| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0033/э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 39
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д, шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогт С-гийн Ц-д холбогдох 1935004970018 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Ш ургийн овогт С-гийн Ц 1974 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа газар тариалангийн ажил эрхэлдэг, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 16 айл 13 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар: ..........
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 33-81 УВХ улсын дугаартай Тоёота ланд круйзер загварын автомашиныг сайжруулсан шороон зам дээр жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 11.1, 12.3-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Э.Д, бага насны хүүхэд Д.М, Д.Г нарын биед хөнгөн хохирол, иргэн Л.Нийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935004970018 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Ц нь 2.21 хувийн согтолттой гэх 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 хуудас/,
2. Зам тээврийн ослын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг /хх-ийн 20-28 дугаар хуудас/,
3. Хохирогч Л.Н-ийн “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед манай нөхөр Д над руу залгаад миний ажил дуусчихлаа ирээд авчих гэхээр нь би гэрээс гарах гэхэд манайхтай нэг хашаанд байдаг манай хадам дүү Б, бэр Б нар цуг явъя дэлгүүр орж юм авах гэсэн юм гэхээр нь за тэгвэл бүгд явъя гээд би ...дөрвөн настай хүү Г, нэг настай М нарыг аваад Б, түүний эхнэр Б, тэдний хүүхэд болох 3 настай Ч бид нар гэрээсээ гарч явсан. ...Хурд нэртэй дэлгүүр орж вок, саван зэргийг аваад гэр лүүгээ явахаар хөдөлсөн тухайн үед манай нөхөр жолоогоо бариад ...Улаан уул руу явах замд Алтжин нэртэй дэлгүүрийн доод талд сайжруулсан шороон зам дээр явж байтал өмнөөс маш хурдтай машин ирээд урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
4. Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн “...02-13 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай эхнэр Л.Н-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг боловч бид хоёр аль аль нь унаж хэрэглэдэг. Авто машины хохирлыг С.Ц гэдэг хүн ...бүрэн төлж барагдуулсан бид хоёрт шинэ машин авч өгч авто машины хохирол барагдуулсан. ...Миний биед үүссэн хөнгөн зэргийн хохирол нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний жолоодож явсан 02-13 УВА дугаартай Инсайт машиныг 33-81 УВХ улсын дугаартай Ланд круйзер 80 загварын авто машин ирж мөргөсний улмаас миний зүүн хөл шалбарч, нуруу, толгойнд гэмтэл учирсан. Машин ирж мөргөхөд би толгойгоороо урд салхины шилийг мөргөж толгойндоо гэмтэл авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
5. Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би эхнэр хүүхдүүд болох Д.Г, Д.М болон өөрийн дүү Б, түүний эхнэр Б, тэдний хүүхэд Ч нарын хамт дэлгүүр ороод Улаангом сумын Улаан уулын урд сайжруулсан шороон замаар явж байсан тухайн үед би өөрөө 02-13 УВА улсын дугаартай Хонда инсайт загварын авто машин жолоодож явсан эхнэр урд, арын суудал дээр манай дүү бэр болон хүүхдүүд сууж явсан. Бид нар тэр зам дээр явж байхад 18 цаг болж байсан бөгөөд бүрэнхий болж авто машинууд гэрлээ асаачихсан явж байсан ба миний өөдөөс гэрлээ тусгасан маш хурдтай машин ирж миний зорчиж явсан зам руу орж ирээд мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед машины урд аюулгүйн дэрнүүд бүгд гарсан бөгөөд би машинаас буугаад ирэхэд манай машинд сууж явсан хүмүүс бүгд бууж ирсэн тухайн үедээ миний толгойноос цус гарсан бусад хүмүүс гайгүй байсан тэгээд би миний машиныг мөргөсөн Ланд круйзерийн жолооч дээр очиход тэр хүн согтуу байсан цаана нь нэг хүн сууж яваад буугаад явчихсан тэгээд би эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/,
6. Гэрч Э.Б-гийн “...Д ах архи ...хэрэглээгүй эрүүл явж байсан. бид нар урсгалаараа шороон зам дээр явж байтал гэнэт урдаас урсгал сөрж машин орж ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,
7. Гэрч Б.А-ийн “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Увс аймгийн Улаангом суманд байтал С.Ц ах над руу залгаад хоёулаа Тариалан сумын нутаг Хар толгой гэх газарт очоод нэг морь үзээд ирье гэхээр нь би зөвшөөрч бид хоёр үдээс хойш 14 цагийн үед Ганболд гэдэг айлд очиж хурдан удмын морь байхаар нь түүнийг үзээд тэндээ Г-той цуг 2 шил 0.75 литрийн архи бид гурав хувааж уугаад тэндээс С.Ц ах өөрийнхөө 33-81 УВХ улсын дугаартай Ланд круйзер 80 загварын авто машинаа жолоодоод бид хоёр Улаангом сум руу орж ирж яваад сайжруулсан замаас засмал зам руу нийлэх хэсэгт урдаас ирж байсан машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед Ц ах зам дээр явж байгаад урд нь саад гарсан бололтой түүнийг тойрч гарах гээд эсрэг урсгал руугаа орж өмнөөс нь ирж байсан машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13662 дугаартай “...Л.Н-ийн биед бүсэлхийн 2-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
9. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 769 дугаартай “...Үзүүлэгч Э.Д-гийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дух, хэлэнд язарсан шарх, зүүн зулай хэсгийн хуйх, зүүнд шуунд зулгаралт, хүзүүний зүүн хэсгээр болон бүсэлхийн нугалмуудын хэсэгт, хоёр хөлийн өвдөг, гуяны хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 39 дугаар хуудас/,
10. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 770 дугаартай “...Үзүүлэгч Д.Мийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
11. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 756 дугаартай “...Үзүүлэгч Д.Г-гийн биед гэмтэл учирсан байна. Баруун хацар, дагз, хүзүүний ар, баруун, зүүн сарвууны ард зулгаралт, цээж, бүсэлхийн баруун ард цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
12. Замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай “33-81 УВХ улсын дугаартай Ланд круйзер 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч С.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 33-81 УВХ улсын дугаартай Ланд круйзер 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч С.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.1 эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдэгтээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 02-12 УВА улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Э.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 115-116 дугаар хуудас/,
13. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйл үнэлсэн шинжээчийн “...2019 оны 11 дүгээр сарын байдлаар Хонда инсайт загварын автомашины хохирлын хэмжээ нийт 3’375’000 /гурван сая гурван зуун далан таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 400 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 33-81 УВХ улсын дугаартай Тоёота ланд круйзер загварын автомашиныг жолоодож яваад Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт сайжруулсан шороон зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.1, 12.3-д заасныг тус тус зөрчиж хохирогч Э.Дгийн жолоодож явсан 02-12 УВА улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна. Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Л.Н-ийн биед хүндэвтэр гэмтэл, түүний эзэмшлийн Хонда инсайт загварын машинд 3’375’000 төгрөгийн хохирол, Э.Д, насанд хүрээгүй хохирогч Д.М, Д.Г нарын биед хөнгөн гэмтэл тус тус учирсан байна.
Шүүгдэгч С.Ц-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэх шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч С.Ц нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахдаа согтуурсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй. Хохирогч Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч 3’000’000 төгрөг төлсөн, Хонда инсайт загварын адил чанарын автомашин авч өгсөн, цаашид нэхэмжлэх хохирол, гомдолгүй, 2 сарын дараа би давтан үзүүлэх тул автобус унааны зардал, зураг авхуулахад мөнгө шаардлагатай тул туслаасай гэж хүсэж байна” гэх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдаж, цаашид хохирогчийн эмчилгээтэй холбоотой 3’000’000 төгрөгөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирогч Л.Нийн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Ц.А /хх-ийн 107 дугаар хуудас/, Г.Долгор /хх-ийн 108 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156 дугаар хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 173 дугаар хуудас/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ц нь урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, эхнэр хүүхдийн хамт амьдардаг болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ц-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.Ц-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Ц-гийн 155180 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт С-гийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Ц-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.Ц-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Ц-гийн 155180 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Нямжавд даалгасугай.
6. Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Л.Н-ийн цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА