Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/73

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт П.Б холбогдох эрүүгийн 2021............ дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19......оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, эрэгтэй,....... настай, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг “............” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Т овогт П.Б. /РД:.............../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.Б нь Дорнод аймаг дахь Сэргэлэн сум 2 дугаар баг “З” гэх газарт согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Ц.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар тонгорч унаган “зүүн шаант ясны гадна булууны улмаас ар хэсгийн далд хугарал, шаант ясны төв хэсгийн босоо чиглэлтэй бүрэн бус далд хугарал, урд холбоосын хагас урагдал” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б нь Дорнод аймаг дахь Сэргэлэн сум 2 дугаар баг “….....” гэх газарт согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Ц.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар тонгорч унаган “зүүн шаант ясны гадна булууны улмаас ар хэсгийн далд хугарал, шаант ясны төв хэсгийн босоо чиглэлтэй бүрэн бус далд хугарал, урд холбоосын хагас урагдал” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын Прокурор Ц.Л-ээс  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2021........... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу миний төрсөн өдрийн өглөө 07 цагийн орчимд Улаанбаатар хотоос миний хуурай ах ......... 2 хүүгийн хамтаар ирсэн юм. ... ах бид хоёр ...дэлгүүрээс 0.75 литрийн архинаас 2 шилийг аваад ...нэг шилийг хувааж уусан юм. Ингээд гэрийнхээ үүдэнд буюу малын хашааны урдхан талд нутгийн залуу П.Б, А, Г гурав таарсан ...******* эзэмшлийн Х.Портер маркийн ...........ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. ...машины гадаа П.Б, Ш ахтай маргалдаад ямарч байсан тонгороод газарт унагаасан бөгөөд өөр ямар нэгэн байдлаар зодолдсон эсэхийг нь миний хувьд хараагүй. Энэ үед Шаагаа ахын хоёр хүүхэд нь ирээд салгасныг бол харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний орой ...17 цагийн орчимд байх ...нутгийн дүү П.Б нэлээд согтуу орж ирээд агсам тавьж “та нарыг ална” бүгдээрээ гараад ир” гээд хашхираад дайраад байхаар нь би П.Б-д хандан “боль боль миний дүү  хоёулаа гарч уулзъя” гээд тайвшруулах гээд гэрээс хамт гарч байхад гэрийн үүдэнд буюу гэрийн таамбар дотор П.Б надад уурлан шууд намайг тонгорч газарт унагаад дээрээс цохих гэж байхад миний араас гарч ирж байсан найз Х хараад П.Б-г надаас салгахад П.Б буцаж Х-ийг бариад тонгороод мөн газарт унагаад дээрээс нь цохих гэж байхад нь би бас салгасан. Ингээд намайг газраас босгоход миний зүүн хөл эвгүй болоод тэрхэн үед бага зэрэг өвдөж байсан бөгөөд маргааш өглөө нь хавдаж эхлээд Дорнод аймагт ирээд зүүн хөлийнхөө зургийг авахуулаад Улаанбаатар хот руу зургийг нь явуулсан юм. ...П.Б надад эмчилгээний зардал гэж бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... тухайн үед тэр хоёр ямар ч байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд миний хувьд Улаанбаатар хотоос хоёр хүүхдийн хамтаар ирсэн гэх ахимаг насны ахад хандан “танай хүү чинь манай найзтай танилцаад, надтай танилцаагүй” гэж хэлээд маргалдсан бөгөөд сүүлдээ маргаан нь ширүүсч тэр газартаа бие биенээ заамдсан юм. Энэ үед би тэр ахыг тонгорч унагаахад хажууд хамт байсан найзууд болон Ц.Г ахын эхнэр Б эгч найзынхаа хамтаар мөн салгасан юм. ...өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...”гэв.

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ..................дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Ц.Г-ын биед зүүн таант ясны гадна булууны ар хэсгийн далд хугарал, шаант ясны төв хэсгийн босоо чиглэлтэй бүрэн бус далд хугарал, урд холбоосын хагас урагдал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

     3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

     Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ц.Г нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2021............ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б нь Дорнод аймаг дахь Сэргэлэн сум 2 дугаар баг “З” гэх газарт согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Ц.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар тонгорч унаган “зүүн шаант ясны гадна булууны улмаас ар хэсгийн далд хугарал, шаант ясны төв хэсгийн босоо чиглэлтэй бүрэн бус далд хугарал, урд холбоосын хагас урагдал” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч П.Б /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хохирогч Ц.Г /хх-ийн 08-11 дүгээр хуудас/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ....... дугаартай дүгнэлтийн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан байдал болон түүний хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Ц.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч П.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Б-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /наймаас/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Т овогт П.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /наймаас/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Б-ийн /РД:.............../ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН