| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/00412/И |
| Дугаар | 419 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 419
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “Тал булаг”-ийн уурхайд оршин суух, /РД:ОО59081678, утасны дугаар 96966144/, Булгадар овогт Намнангийн Баттулгын
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Баттулга шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Н.Баттулга нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хруалдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь 1984 оны 09 дүгээр сарын 18-ний өдрөөс Увс аймгийн Тэс сумын Хорголжин тэжээлийн үйлдвэрт давс няцлагчаар ажиллаж байгаад 1987 оны 11 дүгээр сарын 12-нд уг ажлаас чөлөөлөгдөж жолоочоор ажилласан. 1994 оны 8 дугаар сарын 01-нд тус байгууллага татан буугдаж ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас гарсан тушаал бичигдсэн байсан боловч тухайн дэвтрийг нийгмийн даатгалын байгууллагаас баталгаажуулалт хийж шинэ дэвтэр олгоно гэж аваад эргэн өгөхгүйгээр хөдөлмөрийн дэвтэр хүлээлцсэн акт гэсэн баримтыг өгсөн. Энэхүү баримтыг тэтгэвэр тогтоолгоход баримтлахгүй гэсэн шаардлага тавихад миний бие Увс аймгийн архивт хандан лавлагаа гаргуулахад 1984 оны 9 дүгээр сараас 1992 оны 9 дүгээр сарыг дуустал цалин түүвэрлэгдэж , 1992 оны 10 дугаар сараас 1994 оны 8 дугаар сар хүртэлх цалингийн сан гарахгүй байсан юм. Тухайн үед 1992-1994 онд ажиллаж байсныг гэрчлэх албан ёсны нийгмийн даатгалын байцаагчийн тамга тэмдэгтэй баримт байгаа нь ажиллаж байсныг бүрэн гэрчилнэ. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материалаа нийгмийн даатгалд өгөхөд энэхүү архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр хүлээлцсэн актаа шүүхээр баталгаажуул гэсэн шаардлага тавиад байна. Иймд миний 1984 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Хорголжин тэжээлийн үйлдвэрт давс няцлагч, жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Булгадар овогт Намнангийн Баттулга нь 1984 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Хорголжин тэжээлийн үйлдвэрт давс няцлагч, жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Н.Баттулга нь 1984 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Хорголжин тэжээлийн үйлдвэрт давс няцлагч, жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Увс аймгийн Тэс сумын ТАА-д 1984-1992 оны цалингийн тодорхойлолтын хуулбар, 1995 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр хүлээлгэн өгсөн тухай актны хуулбар, 1990 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 06696 дугаартай улсын бүртгэлийн баталгаа, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар,
-гэрч Тайж овогт Сосорын Батнасан /РД:ОО50110773, /-ийн Н.Баттулга нь Увс аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйн салбар Хорголжин тэжээлийн аж ахуйд 1984-1986 он хүртэл нормчноор, 1987-1990 он хүртэл тус тэжээлийн аж ахуйд УАЗ машины жолоочоор тус тус ажиллаж байсан. Тэгээд тэжээлийн аж ахуй нь компани болсон бөгөөд Н.Баттулга компаний мал маллаж байсан. Би Увс аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйд тракторчнаар 1978-1990 он хүртэл ажилласан. Би Н.Баттулгыг сайн мэднэ. Цэргээс халагдаж ирээд тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг,
-гэрч Батнаахан овогт Төмөрийн Цэвэлмаа /РД:ОО62072261/-ийн Н.Баттулга Увс аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйн салбар Хорголжин тэжээлийн аж ахуйд 1984 оноос давс няцлагч машин дээр ажиллаж байгаад, дараа нь үйлчилгээний УАЗ машины жолоочоор 1987-1994 он хүртэл ажиллаж байсан. Би Увс аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйд нягтлан бодогчоор 1983-1992 он хүртэл ажилласан. Би Н.Баттулгатай хамт нэг аж ахуйд ажиллаж байсан болохоор ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Иймд Н.Баттулгын хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Булгадар овогт Намнангийн Баттулга нь 1984 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Хорголжин тэжээлийн үйлдвэрт давс няцлагч, жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ