Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 181/шш2016/01073

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 26 өдөр        Дугаар 181/ШШ2016/01073        Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

               Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Нэхэмжлэгч:Х.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Ж.Б-д холбогдох

гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Э, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ж.Б-тай 2000 онд танилцаж улмаар хамт амьдран 2006 оны 01 дүгээр сарын 20 ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2002 оны 6 дугаарын сарын 01-ний өдөр хүү Б.Т, 2003 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.Т, охин Б.Э нар төрсөн.

 Бид хамтран амьдарч буй хугацаанд эхний 3 жил гаруй хугацаанд сайхан харьцаатай байсан. Амьдралын явцад үзэл бодол таарахгүй зөрчилдөж, Б нь өөрийнхөөрөө зүтгэж, миний санал бодлыг огт хүлээн зөвшөөрдөггүй, бидэнд хайр халамжгүй болж, улмаар миний хувьд ямар ч эрх мэдэлгүй хараат болсон.

 2009 оноос эхэлж архи хэрэглэх нь ихсэж, агсан тавьж намайг зодож, ална гэж заналхийлдэг. Одоо хүүхдүүд маань өсч том болж байна, гэр бүлийн ийм таагүй уур амьсгал, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө, мөн миний бие байнгын айдастай амьдрахыг хүсэхгүй байх тул Ж.Б-с салахаар шийдсэн.

  Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээн, дундын өмч болох хашаа байшингийн бид дөрөвт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч бид өөрсдийн хүсэлтээр шүүхээс эвлэрэх хугацаа авч энэ хугацаанд эвлэрсэн.

Нөхөр Ж.Б маань үр хүүхдүүдээ бодоод, өмнө болоод өнгөрсөн нэг ч зүйлийг эргэж сөхөхгүйгээр сайхан амьдарна гэсэн тул би түүнд итгэж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ж.Э-тэй 2000 онд танилцаж гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Хүүхдүүд маань том болж байна. Бид өмнөх шүүх хуралдаанаас өөрсдийн хүсэлтээр эвлэрэх хугацаа авч энэ хугацаанд хүүхдүүд маань гэртээ ирээд сургуульдаа явж байна. Х.Э бид  хоёр үр хүүхдүүдээ бодоод өмнө болоод өнгөрсөн нэг ч зүйлийг эргэж сөхөхгүйгээр сайхан амьдрахаар эвлэрч байна гэв.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Ж.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  зохигчдын эвлэрлийг батлах үндэстэй.

 

            ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн  106.5,  123 дугаар зүйлийн 123.1-т   заасныг удирдлага болгон 

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Ж.Б-с гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч тэд хоорондоо харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО