Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/11

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат  

Хохирогч Д.Б

Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт С.Ө холбогдох эрүүгийн 1921 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ....дугаар багийн ............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Иөншөөбү овогт С.Ө . /ЖЭ.........................../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Ө нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт байх Мал эмнэлгийн газрын урд талын төв замаар “Портер-2” маркийн ................ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас хохирогч Д.Б  жолоодон явсан DIO маркийн мопедыг ачааны хэсгээрээ шүргэж, зам тээврийн осол гарган хохирогч Д.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ө нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт байх Мал эмнэлгийн газрын урд талын төв замаар “Портер-2” маркийн .......ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 19210................ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Б............... мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...16 цаг 30 минутын орчим Хэрлэн сумын 1 дүгээр багт байх Мал эмнэлгийн газрын урд талын засмал зам дээр явж байхад миний зүүн гар талаас гэнэт цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд гарч ирсэн. Тухайн Портер машин нь гүйцэж түрүүлэхдээ ачаа хэсгээрээ миний мопедны үрүүлний зүүн гар талыг шүргэсэн ба үрүүлийг маань шүргэхэд би жолоогоо алдаад мопед маань гуйвж байгаад зүүн гар талруугаа зам дээр унасан. ...портерийн жолооч нь ирээд намайг согтуу байгаа юм уу, эмнэлэгт очиж үзүүлье гэхээр нь би зүгээрээ гээд миний унаж явсан мопед асахгүй байсан тул тухайн портер дээр мопедоо ачуулаад гэртээ хүргүүлсэн. Би осол болсны дараа 768.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлт байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутын орчим ...Хэрлэн сумын 1 дүгээр багт байх Мал эмнэлгийн урд талын авто зам дээр баруун талаасаа зүүн тийш явж байхад миний урд мопедтой хүн зам голлоод гуйваад яваад байсан ба би тухайн хүнийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд миний машин руу жолоогоо дарж байгаа харагдсан тэгээд тухайн жолооч нь зүүн гар тал руугаа буюу ертөнцийн зүгээр хойд тал руугаа унасан.  ...гэрт нь хүргэж өгөхөд гэр бүлийнх нь хүмүүс гарч ирээд жолооч ахыг эмнэлэгт үзүүлье гээд эмнэлэгт үзүүлсэн. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-41-42 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ..............дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1. Д.Б... биед зүүн сүүжний ясны тогоо /ацетабул/-ны урд ирмэгийн

сэлтэрсэн хугарал, умдаг ясны дээд салааны хугарал, суудал ясны доод салааны хугарал, тархи доргилт, хуйханд зулай хэсэгт зүүн талын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун гарын бугуйны зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон

Гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл

  1. Дээрхи гэмтлийн зүүн сүүжний ясны тогоо /ацетабул/-ны урд ирмэгийн сэлтэрсэн хугарал, умдаг ясны дээд салааны хугарал, суудал ясны доод салааны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тархи доргилт, хуйханд зулай хэсэгт зүүн талын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  2. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж  2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 126 дугаартай:

1. С.Ө  биеэс авсан цусанд спиртийн зүйл илрээгүй гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.М  2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ........ тоот техникийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Хариулт-1: Жолооч С.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хариулт-2: Портер-2 маркийн ...............ДОА улсын дугаартай автомашины тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна.

Хариулт-3,6: Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс С овогтой Ө /ЖЭ....../ регистрийн дугаараар лавлагааг авахад тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангилалын ...............дугаартай хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна.

Хариулт-4,5: Портер-2 маркийн ..............ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт байрлах Мал эмнэлгийн урд замд гарсан ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-10 дугаар хуудас/,         

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/,

     Эмчилгээний зардал болон хохирлын талаархи нотлох баримтууд /хх-ийн 44-47 дугаар хуудас/

     Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгч С.Ө оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49, 51, 54-70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921................... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ө нь  2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт байх Мал эмнэлгийн газрын урд талын төв замаар “Портер-2” маркийн ..................ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Б. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Ө, хохирогч Д.Б  нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ..... дугаартай дүгнэлт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.М 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ...... тоот техникийн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт байрлах Мал эмнэлгийн урд замд гарсан ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-10 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Д.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 768735 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхээс хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал болох 415920 төгрөг, замын зардал болох 62800 төгрөг /охин С-н БНХАУлсаас ирсэн-29800, Уянгын Улаанбаатар хотоос ирсэн 33000 төгрөг/ нийт 478720 төгрөгийг шүүгдэгч С.Ө гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин 2019 оны 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд худалдан авсан бензиний зардал болох 210015 төгрөгийн баримт хэрэгт авагдсан хэдий ч хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорин хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй байна. Мөн замын зардал болох 80000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Б нь дээрх хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.

            Улсын яллагч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй болох нь шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Ө ЖЭ.......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Ө нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

                                                                                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Иөншөөбү овогт С.Ө Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Ө 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Ө оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Ө  ЖЭ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ө  эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 478.720 /дөрвөн зуун далан найман мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б  /ЖЭ63010271/-д олгосугай.

8. Хохирогч Д.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэх хорын хохирлоо нотлох баримта бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БАТСАЙХАН