| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2015/10635/И |
| Дугаар | 181/шш2016/01104 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 181/шш2016/01104
2016 оны 10 сарын 28 өдөр Дугаар 181/ШШ2016/01104 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Э ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.Т д холбогдох
10 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагч М.Т , түүний өмгөөлөгч Г.Г, гэрч Г.Б, Д.Р, Э.И, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Т нь надтай холбогдон Хорвоотой танилцсан хоёр сэдэвтэй цуврал нэвтрүүлэг кино хийх гэсэн юм мөнгө, санхүүгийн боломж бололцоо хүрэлцэхгүй байна, Тайланд, Гонконг явж зураг авах гэсэн юм 10 000 000 төгрөг зээлээч гэхээр нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Т гийн нэрийн 5020332662 тоот Хаан банкны дансруу нь 10 сая төгрөгийг Х.Э би шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг 2014 оны 12 дугаар сарын 30 ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлүүлсэн болно.
М.Т гийн хийсэн реклам, шторк дээр манай компаний лого буруу, өнгө нь өөр байсан. Түвшинхүү хийсэн нэвтрүүлэг, рекламаа өнөөдрийг хүртэл яагаад гаргахгүй байгаа юм бэ үнэхээр хийсэн л юм бол өнөөдөр аль нэгэн зурагтаар гарсан байх ёстой юм.
2014 оны 12 сард холбогдон зээлсэн мөнгөө өгөхийг шаардахад тохиролцсон хугацаанд төлж чадахгүйгээ хэлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө огт төлж барагдуулаагүй тул М.Т гээс 10 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие М.Т нь Энхчимэгтэй найз Б.Намжилгомбоор дамжин танилцахад өөрийн компаниа олонд таниулан сурталчилмаар байна хэмээн ярьдаг байсан.
Бидний хийх “Хорвоотой танилцсан хоёр” хэмээх гадаад аяллын нэвтрүүлэг нь 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр 14 хоногийн хугацаатай, 32 сая төгрөгийн зардлаар Гонконг, Тайланд улсуудаар явж бэлтгэх Этертаймент нэвтрүүлэг байсан юмаа.
Би дээрх нэвтрүүлэг хийх гэж байгаа тухайгаа Энхчимэгт хэлэхэд 10 000 000 төгрөгийг надад өгөөд уг нэвтрүүлгийг ивээн тэтгэгч байгууллага болж байгаа тухайгаа хэлж хариуд нь өөрийн компанийн нэрийн реклам, шторк, хийлгэхээр тохирсон.
Би Энхчимэгтэй тохирсоноор Гэрэлт Эрин констракшн ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл болон хаяг, утас 9191-7045, 9668-7045 байрлуулсан сурталчилгаатай 23, 22, 36 секундын график рекламны эх , мартын 8-наар цацах Москва их дэлгүүрт шинэ бараа ирлээ гэсэн 7 секундын рекламыг хийсэн.
Энхчимэг нэвтрүүлгийг ивээн тэтгэсэн учраас нэвтрүүлэг дундуур “бид хоёрт ингэж ажиллах боломж бүрдүүлж өгсөн Гэрэлт Эрин констракшн ХХК-ийн захирал Энхчимэг эгчдээ баярлалаа” гэж хэлсэн байгаа, ивээн тэтгээгүй бол юу гэж хийж байгаа нэвтрүүлгийнхээ дундуур тэгж хэлэх юм бэ. Энэ бүх реклам, нэвтрүүлэг нь тэдний компанийг тодорхой хэмжээгээр сурталчилах тухай Энхчимэгт хэлсэн. Энхчимэг өнөөдрийг хүртэл надаар бэлтгүүлсэн рекламнуудаа аваагүй байгаа. Шүүхэд өгсөн энэ маргаанаас болоод хийсэн нэвтрүүлгээ зурагтад өгч чадаагүй, эхнийх нь ийм болчихлоор төлөвлөж байсан дараа дараагийн нэвтрүүлгүүд хийгдээгүй хүндрэлтэй байна.
Нэвтрүүлгийн зураг авалтаар явж ирсэний дараа буюу 2015 оны 1 дүгээр сард өөрийн үерхдэг байсан Намжилгомбод 8-9 сая төгрөг өгөөд алдчихдаа чи авч өг, би мөнгөгүй болчихлоо, ээж өвчтэй мөнгөний хэрэгцээ байна, би мөнгөө буцааж авмаар байна гэж хэлж байсан.
Тухайн үед би ээж нь өвдсөн, энэ тэр гэхээр нь хүн чанар гаргаад хийсэн нэвтрүүлгийн дундуур цацах рекламны эх олоод мөнгө олж авахад ядах юмгүй гэж хэлж байсан удаатай.
Би Тайланд улсаас авч ирсэн 1 800 000 төгрөгийн үнэтэй матрын арьсан цүнх, 900 000 төгрөгийн үнэтэй note 3 утас бэлэглэж байсан.
Нэг клип хийхэд 6-8 сая төгрөг, уртын дуучин 800 мянга, морин хуурч 400 мянган төгрөгөөр тоглодог ханштай байхад би дүүгийнх нь хуриманд клип хийж өгнө гэж тохирон уртын дуучин, морин хуурч аваачин тоглуулж байсан.
Энхчимэгийн энэ тогтворгүй байдлаас болж бүтэн жил Их хүрээ энтертаймент ХХК-ийн бэлтгэсэн Хорвоотой танилцсан хоёр нэвтрүүлэг нь телевизийн эфирт цацагдаагүй олон хүмүүсийн хөдөлмөр талаар нэг болж байгаад уран бүтээлчид бид туйлын их харамсаж байна. Би Энхчимэгээс ямар ч мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч М.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрэлт-Эрин ХХК-ийн захирал Х.Э ийг миний хийх гэж буй танин мэдэхүй, аяллын нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласны хариуд нь Их хүрээ уран бүтээлийн нэгдлийн захирал М.Т би тус бүр нь 30 секундын 4 ширхэг график рекламны эх бэлтгэхээр бид харилцан тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу бид тус бүрийнхээ хийх зүйлүүдийг хийсэн.
Гэтэл Х.Э нь ивээн тэтгэсэн мөнгөө зээлдүүлсэн гэж эргэж нэхэж байгаа тул миний бие найруулагч Батбаяраар хийлгэсэн 4 ширхэг график шторкны төлбөр болох 4 800 000 төгрөг, Энхчимэгт бэлэглэсэн 1 800 000 төгрөгийн үнэтэй матрын арьсан цүнх, 950 000 төгрөгийн үнэтэй Note 3 гар утас, төрсөн дүүгийнх нь хуриманд морин хуурын тоглолт тоглуулсны хөлс 1 200 000 төгрөг нийт 8 750 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Х.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Т гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж буй 4 ширхэг график шторкны төлбөр болох 4 800 000 төгрөг, бэлэглэсэн матрын арьсан цүнхний үнэ 1 800 000 төгрөг, Note 3 гар утасны үнэ 950 000 төгрөг, хуриманд тоглуулсан уртын дуучин морин хуурын тоглолтын хөлс 1 200 000 төгрөг нийт 8 750 000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ бүхэн дээр амаар болон бичгээр тохирсон ямар нэгэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд гэрч Г.Б, Д.Р, Э.И нарын мэдүүлгийг сонсов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
1.Үндсэн нэхэмжлэлийн хувьд:
Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч М.Т гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М.Т нь нэхэмжлэгч Х.Э ээс мөнгө зээлээгүй тодорхой нөхцөлтэйгээр “Хорвоотой танилцсан хоёр” нэртэй нэвтрүүлгийг ивээн тэтгэсэн тул буцаан төлөх үүрэггүй гэж маргажээ.
Х.Э , М.Т нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан “Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийлсэн, өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй /холимог/ гэрээ” байгуулжээ.
Уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгч /М.Т / нь Гэрэлт-Эрин констракшн ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл болон хаяг, утас байрлуулсан сурталчилгаатай график рекламны эх бэлтгэх, уг компанийг сурталчлах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч /Х.Э /-ийн өмнө хүлээсэн байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч Х.Э нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Дээрх гэрээний хувьд зохигчдын маргаж байгаа асуудлуудын агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинж тэмдэгтэй байна.
Иймд ажил гүйцэтгэгч / М.Т / нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч /Х.Э /-нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч М.Т д 10 000 000 төгрөгийг шилжүүлэх, /ажил гүйцэтгэгч/ М.Т нь /захиалагч/ Х.Э тэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр Гэрэлт-Эрин констракшн ХХК-ийг сурталчлах үүргийн дагуу уг компанийн үйл ажиллагааны чиглэл болон хаяг, утас байрлуулсан сурталчилгаатай график реклам бэлтгэх, “Хорвоотой танилцсан хоёр” нэвтрүүлгийн дундуур уг компанийг сурталчлах үүрэг хүлээж график реклам, дүрс бичлэг хийсэн болох нь зохигчдын тайлбар, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны 5020332662 дугаартай М.Т гийн дансанд 10 000 000 төгрөг шилжүүлсэн баримт, 3 ширхэг сиди дээрх дүрс, бичлэгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4,59-60,112-147–р хуудас/
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д ”ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”, 351 дүгээр зүйлийн 351.1.2.-т “захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” үүрэгтэй гэж тус тус заасны дагуу захиалагч, гүйцэтгэгч нар нь хэн алиныхаа өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзнэ.
Захиалагч нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т “ Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно.” гэж заасан.
Иймд хариуцагч М.Т гээс 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
2. Сөрөг нэхэмжлэлийн хувьд:
Хариуцагч М.Т нь нэхэмжлэгч Х.Э т холбогдуулан 8 750 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Э нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т ”Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу М.Т нь Х.Э т матрын арьсан цүнх, Note 3 гар утас бэлэглэснээр бэлэглэлийн гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д ”Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэжээ.
Бэлэглэлийн гэрээ нь нэг талын хүсэл зоригийн дагуу хийгддэг хариу төлбөргүй гэрээ тул матрын арьсан цүнхний үнэ 1 800 000 төгрөг, Note 3 гар утасны 950 000 төгрөг нэхэмжилсэнийг хангах үндэсгүй.
Мөн Х.Э ийн дүүгийн хуриманд тоглуулсан уртын дуучин морин хуурын тоглолтын хөлс 1 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтогдохгүй байна.
Ажил гүйцэтгэгч М.Т нь захиалагч Х.Э тэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр Гэрэлт-Эрин констракшн ХХК-ийг сурталчлах үүргийн дагуу уг компанийн үйл ажиллагааны чиглэл болон хаяг, утас байрлуулсан сурталчилгаатай график реклам бэлтгэх, “Хорвоотой танилцсан хоёр” нэвтрүүлгийн дундуур уг компанийг сурталчлах үүрэг хүлээж график реклам, дүрс бичлэг бүхий 4 ширхэг график шторкны төлбөрт 4 800 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч захиалагчид ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Х.Э ээс 8 750 000 төгрөг гаргуулах тухай М.Т гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт заасныг баримтлан М.Т гээс 10 000 000 төгрөг гаргуулах тухай Х.Э ийн нэхэмжлэлийн шаардлага, Х.Э ээс 8 750 000 төгрөг гаргуулах тухай М.Т гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөг, хариуцагч М.Т гээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО