Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/35

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  овогт Андрушийн Э холбогдох эрүүгийн 1921......дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Орхон аймгийн ******* суманд төрсөн, ....настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг Ялалтын ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд нь Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны ...сарын ...-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, ******* овогт А.Э. /РД: ЖЛ......../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Э нь согтуугаар 2019 оны 12 сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын .....дугаар баг Ялалтын ..... тоотод гэртээ Б.Н “хоол хийж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж “... биед нь тархи доргилт, баруун болон зүүн нүдний дээд, доод, зовхи, баруун хацрын цус хуралт, хамрын нуруу, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Э нь 2019 оны 12 сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын..... дугаар баг Ялалтын ..... тоотод гэртээ согтуугаар Б.Н маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын Прокурор Ч.М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921....... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Гэрч Э.А   мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны ...орой 23 цагийн орчимд  Н-г гэх эмэгтэй ирэхэд Э ах “дүүд хоол хийгээд өгчих, хөдөө гадаа явж байгаад ирж байна гэнэ” гэхэд би хоол хийж өгч чадахгүй, юугаараа хоол хийж өгдөг юм, энд тэндээс хоолны сав л авчирч байгаа биз, ядуу гуйлгачин” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь Э ах дуугарахгүй байж байснаа Н нүүр рүү нь хоёр удаа гараа зангидаж байгаад цохисон юм. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгасан. Тэгээд Э ахыг орон дээр нь хэвтүүлээд унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-ин 20-21 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчимд охин А гэрт байж байхад Э над руу утсаар залгаад хүрээд ирээ, би ганцаараа эвгүй байна гээд байхаар нь Э гэрт нь очсон юм. Э гэрт ороход Э нь ганцаараа архи уучихсан, нэг гаргүй залуугийн хамт юм яриад сууж байсан. Тэгээд би гэрт цай уугаад сууж байсан чинь Э “намайг энэ залууд хоол хийж өг” гэхээр нь би “мах ч алга юугаараа хоол хийлгэх юм, гуйлгачин царайлчихаад энд тэндээс хоолны сав цуглууллаа” гээд загнасан чинь Э уурандаа намайг орон дээр хэвтүүлж байгаад миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгэхэд хажууд байсан А гэх залуу бид хоёрыг салгаад Э ахаа болио, хүн цохиж болохгүй гээд орон дээр дарж унтуулсан. ...эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ...Н гэх эхнэр болох хүнээ утсаар дуудсан юм. Тэгээд орой 23 цагийн орчимд Н ирэхээр нь дүү маань ирчихлээ, хоол хийгээд өгчих гэсэн чинь Н хоолны мөнгө байхгүй, ядуу гуйлгачин гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь Н нүүр рүү хоёр удаа гараа зангидаж байгаад цохисон юм. Тэгэхэд А бид хоёрын дундуур орж салгасан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 - Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 18 дугаар хуудас/

             - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж  2019 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Б.Н биед тархи доргилт, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацрын цус хуралт, хамрын нуруу, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

     3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

    

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 39 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Н нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921....... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Э нь 2019 оны 12 сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ...... тоотод гэртээ согтуурсан үедээ Б.Н аргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.А /хх-ийн 20-21 дүгээр хуудас/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2019 оны .....дугаар сарын ....-ний өдрийн .... дугаартай дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь архи ууж согтуурсан байдал болон хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч А.Э нь хохирогч Б.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч А.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид нарыг тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт А.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-г  240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А.Э /РД:ЖЛ....../ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН