| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0050/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/41 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/41
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Х.М холбогдох эрүүгийн 192… дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дронод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Хэрлэн сумын .. дугаар баг ......тоотод оршин суух, ...........ХХК-д гагнуурчин ажилтай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтХ.М . /РД: ЖЭ.........../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг, .......хорооллын задгай .....тоотод иргэн Ц.Б.......эзэмшлийн ...... маркийн ............. ЧОЗ улсын дугаартай мотоциклыг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу 320.000 /гурван зуун хорин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунханы хорооллын задгай 3 тоотод иргэн Ц.Б.......... эзэмшлийн ........... маркийн .............ЧОЗ улсын дугаартай мотоциклыг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын Прокурор С.А Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921.............. дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Х. хэлэхдээ “хадмынхаа хашаан дотор байсан мотоциклыг би шатаасан” гэж байсан. ...ямар шалтгаанаар шатааснаа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө ...10 цагийн орчимд бие засах гээд гарахад манай байшингийн зүүн хойд хэсэгт байсан миний эзэмшлийн .............ЧОЗ улсын дугаартай, SUZUKI маркийн тээврийн хэрэгсэл шатсан, ...хашааны хаалга хагас онгорхой байдалтай байсан Тэгээд би шууд цагдаа дуудсан. ...2020 оны .... дүгээр сарын ...-ний өдөр би гэртээ байж байтал манай хүргэн ..... өөрийн төрсөн ээж Ц хамт манай гэрт ирсэн. М хэлэхдээ “би таны мотоцикль гэж мэдсэнгүй, тухайн мотоциклийг би шатаасан юмаа, уучлаарай” гэж хэлсэн. ...2009 оны шинээр нь 1.200.000 төгрөгөөр Д гэх хүнээс худалдан авч байсан. ...хүргэн М хэлэхдээ надад шинээр мотоцикл авч өгнө гэсэн. Тиймээс миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...би эхнэр С 2019 оны ....дугаар сард муудалцаад түр хугацаагаар салчихсан байгаа юм. Тэгээд 2 хүүхэдтэйгээ уулзмаар санагдаад Б ахын гэрээс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны .... дүгээр сарын......-ныг шилжих шөнө гараад Хэрлэн сумын 1 дүгээр баг ................тоотод оршин суух хадам аав Б руу очсон. Тэгээд гэрт хэдэн цагт очсон эсэхээ санахгүй байна. Тэгээд би хадам аав, ээж, эхнэр С нартай таарамжгүй харилцаатай байсан учраас тус тоот хашаанд байрлах хадам аавын эзэмшлийн байшин руу орж чадаагүй. ...байшингийн зүүн талын хэсэгт байсан хадам аав Бямбаагийн эзэмшлийн цэнхэр өнгийн SUZUKI маркийн .................ЧОЗ улсын дугаартай мотоциклын бинзен дамжуулдаг шаланкыг сугалж авсан. Тус шаланкаас бинзен гойжиж байхаар нь өөрт байсан асаагуураар шатаачихсан. Тэгтэл гал дүрэлзээд явчихсан. Тэгээд би цасаар унтраах гэтэл унтрааж чадаагүй. Тэгээд сандарсандаа тухайн хашаанаас гарч гүйсэн. ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, SUZUKI маркийн ...............ЧОЗ улсын дугаартай мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12 дугаар хуудас/,
- Хэрлэн сумын Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,
- SUZUKI .......ЧОЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 48-52 дугаар хуудас/,
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.А. 2020 оны .... дүгээр сарын ....-ны өдрийн №046/... дугаар шинжээчийн дүгнэлт:
1. Холбогдох хүмүүсээс авсан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд иргэн Х.Мнь хадам аав Ц.Б эзэмшлийн СУЗУКИ маркийн ............ЧОЗ улсын дугаартай мотоциклын шатахуун банкны резинэн хоолойг сугалж шатахуун гоожиж байхад нь гал өгөснөөр уг гал түймэр гарсан байна.
2. Иргэн Х.М нь шатах тослох материалтай буруу харьцаж ил гал гаргаснаас болж уг гал түймэр гарах шалтгаан нөхцөл үүссэн байна.
3. Иргэн Х.М нь Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.2.4 дүгээр заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 38-42 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай Дорнод аймаг дахь Прокурорын газарт гаргасан хүсэлтэнд: ...манай хүргэн М нь хэлэхдээ шинэ мотоцикл авч өгнө гэсэн. Иймд гомдол санал үгүй гэж тохирлоо. ... хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү...” гэх /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921.............. дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунханы хорооллын задгай 3 тоотод иргэн Ц.Б эзэмшлийн Сузуки маркийн ..............ЧОЗ улсын дугаартай мотоциклыг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Б /28 дугаар хуудас/, хохирогч Ц.Б /хх-ийн 36-37 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, SUZUKI маркийн ЧОЗ улсын дугаартай мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-12 дугаар хуудас/, Хэрлэн сумын Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14 дүгээр хуудас/, Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.А 2020 оны ...дүгээр сарын ...-ны өдрийн №046/... дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.М..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Х.М нь хохирогч Ц.Б эзэмшлийн ЧОЗ ..........улсын дугаартай SUZUKI маркийн мотоциклыг шатааж түүнд 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Х.М.г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаж бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.М нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.М ЖЭ...... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхнийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Х.М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тав /5/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.М /ЖЭ........./ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН