Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 006

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгч А.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т т холбогдох 191344444444444 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 30-ны өдөрБ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БӨ аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суудаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.Т , регистрийн дугаар БВ834444444444.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч А.Т  нь 2019 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 23 цагийн үед Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 00-00 БӨА улсын дугаартай “Митсубиши Л200" пикап маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож яваад хяналт шалгалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н ийн албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэн, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгуулахаас зайлсхийж, улмаар цагдаагийн алба хаагч, д/а Б.Н  нь 00-00 БӨА улсын дугаартай “Митсубиши Л200” пикап маркийн тээврийн хэрэгслийн хаалгыг нь татах үед машин урагшаа хөдлөөд тээврийн хэрэгсэлд чирэгдсэн ба хууль сахиулагчийг эсэргүүцэж, алба хаагчийн биед халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн тодорхойлолт.

1. Шүүгдэгч А.Т  мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”  гэв.

2. Иргэний нэхэмжлэгч Л.У ын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бичсэн: “...яллагдагч А.Т  нь тус аймаг дахь Цагдаагийн газрын үндсэн хөрөнгө болох албаны энгэрийн камерын оронд Улаанбаатар хотоос стандарт шаардлага хангасан энгэрийн камер авахуулан өгч, байгууллагыг хохиролгүй болгосон тул нэхэмжлэх зүйлгүй болно” гэх тодорхойлолт.

Хоёр: Эрүүгийн 191344444444444 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 51-55 дугаар хуудас/,

2. Хохирогч Б.Н ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн: “Миний бие А.Т т ямар нэгэн гомдол байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулж авсан” гэх гарын баримт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч Л.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

4. Гэрч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

5. Гэрч Ш.Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

7. Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б  2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

8. Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

9. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас/,

10. Хохирогч Б.Н ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/,

11. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.А ын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Ө сумын нутаг дэвсгэрт явган болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь томилогоо” /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

12. Шүүгдэгч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Т ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Т  нь 2019 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 23 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 00-00 БӨА улсын дугаартай “Митсубиши Л200" пикап маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа хяналт шалгалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н ийн албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгуулахаас зайлсхийж, 00-00 БӨА улсын дугаартай “Митсубиши Л200” пикап маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд С  машинаа зогсоох үед нөгөө мод ачсан машин бас зогссон, тэр үед би машинаас буугаад мод ачсан хагас ачааны 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн туслах талаас очиж, хаалгыг нь татах үед хаалгаа дотроос цоожилж авсан байсан ба тэр үед мод ачсан машин урагшаа хурдтай хөдөлсөн”, “Тэр үед би тус машины хаалганы бариулаас гараа авч амжилгүй, эхэндээ хоёр хөлөөрөө 15-20 гаруй метр газар чирэгдсэн, дараа нь баруун гараараа машины нэг зүйлээс нь барьж аваад хоёр хөлөө хумиад машинд наалдаад 50-60 гаруй метр явсан”, “Тэр үедээ нөгөө машин хурдаа дахин нэмээд явах үед миний хөл халтираад газарт зүүн мөрөөрөө унаад хоёр, гурван удаа өнхрөөд боссон" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 51-55 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Н ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн: “Миний бие А.Т т ямар нэгэн гомдол байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулж авсан” гэх гарын баримт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

- Иргэний нэхэмжлэгч Л.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н  нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр томилгооны дагуу тус өдрийн оройн эргүүлд үүрэг гүйцэтгэх явцад иргэн А.Т  нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсний улмаас түүнд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон албан энгэрийн камер алга болж гээгдсэн байна. А.Т ийн зүгээс одоогийн байдлаар албаны энгэрийн камерын үнэ өртгийг барагдуулсан асуудал байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

- Гэрч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед би машинаа зогсоох үед нөгөө машин бас зогссон бөгөөд Н  миний машинаас буугаад уг машины хаалганы хажууд нь очоод хаалгыг нь татах үед 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шууд хөдлөөд яваад өгсөн, тухайн үед Н ийн гар нь тус машины хаалганы бариулнаас барьсан чигээрээ ойролцоогоор 10 гаруй метр газар тус машинд чирэгдээд явсан. Яг бүтэн биеэрээ, эсхүл хөлөөрөө чирэгдсэнийг сайн хараагүй, гадаа нийлэн харанхуй байсан, тэгээд би араас нь гүйгээд очих үед Н  нь газарт уначихсан, толгой нь зулгарсан цус гарсан байхаар нь шууд цагдаагийн газар луу ирж байтал Н ийн энгэрийн камер, малгай нь байхгүй байхаар нь буцаж очоод чирүүлсэн газраас хайж үзсэн боловч энгэрийн камер, малгай нь байгаагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

- Гэрч Ш.Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тус өдрийн шөнийн 23 цагийн үед би ажил дээрээ сууж ажилласан бөгөөд санаж байгаагаар 23 цаг өнгөрч байхад, тухайн үед би Цагдаагийн газрын үүдний танхимд зогсож байтал гаднаас эргүүлийн цагдаа Б.Н , Д.С  нар орж ирсэн. Тухайн үед эргүүлийн цагдаа Б.Н  нь малгайгүй байсан бөгөөд би түүнд “малгай чинь яасан бэ” гэж асуухад Б.Н  “сая эргүүлд гарч яваад машин шалгах үед 00-00 БӨА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн, Митсубиши пикап загварын тээврийн хэрэгслийг шалгахаар машины жолооч эсрэг талын бариулаас татаж, хаалгыг нь онгойлгох гэж байтал шалгуулахаас зайлсхийж, шууд хөдөлж явах үед машины хаалганы бариулд миний гар тээглэгдэн хэсэг чирэгдэж явж байгаад гар маань бариулаас мултрах үед газарт унасан. Машинд чирэгдэж явж байхад нөгөө гараараа машины тээшнээс барьж дээр нь гарах гэж оролдоход өмсөж явсан албаны малгай болон энгэрийн камераа тухайн машины тээшинд унагааж авсан. Тухайн машин тэр чигтээ зогсолгүй яваад өгсөн. Би газар унах үед зүүн хажуу хэсгээрээ унасан” гэж хэлсэн. Тэр үед Б.Н ийн гадна савхин хүрэм болон өмд нь нь шороогоор бохирлогдсон байсан.

...Өглөө 10 цагийн үед ажил дээрээ сууж байхад 444444 дугаараас өөрийгөө Т  гэж танилцуулан эрэгтэй хүн ярьсан. Тэр хүн хэлэхдээ “би өчигдөр танай цагдааг чирж явсны дараа айгаад хөдөө Б сумын Ц баг руу явсан” гэхээр нь би түүнд “та хурдан хүрээд ир” гэхэд “миний машин эвдэрсэн байна, машинаа засаж аваад очно” гэж хэлж байсан. Харин тухайн өдөр ирнэ гэсэн боловч ирээгүй бөгөөд нөгөөдөр нь буюу 2019 оны 10 сарын 02-ны өдрийн өглөө 09 цагийн үед Т  нь өөрөө миний албаны өрөөнд ирсэн. Ирэхдээ манай цагдаагийн албаны саравчтай малгайг гартаа барьсан орж ирсэн.

...тухайн үед Н ийн зүүн талын дагз хэсэг нь улайж хавдсан байсан бөгөөд зүүн талын тохой болон нуруу хэсгээр өвдөж байна гэж надад хэлж байсан. Би эргүүлийн цагдаа нарын хамт анх 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг хайгаад цагдаагийн газраас гарах үед Н ийг замын цагдаагийн тасгийн эргүүлийн цагдаа нарын хамт эмнэлэг рүү явуулсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б  2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн “Иргэн Б.Н ийн зүүн талын зулай, зүүн талын мөрний дээд хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, зүүн талын тохой, бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, дээрх гэмтэл шинэ гэмтэл байна. Иргэн Б.Н ийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх үед үүссэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

- Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Н ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/,

- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.А ын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Ө сумын нутаг дэвсгэрт явган болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь томилогоо” /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уг нь бол дүрмээрээ миний бие цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж шалгуулах ёстой байсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй, ойрын хугацаанд цагдаагийн алба хаагчийн энгэрийн хяналтын камерыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг,

Шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А.Т ийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь бөгөөд эрх бүхий этгээдэд холбогдох бичиг баримтаа шалгуулахаас зориуд зайлхийж, энэхүү гэмт санаагаа хэрэгжүүлэхийн тулд өөрийн жолоодож явсан 00-00 БӨА улсын дугаартай “Митсубиши Л200" пикап маркийн тээврийн хэрэгслийг өөртөө давуу байдал болгосон нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч А.Т ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.Т ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.Т ийн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бичиг баримтаа шалгуулахаас зайлсхийлэх гэм буруутай сэдэлт нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н ад рентген зураг авахуулсны төлбөр 90.000 төгрөг, БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эзэмшилд бүртгэлтэй цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын үнэ /хэрийн улмаас гээгдсэн/ 263.998 төгрөг, нийт 353.998 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.Т  нь эд хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хохирогч Б.Н , иргэний нэхэмжлэгч Л.У  нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Т  бусдад төлөх төлбөргүй байна.  

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Т ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч А.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч А.Т т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болох шүүгдэгч А.Т ийн “Самсунг жи 7” загварын гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

Шүүгдэгч А.Т т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Т ийн гадаад паспортыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. А.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т т хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Т т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч А.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т ийн “Самсунг жи 7” загварын гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн гадаад паспорт 1 ширхгийг шүүгдэгч А.Т т буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т