Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0135

 

                                                                                                                               

E.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч Б.Х нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн давж заалдах гомдлын дагуу E.С-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч E.С-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай “Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газраас хянан шалгасны үндсэн дээр Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01061 тоот албан бичгийг ирүүлсэн. 

Энэхүү албан бичигт тус аймгийн Толбо сумын Нийгмийн даатгалын байцаагч Е.С нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо цэргийн үүрэгтний хуурамч үнэмлэх ашиглан шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдсон байх тул Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэсэн 2016 оны 11 дүгээр тогтоолын Е.Сад холбогдох хэсэг, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Толбо сум хариуцсан байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай 2016 оны 28 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцох тухай Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд үүрэг өгсөн болно.

 Уг асуудлыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэсэн 2016 оны 11 дүгээр тогтоолын Е.С-д холбогдох хэсэг, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Толбо сум хариуцсан байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай 2016 оны 28 дугаар тогтоолыг тус тус Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчингүй болгосон юм. 

Энэ тухай Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, Толбо сумын иргэн Е.Сийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд оролцуулж сонсох ажиллагаа явуулсан. 

Тухайн үед Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 31 ний өдрийн 5/20 дугаар тогтоолын 6-д “Энэ шийдвэрийг оролцогч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж дурдсан байна. Энэ хугацаанд иргэн Е.С гомдол гаргаагүй байна.

Дээрх Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай” 06 дугаар тогтоолоор зөрчлийг арилгаж Толбо сумын Нийгмийн даатгалын байцаагч ажилтай Е.С-ийг албан тушаалаас нь чөлөөлж, сул орон тоог Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нөхөх арга хэмжээ авах хугацаатай үүргийг томилох эрх бүхий этгээдэд буюу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хүргүүлсэн. 

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг биелүүлэхийг түдгэлзүүлсэн тухай шүүхийн шийдвэр гарсан. 

Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Е.С Прокурорт дахин гомдол гаргаж, улмаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” тус газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 5/16 дугаар прокурорын тогтоолыг ирүүлснийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс хэлэлцээд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хэвээр үлдээж шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар прокурорын тогтоолоор Толбо сумын Нийгмийн даатгалын байцаагч Е.С нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо цэргийн үүрэгтний хуурамч үнэмлэх ашиглан шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болох нь тогтоогдсон, мөн 2020 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 5/16 дугаар “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолоор Е.С нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолыг гардаж аваагүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн дээд шатны прокурорт гомдол гаргаагүй, мөн нотлох баримт олдоогүй тул яллагдагч E.С-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болж байх тул хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэсэн хоёрдмол утгатай шийдвэр гаргасан.

Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулж, маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. 

Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хэвээр үлдээж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШШ2020/0071 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье. 

Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар хэсэгт заасны дагуу Е.Сэд холбогдох хэргийг Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газраас хянаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Төрийн албаны зөвлөлийг хариуцагчаар татан, оролцуулахыг хүсье ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөл /цаашид “Салбар зөвлөл” гэх/-ийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Е.С нь “... миний цэргийн үүрэгтний үнэмлэх хуурамч биш ... цэргийн албыг дүйцүүлэх албаар хааж цэргийн үүрэгтний үнэмлэх авсан, ... цэргийн үүрэгтний үнэмлэхийг хуурамч болохыг нотолсон нотлох баримт байхгүй ... холбогдох баримт бичгийн зөрчилтэй бол холбогдох эрхийн акт гаргах хүмүүс нь хариуцах ёстой ... Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор хэргийг хөөн хэлэлцэх хуагцаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэдий ч тухайн цэргийн албыг дүйцүүлэн хаагаагүй гэх үндэслэл нь хангалттай нотлогдоогүй ... салбар зөвлөлийн тогтоолд “... улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болох нь тогтоогдсон ...” гэж дүгнэсэн нь хууль бус ... прокурорын тогтоолд тогтоогоогүй асуудлыг салбар тогтоогдсон мэтээр дүгнэж, миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай “Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргаж, хариуцагчаас “... Е.С нь ... төрийн жинхэнэ албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо цэргийн хуурамч үнэмлэх ашиглаж шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны ... 5/20 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдсон тухай дурдсан ... уг асуудлыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд ... төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэсэн 2016 оны 11 дүгээр тогтоолын Е.Сэд холбогдох хэсэг, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Толбо сум хариуцсан байцаагчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн тухай 2016 оны 28 дугаар тогтоолыг тус тус ... 06 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон ... энэ тухай Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, ... сонсох ажиллагаа хийсэн ... Баян-Өлгий аймгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар тогтоолын 6-д ... заасан хугацаанд Е.С гомдол гаргаагүй ...” гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлан маргасан байна.

Шүүх “... маргаан бүхий актын үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 5/20 дугаартай тогтоол нь ... прокурорын 2020 оны 5/16 дугаар тогтоолоор хүчингүй болсон, прокурорын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/09 дугаартай тогтоолоор Е.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолын үндэслэлээс үзэхэд маргаан бүхий захиргааны актад дурдсан Е.С-ийг ... төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо цэргийн үүрэгтний хуурамч үнэмлэх ашиглан шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна ... 06 дугаар тогтоолыг хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гэж үзэх боломжгүй ... 5/20 дугаартай тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр байсан боловч уг шийдвэр нь дээрх байдлаар дээд шатны прокурорын тогтоолоор хүчингүй болсон тохиолдолд маргаан бүхий захиргааны актад тусгасан нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо цэргийн үүрэгтний хуурамч үнэмлэх ашиглан шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон гэх үндэслэлийг ... салбар зөвлөлийн 2020 оны 06 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж үзэхээргүй ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай “Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тогтоол[1]-оор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Толбо сум хариуцсан байцаагчийн албан тушаалд салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор ахлах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн нэхэмжлэгч E.С-ийн нэрийг дэвшүүлж, улмаар уг албан тушаалд томилсон байх бөгөөд Салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай” 06 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.5, 5.7 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/761 дүгээр албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Баян-Өлгий аймгийн Толбо сумын Нийгмийн даатгалын байцаагч Е.С-ийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо цэргийн үүрэгтний хуурамч үнэмлэх ашиглан шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдсон тул Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэсэн 2016 оны 11 дүгээр тогтоолын Е.С-д холбогдох хэсэг, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Толбо сум хариуцсан байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай 2016 оны 28 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 16 дугаар зүйлийн 16.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно”, 16.2.4-д “хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол”, Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.1.6-д “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/20 дугаар тогтоол[2]-оос үзэхэд нэхэмжлэгч Е.С-ийг “Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үеэр хуурамч цэргийн үүрэгтний үнэмлэх ашиглаж шалгалтад орсон, өөрөөр хэлбэл цэргийн дүйцүүлэх албыг өөрөө зохих журмын дагуу хаагаагүй, хуурамчаар бичүүлж авсан цэргийн үнэмлэх гэдгийг мэдсээр байж ашигласнаас хойш хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Е.С-д холбогдох эрүүгийн 1913000050115 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” 5/16  дугаар тогтоол[3]-оор “... шийдвэрт гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн боловч тухайн үед тогтоолын хувийг яллагдагч Е.С гардаж аваагүй ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж, шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болно” гэж заасан ... иймд хэргийг энэ үндэслэлээр сэргээж, мөрдөн шалгах зарим ажиллагааг нэмж хийх нь зүйтэй ...” гэж дүгнэн Яллагдагч E.С-ийн гаргасан “... тус прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа тул уг хэргийг дахин сэргээн шалгаж гэм буруутай эсэхийг тогтоож өгнө үү ...” гэх гомдлыг хүлээн авч, хяналтын прокурор Б.Ботакөзийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Улмаар мөн аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/09 дүгээр тогтоол[4]-оор “... Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 219 дүгээр захирамжаар 2013 онд аймгийн хэмжээнд цэргийн дүйцүүлэх албанд 20 хүнийг элсүүлэн албыг нь хаалгахаар болсон боловч уг захирамжийн хавсралт байхгүй тул хэн хэний нэр орсон болох нь тодорхойгүй, аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/176 дугаар Цэргийн дүйцүүлэх албанд татах, халах тухай захирамжийн 2 дугаар хавсралт 2013-2015 онд цэргийн дүйцүүлэх албыг хаасан иргэдийн тоо 22, 32, 33 хүн гэж янз янзаар гарсан, энэ талаар аймгийн Цэргийн штабаас тодруулахад 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 9/24 дугаартай албан бичигт цэргийн штабын дарга хурандаа Г.Л-ийн шийдвэрээр 33 хүнийг элсүүлэн албыг нь хаалгасан байна гэсэн бөгөөд уг захирамжид E.С-ийн нэр орсон, цэргийн үүрэгтний үнэмлэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтын шийдвэрээр олгосон болох нь тогтоогдож байна ... Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 219 дүгээр захирамжийн хавсралтын эх хувийг эсхүл хуулбар хувийг олоход чиглэсэн мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулан шалгасан боловч уг нотлох баримт олдоогүй, яллагдагч E.С-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болж байх тул хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Е.С-д холбогдох эрүүгийн 191300050115 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг тогтоолд хуульд заасан хугацаанд дээд шатны прокурорт гомдол гаргаагүй, тогтоол хүчинтэй байгаа болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/664 дүгээр албан бичиг[5]-ээр тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг хэргийн оролцогчид үгүйсгэж мэтгэлцээгүй.

Ийнхүү Салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай” маргаан бүхий 06 дугаар тогтоолын үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаартай тогтоолыг эрх бүхий этгээд хүчингүй болгосон, нэхэмжлэгч Е.С-ийг цэргийн үүрэгтний үнэмлэх  хуурамч үнэмлэх ашиглан шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй энэ тохиолдолд хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, Салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай” 06 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч маргаан бүхий актыг гаргасан тухайн цаг үед маргаан бүхий актын үндэслэл болсон гэх Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар тогтоолд нэхэмжлэгч Е.С гомдол гаргаагүй байсан байх боловч E.С-ийн гомдлын дагуу эрх бүхий этгээд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий актын үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар тогтоол маргаан бүхий актыг гаргах тухайн цаг үед хүчинтэй байсан гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн эрх бүхий этгээдийн шийдвэрт буюу Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/09 дүгээр тогтоолд дүгнэсэн  “... Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 219 дүгээр захирамжийн хавсралтын эх хувийг эсхүл хуулбар хувийг олоход чиглэсэн мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулан шалгасан боловч уг нотлох баримт олдоогүй, яллагдагч E.С-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болж байх тул ...” гэх асуудалд шүүхийн зүгээс зөв, буруу зэргээр үнэлэлт, дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй тул хариуцагчийн “... тухайн үед Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар тогтоолын 6-д “Энэ шийдвэрийг оролцогч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж дурдсан ... энэ хугацаанд иргэн Е.С гомдол гаргаагүй ... хоёрдмол утгатай шийдвэр гарсан ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Е.С нь хариуцагч маргаан бүхий  2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай” 06 дугаар тогтоолыг  гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан эсэхтэй маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] Хавтаст хэргийн 10 дахь тал

[2] Хавтаст хэргийн 62 дахь тал

[3] Хавтаст хэргийн 69 дэх тал

[4] Хавтаст хэргийн 82 дахь тал

[5] Хавтаст хэргийн 86 дахь тал