| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0004/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/05 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/05
2019 12 26 2019/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт Дагвадоржийн Эрдэмтөгсөд холбогдох эрүүгийн 1921....... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн .......суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ..... дугаар баг ......гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Х овогт Д.Э . /РД:ЖК.................../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ........сумын 1 дүгээр баг ........гэх газарт байх өөрийн гэртээ иргэн Л.Б үл ялих асуудлаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт аягаар цохиж, биед нь тархи доргилт, хуйханд духны шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг Бурхант гэх газарт байх өөрийн гэртээ иргэн Л.Б тай үл ялих асуудлаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт аягаар цохиж, биед нь тархи доргилт, хуйханд духны шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын Прокурор Э.И Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 192100........ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ...Б, М хоёр “ийшээ ойрхон айл руу очоод нэг шил юм хувааж ууя” гэж хэлсэн. ...Э, Б ах бид гурав үлдсэн архийг нь үргэлжлүүлж уусан. ...намайг гэрт орох үед Б, Э хандаад “чи бүр баяжчихсан байна, танай мал өссөн юм байна тэ” гээд сонин юм яриад байсан. ...гэнэт тас хийх чимээ гарсан. Намайг сэрээд харах үед шалан дээр нэг аяга хагарсан байсан бөгөөд Б толгойноос нь цус гарч байсан. ...би юу болсон юм гэж асуухад Э “би Б толгойг нь хагалчихлаа, та нар одоо манайхаас яв” гэж ууртай хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны орой ...би Э гэрт орж 0.75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж тэрийг малын эрэлд явж байгаа гэх 2 залуутай Б, Э бид 5 уусан. Тэгээд би архиа дуусгаагүй унтсан, тэгээд нэг сэрэхэд Б толгойг Э хагалчихлаа гээд Б толгойноос цус гарсан байдалтай байсан.Тэгээд Э ах ирж намайг гэр лүүгээ авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-нд 19 цагийн үед ... сумын 1-р баг ...................гэх газарт явж байгаад хөдөө зогсоод утсаар яриад байж байхад мотоциклтой 2 халамцуу залуус ирсэн. Тэгээд ганц шил архи уух уу гэхээр нь бид хоёр адууны эрэлд явж байна гэхэд айлд очье дагаад явчих гээд нэг айлд очсон. ...би гэрт утсаар хүнтэй яриад сууж байхад гэрийн гадна Б, Э хоёр хоорондоо маргалдаад гэрт орж ирсэн. ...тэр хоёр баян ядуугаар нэг нэгнээ дуудалцаж байгаад Э, Б толгой руу шаазан аягаар цохиж аяга хагарсан мөн сэнжтэй стекан авч Б руу шидэх гэж байхад нь би Э болиулсан. Тэгээд орон дээр суулгаж байгаад гэрээс авч гарсан. Гэрт өөр зүйл болоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орой 20 цагийн орчимд Д хамт сумын төвд байхад Д төрсөн дүү болох Э нь утсаар Д руу залгаж дүү нь архи уусан хүнтэй муудалцаад байж байна гэхээр нь ...Д, Б, Э хоёрыг гэрт оруулж ирэхэд Б толгой хагарсан цус гарсан байдалтай байсан, ...Д, Б 00-ын цаас өгөхөд би цусаа арчихгүй нотлох баримт болно. Та нар бүгдээрээ намайг нийлж дарамтлах гэлээ гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э нь утсаар залгаж архи уусан хүнтэй муудалцаад байж байна гэхээр нь би хэн байгаа талаар асуухад Б муудсан гэж байсан. Тэгэхээр нь ...сумаас гарч 20 цаг 30 минутын үед очиход ...Б толгой хагарсан цус гарсан байдалтай байсан. ...би цагдаа дуудсан гэхэд Б зохицоё гээд 400.000 төгрөг өг гэсэн тэгэхэд нь би өгч чадахгүй гэсэн тэгээд Бсогтуу байна машинтай авч явъя гэхэд би зүгээрээ би явж чадна гээд мотоциклоо унаад явсан. ...гэрт ирэхэд Э шанаан тус газарт хөх туяатай байсан тэгээд эмнэлэгт үзүүлэх гэхэд өчигдөр ирж үзүүлэхгүй яасан юм бэ гээд үзээгүй, шууд хэсгийн төлөөлөгчөөс шинжээч томилох тогтоол аваад аймаг орж шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчим би сумын .... дүгээр баг ....гэх газарт нутгийн танил Э гэх залуугийн гэрт нь М, Э, Б болон Э нарын хамтаар тавуулаа архи уусан юм. Тэгж архи ууж байх явцдаа би Э баян цатгалан гэх яриан дээрээс болж маргалдсан юм. Тэр үед Э миний толгойг маань архи ууж байсан шилэн аягаар цохиж хагалсан юм. ...Э, Б хоёр намайг аягаар цохиулж байхыг харсан. Тэр үед Т, Э, Э, Т гэх хүмүүс байгаагүй. ...Би бол эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Сумын төвийн эмнэлэгт хэд хоног боолт хийлгэж, эмчийн бичиж өгсөн эмнүүдийг дотроосоо ууж бас толгойгоо бариулж байсан. ...би Э эмчилгээний мөнгө болох 400.000 төгрөгийг нь бүгдийг нь авсан бөгөөд Э манай гэрт ирж надаас уучлалт гуйсан, ...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 28-ны орой 18 цагийн орчим намайг хонио эргүүлчихээд гэрлүүгээ хариад очиход манай гэрт маань хоёр мотоциклтой 4 хүн ирсэн байсан. Тэгээд 4 хүний хоёр нь Б, М, гэх манай сумын хоёр залуу байсан ба харин нөгөө хоёр залуу нь Э, Б гэх адууны эрэлд явж байгаа гадны танихгүй хоёр хүн байсан. ...тухайн үед манай гэрт хүн байгаагүй бөгөөд Б өврөөсөө нэг том шилтэй архи гаргаж ирээд тэр архийг нь бид нар хувааж уусан. Б, М хоёр манайд ирэхдээ архи уучихсан халамцуу байдалтай ирсэн ба М архиндаа согтож нэлээн муудаад удалгүй унтаад өгсөн. Тэр үед Б надад агсан тавиад “чи баяжчихсан их том болжээ, хэзээ ийм байсан юм” гэх мэтээр үг хаяад надтай хэрүүл хийгээд байсан. Би ч гэсэн Б мөчөөгөө өгөхгүй адилхан хэрэлдсэн. ... би уураа барьж дийлэхгүй ууж байсан архиныхаа аягыг аваад Б-н толгойд нь нэг удаа цохисон юм. Тэр үед аяга хагарч Батмандахын толгойноос нь цус гарсан. ...Б-н толгойг нь бинтээр манай эгч Д боож өгсөн. ...би болсон явдалд их харамсаж байна. ...хохирлыг бүрэн барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...би хүнд зодуулж гэмтээгүй, мотоциклоос унаж биедээ гэмтэл авч, мотоциклоо эвдээд түүнийгээ гэрийнхнээсээ нуугаад хэлээгүй дарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар хуудас/,
Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2019 оны .... дугаар сарын ....-ний өдрийн 5... дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгч Д.Э иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, малын 2018 оны тооллогын дүн, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56- 57, 59-61 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 19................ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ...............сумын 1 дүгээр баг ....гэх газарт байх өөрийн гэртээ иргэн Л.Б тай үл ялих асуудлаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Б / хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Г.Э /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Б.М /хх-ийн 30-31 дүгээр хуудас, гэрч Н.Б /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Ж.Э /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Д.Д /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2019 оны ... дугаар сарын ...-ний өдрийн .....дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Л.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Д.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Э ЖК.......тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.Э Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Э /РД:........./ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН