Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 970

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Нийслэлийн Засаг дарга нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/920 дугаар захирамж гаргахдаа 6754 м.кв газар эзэмших эрхийг дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 6754 м.кв газар эзэмших эрхийг нөхөж олгуулахыг даалгах” шаардлага бүхий нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Г” ХХК нь “Р” ХХК-тай тус компанид Нийслэлийн Засаг даргын 2011 оны 678  дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт олгогдсон 15124 м.кв талбай газар эзэмших эрхийг шилжүүлж авахаар 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулж улмаар газар шилжүүлэх хүсэлт болон шаардлагатай бусад баримтын хамт Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газраас шилжүүлэн авч буй 15124 м.кв газрын хэмжээний дуудлага худалдааны анхны үнэ болох 239,564,160 төгрөг төлөх шаардлага тавьсан. Дуудлага худалдааны анхны үнэ төлөх хуулийн зохицуулалт нь газрын эзэмших эрх анх үүсэж буй харилцаанд хамааралтай боловч манай компани асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс уг хууль бус шаардлагыг биелүүлж 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зохих дансанд дээрх үнийн дүнгээр төлбөрийг төлсөн.

Гэвч Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21.2.3, 38.4 дэх хэсгүүдийг үндэслэл болгон 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/920 дугаар захирамжаараа манай компанийн эзэмшихээр шилжүүлж авсан 15124 м.кв газрыг 8370 м.кв болгож багасган үндэслэлгүйгээр 6754 м.кв газрыг хасаж шийдвэрлэсэн.

“Г” ХХК нь дараах үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Тус компанийн зүгээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ямар үндэслэлээр газрын хэмжээг хассан талаар зохих гомдлыг удаа дараа гаргаж байсан боловч хариуг хуулийн хугацаанд бичгийн хэлбэрээр өгөөгүй бөгөөд Рашааны тухай хуулийн заалттай холбогдуулж хассан талаар тайлбарыг тухайн үед хийж байсан.

Харин “Г” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17-3/87 тоот Нийслэлийн Засаг даргад гаргасан ээлжит гомдолд Нийслэлийн Газрын алба 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03/3379 дүгээр албан бичгээр хариу өгсөн болно. 

Уг хариуд “...Рашааны тухай хуулийн 8.1.2а-д заасныг үндэслэн ... талбайн хэмжээг хасч шийдвэрлэсэн ...” гэжээ.

Нийслэлийн газрын албанаас манай гомдолд ирүүлсэн хариуд Рашааны тухай хуулийг дурдаж байгаа боловч Рашааны тухай хууль нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хүчингүй болж рашаантай холбоотой  харилцааг Усны тухай хуулиар зохицуулж байгаа тул 2014 оны шийдвэрт тухайн үед хүчингүй болсон Рашааны тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.

Мөн “Г” ХХК-ийн эзэмшихээр шилжүүлж авсан газар нь 2012 оны Усны тухай хуулийн 22.10.1 дэх хэсэгт заасан хориглолтын бүс болох 100 метр зайнаас хол зайд байгаа тул Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргахдаа судалгаа, дүгнэлт, хэмжилт зэргийг хийгээгүй гэж үзэхээр байна. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, шилжүүлэн авах харилцааг зохицуулсан бөгөөд хуулийн 38.2, 38.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хүрээнд хянан үзэж ажлын 15 хоногийн дотор зохих шийдвэрээ гаргах ёстой.

Газрыг шилжүүлэн авч буй манай компани болон шилжүүлж буй компани нь хуулийн дээрх шаардлагыг бүрэн хангаж  байсан бөгөөд хүсэлт гаргасны дараа даруй нэг жилийн дараа хууль бусаар хэмжээг хассан нь өөрөө үндэслэлгүй юм. 

“Г” ХХК-иас тухайн үеийн Нийслэлийн Өмчийн харилцааны газар шилжүүлэн авч буй 15124 м.кв газрын хэмжээгээр анхан шатны дуудлага худалдааны үнэ болох 239,564,160 төгрөгийг төлүүлсэн атлаа газрын хэмжээг үндэслэлгүйгээр хасаж олгосон нь өөрөө хууль бус юм.

Газрын тухай хуулинд “газар эзэмших эрх дуусгавар болох” эсхүл “газар эзэмших эрхийг хүчингүй болгох” гэсэн газар эзэмшигчийн газар эзэмших харилцааг таслах хоёр ойлголтыг зохицуулж өгсөн бөгөөд эзэмшиж буй газрыг хасаж газар эзэмших эрхийг шилжүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй болно.

“Г” ХХК нь шилжүүлэн авсан 15124 м.кв анх олгосон зориулалтын дагуу орон сууц барихаар төлөвлөж зохих эскиз зураг боловсруулсан бөгөөд хууль бусаад хасагдсан 6754 м.кв талбайд Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-т “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэж заасан шаардлагын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай төлөвлөгдсөн болно.

Иймд Нийслэлийн Засаг дарга нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/920 дугаар захирамж гаргахдаа 6754 м.кв газар эзэмших эрхийг дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 6754 м.кв газар эзэмших эрхийг нөхөж олгохыг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”Г” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/920 дугаар захирамж гаргахдаа 6754 м.кв газар эзэмших эрхийг дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 6754 м.кв газар эзэмших эрхийг нөхөж олгохыг даалгах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна.

“Р” ХХК болон “Г” ХХК хоёр 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/13 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж хуучнаар нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт өгч хүсэлтийг газар эзэмшүүлэх эрхийн нэр шижлүүлэх үйл ажиллагааг жигдрүүлэх ажлын хэсгийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ Оргил рашаан сувиллын ариун  цэврийн хамгаалалтын бүсийг тогтоож талбайн хэмжээг хасаж шийдвэрлэсэн шийдвэр гарч тухайн захирамжийн дагуу “Г” ХХК нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж гэрчилгээг  гардан авсан байна. 

Улмаар “Г” ХХК нь  2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15/03/04 тоот өдрийн зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлт гаргаж хүсэлтийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэж үйлчилгээний орон сууцны зориулалтаар болгон өөрчилж 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн  А/246 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай болгосон байна. 

“Г” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16-03/144 тоот албан бичгээр нийслэлийн газрын албанд хүсэлт гаргаж эзэмшил газрын 3370 м.кв газрыг “У О” ХХК-руу шилжүүлэх хүсэлт гаргаж улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/91 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч компанид 5000 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний орон сууц зориулалтаар 15 жилийн  хугацаатай газар эзэмшүүлэх шийдвэрийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2014 оны А/920 дугаар захирамж нь нэхэмжлэгч компаний хуулиар олгогдсон эрх ашиг сонирхолыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/920 дугаар захирамж гаргахдаа 6754 м.кв газар эзэмших эрхийг дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 6754 м.кв газар эзэмших эрхийг нөхөж олгуулахыг даалгах” гэж тодорхойлсоны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.

Шүүх хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ. 

Нэг. “Г” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2014 оны А/920 дугаар захирамжаар газрын хэмжээг багасгаж олгосон шийдвэрийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох удаа дараагийн гомдлоос харагдаж байгаа бөгөөд Нийслэлийн Газрын албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03/3379 дүгээр албан бичгээр гомдолд өгсөн хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болно.

Хоёр. Нэхэмжлэгч “Г” ХХК нь “Р” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан 15124 м.кв газрыг шилжүүлж авахаар 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан шаардлагатай баримтуудыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг дарга нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А/920 дугаар захирамжаараа “Г” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж шийдвэрлэхдээ газрын хэмжээг 8370 м.кв болгож багасгасан байна. Хариуцагч нь ийнхүү газрын хэмжээг 6754 м.кв хэмжээгээр багасгахдаа маргаан бүхий газар нь Рашааны тухай хуулийн 8.1.2 ”а”-д заасан ариун цэврийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа гэж үзжээ. 

Нийслэлийн Засаг дарга энэхүү шийдвэрийг гаргахдаа 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хүчингүй болсон Рашааны тухай хуулийг үндэслэж байгаа нь хууль бус бөгөөд 2012 оноос рашаантай холбогдсон харилцааг Усны тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ зохицуулж байгаа билээ.

2012 оны Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10-т “Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно”, 22.10.1-д “рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг”, 22 дугаар зүйлийн 11-д “Рашааны эрүүл ахуйн бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 22.11.1-д “рашаан шууд авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулах”, 22.11.2-т “хог хаягдал хаях, химийн бодис хадгалах” гэж тус тус заасан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03/1551 дугаар албан бичгээр “...ариун цэврийн бүсийг рашааны эх үүсвэрээс 100 метрт тогтоон хашаажуулж, хориглолтын бүсийг ариун цэврийн бүсээс 200 метрт тогтоон тэмдэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна” гэжээ. Энэхүү мэдэгдлийн дагуу цооногоос 100 метрийн радиуст тэгш 4 өнцөг бүхий хашаа барьж хамгаалалтанд авсан болох нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдож байна.

Мөн дээрх хашаа нь “Г” ХХК-ийн шилжүүлж авсан 15124 м.кв газрын хилийн хязгаар болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэгж талбарын 18643308154797 дугаар кадастрын зураг болон хэргийн оролцогчдын төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул маргаан бүхий газар нь рашааны эрүүл ахуйн бүсэд хамаарахгүй.

 Харин Усны тухай хуулийн 22.10.2-т “... 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг”, 22.12-т “Рашааны хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 22.12.1.рашааныг ашиглах зориулалттай барилга байгууламжийг хаягдал ус цэвэрлэх, зайлуулах байгууламжгүй барих”, 22.12.2-т “газар тариалан эрхлэх, мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх”, 22.12.3-т “хог хаягдал хаях, хадгалах, бохирын цооног байгуулах” гэж зааснаар рашааны хамгаалалтын бүсэд ямар үйл ажиллагаа явуулж болохгүйг тодорхой зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох ”Д Э Т” ХХК-ийн боловсруулсан эскиз зураг ёсоор Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/920 дугаар захирамжаар хассан  маргаан бүхий газар нэхэмжлэгч нь ирээдүйд спорт тоглоомын талбай, ногоон байгууламж, явган хүний зам төлөвлөсөн байгаа нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10.2 дахь хэсэгт заасан хориглолтын бүсэд хориглосон үйл ажиллагаа биш болно.

Түүнчлэн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.14-т “Рашааны дэглэмийг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу нь эрх бүхий яамнаас эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн тогтоосон шийдвэр маргаан бүхий газарт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “...талбайн хэмжээг хасаж шийдвэрлэсэн шийдвэрийг “Г” ХХК нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, 3370 м.кв газрыг “У О” ХХК-д шилжүүлсэн зэрэг нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/920 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт” гэж мэтгэлцсэн.

Аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах зорилгын хүрээнд “Г” ХХК нь эзэмшил газартаа бусад аж ахуйн нэгжүүдийн хамт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган тодорхой ажил хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. 

Иймээс Нийслэлийн Засаг дарга 2014 оны А/920 дугаар захирамжийг гаргахдаа газрын хэмжээг багасгаж шилжүүлсэн эс үйлдэхүйтэй нэхэмжлэгч маргаж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр эзэмшиж байгаа бусад газартаа хуулиар зөвшөөрөгдсөн эрх хэмжээний хүрээнд эзэмшлээ хэрэгжүүлсэн үйл баримт нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэтгэлцээнийг шүүх хүлээн авах боломжгүй.     

Газрын  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж газар шилжүүлэх шийдвэр гаргахад захиргаанаас хийгдэх ажиллагаануудыг тодорхой хуульчилсан бөгөөд Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тохиолдолд газрыг шилжүүлэх шийдвэр гаргах үүргийг хуулиар хүлээлгэсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар ёсоор “Г” ХХК-ийн захиргаанд гаргасан хүсэлт болон холбогдох баримтууд нь хуулийн дээрх шаардлагыг хангаж байсан нь тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг бүрэн хэмжээгээр шилжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус гэж шүүх дүгнэлээ. 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч компани газар шилжүүлэх хүсэлт гаргасантай холбогдуулан хариуцагч нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу 15124 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 239,564,160 төгрөгийг төлөхийг “Г” ХХК-иас шаардсан байна. “Г” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дээрх үнийн дүнг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зохих дансанд бүрэн хэмжээгээр шилжүүлсэн нь 1139 дугаар төлбөрийн даалгавраар нотлогдож байна. Хариуцагчаас төлбөрийг хүлээн авсан үйл баримт нь шилжүүлж буй газрын нийт хэмжээгээр  буюу 15124 м.кв газрыг нэхэмжлэгч “Г” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргах үүргийг Нийслэлийн Засаг дарга хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг  шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана..” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/920 дугаар захирамж гаргахдаа нийт шилжүүлж буй газрын хэмжээгээр буюу 15124 м.кв газрыг “Г” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргах ёстой юм.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий шийдвэр гаргахдаа хүчингүй болсон хуулийн заалтыг баримтлан шийдвэр гаргасан, зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь нотлогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10.1, 22.10.2, 22.11.1, 22.11.2, 22.12.1, 22.12.2, 22.12.3, 22.14, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2,  38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2, 38.3.3, 38.4 дэх хэсгүүдийг тус тус баримтлан “Г” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/920 дугаар захирамжийг гаргахдаа “Г” ХХК-д 6754 м.кв газар эзэмших эрхийг дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-д 6754 м.кв газар эзэмших эрхийг нөхөн олгохыг даалгасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ