Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/40

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Ч.М

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М-аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х....... овогт Б.Д-д холбогдох эрүүгийн 2021........... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шалгал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ........ овогт Б.Д. /РД:................/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2020 оны 01 сарын 07-ны өдөр орой 20 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “........” гэх оёдлын газарт хохирогч Б.Г той маргаан үүсгэж улмаар нүүр рүү нь гараараа цохиж биед нь “...зөөлөн эдийн няцрал...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 01 сарын 07-ны өдөр орой 20 цагийн орчим согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “.......................” гэх оёдлын газарт хохирогч Б.Г той маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын Прокурор Ч.М-аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2021............. дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “........................” оёдлын газарт оёдолчноор ажилладаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой 19 цагийн үед ажлаа тарах дөхөхөөр нь нөхөр Г руу утсаар залгаж “намайг ирж ав” гэсэн юм. Тухайн үед би ажил дээрээ хамт ажилладаг У, У-ийн төрсөн дүү Д нарын хамт байсан бөгөөд Д нь согтуу эгчтэйгээ юм ярьж байгаад шалан дээр унтаад өгчихсөн. Удалгүй манай нөхөр Г-ийн орж ирэх чимээнээр Д нь сэрчихээд манай нөхөр рүү “Гоо, чи надтай хундага тулгаад архи ууж байсан биз дээ” гэхэд манай нөхөр юу яриад байгаа юм, хэзээ би чамтай архи ууж байсан юм гэж хэлэхэд нь Д манай нөхөр рүү салаавч өгч, газраас босч ирээд манай нөхрийг зодох гэж дайрахад нь эгч У нь дүүгээ салгаж холдуулсан чинь эгчийгээ түлхэж холдуулаад манай нөхрийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.  ...Д-ийн төрсөн ах Э нь ирж дүүгээ машиндаа суулгасан. Тэгэхэд манай нөхөр цагдаа нар ирж байгаа, дүүгээ байлгаж бай гэж хэлтэл Д машинаасаа бууж ирээд манай нөхрийн нүүр рүү дахин нэг удаа цохиход ах Э нь дундуур орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“.......................” оёдлын газарт ажиллах эхнэр У ажлаа тарсан гэхээр нь очиж авахаар очсон юм. ...Д согтуу унтаж байсан. Тэгсэнээ Д нь сэрэнгүүтээ над руу “хөөе Гоо, чи надтай архи ууж байсан биз дээ” гэхээр нь юу яриад байгаа юм, би чамтай хэзээ архи ууж байсан юм гэтэл над руу салаавч өгөөд босч ирээд над руу ойртоод ирсэн. Тэр үед би сандал дээр утсаараа юм үзээд сууж байсан чинь намайг толгойгоороо мөргөх гэтэл эгч У нь дүүгээ татаж авсан. Тэгсэн Д эгч У-ийгаа цааш нь түлхэж холдуулаад миний нүүр рүү нэг удаа цохихоор би босч ирэхэд У, манай эхнэр У нар нь Д байрнаас түлхэж гаргасан. ...Тэгээд би Д-ийн араас гарахад Д-ийнтөрсөн ах Э нь ирчихсэн дүүгээ машиндаа суулгаад авч явах гэж байхаар нь би “цагдаа дуудчихсан байгаа, Д-ийг байлгаж бай” гэж хэлтэл Д машинаас бууж ирээд дахин миний нүүр рүү нэг удаа цохисон. ...би эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,  

-Dornod BOET- зураг, Яаралтай тусламжийн хуудас, №238 /хх-ийн 19-20 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн .........дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Б.Г-ийн биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.Д-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Г-ийн шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал байхгүй тухай Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 35 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2021.......... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 01 сарын 07-ны өдөр орой 20 цагийн орчим согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “........................” гэх оёдлын газарт хохирогч Б.Г-той маргаан үүсгэж цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.У /хх-ийн 14-15 дугаар хуудас/, хохирогч Б.Г /хх-ийн 08-09 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж-ийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ..... дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, №..................../хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан байдал болон түүний  хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Б.Д-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Д-ийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..........овогт Б Д-ийгМонгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Д-ийг450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Д-ийн /ЖЯ.........../ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН