Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00838

 

Д.Р-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03117 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 272 дугаар магадлалтай,

Д.Р-гийн нэхэмжлэлтэй

М Т- ХХК-д холбогдох,       

10.623.439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч нь М Т- ХХК-иар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ хотхоны 65а байранд 2 өрөө орон сууц захиалан бариулахаар болж 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны ОССК /тухайн үеийн нэршил/-тай 403646 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр ОССК, М Т- ХХК-тай 403646 дугаартай орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ тус тус байгуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу М Т- ХХК-ийн төлөх байсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхийг удаа дараа шаардаж байсан. М Т- ХХК болон түүний захирал нь өөрийн кампанийн гарах ёстой байсан зардлаа хууль бусаар удаа дараа хувийн дансандаа төлүүлж, нэхэмжлэгчийг хохироож байна. Иймд 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх зээлийн хүү 4.929.824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985.965 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4.707.650 төгрөг, нийт 10.623.439 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М Т- ХХК, М.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: ...2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Р- нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхоны 65Б байрны 16 тоот 2 өрөө 36,3 м.кв байрыг захиалж 1,16 тоот гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний урьдчилгаа 10 хувийг өөрөө төлж, 26.000.000 төгрөгийг ОССК-с зээл авч байрны төлбөрөө хийсэн боловч байрандаа Д.Р- нь орж амьдраагүй бөгөөд тухайн гэрээ цуцлагдсан. Д.Р- байр хүлээн авч ашиглаж эхэлснээр ОССК-с авсан зээлийн болон хүүгийн төлбөр болон байр ашиглалтын зардал, бусад төлбөрийг төлсөн. Үүнээс гадна 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Р- нь М Т- ХХК-д дахин өргөдөл гаргаж үлдэгдэл төлбөр 2.227.648 төгрөгийг ҮХЭХУБ-ын гэрчилгээ гармагц төлөхөөр харилцан тохиролцож 65А байрны 4 тоот байрыг эзэмших гэрээ дахин байгуулсан. Иргэн М.Золбоот нь хувь хүний хувьд нэхэмжлэгч Д.Р-тэй эрх зүйн харилцаа үүсгээгүй, түүнээс хувьдаа зээлсэн, авсан мөнгө, хөрөнгө байхгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал байхгүй учраас Д.Р-гийн М Т- ХХК болон захирал М.Золбоотод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Т Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул нарын шүүхэд гаргасан тайлбарт: Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК /ОССК/, Д.Р-, Р.Төгссайхан нарын байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаар орон сууцны зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Р- нь ОССК-ийн өмнө зээлийн гэрээний үүрэг хүлээж, холбогдох зээлийн төлбөрийг төлж байсан. Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК болон Т Б- ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 440 дүгээр шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Т Б- ХХК нь тус гэрээний хавсралтад заасан зээлдэгчийн зээлийн болон барьцаа хөрөнгийн шаардах эрхийг шилжүүлэн авч, зээлдэгчээс төлбөр нэхэмжлэх эрх үүссэн. Шаардах эрхийг шилжүүлэн авсан Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК, Д.Р-, Р.Төгссайхан нарын байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаар орон сууцны зээлийн гэрээнд зээлдэгч Д.Р- нь 26.000.000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай зээлж, зээлийн хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөх, үндсэн болон хүүгийн төлбөрийг графикт хугацаанд бүрэн болон хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн зээлийн хүүгийн 20 хувийн алдангийг Орон сууцны санхүүжилтийн корпорацид төлөх, ОССК нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг графикт хугацаа болмогц зээлдэгчээр төлүүлнэ гэж тус тус заасан байдаг. Иймд Т Б- ХХК-ийн хувьд ОССК-тай байгуулсан 440 дүгээр шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 403646 дугаар орон сууцны зээлийн гэрээний зээлдүүлэгчийн бүх шаардах эрхийг шилжүүлэн авсан тул гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх шилжүүлэн авсан үеэс зээлдэгчээр төлүүлэх үндэслэлтэй. Учир нь Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК, Д.Р-, Р.Төгссайхан нарын байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаар орон сууцны зээлийн гэрээнд зээлдэгч Д.Р- нь зээлийн хүүгийн төлбөрийг хариуцахгүй, барилгын компани хариуцах тухай заалт байхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03117 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч М Т- ХХК-иас 4.428.459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Р-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 194 980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Т- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 85.805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Р-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 272 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М Т- ХХК-иас 167.707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Р-д олгон, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан М Т- ХХК-д холбогдох нэхэмжлэлийн үлдэх хэсгийг болон М.Золбоотод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 85.805 төгрөгийг гэснийг 5.681 төгрөгийг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалд “...нэхэмжлэгчийн учирсан хохирлоо арилгуулах шаардах эрхийн хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн тухайн хэсэгт хамаарах хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэж дүгнэжээ. Гэтэл “...01 дүгээр сарын 20-ны өдөр...” эхэлсэн болон дуусах гэдэг хугацаа ОССК, Д.Р- нарын хооронд байгуулагдсан гэрээ болон ОССК, Д.Р-, “М Т-” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ, Т Б- эрх шилжүүлж авсан гэрээ, Т Б- өмнөх зээлээ төлөхийг шаардсан хугацаа зэргийн аль алинд нь байхгүй. Т Б-ийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ОССК-иас Д.Р-д хамаарах зээл, зээлийн хүүгийн шаардах эрхийг шилжүүлэн авсныг, мөн 2016 оны 6 дугаар сараас Т Б-ны эдийн засагч өмнөх зээлээ бүрэн төлөхийг шаардсан үеэс гурвалсан гэрээний нэг тал болох “М Т-” ХХК үүргээ биелүүлээгүй болохыг тус тус мэдсэн. Түүнээс хойш нэхэмжлэгч болон тухайн байрны бусад өмчлөгчдийн хамтаар М Т- ХХК-ийг үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан, сүүлдээ компанийн байрандаа нэвтрүүлэхийг хориглож байсан. Мөн нэхэмжлэгч бусад өмчлөгчдийн хамтаар энэ талаар МХЕГ-т хандаж байсан. Хэрэв шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хугацааг үндэслэж байгаа бол тухайн орон сууцны зээлтэй холбоотой гэрээний хугацаа 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусах бөгөөд түүнээс хойш 3 жилийн хугацаа тоолох ёстой байх. Өнөөдөр дээрхи орон сууцтай холбоотой гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба бид М Т- ХХК-ийн өмнөөс төлөх ёсгүй төлсөн мөнгөө авахаар нэхэмжлэл гаргасан. М Т- ХХК-ийн зээлийн хүү төлөх үүрэг нь гурвалсан гэрээнд зааснаар, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тухайн Да хүрээ хотхоныг улсын комисст хүлээлэн өгснөөр дуусгавар болсон. Тэгвэл шүүхийн дүгнээд байгаа үндэслэл болох хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусч болох байх. 2016 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргахад хүлээн авахаас татгалзсан, мөн онд эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гарч, эрэн сурвалжлуулж байгаад олсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Тэгвэл дээрхи үйлдлүүд, хугацаанууд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, шинээр тоолоход хамаарна. Хариуцагчдын гаргасан гомдолд хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдол байхгүй ба анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн мэтгэлцээний явцад дээрхи хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх зөвхөн гаргасан гомдлын хүрээгээр хязгаарладаг байж яагаад сайн дураар хөөн хэлэлцэх хугацааг үндэслэх болов.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 272 дугаартай магадлалын зарим хэсгийг тус тус зөвшөөрч байгаа тул магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Р- нь  М Т- ХХК-с 10.623.439 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Т Б- ХХК оролцжээ.

Нэхэмжлэгч нь Д.Р-, М Т- ХХК-ийн хооронд 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ, мөн оны 9 дүгээр сарын 13-ний өдөр Д.Р-, Орон сууцны санхүүжилтын корпораци ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний хавсралт болон Д.Р-, Орон сууцны санхүүжилтын корпораци ХХК, М Т- ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж, “...Т Б- ХХК нь миний төлсөн мөнгийг М Т- ХХК-ийн төлөх төлбөрт тооцон суутгасан...” гээд зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг, 4.929.824 төгрөг гаргуулах шаардлагын тооцоолол болгож заасан байна.

Хариуцагч М Т- ХХК, “...барилгыг ашиглалтад оруулж, 2012 оны 01 сард нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, үүнээс өмнөх буюу 2011 оны 10, 11, 12 дугаар сарын зээлийн хүүг Д.Р-гийн өмнөөс гэрээний дагуу Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-д төлсөн ...нэхэмжлэл үндэслэлгүй“ гэж маргасан, гуравдагч этгээд  Т Б- ХХК, “...Орон сууцны санхүүжилтын корпораци 2015.05.15-ны өдрийн 440 дүгээр шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулснаар Т Б- үүрэг гүйцэтгүүлэгч болсон ....Д.Р- зээлийн гэрээний холбогдох төлбөрийг төлж байсан, ...холбогдох баримт бичиг шилжиж ирээгүй,... өмнөх төлбөрт банк холбогдох боломжгүй...” гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4.428.459 төгрөгийг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан хэсэг болон хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан байна.

Анхан шатны шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн зохицуулалт гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд үүнд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэсэн нөхцлийг тодорхойлсон ба зохигчийн хоорондох маргаантай харилцаанд дээрх нөхцөл тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, шаардах эрхийн үндэслэлийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл М Т- ХХК-ийн 80 хувийн гүйцэтгэлтэй барьсан барилгаас нэхэмжлэгч Д.Р- орон сууц захиалж, тус компанитай гэрээ байгуулсан, улмаар Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-тай талууд гурвалсан гэрээ байгуулж орон сууцны үнийн урьдчилгаа 10 хувийг Д.Р- төлөх, 90 хувийг Орон сууцны санхүүжилтийн корпораци М Т- ХХК-д төлж, Д.Р- тус корпорацитай зээлийн гэрээ байгуулж мөнгийг төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

Түүнчлэн талуудын байгуулсан гурвалсан гэрээний 4.2-т “Мануул трэйвел ХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, улсын комиссын актыг зээлдүүлэгчийн баримтаар хүлээлгэн өгөх хүртэл зээлдэгч Д.Р-гийн нэрийн өмнөөс зээлийн гэрээний хавсралтын дагуу зээлийн хүү, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэгтэй”-г заажээ.

М Т- ХХК нь 2011 оны 10, 11, 12 дугаар сарын зээлийн хүүг Орон сууцны санхүүжилтын корпораци ХХК-д төлсөн, барилгыг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр улсын комисс хүлээн авсан боловч үүнээс өмнө буюу 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохигч захиалгын гэрээг дүгнэж, нэхэмжлэгч Д.Р-гийн эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Д.Р- нь М Т- ХХК-ийн өмнөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн гэж нэхэмжилсэн боловч уг төлбөрийг хэзээ, хэнд, хэрхэн төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй ба хоёр шатны шүүх зөвхөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үндэслэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг хангаагүй гэж үзнэ.

Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг тодорхой болгосноор шүүх нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийн үүргийг хэрхэн төлсөн, улмаар орон сууцыг эзэмшилдээ авснаар зээлийн үүргийг өөрөө гүйцэтгэх эсхүл талуудын хооронд байгуулагдсан гурвалсан гэрээний дагуу зээлийн хүү, хугацаа хэтэрсэн бол нэмэгдүүлсэн хүүг М Т- ХХК нь барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан үе хүртэл төлөх эсэхийг дүгнэх, нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэл болон эрх зөрчигдснийг мэдсэн, мэдэх боломжтой хугацааг тодорхойлж эрх зүйн дүгнэлтийг хийх шаардлагатай.

Дээрх байдлаас хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлсон...” гэх гомдлыг хангаж, гомдлын бусад хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03117 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 272 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 83.130 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ