Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2072

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Оюуны нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00898 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Оюуны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Мөнхбат, Н.Баярмаа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 53 710 257 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив

Хариуцагч Н.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мөнхбат, Н.Баярмаа нар 2012 оны 05 дугаар сард 15 000 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 2014 оны 09 дүгээр сард зээлийн хүүд 9 000 000 төгрөг буюу 4 905 ам.долларыг тухайн үеийн ханш болох 1 835 төгрөгөөр тооцож зээлсэн. Зээл, зээлийн хүү төлөхгүй байсан тул 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч нартай харилцан тохиролцож тооцоо нийлэн гэрээгээ шинэчилж зээлийн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр үлдэгдэл төлбөр 23 595 ам.долларыг 7 сарын хугацаатай сарын 2 хувийн хүү тооцохоор болж тохиролцсон. Иймд Н.Мөнхбат, Н.Баярмаа нараас үндсэн зээлийн төлбөрт 23 595 ам.доллар гэрээгээр тохирсон 7 сарын хугацаанд сарын 2 хувийн хүүнд 3303,3 ам.доллар, нийт 26 898,3 ам.доллар буюу 53 710 257 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мөнхбат шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 05 дугаар сард 20 000 000 төгрөгийн хэрэгцээ гарч Д.Оюунаас 15 000 ам.долларыг зээлсэн. Анхнаасаа надад долларын биш төгрөгийн хэрэгцээ байсан болохоор 20 000 000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг яаралтай буцааж өгнө гэж тооцож байсан боловч мөнгөний боломжгүй байсан болохоор удаасан. Түүнээс хойш 9 дүгээр сард 9 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Одоо 11 000 000 төгрөгийг л төлнө. Н.Баярмаа нь энэ зээлэнд ямар ч хамааралгүй зөвхөн 5 000 ам.долларыг Д.Оюунаас надад авч ирж өгсөн. Тооцоо нийлэхэд очоогүй гарын үсэг ч зураагүй, үлдэгдэл мөнгийг би төлнө гэжээ.  

Хариуцагч Н.Баярмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Оюун нь намайг мөнгө зээлсэн мэт бичсэн байна. Би Д.Оюунаас мөнгө зээлээгүй, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Н.Мөнхбат нэхэмжлэгч Д.Оюунаас зээлсэн мөнгийг авч өгсөн. Н.Мөнхбат нийт 15000 ам.долларыг зээлсэн, Д.Оюунд төлнө гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Миний бие Д.Оюунаас мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Мөнхбатаас 53 710 257 төгрөг гаргуулж Д.Оюунд олгож, Н.Баярмаад холбогдох нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн төлбөр барагдуудах гэрээг зөв үнэлж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар зөв шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийг баримтлах ёстой байсан. Мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт "Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар... тооцно." гэжээ. Миний бие шүүх хуралд биечлэн оролцож нэхэмжлэлийн шаардлагаа ам.доллар буюу зээлийн гэрээ, зээлийн өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт хариуцагчаас 26.898,3 ам.долларыг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд Монгол төгрөгт шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 26 898,3 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2012 оны 05 дугаар сард Н.Мөнхбат нь 20 000 000 төгрөгийг түр хэрэглэх зорилгоор авахаар тохиролцсон боловч Д.Оюунд байсан мөнгө нь ам.доллараар байсан тул 10 000 ам.долларыг өөрөө авч, дараа нь эхнэр Н.Баярмаа 5 000 ам.долларыг дамжуулан авсан. Шилжүүлэн өгсөн 15 000  ам.долларыг тухайн үеийн ханшаар бодвол 19 725 000 төгрөг болно. 20 000 000 төгрөгийг доллар хэлбэрээр буцаан төлнө гэж тохиролцоогүй. Хариуцагч нь 9 000 000 төгрөгийг өгөхөд нэхэмжлэгч авсан талаар талууд тайлбарладаг ба дээрх үйлдэл нь ам.доллараар үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэхээр тохиролцоогүй болохыг харуулж байна. Тухайн үеийн ам.долларын ханш болон өнөөдрийн ханш илтэд зөрүү байна. Анхан шатны шүүх хуралдаанд талууд үүргийн гүйцэтгэлийг ам.доллараар гүйцэтгэхээр тохиролцоогүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байхад шүүх нь үнэлэлгүй нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно", 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогторсон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж заасан. Зээлийн гэрээний нэг тал нь гэрээний хүүг 10 эсхүл  5 хувь байх талаар санал гаргаж байсан нь талууд хэлэлцэн тохиролцож хүүг тогтоосон гэж үзэхгүй. Анхан шатны шүүх нь Д.Оюун болон Н.Мөнхбат нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хүүний талаар хэлэлцэн тохиролцсон бичгээр хийсэн зээлийн гэрээ байхгүй байхад талуудын хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон бичгээр хийсэн зээлийн гэрээ байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Зээлийн төлбөр барагдуулах тухай гэрээ" нь хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ юм. Учир нь 2012 оны 05 дугаар сард хариуцагчид мөнгийг хүлээлгэн өгснөөс хойш 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл талуудын хооронд хүүний талаар хэлэлцэн тохиролцсон, бичгээр хийсэн гэрээ байхгүй байгаа тул 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хүү авах эрхээ алдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт "Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно" гэсэн зохицуулалтыг шийдвэр гаргаж хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироосон. Уг зохицуулалтын агуулга нь нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргаж буй нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж түүнд ноогдох тэмдэгтийн хураамж тогтооход чухал ач холбогдолтой юм. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт "төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" гэсэн байна. 2012 он 05 дугаар сарын ам.долларын ханш болон 2016 оны 10 сарын долларын ханш нь илтэд зөрүүтэй байдаг. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй хариуцагчийн хууль ёсны эрх, ашгийг илтэд хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.Оюун нь хариуцагч Н.Мөнхбат, Н.Баярмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 898,3 ам.доллар буюу 53 710 257 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас Н.Баярмаад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч Н.Мөнхбатад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг дараах байдлаар өөрчлөх нь зүйтэй байна.

 

            Хариуцагч Н.Мөнхбат нь нэхэмжлэгч Д.Оюунаас 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 10 000 ам.долларыг 1 сарын 5 хувийн хүүтэйгээр, Н.Баярмаа /Н.Мөнхбат/ нь 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 5 000 ам.долларыг тус тус зээлж авсан, 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн баримтаар Н.Мөнхбат нь дээрх 15 000 ам.долларыг 5 хувийн хүүтэйгээр 2015 оны 05 дугаар сард багтаан төлөх үүрэг хүлээсэн талаарх баримтууд авагджээ. /хх 46, 47/

 

            Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.4 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь эхний баримтаар 15 000 ам.долларыг 10 000 ам.долларын 5 хувийн хүү болох 500 ам.долларын хамт 15 500 ам.доллар төлөх, 2 дахь баримтаар үндсэн зээл 15 000 ам.долларыг 5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар, нийт 17 750 ам.доллар / 500 + 15 000 + 2 250/-ыг төлөх үүргийг тус тус хүлээж, уг дүнгээс төлөгдсөн 4 905 ам.долларыг хасч 12 845 ам.долларын төлбөр үлдсэн байна.

 

            Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ” /хх 5/-ний 2.1.2-т “...төлбөл зохих 23 595 ам.долларыг сарын 2 хувийн хүүтэйгээр, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатайгаар төлөх”-өөр зааж тохиролцжээ.

            Гэрээний уг заалтад тусгасан дүн нь дээрх байдлаар үндэслэлгүй тул хариуцагчийн төлбөл зохих 12 845 ам.долларыг гэрээгээр тохиролцсон дээрх нөхцлийн дагуу тооцож 1 798,3 ам.доллар /12 845 х 2% = 256,9 х 7 сар /-ын хүүгийн хамт нийт 14 643,3 ам.доллар буюу 29 239 595 төгрөгийг хариуцагч Н.Мөнхбатаас гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунд олгох үндэслэлтэй байна.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчилахыг хориглоно” гэж заасан байдаг.

 

Талууд гэрээнийхээ 1.1-т үүргийн гүйцэтгэлийг ам.доллараар илэрхийлсэн байх боловч энэ нь хариуцагчийг гадаад валютаар үнэ тогтоон, төлбөр тооцоо хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Учир нь нэхэмжлэгч Д.Оюун нь нэхэмжлэл гаргаж шүүхэд хандахдаа тухайн өдрийн Монголбанкны зарласан ам.долларын ханшийг монгол төгрөгөөр харьцуулан үүргийн гүйцэтгэлийг Монгол мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн заалттай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хариуцагчаас гаргуулах төлбөрийг ам.доллараар зааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

           

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00898 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...53 710 257 төгрөг...” гэснийг “...29 239 595 төгрөг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...426 510 төгрөг...” гэснийг “...304 148 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН