| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0125/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Е |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч Я.Ч, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ягаан овогт Я-ы Чд холбогдох эрүүгийн 1909044371541 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Наргиа” ХХК-ний захирал, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1-189 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ХА78013013 / Ягаан овогт Я-ы Ч нь:
- 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 123 тоотод хохирогч О.Оюунбаярын нүүрэн тус газарт толгойгоороо мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.Оюунбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Засвар хийж байсан айлын хаалга тогших нүдэх чимээ гараад заслын эгч Батцэцэг очиж хаалга онгойлгоход нэг үл таних ах орж ирээд “Амралтын өдрөөр амармаар байна” гэж хэлэхээр нь Батцэцэг эгч түүнд хандаж “Засварын ажил хийж байгаа тохиолдолд дуу чимээ гарна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би явж очоод “Засвар хийж байна ш дээ” гээд хэлтэл миний хамар руу толгойгоороо мөргөчихсөн. Ингээд миний хамар гэмтсэн гэжээ. / хх 19 /
Гэрч Г.Батцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хаалга тогшихоор нь би онгойлготол нэг эрэгтэй “Би амармаар байна. Та нар наадахаа больчих” гээд их ууртай орж ирсэн. Тэгэхээр нь би “Чи ямар омогтой юм бэ? Одоо ажил дууслаа” гэсэн. Тэгтэл өөдөөс уурлаад би “Та нарын бичиг баримтыг шалгана. Та нар юу вэ?” гэж уурлаад байхаар нь Оюунбаяр ирээд ахаа дуусаж байна ш дээ гэж хэлтэл нөгөө эрэгтэй “Чи юу вэ” гэж хэлээд шууд Оюунбаярын хамар руу мөргөсөн гэжээ. / хх 20 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14141 дүгээр дүгнэлтэнд:
1. П.Оюунбаярын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 14 /
Яллагдагч Я.Ч мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би толгойгоороо нүүр рүү нь түлхсэн. Угаасаа миний дух хамартай нь чацуу байсан. Ингээд нөгөө залуугийн хамарнаас цус гарахад цаана байсан хүмүүс нь цагдаа дуудсан гэжээ. / хх 27 /
Шүүгдэгч Я.Чг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 26-28 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 29 / зэрэг болно.
Шүүгдэгч Я.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дээд айл засвар хийгээд байсан. “Би амралтын өдөр амармаар байна” гэхэд нэг эмэгтэй “Уучлаарай. Одоо дууслаа” гэхэд цаанаас нэг залуу ирээд “Зөвшөөрөлтэй компани одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ” гээд бид 2 маргалдсан. Би толгойгоороо түлхсэн. Дух хавьцаа хамар нь таарч байсан. Хэсэг хугацааны дараа тэр залуугаас цус гарсан гэв.
Шүүгдэгч нь Я.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 123 тоотод “Амралтын өдрөөр засварын ажил хийлээ” гэж маргалдан хохирогч О.Оюунбаярын нүүрэн тус газарт толгойгоороо мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Би явж очоод засвар хийж байна ш дээ гэж тэр ахад хэлсэн чинь тэр ах наадхаа боль гэж хэлээд миний хамар руу толгойгоороо мөргөчихсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч О.Оюунбаярын мэдүүлэг / хх 19 /, ... Оюунбаяр ирээд “Ахаа дуусаж байна ш дээ” гэж хэлтэл нөгөө эрэгтэй “Чи юу вэ” гэж хэлээд шууд Оюунбаярын хамар руу мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Батцэцэгийн мэдүүлэг / хх 20 /, ...О.Оюунбаярын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14141 дүгээр дүгнэлт / хх 14 /зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Я.Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч П.Оюунбаяр нь эмчилгээний зардлаа нэхэмжилсэн баримтыг хэрэгт өгөөгүй тул шүүгдэгч Я.Чг төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ жич нэхэмжлэх нь зүйтэйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ягаан овогт Я-ы Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Я-ы Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 / таван зуун тавь / нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Я.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Оюунбаяр нь эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.Ч нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Я.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Я.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ