Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 5319

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, сурагчийн 59 дүгээр гудамж, 689 тоот хаягт оршин суух Боржигон овогт Хадбаатарын Бямбажав /рд:УХ90051987/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2611 тоот хаягт оршин суух Адуучин овогт Нямсүрэнгийн Шинэтуяа /рд:ЛЙ76081660/-д холбогдох,

 

 

1,336,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Бямбажав, хариуцагч Н.Шинэтуяа, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.Бямбажав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие Чех улс явах зорилгоор хамаатны эгчийн найзаар дамжуулан Х.Төмөртогоотой Facebook-ээр танилцаж, тэрээр надад урилга явуулахаар болж, “өөрөө Чех улсад баталгаатай оршин суух хаягтай, урилга найдвартай” гэж хэлж байсан.

 

            Х.Төмөртогоо, урилга явуулахаар 1000 евро буюу 2,236,000.00 төгрөг өгөөрэй гэхэд нь би, виз гарсны дараа өгье гэхэд тэрээр надад мөнгө хэрэг болоод байна гэж нэхсээр байгаад авахаар болсон юм.

 

            Хэд хоногийн дараа Х.Төмөртогоо урилга явуулж, Н.Шинэтуяа гэж хүнд өгсөн байгаа, та уулзаад авчихаарай гээд утасны дугаарыг нь өгөхөд би, түүнд энэ хүн чинь найдвартай юм уу, итгэж, мөнгө өгч болох хүн юм уу гэж асуухад тэр “чи итгэхгүй бол миний паспорт, манай ах болон Н.Шинэтуяагийн паспортыг шалгаарай” гэхэд нь би итгээд 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаар хорооллын Хаан банкны салбар дээр Н.Шинэтуяатай уулзсан.

 

            Тэгэхэд урилга ирчихсэн байсан бөгөөд би хариуцагч Н.Шинэтуяагийн 5039464749 тоот данс руу 2,236,000.00 төгрөгийг тушаасан бөгөөд түүнд виз гарахгүй бол энэ мөнгөө авна шүү гэхэд Н.Шинэтуяа тиймээ, виз гарахгүй бол авсан мөнгийг 100 хувь эргүүлж өгнө гэсэн бичиг хийж өгөхөд нь итгэж, тухайн мөнгийг өгсөн юм.

 

            Ингээд би урилгыг авч, өөрөө бусдаар орчуулуулж, холбогдох баримтыг бүрдүүлж, Чех улсын элчинд виз-ний материал бүрдүүлж өгсөн боловч Х.Төмөртогоог Чех улсад өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд амьдардаг гэсэн үндэслэлээр виз олгохоос татгалзсан.

 

            Чех улсын Элчин сайдаас виз гаргахаас татгалзахаар нь би Х.Төмөртогоотой ярьж, мөнгөө нэхсэн боловч тэрээр би мөнгийг чинь эргүүлж өгнө гэж хэлээгүй гээд утсаа тасалсан.

 

            Үүний дараагаар миний бие хариуцагч Н.Шинэтуяаг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өгч шалгуулахад тэрээр 2015 оны 05 дугаар сард эхний ээлжинд 950,000.00 төгрөгийг авч бай, үлдэх 1,336,000.00 төгрөгийг 7 хоногийн дотор төлнө гээд явсан.

 

            2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дүүргийн нэгдүгээр Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан бөгөөд энэ өдрөөс хойш хариуцагч нь үлдэх төлбөрийг төлөхгүй өдий хүрлээ.

 

            Хариуцагч Н.Шинэтуяа нь энэ мөнгийг би аваагүй, Х.Төмөртогоо авсан, би урилга явуулаагүй, виз гаргах асуудлыг хариуцаагүй гэж гэдэг. Гэтэл түүнд мөнгө өгөх болсон шалтгаан маань надад виз 100 хувь гарна, хэрэв гарахгүй тохиолдолд төлбөрийг буцаан олгон гэж бичиг өгсөн учраас л би итгэж, түүнд өгсөн.

 

            Н.Шинэтуяа нь энэ төлбөрийг Х.Төмөртогоог хариуцах ёстой гээд түүнийг хариуцагчаар татан гэсэн байна, гэтэл миний зүгээс Н.Шинэтуяагийн данс руу 2,336,000.00 төгрөгийг шилжүүлсэн, тэрээр надад виз гарна, гарахгүй бол буцаан олгон гэж бичиг өгсөн тул түүнээс үлдэх 1,336,000.00 нэхэмжилж байгаа юм.

 

            Иймд, Н.Шинэтуяагаас 2,336,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв

 

            Хариуцагч Н.Шинэтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

            “Х.Бямбажав нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дүү Х.Төмөртогоогоос Чех улс руу явах урилга явуулаач гэж гуйсан байсан.

 

Х.Төмөртогоо урилгыг явуулахаар нь би хүлээн авч, Х.Бямбажавд хүлээлгэн өгч, 2,236,000.00 төгрөгийг Э.Жагарын дансаар дамжуулан Х.Төмөртогоод өгсөн юм.

 

            Миний бие нэхэмжлэгчид виз гарахгүй бол мөнгийг 100 хувь буцааж өгнө гэж бичиг өгсөн нь үнэн бөгөөд тухайн үед Х.Төмөртогоогийн утас холбогдохгүй байсан учраас ингэдэг юм байх гэж бодоод бичиж өгсөн юм.

            Х.Төмөртогоо болон Х.Бямбажав нар хоорондоо тохирохдоо урилга 1000 евро, хэрэв виз гарах тохиолдолд нэмж 1000 евро гэж ярилцсан юм билээ.

 

            Виз гараагүй шалтгаан нь ганц Х.Төмөртогоогоос хамаараагүй мөн нэхэмжлэгч Х.Бямбажавыг төлбөрийн чадваргүй гэсэн үндэслэлээр татгалзсан.

 

            Х.Бямбажав нь намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ асуудлаас болж өгсөн, би Цагдаагийн хэлтэст үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэхэмжлэгч намайг виз гаргаж өгөхөөр тохирсон гэж мэдүүлсэн, гэтэл би виз гаргах, урилга явуулах зэрэг ажлыг хариуцаагүй, Х.Төмөртогоо хариуцаж авсан учраас надад хамаагүй учраас энэ хэргийн хариуцагчийг сольж өгнө үү.

 

            2015 оны 05 дугаар сард 950,000.00 төгрөгийг Х.Бямбажавд өгсөн хүн нь би мөн боловч энэ мөнгийг Х.Төмөртогоо над руу явуулахад би дамжуулан өгсөн, одоо Х.Төмөртогоо өөрийн биеэр Монгол Улсад ирсэн байгаа учраас түүнтэй холбогдож, энэ асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байх.

 

            Иймд, би энэ асуудалд холбоогүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Х.Бямбажав нь хариуцагч Н.Шинэтуяад холбогдуулан 1,336,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.Шинэтуяагийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.Бямбажав нь Чех улс руу явах зорилгоор 2015 онд тус улсад  амьдарч, ажилладаг Х.Төмөртогоотой танилцаж, түүнээс урилга авах, ирүүлсэн урилгын дагуу виз мэдүүлэхээр тохирсон байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл Х.Төмөртогоо нь Х.Бямбажавд урилгыг 1000 еврогоор явуулах, нэхэмжлэгч нь тус урилгаар виз мэдүүлж, холбогдох зөвшөөрөл олгогдсон тохиолдолд Х.Төмөртогоод нэмж 1000 евро өгөхөөр болжээ.

Өөрөөр хэлбэл, Х.Төмөртогоо нь Х.Бямбажавд урилга явуулсаны хөлсөнд урилга авсан зардлаас илүү гарсан дүн, виз гарсан тохиолдолд нэмж 1000 евро авахаар тус тус тохирсон зэргээс үзвэл Х.Төмөртогоог Х.Бямбажавд гадаадад зорьчих урилга олж өгөхөд зуучлах үүргийг хүлээсэн байна гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүрэгтэй болно” гэж заажээ.

Нэг талаас Х.Төмөртогоо Чех улсад зорьчих урилга явуулах, нөгөө талаас Х.Бямбажав нь тус урилгын дагуу зохих шаардлага, журмын дагуу Чех улсын Элчин сайдын яамд виз мэдүүлэх зэрэг нь дээр дурьдснаар зуучлалын харилцааг илэрхийлж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар Х.Төмөртогоо тохирсон ёсоор урилгыг хугацаанд нь бэлэн болгож, явуулсныг хариуцагч Н.Шинэтуяа нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Х.Бямбажавд хүлээлгэн өгч, урилгын төлбөр 1000 евро буюу 2,236,000.00 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн  5039464779 тоот дансанд шилжүүлэн авчээ.

 

Гэвч хариуцагч Н.Шинэтуяа нь урилгыг нэхэмжлэгч Х.Бямбажавд хүлээлгэн өгөхдөө түүнд энэхүү урилгын хүрээнд виз найдвартай гарах, хэрэв гараагүй тохиолдолд 2,236,000.00 төгрөгийг буцаан өгнө гэсэн баталгаа гаргасан байна.

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д “үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно” гэж, мөн 234.4-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зуучлагч Х.Төмөртогоогоос ирүүлсэн урилгаар нэхэмжлэгч Х.Бямбажав Чех улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх, виз ямар нэгэн шалтгаанаар гараагүй тохиолдолд Н.Шинэтуяад холбогдох хариуцлагыг хүлээхээр болжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч Х.Бямбажав нь явуулсан урилгаар виз мэдүүлэхэд эрх бүхий газраас Х.Төмөртогоог Чех улсад өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд амьдардаг гэсэн үндэслэл буюу түүний хувийн байдлаас шалтгаалан виз олгохоос татгалзсан байна.

 

Энэ нь үүрэг гүйцэтгэгч буюу урьсан этгээд болох Х.Төмөртогоог виз гарахад өөрөөс хамаарах шаардлагатай бүхий л арга хэмжээг аваагүй, үүнээс улбаалан виз гараагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд, хариуцагч Н.Шинэтуяа нь нэхэмжлэгч Х.Бямбажавын өмнө хүлээсэн баталгаагаа биелүүлэх нь зүйтэй юм.

 

Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл Чех улсад зорьчих виз гараагүй шалтгаан зөвхөн зуучлагч Х.Төмөртогоогоос хамаараагүй мөн нэхэмжлэгч Х.Бямбажавтай холбоотой буюу түүнийг хөрөнгийн баталгаагүй гэсэн үндэслэлээр виз олгохоос татгалзсан гэдгийг зохигчид нэгэн адил мэдүүлж, энэ талаар маргахгүй байна.

 

Нэгэнт виз гараагүй нь урьсан этгээд болон виз мэдүүлсэн этгээдээс нэгэн адил хамаарсан байх тул зөвшөөрөл олгогдоогүйгээс гарах үр дагаврыг гагцхүү хариуцагч Н.Шинэтуяад ногдуулах нь шударга бус тул нэхэмжлэгч болон хариуцагч нарт тэнцүү хуваарилах нь зөв юм.

 

Иймд, нэхэмжлэгч Х.Бямбажаваас төлсөн 2,236,000.00 төгрөгийн эрсдэлийг талуудад тэнцүү хуваарилж, хариуцагч Н.Шинэтуяагаас өмнө нэхэмжлэгчид буцаан төлсөн 950,000.00 төгрөгийг хасч тооцож, нийт 168,000.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.    

 

                       

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4-д зааснаар хариуцагч Н.Шинэтуяагаас 168,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бямбажавд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,168,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Бямбажаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,326.00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Шинэтуяагаас 5,690.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бямбажавд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР