Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 007

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч А.Т ,

иргэний нэхэмжлэгч М.Ж ,

шүүгдэгч К.Б ийн өмгөөлөгч К.Е ,

шүүгдэгч Т.А , К.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А  , К.Б нарт холбогдох 1913*********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, БӨ аймгийн Аптай сумын нэгдсэн халаалтыг хариуцсан менежер ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн А сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т.А  , регистрийн дугаар БА**********.

2. Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, К.Б , регистрийн дугаар БА************.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А , К.Б  нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаал А газрын Ёлтын сав газрын “Шар гэр” хэмээх газраас хууль бусаар 74 ширхэг хуурай шинэс мод, 6 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 693.694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Т.А аас мэдүүлэхдээ: Холбогдсон хэргийн талаар удаа дараа мэдүүлж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2. Шүүгдэгч К.Б ээс мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэв.

3. Иргэний нэхэмжлэгч М.Ж аас мэдүүлэхдээ: Шүүгдэгч нар байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн төлсөн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

Хоёр: Эрүүгийн 1913*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/156 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, СД бичлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

4. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мод бэлтгэхэд ашигласан модон иштэй, 98 см урттай, төмөр гар хурээ, модон иштэй 63 см сүх /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

5. Иргэний нэхэмжлэгч М.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

6. Гэрч Ү.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

7. Гэрч Ш.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

8. Гэрч Ж.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

9. Гэрч Е.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

10. Гэрч Ө.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

11. Гэрч А.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37- 38-р хуудас/,

12. Модны экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-53 дугаар хуудас/,

13. Яллагдагч К.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А , К.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар

Шүүгдэгч К.Б ын өмгөөлөгч К.Е аас шүүгдэгч К.Б  нь “хууль бусаар мод бэлтгээгүй, зөвхөн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн” хэмээн мэтгэлцсэн болно. 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.А , К.Б  нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Шүүгдэгч Т.А , К.Б  нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалА газрын Ёлтын сав газрын “Шар гэр” хэмээх газраас хууль бусаар 74 ширхэг хуурай шинэс мод, 6 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 693.694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, СД бичлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мод бэлтгэхэд ашигласан модон иштэй, 98 см урттай, төмөр гар хурээ, модон иштэй 63 см сүх /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч М.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шинжээчийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтэнд дурдснаар нийт 693.694 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Иймд 693.694 төгрөгний бодит хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нийт 2.081.082 төгрөг нэхэмжилж байна.

...2.081.082 төгрөгийг төрийн сангийн санд хийлгэж учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан байгаа. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

- Гэрч Ү.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А сумын иргэдэд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн модны гарал үүслийн гэрчилгээ бичиж байсан. Уг гарал үүслийн гэрчилгээнд зөвхөн ойгоос түлээний модны болон ой цэвэрлэх зорилгоор гарал үүслийн гэрчилгээ олгосон. Түүнээс биш ямар нэгэн нойтон мод огтлох, гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авахгүй ойгоос мод бэлтгэж, тээвэрлэхийг зөвшөөрөл олгогдохгүй. Би хүн, хуулийн этгээдэд заавал гарал үүслийн гэрчилгээ авч явах, мөн хилийн анги салбаруудаас хилийн зурвас нэвтрэх талаар хүн бүр зөвшөөрөл авч явах талаар байнга сануулж хэлж байсан.

Миний бие Т.А ад 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 07-ны хүртэл 10 хоногийн хугацаатай, 10 мз модны гарал үүслийн гэрчилгээг нэг удаа бичиж өгсөн. Харин Б  болохоор мод тээвэрлэдэг том машины жолооч юм. Тэр хүн ч гэсэн 2019 оны 9 дүгээр сарын 16-нд модны зөвшөөрөл авсан. Тэдгээр хүмүүсийг Ёлт руу модонд явсан талаар цагдаагийн байгууллагаас сонсож байсан. Надаас гарал үүсэлийн гэрчилгээ бичүүлж аваагүй учраас зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

- Гэрч Ш.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.А , К.Б  нар надаас ямар нэгэн хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл авахаар хүсэж ирээгүй ба би ямар ч хүнд зөвшөөрөл олгоогүй болно. Би жолооч К.Б , Т.А  хоёрт зөвшөөрөлгүй хилийн зурваст нэвтэрч болохгүй гэж хэлж сануулсаар байхад хууль бусаар зөвшөөрөлгүй улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэн орж ойгоос мод бэлтгэж, уг бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж яваад цагдаагийн байгууллагад баригдан шалгагдаж байна гэж сонссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Т.А  надтай уулзаж Ёлт руу модонд явж ирэх үү гэж хэлсэн. Тэгэхэд би Т.А ад Ёлт руу нэг удаа явж ирэхэд 100.000 төгрөний хөлс авна, хэрвээ өгнө гэвэл явж өгье гэж хэлсэн, тэгэхэд Т.А  надад 200.000 төгрөгийн хөлс өгөхөөр надтай тохиролцон 2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд нэг удаа явж ирсэн ба дараагаар нь 10 дугаар сарын 10-аас 12-ны өдрүүдэд сүүлчийн нэг машин модыг ачилцаад Т.А ад хөлсөөр тусалсан.

...А , Б  хоёр хэлэхдээ “бид нар Улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэх эрхийн бичиг болон зөвшөөрөл авчихсан байгаа, та нар санаа зовох шаардлагагүй гэсэн”. Миний бие Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй гэдгийг сайн мэддэг учраас А , Б  нараас тэр талаар тодорхой асуусан юм. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиг болон зөвшөөрөл байхгүй байсныг мэдсэн бол Ёлт руу явахгүй байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

- Гэрч Е.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Т.А  надтай уулзаад хөлсийг чинь өгнө Ёлт руу модонд яваад ирэх үү гэж хэлсэн. Тэгэхэд би А аас та мод бэлтгэх эрхийн бичиг болон Хилийн заставаас зөвшөөрөл авсан уу гэж асуухад мод бэлтгэх эрхийн бичиг болон зөвшөөрөл бүгд байгаа гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ёлт руу явж 10 дугаар сарын 12-ны өдөр ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр К.Б  гэдэг жолоочоор мод ачиж ирсэн юм.

... А , Б  хоёр хэлэхдээ “бид нар Улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэх эрхийн бичиг болон зөвшөөрөл авчихсан байгаа, та нар санаа зовох шаардлагагүй гэсэн”. Миний бие Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй гэдгийг сайн мэддэг учраас А , Б  нараас тэр талаар тодорхой асуусан юм. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиг болон зөвшөөрөл байхгүй байсныг мэдсэн бол Ёлт руу явахгүй байсан юм”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

- Гэрч Ө.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ёлт руу явж, 10 дугаар сарын 02-ны өдөр ЗИЛ-130 маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр К.Б  гэдэг жолоочоор мод ачиж шөнийн 1 цагийн үед сумын төвд орж ирсэн юм.

...А , Б  хоёр хэлэхдээ “бид нар Улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэх эрхийн бичиг болон зөвшөөрөл авчихсан байгаа, та нар санаа зовох шаардлагагүй гэсэн”. Миний бие Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй гэдгийг сайн мэддэг учраас А , Б  нараас тэр талаар тодорхой асуусан юм. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиг болон зөвшөөрөл байхгүй байсныг мэдсэн бол Ёлт руу явахгүй байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

- Гэрч А.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-нд Ёлт руу яваад 2019 оны 10 дугаар сарын 12-нд Ёлтоос Бахыт ахын машинаар А ын модыг ачиж ирж байх замдаа сумын хэсгийн төлөөлөгч зогсоож шалгахад Бахыт ахын тээврийн хэрэгслээр ачуулаад ирж байсан А ын модны зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээ, эрхийн бичиг, хилийн заставаас авах ёстой зөвшөөрөл зэрэг бичиг баримтыг шалгахад нэг ч бичиг баримт байхгүй байсан.

...А , Б  хоёр хэлэхдээ “бид нар Улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэх эрхийн бичиг болон зөвшөөрөл авчихсан байгаа, та нар санаа зовох шаардлагагүй гэсэн”. Миний бие Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй гэдгийг сайн мэддэг учраас А , Б  нараас Ёлт руу явахаас өмнө асуусан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

- БӨ аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн ажилтай, шинжээчээр томилогдсон М.Н ы “Модны экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 45-53 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч К.Б ыг 2019 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалА газрын Ёлтын сав газрын “Шар гэр” хэмээх газраас Т.А ын хууль бусаар бэлтгэсэн 74 ширхэг хуурай шинэс мод, 6 ширхэг нойтон шинэс модыг зөвхөн тээвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” хэмээн хуульчилсан байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Ү.Б , Ш.П , Ж.Е , Е.О , Ө.Е ,  А.Д  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Т.А , К.Б  нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн газар нутгийг Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “А Таван богдын байгалийн цогцолборт газар”-аар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Шүүгдэгч  Т.А , К.Б  нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд БӨ аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.А , К.Б  нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Т.А , К.Б  нарын хууль бусаар мод бэлтгэн ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.А , К.Б  нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 693.694 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч М.Ж ы мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 693.694 төгрөгийн хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.А , К.Б  нарын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 693.694 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 2.081.082 төгрөг болж байгаа ба шүүгдэгч Т.А , К.Б  нар нь хохирлыг төлж өгсөн байна. Иймд шүүгдэгч Т.А , К.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй байна. 

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Шүүгдэгч нар нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.А , К.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Т.А , К.Б  нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараар гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Т.А , К.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч К.Б ын Зил-131 загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч К.Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Зил-131 загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Т.А ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн төмөр хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, БӨ аймгийн А сумын цагдаагийн төлөөлөгчийн хэсэгт байгаа хууль бусаар бэлтгэсэн 80 ширхэг /хуурай шинэс мод 5.3997 м куб, нойтон шинэс мод 0.301 м куб/ модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Т.А  , К.Б нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Т.А , К.Б  нарын тус бүрт хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.А , К.Б  нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А , К.Б  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.А , К.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Б ын Зил-131 загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Зил-131 загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Т.А ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн төмөр хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, БӨ аймгийн А сумын цагдаагийн төлөөлөгчийн хэсэгт байгаа хууль бусаар бэлтгэсэн 80 ширхэг /хуурай шинэс мод 5.3997 м куб, нойтон шинэс мод 0.301 м куб/ модыг тус тус улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.А , К.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.А , К.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т