Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00836

 

ЭЭА- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02798 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 149 дүгээр магадлалтай,

ЭЭА- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ПЧДТ- ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 3.689.409.449 төгрөг гаргуулж, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С, орчуулагч Г.Э, өмгөөлөгч Ц.Б, Т.Б, Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, С.Г, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ЭЭА- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ПЧДТ- ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хамтарч худалдаа хийх 2011066 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 2014 оныг дуустал 20 гаруй нэр төрлийн уул уурхайн тоног төхөөрөмж, том машины сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан. Хамтран ажиллах хугацаандаа жил бүр тооцоо нийлсэн акт үйлдэж үлдэгдлээ тооцож байсан. Хамгийн сүүлд тооцоо нийлсэн акт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тооцоог 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нийлсэн. Энэхүү тооцоогоор 1.114.307 ам.долларын үлдэгдэлтэй байсан, уг мөнгийг төлөөгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн гэрээний 6.3-т худалдан авагч тал хугацаандаа төлбөрөө хийхгүй ажлын 20 хоногоос хэтэрсэн тохиолдолд төлбөрийн нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх алдангийг худалдагч төлөхөөр заасан. Алдангийг гэрээнд 1 хувь гэж заасан ч Иргэний хуульд заасны дагуу 0.5 хувиар тооцож, үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан өдрийг сүүлчийн тооцоо нийлсэн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тооцон, гэрээний 6.3-т заасан ажлын 20 хоногийг нэмж, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 557.153 ам.доллар, нийтдээ 1.671.460 ам.доллар буюу Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ханш болох 2.462 ам.доллар 60 центээр тооцож нийт 4.116.138.874 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гэрээний үүргийн гүйцэтгээгүй үнийн дүнг 998.784 ам.доллар болгон, алдангийг мөн хэмжээгээр 499.392 ам.доллар болгон тус тус багасгаж нийт 1.498.176 ам.доллар буюу 3.689.409.449 төгрөг нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 8.1 дэх хэсэгт хэрэв зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд маргааныг БНХАУ-ын Олон улсын эдийн засаг худалдааны арбитраар /Бээжинд/ шийдвэрлүүлнэ гэсэн заалт нь гэрээний агуулгаа чөлөөтэй илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн нэгдэл биш бөгөөд өмнө нь энэ заалт олон тооны худалдааны гэрээнд ашиглагдаж байсан гадаад худалдааны гэрээний загварыг ашиглан хийсэн гэрээний стандарт нөхцөл байна. Бид гэрээний 8.1 дэх заалтын тухайд агуулгын хувьд ноцтой төөрөгдөж явсан. Түүнчлэн тус гэрээний 12 дахь хэсэгт Гэрээг хэрэгжүүлж байх явцад талууд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана гэж заасан бөгөөд энэ нь гэрээний 8.1 дэх заалттай зөрчилдөж байгаа юм. Хэрэв талуудын Бээжин хотын арбитраар шийдвэрлүүлэх тохиролцоо нь хүчинтэй, энэ нөхцөлд талуудын хүсэл зориг нэгдсэн гэж үзвэл тухайн гэрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ гэж заасан нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр ЭЭА- ХХК, ПЧДТ- ХХК-ийн аль аль нь Монгол улсад бүртгэлтэй Монгол улсын хуулийн этгээдүүд бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хамтарч худалдаа хийх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн, дээрх худалдааны гэрээтэй холбоотой нотлох баримтууд бүгд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа зэргээс үзвэл гэрээний 8.1 дэх заалт зөрчилтэй байх тул тус дээрх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч ПЧДТ- ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хамтарч худалдаа хийх гэрээний дагуу бараа материал хүлээж аваагүй, энэ 2 хуулийн этгээдийн хооронд бараа материалын худалдаа хийгдээгүй. Нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан 2013, 2014 оны тооцоо нийлсэн акт гэх баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй үнэн зөв эсэх нь эргэлзээтэй баримт байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэх 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний 5.1-д бараа нийлүүлэх ба шалгаж авах талаар нарийн нөхцөлүүд тусгагдсан бөгөөд энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-т худалдан авагч тал бараа бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтыг бичгээр гаргаж баталгаажсан захиалга өгөхөөр, уг захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр, 5.2-т хэрхэн шалгаж хүлээн авах нөхцлийг тус тус тусгасан. Гэтэл компанийн зүгээс албан ёсоор баталгаажсан захиалга өгөөгүй байхад барааг нийлүүлсэн. Нэхэмжлэгч талаас гэрээний дагуу захиалгын хуудас өгч байсан гэдгийг баримтаар нотлоогүй. Барааг хүлээн авсан гэдэгт маргахгүй ч захиалгын дагуу нийлүүлээгүй. Мөн нийлүүлсэн бараанаас дутсан зүйл гарсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д маргааныг арбитраар шийдвэрлэхээр зохицуулсан тул хэргийн харьяалалыг анхаарна уу. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ баримтаар бүрэн нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02798 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ПЧДТ- ХХК-иас 3.689.408.217 төгрөгийг гаргуулж ЭЭА- ХХК-д олгож, нэхэмжлэлээс гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.808.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 18.604.991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 21.254.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шинжээч Дабль Аксиом аудит ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 149 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЭЭА- ХХК-ийн хариуцагч ПЧДТ- ХХК-иас гэрээний үүрэгтэй холбоотойгоор 3.689.408.217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсэгт 2 Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн 2 дахь заалт нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээж, гэснийг ...үлдээсүгэй. гэж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 18.604.991 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэснийг хасч өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...хариуцагчаас гаргуулж, шинжээч Дабль Аксиом аудит ХХК-д олгосугай. гэснийг ...нэхэмжлэгчээс гаргуулж, шинжээч Дабль Аксиом аудит ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4, 4 дэхь заалтыг 5 дахь заалт болгож өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч ПЧДТ- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.604.997 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. “ЭЭА-” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ПЧДТ-” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд Хамтарч худалдаа хийх гэрээний хятад хэл дээрх хувийг, орчуулгын хамт хавсаргасан. ПЧДТ- ХХК-ийн захирал Зян Вэй Дуны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өмгөөллийн “Эй Ти Ди” ХХН-ийн хуульч З.Ганчимэг нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “ЭЭА-” ХХК-ний нэхэмжлэлийг гардан авч, үүнээс 2 сар гаруй хугацааны дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбар гаргасан байдаг. Хариуцагч тал нь хариу тайлбартаа, 2 хуулийн этгээдийн хооронд бараа материалын худалдаа хийгдээгүй, нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан 2013, 2014 оны тооцоо нийлсэн акт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар дурдсанаас бус маргааныг Арбитрын журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг, түүний өмгөөлөгч Б.Чимэдлхам нар нь нэхэмжлэгч талын шаардлага, нотлох баримттай танилцаж, ИХШХШтХуулийн 25.1.3 дах заалтыг үндэслэл болгон өөрийн татгалзлыг нотлох зорилгоор санхүүгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан байдаг нь хариуцагч тал нь уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэл зоригтой байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хамтарч худалдаа хийх гэрээний хятад хэл дээрх гэрээг орчуулгын хувьд зөвтгөн шүүхэд гарган өгсөн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч талд байсан хятад хэл дээрх гэрээг орчуулгын хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг гаргаагүй. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн тус шүүх хуралдаан дээр “нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан тохиолдолд хуулийн дагуу тайлбар гаргах хугацаа авья” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч талаас шүүхэд 8 хуудас бичгийн баримт гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан Арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаагүй, харин хариуцагчийн иттэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбар гаргасныг тайлбар гаргахаас өмнөх буюу Арбитрын журмаар маргааныг шийдвэрлэх хүсэлт хэмээн үзэх үндэслэлгүй зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтын дагуу авч үзэхэд, хариуцагч тал нь тайлбар гаргахаасаа өмнө Арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Нэгэнт талуудаас маргааныг Арбитрын журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй бөгөөд талууд шаардлага, татгалзалтайгаа холбогдуулан тайлбар, нотлох баримтаа гаргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж, хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нь “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд оролцож маргаан шийдвэрлэх харъяалал, гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбарласан байхад шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан заалтад нийцээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ЭЭА- ХХК нь ПЧДТ- ХХК-д холбогдуулж, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “хамтран худалдаа хийх” гэрээний 8.1-дэх заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах, гэрээний үүрэгт 3.689.409.449 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгов.

Давж заалдах шатны шүүх гэрээний үүрэгт 3.689.409.449 төгрөг гаргуулах ЭЭА- ХХК-ийн нэхэмжлэлийг хэргийн харъяалал зөрчснөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 65.1.2 дах хэсэг буюу шүүхийн харъяаллыг зохицуулсан хэм хэмжээг баримталсан нь алдаатай болжээ.

Түүнчлэн тус шүүх Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, дээрх нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

а. Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй бол иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна.

Нэхэмжлэгч ЭЭА- ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ  зохигчийн хооронд 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “хамтарч худалдаа хийх” гэж нэрлэгдсэн гэрээг хавсарган ирүүлсэн ба энэхүү гэрээний 8.1-д “гэрээ хэрэгжиж байгаатай холбоотой бүхий л маргааныг талууд харилцан нөхөрсөгөөр шийдвэрлэнэ. Хэрэв зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд Монгол улсын шүүхэд хандана” гэж заасан байх тул иргэний хэрэг үүсгэх үед нэхэмжлэгч хэргийн харъяалал зөрчиж шүүхэд хандсан гэж үзэхгүй.

б. Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал нь тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн зохигчийн хооронд байгуулагдсан хятад хэлнээс монгол хэл дээр орчуулсан гэрээний 8.1-д маргааныг шийдвэрлэх харъяаллыг “...Монгол улсын шүүх” гэж тусгасан нь талуудын гэрээгээр тохиролцсон тохиролцоо биш байсан, өөрөөр хэлбэл, зохигч гэрээндээ маргааныг ...БНХАУ-ын Бээжин хот дахь арбитраар шийдвэрлүүлэхээр заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон боловч энэхүү нөхцөл нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шүүхэд хэлэлцэгдэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Арбитрын хэлэлцээртэй хэдий ч нэгэнт шүүхэд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн тохиолдолд зохигчийн аль нэг нь маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох боломжтой урьдач нөхцлийг “...тайлбар гаргахаас өмнө...” гэж хуульд тодорхойлсон байна.

Гэрээний нэг тал буюу хариуцагч ПЧДТ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан хариу тайлбар, нотлох баримтаа 14 хоногийн дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор ирүүлэх үүргийг хүлээлгэжээ.

Дурдсан хугацаанд хариуцагч хэргийн харъяалал болон нэхэмжлэлийн талаар хариу тайлбар гаргаагүй, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж, энэ хугацаанд зохигч өөрсдөө нотлох баримт гаргах, зохигчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх зэрэг ажиллагаа хийгджээ.

Нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 8.1-д заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, талуудын маргааныг Арбитраар шийдвэрлүүлнэ гэсэн тохиролцооны талаар төөрөгдсөн гэсэн үндэслэл заасан байна.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардуулан өгч, хариу тайлбарыг мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгасан боловч уг хугацаанд хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцсэн ба тухайн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн талаар хариу тайлбар гаргахдаа “...маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр гэрээнд заасан байна. Шүүх харъяаллыг анхаарна уу...” гэсэн тайлбар өгчээ.

Анхан шатны шүүх шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, зохигчийн аль нэг тал тайлбар өгөхөөс өмнө маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхэд хуульд харшлахгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн ба тус шүүхийн энэхүү дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээр хариуцагч хэргийн харъяаллын талаар маргасан гэх агуулгатай дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч ЭЭА- ХХК болон хариуцагч ПЧДТ-ХХК-ийн хооронд “хамтарч худалдаа хийх” нэртэй гэрээ байгуулагдсан ба шүүхэд хариуцагчаар татагдсан гэрээний нэг тал тухайн гэрээгээр талууд маргааныг шийдвэрлүүлэх харъяаллыг хэрхэн тохиролцсныг мэдэх ёстой юм.

Иргэний хэрэг үүсгэсний дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохыг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан ба ийм үндэслэл тогтоогдоогүй  байна.

Мөн хэрэв давж заалдах шатны шүүх талууд маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ гэж үзсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн 2 шаардлагатай хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байтал төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, гэрээний 8.1 дэх зохицуулалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хоорондоо зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараахь үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

а. ЭЭА- ХХК, ПЧДТ- ХХК-ийн хооронд байгуулагдсан “хамтран худалдаа хийх” гэрээгээр худалдагч нь чанарын шаардлага хангасан, өгсөн захиалгын дагуух нэр төрөл, тоо ширхэг, өнгө чанарын бараа бүтээгдэхүүнийг захиалгыг хүлээн авснаас хойш 4 сараас хэтрэхгүй хугацааны дотор нийлүүлэх, худалдан авагч үнийг төлөхөөр тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Гэрээ ёсоор ЭЭА- ХХК нь ПЧДТ- ХХК-д бараа, материал  нийлүүлсэн, талууд энэ талаар 2 удаа тооцоо нийлснээр  хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын байдлаар 1.114.306 ам.долларын төлбөртэй болох нь тогтоогджээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр тухайн авлага, өглөг 2 компанийн санхүүгийн баримтад тусгагдсан эсэхийг тогтоолгохоор Дабль Аксиом Аудит ХХК-г шинжээчээр томилсон, шинжээч нь нэхэмжлэгч ЭЭА- ХХК нь 998.784 ам.долларын авлагаа татварын байгууллагад зохих журмын дагуу  тайлагнасан, харин хариуцагч ПЧДТ- ХХК нь татварын байгууллагад гаргасан тайландаа өглөгөө тусгаагүй болохыг тогтоож, дүгнэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг ба хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч ЭЭА- ХХК нь худалдсан барааны үнэ 998.784 ам.доллар буюу 2.459.605.478 төгрөг  шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчөөгүй байна.

б. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч гэрээний 6.3-т заасныг үндэслэж, алдангид 499.392 ам.доллар гаргуулахаар шаарджээ.

Гэрээний дээрхи заалтад “худалдан авагч тал хугацаандаа төлбөр хийхгүй ажлын 20 хоногоос хэтэрсэн тохиолдолд нэг хоног хэтрүүлбэл төлөх төлбөрийн нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх алдангийг худалдагч тал төлнө” гэж заасан ба энэ нь Иргэний хуулийн алдангийн тухай ойлголтод хамаарахгүй байна.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж ойлгохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан байна. Мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний 6.3 дах заалтад хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлага буюу нэмэлт үүрэгт “...хоног тутам..., гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн...” гэх агуулга тусгагдаагүй тул нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсээгүйг анхан шатны шүүх анхаараагүй байна.

в. Харин гэрээний 6.3-д “...хугацаа хэтрүүлбэл төлөх төлбөрийн нийт дүнгийн 1 хувьтай тэнцэх...” гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан анзын нэг төрөл болох торгуулийн шинжтэй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-т төлбөр төлөх хугацааг “...худалдан авагч тал нь барааг хүлээлцэж акт бүрдүүлж шаардлага хангасан өдрөөс эхлэн ажлын 20 хоногийн дотор худалдагч талаас хүлээж авсан нэхэмжлэлийн дагуу төлбөрийг шилжүүлнэ.” гэжээ.

Нэхэмжлэгч, талууд төлбөрийн тооцоо нийлсэн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 20 хоногийн дараагаас хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь гэрээ болон хуульд нийцжээ.

Иймд гэрээний 6.3-т зааснаар төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 1 хувиар тооцож, хариуцагчаар 9.988 ам.долларын торгууль төлүүлэх нь хууль зөрчихгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан тул хяналтын шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахад диспозитив зарчим зөрчигдөхгүй гэж үзсэн болно.

Дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас нийт 1.008.772 ам доллар /1 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2.462.60 төгрөгөөр тооцож/ буюу 2.484.201.927 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

г. Нэхэмжлэгч, гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дээрх зохицуулалтын талаар тохиролцохдоо ноцтой төөрөгдсөн гэх үндэслэлийг заасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр мөн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Ноцтой төөрөгдлийн улмаас гэрээг хүчин төгөлдөр буст тооцох Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасан аль ч үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

д. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байгаатай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж болон шинжээчийн зардлын хуваариалалтад зохих өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 149 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232.5-д зааснаар ПЧДТ- ХХК-с 2.484.201.927 /хоёр тэрбум дөрвөн зуун наян дөрвөн сая хоёр зуун нэг мянга есөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулж ЭЭА- ХХК-д олгож, 1.205.207.522 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ПЧДТ- ХХК-д холбогдох 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “хамтран худалдаа хийх” гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн ЭЭА- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...18.604.991 төгрөгийг...” гэснийг “...12.578.960 төгрөгийг...” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтад “...хариуцагчаас 21.254.000 төгрөг...” гэснийг “...хариуцагчаас 14.303.942 төгрөг, нэхэмжлэгчээс 6.950.058 төгрөг тус тус ...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 18.604.992 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ