Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 425

 


    Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3-р баг Үнэгт гэх газар нутаглах /РД:ЛИ57050177, утасны дугаар 89660040/ Бор овогт Өвгөний Дугаржавын 

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 2016 оны 11-р сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Хүсэлт гаргагч Ө.Дугаржав нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Хүсэлт гаргагч Ө.Дугаржав нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1971-1975, 1978-1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааны зарим онуудыг хөдөлмөрийн дэвтэрт бичсэн боловч зарим нь бөглөгдөөгүй зэрэг шалтгааны улмаас ажилласан жилээ шүүхээр баталгаажуулах шаардлагатай байна. Иймд миний Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1971-1975, 1978-1989 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 
 
Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:
    
 Хүсэлт гаргагч Бор овогт Өвгөний Дугаржав нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1971-1975, 1978-1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Ө.Дугаржав нь “Миний бие нь ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Түвшинширээ сумын хөдөө малчин учраас цас зудтай байгаа тул олон дахин ирэх боломжгүй байна. Шүүхэд гаргасан нотлох баримтын хүрээнд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн  хүсэлтийг  ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Бор овогт Өвгөний Дугаржав нь 1971 оны 1 дүгээр сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал, 1978 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд  малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 10-р сарын 26-ны өдрийн 245/15 тоот лавлагаа, 1988 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Монгол ардын намын 110294 дугаартай гишүүний батлах, 1970 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар, 
    гэрч Боржигон овогт Пүрэвжавын Ганболд /РД:ЛИ59021476/-ын “Ө.Дугаржав Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн 3-р бригадад 1978 оноос хувьчлал гартал хоньчноор ажиллаж байсан. 1975 онд цэрэгт яваад 1978 онд халагдаж ирсэн. Тэгээд л тухайн нэгдэлд тасралтгүй ажилласан. Аав ээж нь бас малчин байсан. Одоо ч малаа малласаар байгаа. 1975 оноос өмнө хаана ажиллаж байсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг, 
    гэрч Хардал овогт Жадамбын Занабазар шүүхэд мэдүүлсэн: “Ө.Дугаржав Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн 3-р бригадад ээж, аавын хамт адуу, хонь маллаж байсан. Ө.Дугаржав нь нэгдэл байгуулагдахаас эхлээд нэгдэл тартал аав ээжийн хамт мал малласаар ирсэн.    Би тухайн үед Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд нэгдэл байгуулагдснаас эхлээд нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан” гэх  мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ө.Дугаржавын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
 
Хүсэлт гаргагч Ө.Дугаржав нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болно. 
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Бор овогт Өвгөний Дугаржав нь 1971 оны 1 дүгээр сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал, 1978 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд  малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ө.Дугаржавын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ