Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 1

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00972 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-д холбогдох

Орон сууцны талбайн зөрүүд 6 241 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ундрахтамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхзаяа миний бие “Юу Би Эйч проперти” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Happy town орон сууцны 72 дугаар байр, 8 давхар, 120 тоот 56.64 м.кв талбай бүхий байрыг авахаар тохиролцож, HPT13B68 тоот гэрээ хийж худалдаж авсан. Гэрээнд зааснаар 56.64 м.кв талбай байхаас 52.89 м.кв талбайтай байна. Шүүхээс дахин шинжээч томилон, шинжээч “Инженер геодези” ХХК-нь 53.32 м.кв талбайтай байна гэж дүгнэлт гаргасан. Энэ орон сууцыг худалдан авахдаа 1 м.кв-ийг нь 1 880 000 төгрөгөөр худалдан авсан тул зөрүү болох 3.75 м.кв талбайн мөнгө 7 050 000 төгрөг гэж нэхэмжилж байсан. Одоо талбайн зөрүү нь 3.32 м.кв болсон тул 6 241 600 төгрөгийг хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юу Би Эйч проперти” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Happy town хотхонд байрлах Хан-Уул дүүргийн 71, 72, 73 тоот, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг “Өндөр буянт холдинг” ХХК-иас худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Манай компани нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний дагуу “Өндөр буянт холдинг” ХХК-иас дээрх барилга угсралтыг хүлээн авахдаа барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагын гаргасан, батлагдсан зургийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тооцон, борлуулалтын үнээ тогтоосон. Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг иргэдэд урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд захиалагч өөрөө сонголтоо хийн орон сууцны талбайн хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрч, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн иргэний эрх зүйн зохицуулалт, зарчмын дагуу талууд гэрээний нөхцөл үр дагаврыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон. Бид барилгыг зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагын гаргасан батлагдасан зургийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тооцон барилгын ажлыг гүйцэтгэж, холбогдох төрийн байгууллагаар хянуулж, тус барилгыг Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Иймд хөндлөнгийн аливаа дурын компанийн гаргасан талбайн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй болно. Манай компани Ц.Мөнхзаяад орон сууц худалдсан, манай орон сууцыг худалдан авахын тулд Ц.Мөнхзаяа Улаанбаатар банктай орон сууцны зээлийн гэрээ хийж ипотекийн зээлд хамрагдсан, одоо ч төлж дуусаагүй байгаа. Ц.Мөнхзаяа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу байр худалдаж авсан болохоос 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр орон сууц бариулаагүй, бидний хооронд хийгдсэн гэрээ нь орон сууц захиалгаар бариулах гэрээ нэртэй боловч орон сууц худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан. “Юу Би Эйч проперти” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ц.Мөнхзаяа нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан орон сууцаа хүлээн авсан. Иймд иргэн Ц.Мөнхзаяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Happy town орон сууцны 72 дугаар байр, 8 давхар, 120 тоот орон сууцны талбайн зөрүүд 6 241 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнхзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч Ц.Мөнхзаяа нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Юу Би Эйч проперти” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах” тухай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи таун хотхоны 72 дугаар байр, 8 давхрын 120 тоот, 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бариулахаар тохирч урьдчилгаа 30 хувийг гэрээ байгуулах өдрөө төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу орон сууц нь 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд орох байсан ч гүйцэтгэгч тал 2014 оны 11 дүгээр сард орон сууцыг хүлээлгэн өгсөн. Ц.Мөнхзаяа нь байраа хүлээн авч үлдэгдэл төлбөрөө ипотекийн зээлд хамрагдаж төлж барагдуулсан. Оршин суугчдын зүгээс орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас бага байгаа талаар гомдлоо гаргаж байсан тул хөндлөнгийн байгууллагаар хэмжилт хийлгүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах” тухай гэрээний нэг буюу ерөнхий зүйлд “...орон сууцыг хугацаанд нь барьж захиалагчийн захиалсан хэсгийг хүлээлгэн өгөхтэй холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж мөн гэрээний 2.2, 2.3, 3.1, 3.3, 4.1.2, 4.1.4, 4.2 дахь заалтууд зэргээс харахад уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай ижил байна. Мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгүүлж талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу байгааг мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот зөвлөмжөөр ажил гүйцэтгэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээний ялгаатай талыг нарийвчлан тайлбарласнаас үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай нийцэж байна гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 6 241 600 төгрөг, “Инженер геодизи” ХХК-д төлсөн 130 000 төгрөг, нийт 6 371 600 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Мөнхзаяа нь хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 7 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, орон сууцны талбайн зөрүүд 6 241 600 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 106 600 төгрөг, нийт 6 348 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах “Happy town” орон сууцны ХД-72 дугаар байрны 2 дугаар орцны 120 тоот 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнэ /ажлын хөлс/ 106 483 200 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн, захиалагч нь ажлын хөлсийг гэрээний хугацаанд бүрэн төлсөн, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгч, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-ыг үйлдэн орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан, нэхэмжлэгч нь орон сууцаа 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 8, 9, 54, 55, 60-66/

 

            Дээрх гэрээгээр талуудын хүлээсэн үүрэг, гэрээг байгуулсан хугацаа, орон сууцыг хүлээлгэн өгсөн болон акт үйлдэн ашиглалтад оруулсан хугацаа зэргээр уг гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний агуулга, шинжтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Нэхэмжлэгч өөрийн захиалсан орон сууцны талбайд “Тоонто гранд” ХХК-иар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хэмжилт хийлгэсэн дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байх ба шүүхээс томилогдсон шинжээч “Инженер геодези” ХХК-ийн барилга, орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон актаар уг орон сууцны талбайн хэмжээг 53.32 м.кв гэж тогтоосон үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

            Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч...Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно”, мөн 349 дүгээр зүйлийн хуулийн 349.3 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон орон сууцны талбайн зөрүүний талаар гомдлын шаардлага гаргах, нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар нэхэмжлэгчээс хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-д 3.32 м.кв талбайн зөрүүд илүү төлсөн 6 241 600 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс “Инженер геодези” ХХК-д шинжээчийн зардалд төлсөн 106 600 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхзаяад олгох үндэслэлтэй байна.

 

            Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч Ц.Мөнхзаяаг А.Ариунболд гэж ташаа бичсэнийг залруулах нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00972 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-д заасныг баримтлан хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-иас 6 241 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхзаяад олгосугай” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-иас шинжээчийн зардал 106 600 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнзаяад олгож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмлэгч Ц.Мөнхзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-иас 127 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН