажиллаж байсан Гэрэлтуяа малын А дансыг баталгаажуулах нь зөв. Баталгаажуулсан баримтыг үндэслээд хөтөлбөрт хамруулдаг, бидэнд бүрдүүлсэн баримтыг хянах эрх байхгүй. Баримт баталгаажаагүй бол хөтөлбөрт хамрагдахгүй” гэв.

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...тухайн үед надад тус 2 багийн Засаг дарга нар малын А дансны хүснэгтийг багийн Засаг даргын тодорхойлолттойгоо гаргаж өгсөн байсан ба тухайн үед 4 өрх миний ашиглаж байсан статистикийн мал тооллогын программд бүртгэгдсэн малын А данс зөрөөтэй байсан. Тэгэхээр нь би зөрөөтэй байсан учраас баталгаажуулахаас татгалзсан. Тэгээд 3-5 хоногийн дараа тус багийн Засаг дарга нар болон тухайн үед сумын хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн О.Баттогтох дээрх иргэдийг малжуулах хөтөлбөрт хамруулах шаардлагатай байна, нэг айл ч гэсэн хамруулж малжуулах гэсэн юм гэж хэлж байсан учраас би тус малын А данснуудыг баталгаажуулсан. ...Статистикийн мал тооллогын программд Баярсайханы Нямтөгөлдөр нь 2016, 2017 оны мал тооллогоор мал байхгүй, А дансгүй байсан. Баатарын Мөнх-Оргил нь 2017 онд адуу 58, үхэр 14, хонь 60, ямаа 59 гэсэн мал тоолуулсан байсан. Өлзийбаярын Бат-Эрдэнэ 2016, 2017 онд мал тоолуулаагүй, малын дансгүй байсан. Лхамсүрэнгийн Энхтөр нь 2017 оны мал тооллогоор адуу 29, үхэр 6, хонь 130, ямаа 140 гэж мал тоолуулсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 10-11 хуу/

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт, малчин өрхийг малжуулах гэрээнд тус сумын 6-р багийн засаг дарга С.Э  өөрийн багийн малчдын А дансыг 2018 оны 05 дугаар сард баталгаажуулахаар ажлын санхүүгийн албаны өрөөнд оруулж ирсэн. Миний ажлын чиг үүрэг нь тус багийн иргэдийн А дансыг статистикийн программ дахь малын тоотой тулган үзэж баталгаажуулах үүрэгтэй ажиллаж байсан. Би сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. 6-р багийн малчин Ө.Бат-Эрдэнэ нь 2017 оны жилийн эцсийн А данс зөрөөтэй байсан тул баталгаажуулахаас татгалзсан. Гэтэл багийн дарга С.Э  Ц.Т нарын зүгээс нийт сумын хэмжээнд 8 айлын А дансны тодорхойлолтыг баталгаажуулахаар оруулж ирсэн. Ө.Бат-Эрдэнийн малын тоо зөрөөтэй байсан. Багийн дарга С.Э  хэлэхдээ Ө.Бат-Эрдэнэ аавынхаа нэр дээр малаа тоолуулсан учраас А дансгүй байгаа юм, амьжиргааг нь дэмжиж малжуулах хөтөлбөрт хамруулах шаардлагатай иргэн юм гэж хэлж байсан. Тэгээд би тэр А дансыг нь баталгаажуулан явуулсан нь үнэн” гэх мэдүүлэг /1-р хх-н 147-148 хуу/

Шүүгдэгч С.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт, малчин өрхийг малжуулах гэрээнд өөрийн багийн иргэн Ө.Бат-Эрдэнийг өөрийн нэр дээр А дансаар мал тоолуулаагүй байхад нь 126 толгой малтай гэж тодорхойлон Санхүүгийн албаны дарга Б.Г д манай багийн иргэн Ө.Бат-Эрдэнэ аав Өлзийбаярынхаа нэр дээр малаа тоолуулсан байгаа малжуулах хөтөлбөрт залуу гэр бүл гэдгээр нь дэмжээд баталгаажуулаад өгөөч гэж хэлсэн. Санхүүгийн албаны даргад өөрийн багийн малчдын А дансыг 2018 оны 05 дугаар сард баталгаажуулахаар албаны өрөөнд нь оруулж өгсөн. Манай багийн малчин Ө.Бат-Эрдэнэ нь 2017 оны жилийн эцсийн А дансаар мал тоолуулаагүй, амьжиргааг нь дэмжих малжуулах хөтөлбөрт нэг ч гэсэн багийнхаа иргэдийг дэмжье гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 153-154 хуу/

Шүүгдэгч Ц.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрт сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт, малчин өрхийг малжуулах гэрээг өөрийн 5-р багийн иргэдийг хамруулахдаа багийн иргэдээс санал хүсэлт авахад манай багийн иргэн Б.Нямтөгөлдөр бичгээр болон амаар удаа дараа дээрх хөтөлбөрт хамрагдах хүсэлттэй байгаа талаар мэдэгдсэн. Өөр манай багаас хүмүүс хүсэлт өгөөгүй. Б.Нямтөгөлдөрийн амьдрал хэцүү талдаа аав, ээж 5 дүүгийн хамт амьдардаг ...Би өөрийн 5-р багийн иргэн Б.Нямтөгөлдөрийг 2017 онд А дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүйг мэдсээр байж 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 143 толгой мал тоолуулсан гэж тодорхойлолт хийж хөтөлбөрт хамруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Гэрч Э.Рагчаадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хэнтий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Бор-Өндөр сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн ажил хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос 09 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сард Хэнтий аймагт Хэнтий аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний ажилчид, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан хурал болсон. Тэр хурал дээр 2018 оны эхний хагас жилийн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтаар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Б.Нямтөгөлдөр, Б.Мөнх-Оргил, Ө.Бат-Эрдэнэ, Л.Энхтөр гэх нэр бүхий 4 хүн зөрчилтэй гэж хэлж байсан ба уг зөрчилд 2017 оны Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт заагдсан шалгуур үзүүлэлтүүдээс малын А дансанд 200 бог малаас дээш тоолуулсан малчин өрх болон мал тоолуулаагүй малгүй иргэдэд олгохгүй байхаар заасан заалтыг зөрчин тус хөтөлбөрт хамруулсан байна гэсэн зөрчил заагдсан. Энэ талаар зөрчлийг арилгуулах талаар Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ЗДТГ-т албан бичиг 2019 оны 01 дүгээр сард ирсэн. Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас ямар нэгэн ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй. ...Тус хөтөлбөрийн журамд тэнцсэн иргэдийг сонгон шалгаруулж тус багийн иргэдийн малын А дансыг болон багийн Засаг даргын тодорхойлолт, болон малчдаас шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн ажил хариуцсан мэргэжилтэнд өгдөг. Тус хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн албаны дарга сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн малын А дансыг баталгаажуулдаг” гэх мэдүүлэг /1-р хх-н 15 хуу/

Гэрч О.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хөтөлбөрт хамрагдах иргэн нь заавал өөрийн нэр дээр малаа тоолуулсан байх ёстой. Эцэг, эхийн нэр дээр малаа тоолуулсан тохиолдолд болохгүй. Мөн А дансгүй тохиолдолд хамрагдахгүй. Тэгэхээр төсөлд хамрагдах иргэний нэр дээр байгаа малын А дансны тоог л барьж төсөлд хамруулан зээл олгоно гэсэн үг. Мөн тус хөтөлбөрийн 2.2.1-д заасан насны хязгаар, ам бүлийн тоог харгалзан хамруулна. Хэрэв насны хязгаар, ам бүлийн тоо нь бага байх бол энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй гэсэн үг. Төсөл хөтөлбөрт хамрагдах иргэн маань 200 хүртэлх толгой малтай бол хамрагдах эрх нь нээгдэнэ, харин түүнээс их толгой малтай тохиолдолд хамрагдах боломжгүй. Огт малгүй бол бас хамрагдах боломжгүй. Хэдий өөрөө малтай ч гэсэн өөрийн нэр дээр малаа тоолуулаагүй буюу А дансандаа малгүй бол болохгүй гэж ойлгох хэрэгтэй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 52-53 хуу/

Гэрч Ө.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016, 2017 онд миний нэр дээр нэг ч тооны мал тоолуулаагүй. Миний хэдэн мал дандаа аавын нэр дээр тоолуулж байсан. Манай аав С.Өлзийбаяр нь 2017 онд 400 гаруй мал тоолуулсан. ...Багийн Засаг дарга С.Э  малжуулах төслийн хүрээнд манай малыг нэг бүрчлэн тоолж шалгаж үзсэн. Тухайн үед би аав С.Өлзийбаяртайгаа цуг амьдарч байсан. Мал маань аав дээр тоологдож аавын надад тасалж өгсөн 50 тооны хонь, ямааг тоолуулсан. Би багийн Засаг даргад өөрийгөө 50 тооны бага малтай гэдгээ тухайн үед тоолж байхад нь хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 60-61 хуу/

Гэрч Б.Нямтөгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2016, 2017 онд өөрийн нэр дээр бог бод мал тоолуулаагүй. ...би хэн нэгэнд мөнгө, төгрөг, мал эд зүйл өгөөгүй. Багийн Засаг дарга Ц.Түвшинбаярыг зүгээр хамруулаад өгөөч гэж гуйсан. Засаг даргын тамгын газрын санхүүгийн дарга Гэрэлтуяа гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй. Багийн дарга надад ямар нэг тоолуулах бага мал байгаагүй учраас тоолж үзээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-н 60 хуу/

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын нэгдүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралт “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” /1-р хх-н 8-9 хуу/

Ө.Бат-Эрдэнийн 2017 онд 126 толгой малтай гэж тодорхойлсон малын орлого, зарлагын баримт, Л.Энхтөрийг 2017 онд 117 толгой малтай гэж тодорхойлсон малын орлого, зарлагын баримт /баталгаажуулсан гэх/ /1-р хх-н 21, 231 хуу/

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын тэмдэглэл /1-р хх-н 23-24 хуу/

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил /2017-2018 хагас жил/ гэх хүснэгт /1-р хх-н 25 хуу/

Л.Энхтөр, Ө.Бат-Эрдэнэ нарын Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт гаргасан хүсэлт /1-р хх-н 33-34 хуу/

Шүүгдэгч С.Э г 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6-р багийн Засаг даргын ажилд томилсон талаарх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын захирамж /1-р хх-н 37 хуу/

Бор-Өндөр сумын багийн Засаг даргын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-н 38-39 хуу/

Шүүгдэгч Б.Г г 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсон талаарх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын захирамж, Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-н 40-43 хуу/

Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний газрын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 295 дугаартай “...багийн Засаг дарга С.Э , Ц.Түвшинбаяр, сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Г  нар нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасны дагуу ”төрийн улс төрийн удирдах” болон “захиргааны албаны гүйцэтгэх албан тушаалтан” мөн тул “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна гэх албан бичиг /1-р хх-н 62 хуу/

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн малжуулах арга хэмжээний тайлан /1-р хх-н 78-80 хуу/

2018 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэдийн эргэн төлөлтийн талаарх мэдээлэл /1-р хх-н 82 хуу/

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаартай Хөтөлбөрт хамруулах тухай захирамж /1-р хх-н 76 хуу/

Шүүгдэгч Б.Г , С.Э , Ц.Т нарын зан байдлыг тодорхойлсон тодорхойлолт /2-р хх-н 114, 125, 130 хуу/

Шүүгдэгч С.Э , Б.Г , Ц.Т нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 132-133, 2-р хх-н 78 хуу/

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн, мөн зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн дөрөвдүгээр хавсралтууд /2-р хх-н ... хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Мөрдөгч дээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс шүүгдэгч С.Э , Б.Г , Ц.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Э , Б.Г , Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар

Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч С.Батдэлгэр “Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс нь огт малгүй биш, тодорхой хэмжээний малаа эцэг,эхийн нэр дээр тоолуулсан болох нь нотлогддог. Мөн хүсэлт гаргаад ирсэн хүмүүс нь эдгээр малчин өрхүүд байсан. Тэгэхээр эдгээр гурван шүүгдэгчийн үйлдэл буюу шийдвэрээс хамаараад хэн нэгэн хүнд давуу байдал олгоод, ямар нэгэн хүнийг хохироосон зүйл ажиглагдахгүй байгаа. Б.Г үйлдэл нь нийгэмд аюултай, хэн нэгэн иргэнд хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитойгоор хор уршиг учруулсан зүйл байхгүй. Харин ч эдгээр хүмүүсийн шийдвэрээр орлогын эх үүсвэртэй, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болсон. Гэтэл энэ үйлдлийг гэмт хэрэг болгоод яллаж байгааг буруу гэж үзэж байна. Б.Г үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна. 2017 онд батлагдсан Малчдын хөдөлмөр эрхлэлтийг хөтөлбөр нь маш учир дутагдалтай хөтөлбөр, бид ойлгохдоо 200 хүртэл гэдгийг 0-200 гэж ойлгож байгаа. Энэхүү хөтөлбөрийг 2019 онд боловсронгуй болгож огт малгүй иргэд уг хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Г  нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдохгүй байгаа тул цагаатгаж өгнө үү” гэж,

Шүүгдэгч С.Э , Ц.Т нарын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр хүмүүс бусдаас шан, харамж авсан, энэ үйлдлийг хийснийхээ төлөө өөртөө ашигтай зүйлийг бий болгосон гэдгийг тогтоогоогүй. Миний хувьд үйлчлүүлэгч нараа хуурамч бичиг баримт үйлдсэн үйлдлийг зөвтгөхгүй. Гэхдээ эдгээр хүмүүсийн үйлдлээ хэрэгжүүлж байгаа санаа, зорилгын хувьд өөртөө ашигтай байдал бий болгоод өөрөө давуу байдлыг авах гэж уг үйлдлийг хийгээгүй буюу бусдын сайн сайхны төлөө уг үйлдлийг хийсэн юм. Тиймээс С.Батдэлгэр өмгөөлөгчтэй санал нэг буюу гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан зүйл байгаа. Мөн хохирлын хувьд хэн хохирсон тодорхойгүй байгаа. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус мэтгэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Э  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Засаг даргын ажил, албан тушаалыг эрхэлж байхдаа буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г тай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 1 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1-д заасан “...бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна” гэсэн заалтыг зөрчиж, тухайн болзол шаардлагыг хангаагүй, мал тооллогын А данс байхгүй, мал тоолуулаагүй Ө.Бат-Эрдэнийг мал тооллогын А дансандаа 126 толгой малтай гэж, мал тооллогын А дансандаа 305 толгой мал тоолуулсан Л.Энхтөрийг 117 толгой малтай гэж худал тоон мэдээлэл гаргаж дээрх нэр бүхий хүмүүст Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс тус бүр 100 толгой мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон

Шүүгдэгч Ц.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргын ажил, албан тушаалыг эрхэлж байхдаа буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г тай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 1 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1-д заасан “...бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна” гэсэн заалтыг зөрчиж, тухайн болзол шаардлагыг хангаагүй, мал тооллогын А данс байхгүй, мал тоолуулаагүй Б.Нямтөгөлдөрийг мал тооллогын А дансандаа 143 толгой малтай гэж худал тоон мэдээлэл гаргаж түүнд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс 100 толгой мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон

Шүүгдэгч Б.Г  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргын ажил, албан тушаалыг эрхлэж байхдаа тус сумын 5, 6 дугаар багийн Засаг дарга Ц.Түвшинбаяр, С.Э  нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мал тооллогын А дансгүй, мал тоолуулаагүй Ө.Бат-Эрдэнэ, Б.Нямтөгөлдөр нарыг тус бүр 126, 143 толгой малтай гэж, мал тооллогын А.дансандаа 305 толгой мал тоолуулсан Л.Энхтөрийг 117 толгой малтай гэж худал тодорхойлсон багийн Засаг дарга С.Э , Ц.Т нарын тоон мэдээлэл, тодорхойлолтыг мэдсээр байж баталгаажуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад буюу Ө.Бат-Эрдэнэ, Л.Энхтөр, Б.Нямтөгөлдөр нарт давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Албан тушаалын буюу авилгын гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой ба үүгээрээ шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хэн нэгэнд бодит хохирол учруулаагүй гэх тайлбар няцаагдана.

Шүүгдэгч С.Э , Ц.Т нар нь Ө.Бат-Эрдэнэ, Л.Энхтөр, Б.Нямтөгөлдөр нарыг Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт тавигдсан болзол шаардлагыг хангаагүй гэдгийг мэдсээр байж хуурамч баримт үйлдсэн, түүнийг нь сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г  нь хуурамч гэдгийг нь мэдсээр байж баталгаажуулан бусдад давуу байдал бий болгож буй энэхүү үйлдэл нь төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр шимийг шударгаар хүртэх байсан бусад иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул тэдний дээрх үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын буюу авилгын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих хөтөлбөрт малчдыг хамруулах үйл ажиллагааны эхний үе шат болох мал тооллогын А дансыг үнэн зөвөөр бүрдүүлэх эрх хэмжээ нь багийн Засаг даргад, түүнийг хянаж баталгаажуулах эрх хэмжээ нь сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргад байсан болох нь

Гэрч А.Пүрэвдолгорын “Малжуулах хөтөлбөрийн анхан шатны баримтыг тухайн сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал эрхэлсэн ажилтанд багийн Засаг дарга бүрдүүлж өгдөг...” гэх мэдүүлэг

Гэрч Э.Рагчаадуламын “...Тус хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн албаны дарга сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн малын А дансыг баталгаажуулдаг...” гэх мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдын зүгээс тус хөтөлбөрт огт малгүй иргэд ч хамрагдах боломжтой гэж мэтгэлцэх боловч

Гэрч Э.Рагчаадуламын “2017 оны Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт заагдсан шалгуур үзүүлэлтүүдээс малын А дансанд 200 бог малаас дээш тоолуулсан малчин өрх болон мал тоолуулаагүй малгүй иргэдэд олгохгүй байхаар заасан заалтыг зөрчин тус хөтөлбөрт хамруулсан байсан” гэх мэдүүлэг,

Гэрч О.Баттогтохын “Эцэг, эхийн нэр дээр малаа тоолуулсан тохиолдолд болохгүй. Мөн А дансгүй тохиолдолд хамрагдахгүй. Тэгэхээр төсөлд хамрагдах иргэний нэр дээр байгаа малын А дансны тоог л барьж төсөлд хамруулан зээл олгоно гэсэн үг” гэсэн мэдүүлэг болон Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн зорилго хэсэгт “Залуу малчин, цөөн малтай иргэдэд ...хөтөлбөрийн зорилго оршино” гэж зааснаас үзэхэд дээрх хөтөлбөрт огт малгүй өрх хамрагдах боломжгүй болох нь тогтоогдож байна.

          Мөн шүүгдэгч Б.Г өмгөөлөгч С.Батдэлгэр “2019 онд батлагдсан Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсронгуй болж малгүй иргэдэд ч хамрагдах боломжтой болсон. 2017 оны хөтөлбөр буруу батлагдсан. Үүнээс эрх зүйн хэм хэмжээ, актыг буцаан хэрэглэх үү гэсэн асуудал гарч ирж байна” гэсэн тайлбарыг гаргав. Энэхүү хөтөлбөрийг тухайн нийгмийн тодорхой харилцааг зохицуулах зорилгоор батлан гаргасан, энэхүү зорилгоо биелүүлж дуусгавар болсноос гадна тогтоол, хөтөлбөрийг буцаан хэрэглэх гэсэн ойлголт, нэр томъёо хууль зүйн шинжлэх ухаанд байхгүй юм.

Дээрх малжуулах хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр авсан 100 толгой малын үнэ болох 5.000.000 төгрөгийг Ө.Бат-Эрдэнэ, Л.Энхтөр, Б.Нямтөгөлдөр нар нь Хэнтий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай байгуулсан гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулж байгаа тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь төрийн албан хаагч нь хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг зохих ёсоор биелүүлдэггүй, үйл ажиллагаанд нь дээд шатны болон удирдах албан тушаалтан хяналт тавьдаггүй байдагтай холбоотой байна.

Шүүхээс шүүгдэгч С.Э , Б.Г , Ц.Т нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

           Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Э , Б.Г , Ц.Т нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасч, тус бүр 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

          Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч С.Батдэлгэр “Хэргийн гэм буруугийн асуудал дээр маргасан нь хэргийн зүйлчлэл, хуулийн хэрэглээ дээр маргасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү” гэж,

          Шүүгдэгч С.Э , Ц.Т нарын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ “Улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч тус бүрийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэх гол нөхцөлийн нэг нь тухайн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх явдал юм. Шүүгдэгч Б.Г  нь прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруу дээрээ маргаж байх тул түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                     Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч Зээрдүүд овогт Содномбалжирын Эрдэнээ, Дөрвөд далайхан овогт Бадрахын Гэрэлтуяа, Боржигон овогт Цэндийн Түвшинбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зээрдүүд овогт Содномбалжирын Эрдэнээ, Дөрвөд далайхан овогт Бадрахын Гэрэлтуяа, Боржигон овогт Цэндийн Түвшинбаяр нарын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг тус бүр хоёр жилийн хугацаагаар хасаж, тус бүр 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Э , Б.Г , Ц.Т нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Э , Б.Г , Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                       Р.БАТБАЯР