Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 110/2020/0039/З |
Дугаар | 221/МА2021/0136 |
Огноо | 2021-03-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2021/0136
Ө.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Ө.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, Т.М, гуравдагч этгээд М.Д нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ө.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр шийдвэрээр: Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 , 31 дүгээр зүйлийн 31.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 15 дугаар зүйлийн 15.6, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.А-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 1-24 айлын орон сууцны хойд талд байрлалтай 27,87 м.кв өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд М.Д нарын 4 хүний бие даасан шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай А/417 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ө.А Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь зөв үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьсан, тодруулбал зохих зарим зүйлүүдийг шалгаж тодруулаагүй.
1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ миний бие газар өмчилж авах талаар ямар нэгэн өргөдөл гаргаагүй, газар өмчлүүлэх үйл ажиллагаа мэргэжлийн байгууллагаар дамжаагүй, газар өмчлүүлэх талаар ямар нэгэн урьдчилсан ажиллагаа явуулахгүйгээр шууд захирамж гаргасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Миний бие тухайн газрыг өмчилж авах хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргасан бөгөөд өргөдөл гаргасны дараа өмчлүүлэх газрын байршлын схем зургийг гаргаж мэргэжлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж зөвшөөрсний дараа аймгийн ерөнхий архитектор бөгөөд газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.М гэдэг албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан.
Үүний дараа аймгийн Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 417 дугаар захирамжаар Өлгий сумын 11 дүгээр баг, 1-24 айлын орон сууцны зүүн талд байрлалтай 28м.кв газрыг Ө.А надад 140.000 төгрөгөөр худалдаж өмчлүүлсэн. Би дээрх захирамж гарсаны дараа 40.000 төгрөгийг Төрийн сангийн зохих дансанд төлсөн.
Үүний дараа 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өлгий сумын газрын даамал Т.З байршлын кадастрын зургийг гаргаж өгч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэд дарга А.Е баталгаажуулж тэмдэг дарж гарын үсэг зурсан. Мөн Т.З нь газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг гаргаж өгсөн. Энэ талаарх холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан, А.Е, Т.З нар гэрчийн мэдүүлэг өгч тодорхой мэдүүлсэн байхад анхан шатны шүүх зөв үнэлээгүй. Миний бие дээрх бичиг баримтуудаар 2016 онд улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч Улаанбаатар хотод оюутан байсан, дараа нь нөхөрт гарч хүүхэдтэй болсон зэрэг шалтгаануудтай байсан учир хойшлогдсон.
Тэгээд 2019 онд дээрх материалуудаар бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандахад кадастрын мэдээллийн сан өөрчлөгдсөн учир кадастрын зургийг дахин гаргуулж ирэх шаардлага тавьсан.
Би тэрний дагуу Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад өмнөх удирдлага өөрчлөгдсөн, Б.М тэтгэвэрт гарсан, А.Е өөр ажилд шилжсэн байсан учир дараагийн удирдлага нь бид мэдэхгүй гэж кадастрын зураг гаргаж өгөхөөс татгалзсан.
Тэгээд би аргагүй байдалд хүрч шүүхэд хандсан.
Төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой бөгөөд түүний удирдлага, холбогдох ажил хариуцсан хүмүүс нь өөрчлөгдсөн нь өмнөх гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт газар өмчилж авах өргөдлөө хуульд заасан журмын дагуу гаргаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өмчлүүлсэн, Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн талаар дурджээ.
Би өргөдлөө зохих журмын дагуу гаргасны дагуу надад газар өмчлүүлэх шийдвэр гарсан. Тэрнээс биш ямарч өргөдөл гаргаагүй байхад газар өмчлүүлэх шийдвэр гаргах ямарч боломжгүй.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичигт өргөдөл гаргаагүй талаар дурдсан нь үндэслэлгүй. Миний гаргасан өргөдлийг зохих журмын дагуу бүртгэлд аваагүй нь миний буруу биш.
Нөгөө талаар аймгийн Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамж холбогдох хууль тогтоомж зөрчсөн бол энэ нь миний буруу биш бөгөөд үүнээс болж жирийн иргэн миний хууль ёсны эрх ашиг хохирох ёсгүй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэдгийг хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор зааж өгсөн.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болохоор, 23.2-т энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд Нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон түүнд олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй байхаар зохицуулсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад бие даасан шаардлага гаргасан М.Д, Ц.Т, Д.Е, И.Т нар нь шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бие даасан шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд дараа нь М.Д-д итгэмжлэл өгч төлөөлөгчөөр томилсон байдал харагдаж байгаа.
Дээрх нэр бүхий хүмүүс нь нэхэмжлэл гаргах эрх бүхий хүмүүс мөн үү гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, энэ талаарх холбогдох нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж аваагүй.
Хэрэгт Д.Е, М.Д, Ц.Т нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан боловч И.Т гэдэг хүний гэрчилгээ огт авагдаагүй.
Энэ тохиолдолд И.Т-ийг ямар үндэслэлээр нэхэмжлэгч гэж үзэх үү, И.Т нь тухайн байранд амьдардаг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү гэдэг нь өөрөө эргэлзээтэй.
Мөн Д.Е нь өөрийн өмчлөлийн байрыг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Энэ нь Ө.А-д газар өмчлүүлсэнээс хойших үйл баримт бөгөөд 2016 онд Д.Е нь тухайн байранд амьдарч байсан нь тодорхой бус байхад түүнийг бие даасан шаардлага гаргасан нэхэмжлэгчээр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь мөн эргэлзээтэй.
Түүнчлэн М.Д-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Р, Ц.Т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээнд З.М, З.А нар хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Энэ тохиолдолд М.Д, Ц.Т нар нь Б.Р, 3.М, З.А нарыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй үү, дээрх нэр бүхий хүмүүс нь өөрсдийг нь төлөөлөн ямар нэгэн итгэмжлэл өгсөн үү гэдгийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн тухайн орон сууц нь 1-24 айлын орон сууц гэж явдаг учир тэнд 24 айл амьдардаг гэж ойлгохоор байгаа.
Нэхэмжлэл гаргасан М.Д, И.Т, Ц.Т, Д.Е нар нь дээрх орон сууцны чухам аль тоотод оршин суудаг болох, Ө.А надад өмчлүүлсэн газраас болж дээрх хүмүүсийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэх эдгээр хүмүүс тухайн газартай ямар хамааралтай болохыг огт тогтоогоогүй, энэ талаар хавтаст хэрэгт ямарч нотлох баримт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсаныг харуулж байна.
4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 4.1.6-д “Орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан Ногоон байгууламж, зүлэг хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий эдэлбэр газрыг ойлгохоор заасан. Мөн энэ талаарх зохицуулалт Газрын тухай хуулийн 6.4-т бас дээрх байдлаар тусгагдсан.
Надад өмчлүүлсэн газарт дээр дурдсанчлан ямар ч обьект, байгууламж байхгүй сул чөлөөтэй газар байгаа. Мөн тухайн газарт ойр байгаа М.Д-ийн өмчлөлийн гэх байрны цонхыг тоосгоор өрж битүүлсэн байдаг. Мөн миний бие одоогоор тухайн газарт ямар нэгэн барилга байгууламж обьект бариагүй. Өнөө маргаашдаа барих төлөвлөгөөгүй байгаа.
Ийм байхад анхан шатны шүүх орчны газар гэж тооцож надад газар өмчлүүлснээс болж гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж тэдний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд хэргийг зохих журмын дагуу хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ө.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд М.Д нарын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ө.А нь “... А/417 дугаартай захирамжаар ... надад 140,000 төгрөгөөр худалдаж өмчлүүлсэн ... надад өмчлүүлэхээс өмнө газрын схем зургийг гаргаж аймгийн ерөнхий архитектор Б.Марат баталж холбогдох хүмүүс нь чиг үүргийн дагуу зөвшөөрсөн байсан ... 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өлгий сумын Газрын даамал Т.З байршлын кадастрын зургийг гаргаж өгч дэд дарга А.Е баталгаажуулж тамга дарж өгсөн ... газрын төлөв байдал, улсын хянан баталгааны дүгнэлт гаргаж өгсөн ... газрыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар хандахад кадастрын мэдээллийн санд өөрчлөлт орсон тул кадастрын зургийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас дахин гаргуулж ирэх шаардлага тавьсан ... газар өмчлүүлсэн ... захирамжид яагаад эзэмшил газрыг өмчлүүлэхээр тусгасныг би мэдэхгүй, энэ нь бичвэрийн алдаа бөгөөд үүнд би буруугүй ... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаагаас миний бие тухайн газрыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадахгүй хохирч байна ...” гэсэн үндэслэлээр “Өлгий сумын 11 дүгээр баг 1 дүгээр 24 айлын орон сууцны зүүн талд байрлалтай 28 м.кв өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Өлгий сумын 11 дүгээр баг 1 дүгээр 24 айлын орон сууцны зүүн талд байрлалтай 27,87 м.кв өмчлөлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Гуравдагч этгээд М.Д нар нь “... Ө.А-ийн кадастрын зураг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлд дурдсан 28 м.кв талбай бүхий газар нь 1-12 айлын орон сууцны нийтийн эзэмшлийн талбай буюу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан “очрны газар”-т орохоос гадна нэгдүгээр давхарт байрлах айлын цонхыг шууд хааж олгогдсон ... Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар орон сууцны орчны зам талбайд хамаарах тул орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглодог ... мөн хуулийн 15 дугаар зүйлд зааснаар уг газар нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаардаг учир ... аймгийн Засаг дарга ... хууль зөрчиж бусдад олгосныг оршин суугчид хүлээн зөвшөөрөхгүй ... энэ талаар бидэнд мэдэгдэж, оршин суугчдаас зөвшөөрөл авч байгаагүй ...” гэсэн үндэслэлээр “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” А/417 дугаар захирамжийг хүчингүй болгох” бие даасан шаардлага бүхий нэхэмжлэл гарган тус тус маргасан байна.
Шүүх нэхэмжлэгч Ө.А-ийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 1-24 айлын орон сууцны хойд талд байрлалтай 27,87 м.кв өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд М.Д нарын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай А/417 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д Төрөөс газрын талаар “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтлахаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална”, 5.1.1-д “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах”, 5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах”, 20 дугаар зүйлийн 20.5-д “Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаархи зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авна”, 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд газар өмчлөн авах эрх бүхий иргэн нь зөвхөн хуульд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах бөгөөд ийнхүү газрыг өмчлөн авахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох эрх бүхий этгээдэд өргөдөл, хүсэлт гаргах замаар эрх бүхий бүхий этгээдүүдийн шийдвэрийн дагуу тухайн газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн дээр өмчлөхөөр, харин аливаа газрыг эзэмших хүсэлтэй тохиолдолд эзэмшихийг хүссэн тухайн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангасан байхаар, нөгөө талаас эрх бүхий этгээд нь иргэнд газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулахаар байх бөгөөд иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгохоор байна.
Мөн түүнчлэн иргэнд газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлэх нөхцөлийг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.6-д “иргэнд газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ”, 5.1.6.1-д “иргэний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшүүлсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг худалдаж түүнд өмчлүүлэх”, 5.1.6.2-т “иргэний хувийн хөрөнгөөр шинээр барьж байгуулах, хуульд заасан журмаар хувьчилж авах, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авах барилга байгууламжид зориулан өмчлөх газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа тохиолдолд дуудлага худалдаа явуулах замаар өмчлүүлэх” гэж тус тус заасан байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” А/417 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6.1, 21 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Худалдаа үйлчилгээний зориулалтаар газраа өмчилж авахыг хүссэн Өлгий сумын 10 дугаар багт оршин суугч нэхэмжлэгч Ө.Ад, 11 дүгээр багт 1 дүгээр 24 айлын орон сууцны зүүн талд байрлалтай 28 м.кв эзэмшил газрыг 140,000 төгрөгөөр худалдаж өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээр дурдсан холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн, хуульд нийцээгүй шийдвэр болох талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ө.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” А/417 дугаар захирамжаар өмчлүүлсэн 28 м.кв газрыг өмнө нь эзэмшиж, ашиглаж байгаагүй, уг газар нь Өлгий сумын тухайн жилийн /2016 оны/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 15 дугаар тогтоол, түүний хавсралтаар тогтоогдсон байх бөгөөд хуульд заасан иргэнд газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар өмчлүүлсэн газар биш буюу тухайн газарт барилга, байгууламж баригдаагүй, нэхэмжлэгч өөрийн хувийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшүүлсэн газар биш, хуульд зааснаар дуудлага худалдаа явуулах замаар өмчлүүлээгүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байх тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн маргаан бүхий А/417 дугаар захирамжийг хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг ойлгохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Сууц өмчлөгч нь дараахь эрхтэй”, 13.1.1-д “Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд заасан эрх”, 15 дугаар зүйлийн 15.6-д “Сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно” гэж тус тус заасны дагуу сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, зориулалтын дагуу ашиглах эрхтэй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 168 дугаар захирамжаар Өлгий сумын төвийн нийтийн зориулалттай орон сууцнуудад ашиглуулах газрын байршил, хэмжээг схем зургийн хамт хавсралтаар баталж “Береке” сууц өмчлөгчдийн холбоонд хууль журмын дагуу хувийн хэрэг нээж газар ашиглах эрхийг баталгаажуулахаар шийдвэрлэж, мөн тус аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Нийтийн орон сууцны орчны газрыг тогтоох тухай” А/623 дугаар захирамжаар Өлгий хотын төвд байршилтай нийтийн зориулалттай зарим орон сууцны орчны газрын схем зураг хил зааг, талбайн хэмжээг шинэчлэн тогтоосон байх бөгөөд хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 168, 2018 оны А/623 дугаар захирамж, тэдгээрийн хавсралт, Х.С-н 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 424 дүгээр албан бичиг, түүний хавсралт зэргээс үзэхэд нэхэмжлэгчид өмчлүүлсэн 28 м.кв газрын ихэнх хэсэг нь аймгийн Засаг даргын 2006 оны 168 дугаар захирамжаар тогтоосон 3700 м.кв орчны газарт хамаарч байх бөгөөд аймгийн Засаг даргын 2018 оны А/623 дугаар захирамжаар шинэчлэн тогтоосон 1 дүгээр 24 айл, 1, 2 дугаар “Нурлы тан” орон сууцны орчны 5473 м.кв газартай бүхэлдээ давхацсан болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/272 дугаар /хх-41/ захирамжаар Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай хуучин аймгийн Прокурорын газрын эзэмшилд байсан 923 /890/ м.кв газрыг Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 479 дүгээр тогтоолын дагуу 3064433 регистрийн дугаартай Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний алба, хамтран эзэмшигч 2712253 регистрийн дугаартай Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт төрийн захиргааны байгууллагын зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд үүний дараа мөн тус аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн маргаан бүхий А/417 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 28 м.кв эзэмшил газрыг худалдаж өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, ийнхүү өмчлүүлсэн нь урьд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/272 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний алба, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт эзэмшүүлсэн газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “... Шүүхийн шинжилгээний албаны эзэмшил газар нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны ... А/417 дугаар захирамжаар худалдаа, үйлчилгээний зориулалтаар Ө.А-д өмчлүүлсэн 28 м.кв газартай 0,14 м.кв-аар давхцаж байна ...” гэх 2020/а6 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/272 дугаар захирамж хүчинтэй байхад нэхэмжлэгчид маргаан бүхий 28 м.кв газрыг давхцуулан өмчлүүлсэн, нэхэмжлэгчид өмчлүүлсэн уг газарт 1-24 айлын орон сууцны суугчид, сууц өмчлөгчдөд зориулагдсан ямар нэгэн барилга, байгууламж баригдаагүй хэдий ч аймгийн Засаг даргын 2006 оны 168, 2018 оны А/623 дугаар захирамжуудаар 1-24 айлын орон сууцны орчны газар гэж тогтоож ашиглуулахаар шийдвэрлэсэн газруудтай давхцалтай зэргээс үзэхэд нэхэмжлэгчид газар өмчлөх эрх олгож шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/417 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 168, 2018 оны А/623 дугаар захирамжуудын дагуу тус аймгийн Засаг дарга “Береке” сууц өмчлөгчдийн холбоотой газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумд “Береке” сууц өмчлөгчдийн холбоо байхгүй бөгөөд Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэлгүй болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 416 /хх-154/, мөн аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3/306 /хх-182/ дугаар албан бичгүүдээр тогтоогдсон байх боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно” гэж зааснаар сууц өмчлөгчдийн холбоог байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй болох нь аймгийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаар захирамжаар тогтоогдсон, холбоо бүртгүүлээгүй нь орон сууцны суугчид, өмчлөгчдийг буруутгах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл болохгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Хэдийгээр хэрэгт Ө.А-ийн өмчлөлд байгаа газрын байршлын кадастрын зураг, Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт авагдсан, нэхэмжлэгчээс “... анх өмчлүүлэх газрын схем зургийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Ерөнхий архитектор баталж Өлгий сумын ерөнхий архитектор зөвшөөрч байсан ... холбогдох хүмүүс нь чиг үүргийн дагуу зөвшөөрсөн ...” гэж тайлбарлан маргасан байх боловч хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3-02/548, тус аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1-01/886, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1063, мөн тус аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/250 дугаар албан бичгүүд, Т.Зангарын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “... Б.М-ын үйлдсэн ... зургийг үндэслэж үйлдсэн ... Ө.А нь өргөдлөө аймгийн Засаг даргад гаргасан байх учиртай ... А/417 дугаар захирамжийг үндэслэж маргаан бүхий газарт кадастр хийсэн ...”, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “... захирамж нэгэнт гарсан байсан тул газар өмчлөгчийн улсын бүртгэлд /дэвтэрт/ бүртгэн нэгж талбарын дугаар олгож ...” гэх мэдүүлгүүд зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ө.А-ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу маргаан бүхий 28 м.кв газрыг өмчлөх хүсэлт гаргаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчээс тухайн цаг үед холбогдох эрх бүхий этгээдэд тухайн газраа өмчлөх хүсэлт гаргасан тухай баримт нотолгоог гаргаж, мэтгэлцээгүй байх бөгөөд шүүхээс шаардсаны дагуу нотлох баримтаар ирүүлсэн дээрх Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Өлгий сумын Засаг дарга нарын тайлбар, албан бичиг үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй юм.
Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Ө.А Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны маргаан бүхий А/417 дугаар захирамж гарахаас өмнө тухайн 28 м.кв бүхий газраа өмчлөх хүсэлт гаргаж байсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгчид өмчлүүлсэн газар нь тухайн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, “Береке” сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар шийдвэрлэсэн /нийтийн зориулалттай орон сууцнуудад ашиглуулахаар/ аймгийн Засаг даргын 2006 оны 168, Шүүхийн шинжилгээний алба болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт төрийн захиргааны байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/272 дугаар захирамжууд хүчинтэй байхад давхцуулан хууль бусаар өмчлүүлсэн нь тогтоогдсон энэ тохиолдолд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны маргаан бүхий А/417 дугаар захирамжийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн “... өргөдлөө зохих журмын дагуу гаргасны дагуу надад газар өмчлүүлэх шийдвэр гарсан ... Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичигт өргөдөл гаргаагүй талаар дурдсан нь үндэслэлгүй. Миний гаргасан өргөдлийг зохих журмын дагуу бүртгэлд аваагүй нь миний буруу биш ... газар өмчлүүлэх тухай захирамж холбогдох хууль тогтоомж зөрчсөн бол энэ нь миний буруу биш ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Хэрэгт авагдсан Өлгий сумын 11 дүгээр багийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Тус багийн оршин суугч И.Т нь ... 1/24-10 тоотод бүртгэлтэй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 000143312, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000185174, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 000553518 дугаар гэрчилгээнүүд болон Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/а6 дугаар дүгнэлтэд “... хэмжилтээр ... газрын даамал Т.З-ын үйлдсэн кадастрын зураг нь 1 дүгээр 24 айлын /1-12/ орон сууцны барилга руу ертөнцийн зүгээр урд талаараа 0.05 м /5см/ орсон байна ... Шүүхийн шинжилгээний албаны эзэмшил газар нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны ... А/417 дугаар захирамжаар худалдаа, үйлчилгээний зориулалтаар Ө.Ад өмчлүүлсэн 28 м.кв газартай 0,14 м.кв-аар давхцаж байна ... 28 м.кв газарт барилга, байгууламж барих тохиолдолд уг газрын хажууд байрлах 1 дүгээр 24 айлын /1-12/ орон сууцны барилгын 2 дугаар орцны 1 дүгээр давхрын баруун талын хаалга буюу ертөнцийн зүгээр хойд талын тоотод оршин суух гуравдагч этгээд М.Дауренбекийн орон сууцны Зочны өрөөний хойд талын цонхыг хаах тул ...” гэж дүгнэсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчид маргаан бүхий 28 м.кв газрыг хууль бусаар өмчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/417 дугаар захирамжийн улмаас гуравдагч этгээд М.Д, И.Т, Ц.Т, Д.Е нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчид Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/417 дугаар захирамжаар 28 м.кв газрыг өмчлүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчиж өмчлүүлсэн, тухайн шийдвэр нь гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Шүүхийн шинжилгээний албаны эзэмшил газартай давхцалтай болох нь тогтоогдсон байх тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн маргаан бүхий А/417 дугаар захирамжийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас гуравдагч этгээд М.Д нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймээс нэхэмжлэгчийн “... нэр бүхий хүмүүс нь нэхэмжлэл гаргах эрх бүхий хүмүүс мөн үү гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, энэ талаарх холбогдох нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж аваагүй ... хэрэгт И.Т гэдэг хүний гэрчилгээ огт авагдаагүй ... И.Т нь тухайн байранд амьдардаг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү гэдэг нь ... эргэлзээтэй ... Д.Е нь өөрийн өмчлөлийн байрыг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Энэ нь Ө.А-д газар өмчлүүлснээс хойших үйл баримт бөгөөд 2016 онд Д.Еркегүл нь тухайн байранд амьдарч байсан нь тодорхой бус байхад түүнийг бие даасан шаардлага гаргасан нэхэмжлэгчээр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй ... М.Д-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Р, Ц.Т-ий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээнд З.М, З.А нар хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Энэ тохиолдолд М.Д, Ц.Т нар нь Б.Р, З.М, З.А нарыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй үү, дээрх хүмүүс нь өөрсдийг нь төлөөлөн ямар нэгэн итгэмжлэл өгсөн үү гэдгийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.3.3-т “газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх”, 25 дугаар зүйлийн 25.5-д “Газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний материалууд нь холбогдох хуулийн шаардлагыг хангасан байна” гэж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг, 3.1.2-т ”кадастрын зураглал” гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг, 3.1.3-т “”эдлэн газар” гэж Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газрыг”, 6 дугаар зүйлийн 6.2-т “Кадастрын зураглалын мэдээллийн санд дор дурдсан ажлын үр дүн, зураг мэдээлэл, бичиг баримт орно”, 6.2.3-т “эдлэн газар болон нэгж талбарын ялгах дугаар, хилийн шугамын эргэлтийн цэгийн солбицол, өндрийн жагсаалт, тодорхойлолтын нарийвчлалын үзүүлэлт”, 10.2-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2.1-т “газрын кадастрыг удирдах, зохион байгуулах”, 10.2.5-д “газрын кадастрын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох журам, заавар, аргачлалыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудын газрын кадастр, түүнийг эрхлэх төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах хэсгийн агуулгаас үзвэл газрын кадастрын зураглалын мэдээллийн санд эдлэн газар болон нэгж талбарын дугаар, хилийн шугамын эргэлтийн цэгийн солбицол, өндрийн жагсаалт, тодорхойлолтын нарийвчлалын үзүүлэлт орохоор байх бөгөөд Газрын тухай хуулийн дагуу иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон эдлэн газрын байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, түүний эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах үйл ажиллагаа болох газрын кадастр нь газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлд үндэслэхээр байх тул нэхэмжлэгчид газар өмчлүүлж шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/417 дугаар захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн энэ тохиолдолд газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, улмаар тухайн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн маргаан бүхий А/417 дугаар захирамж нь хуульд нийцээгүй, гуравдагч этгээд М.Д нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлгүй.
Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх шаардлагагүй Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2-т “дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах” гэж заасныг баримталсан нь мөн маргаанд хамаарах Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг баримтлаагүй нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 25 дугаар зүйлийн 25.5, 31 дүгээр зүйлийн 31.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 15 дугаар зүйлийн 15.6, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.А-ийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 1-24 айлын орон сууцны хойд талд байрлалтай 27,87 м.кв өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд М.Д нарын 4 хүний бие даасан шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” А/417 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ