Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 907

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.Б. 

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий Аудитор.

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б******* тоот Б.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан албан тушаал буюу Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Баатар овогтой Б миний бие 2011 оноос Нийслэлийн аудитын газарт нягтлан бодогч, санхүүгийн аудитын албаны аудитор /шинжээр/-р тус тус тогтвор суурьшилтай, үр бүтээлтэйгээр төрийн аудитын байгууллагад нийт 6 жил ажиллаж ирсэн.

Төрийн  аудитын байгууллагад ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаж ирсэн бөгөөд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн түвшин тодорхойлох 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шалгалтад “Онцгой сайн” үнэлгээ хүртэл авч байсан.

Гэвч Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б******* тоот тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн, орон тоо цөөрч, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.

Хөдөлмөрийн тухай хүулийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;” 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас  ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлчхөөд 16-ны өдөр тушаал гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйлд заасан Сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан.

Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна. Тушаалын 1 дүгээр заалтад Нийслэл дэх төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт; өөрчлөгдөж батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.3-т заасны дагуу бүтцийн өөрчлөлт орсон нөхцөлд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж болох ч яг ямар бүтцийн өөрчлөлтөөр ажилтанг ажлаас халж байнгаа нь тодорхойгүй өөрөөр хэлбэл орон тоо цөөрүүлсэн юм уу? Орон тоо хасагдсан юм уу? Салбар нэгж татан буугдсан юм уу? Зэрэг нь тодорхойгүй тушаал гарсанаас гадна ажлаас халах нэг үндэслэлийг ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй болсон гэжээ. Миний хувьд анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон, төрийн албанд нийт 6 жил ажилласан учраас шинээр нэмэгдсэн төрийн албанд 5-аас дээш жил ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07-р сарын 16-ны өдрийн Б******* тоот “Б.Быг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Б.Б миний бие 2011 оноос Нийслэлийн аудитын газарт судалгаа шинжилгээ хариуцсан шинжээч бөгөөд нягтлан бодогч, Санхүүгийн албаны аудитор, шинжээчийн албан тушаалд тус тус тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй 6 жил ажилласан. Төрийн аудитын байгууллагад ажиллах хугацаанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаж ирсэн бөгөөд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж төрийн аудитын байгууллагын ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн түвшинг тодорхойлох 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шалгалтад сайн үнэлгээ авч ажиллаж байсан.

Гэвч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б******* тоот тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн орон тоо цөөрч, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Миний хувьд анх ажилд ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагад нийцэн орж 6 жил ажилласан учраас шинээр нэмэгдсэн төрийн албанд 5-с дээш жил ажилласан байх гэсэн шаардлагад нийцэхгүй гэж ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Ажлаас чөлөөлж байгаа тушаал бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар орон тоо цөөрсөн гэсэн тухай баримт харагдахгүй байна.

Ажилтныг анх ажилд ороход нь ажлын байрны тодорхойлолтод нийцэх эсэх талаар шаардлага тавьдаг. Ажлын байрны тодорхойлолт заасан шаардлагыг хангаж байна гэж ажиллуулсан ажилтнаа дундуур нь ажлын байрны тодорхойлолтоо өөрчлөн ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхий аудиторт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, үйл ажиллагааны чиглэл, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах тушаал шийдвэрүүдийг гарсан байдаг.

1.1 Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, ... төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ.” гэж заасанд нийцүүлэн “Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар” байсныг Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/59 дүгээр тушаалын хавсралтаар “Нийслэл дэх Төрийн аудитын газар” болгож өөрчилсөн. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

1.2 Нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь Төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан. 

Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

1.3 Мөн нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг баталсан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гаргасан нь тухайн ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын төрлүүд мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлан тогтоож гарган хүчин төгөлдөр тушаал юм. Өмнө нь Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 тоот тушаалын хавсралт 3-р батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь Төрийн жинхэнэ албанд цаашлаад Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжпийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байсан тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчлан тогтоож, хэрэгжүүлэх боломжит жишиг хувилбарыг боловсруулж системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхлээд байна.

Дээр дурдсан тушаалууд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "... төрийн байггууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж үзэх үндэслэлтэй юм.

Улсын дээд шүүхийн 2010 оны "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг 1барлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.” гэж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “хуулийн нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр,... ээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно.” мөн тус тайлбарт “Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно" гэж тус тус тайлбарласан байдаг.

Иймд дээрх хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар /хуучин нэрээр/-ийн албан хаагчдыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6,3-т заасны дагуу батлагдсан “Нийслэл дэх Төрийн аудитын газар”-ын ажилтан, албан хаагчдыг шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу томилох шаардлага үүссэн.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн хий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.” гэсэн тайлбарын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалын 4 дүгээр заалтаар“... Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн батлагдсан ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгасугай” гэж үүрэг болгосны дагуу Сонгон шаруулалтын комисс сонсох ажиллагаа явуулж, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгаруулалт явуулж, танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн тын газар нь Газрын дарга 1, Дэд дарга 1, Хэлтсийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор, Аудитор 26, нягтлан бодогч 1, Хуульч 1, Мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм. Шинжээчийг Аудитын тухай хуулийн 3 зүйлийн 3.1.16.-д “аудитын баг” гэж ... аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт /хуучнаар/ “шинжээч”-ийн албан тушаалд байсан бөгөөд шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо хасагдсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Монгол Ерөнхий аудиторын 2017 оны Б******* дугаар тушаал нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлж зохих журмын дагуу гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг тушаалын дагуу түүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд 1 200 000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нь анх төрийн албанд томилогдохоо зохих журмын дагуу бус Төрийн түхай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох...", 10 дугаар зүйлийн 10.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.3, Монгол улсын Ерөнхий Аудиторын 2007 оны 12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журам”-ыг тус тус зөрчин томилогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам”-ын дагуу шалгалт өгөөгүй,

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2,4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх", 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 17 дугаар зүйлд заасан “... төрийн жинхэнэ албан тушаалд авах" зохицуулалтуудыг зөрчиж томилогдсон нь Монгол Улсын үндсэн хуулийн Дөчин зургаа дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч...” гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгожээ.

Төрийн аудитын байгууллагын хэмжээнд иргэнийг ажил, албан тушаалд томилохдоо Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх мэргэжлийн шалгалт авах болзол журам”-д заасны дагуу сонгон шалгаруулж сул орон тоог нөхөх журамтай. Тус журмын 1.5. дахь заалтад “Аймаг, нийслэлийн аудитын газрууд аудитор, шинжээчийн албан тушаалд шинээр ажилтан авахдаа энэхүү журмыг баримтлана.”, 4.1-т Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар батлагдсан комисс /цаашид “шалгалтын комисс” гэх/ эрхлэн гэж тус тус заасан байна.

Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нь Төрийн тусгай албанд хамаардаг бөгөөд гүйцэтгэх албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж, түүнийг үндэслэн томилогдохоор зохицуулалттай юм.

Гэтэл нэхэмжлэгч нь холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн "Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр /албан тушаал/ болох аудитор удирдах ажилтны шаардлагыг хангахгүй бөгөөд Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-т Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ.” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1,-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн", 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1,40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй.” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна’’ гэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тушаалыг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь үүнд хамаарахгүй бөгөөд Төрийн захиргааны ангилал, зэрэглэл болох АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 3.4-т төрийн захиргааны, төрийн тусгай алба нь Төрийн жинхэнэ албанд хамаардаг тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн ий үндсэн дээр ажиллаагүй, Төрийн жинхэнэ албан хаагч нь Төсвийн тухай хуулийн 40 зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу “Үр дүнгийн гэрээ”-г байгуулдаг болохыг Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсны хувьд мэдэж байгаа гэж үзэж байна.

  Нэхэмжлэгчийн тайлбарласан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т тус тус нарийвчлан ззохицуулсан байна. Энэ нь мөн хуулийн 27.2-т зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчид тусгайлан олгогддог баталгаа юм.

Мөн нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан гэжээ.

Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсож Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулж байж эцэслэн гаргадаг.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдад сонсох ажиллагааг Монгол Улсын нхий аудиторын 2017 оны А/60 дугаар гарахын өмнө 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2017оны А/88 дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 05дугаар сарын 23-ны өдөр, мөн 2017 оны А206 дугаар тушаалыг батлан гаргахын өмнө 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажилпагааг явуулж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу шалгаруулан шинэчлэн батлагдсан орон тоо ажлын байранд томилох, чөлөөлөх шийдвэр гарах, нэхэмжлэгчийг үүрзгт ажлаасаа чөлөөлөгдөх талаар танилцуулж сонсох ажиллагааг явуулсан. Тус сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгчид “...бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөхөөр байна...” гэж танилцуулахад “саналгүй ба гүйцэтгэлийн аудитын газарт ажиллах боломж бий юу” гэж оролцсон байна. Энэ талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.

Нэхэмжлэлд “Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна."

Төрийн албаны тухай хуулийн 23,24,25 дугаар зүйлд зохицуулалт нь төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, албан тушаал бууруулах, чөлөөлөгдөх, халах асуудлуудыг зохицуулсан байна. Энэ нь нэхэмжлэгчийг чөлөөлсөн 27.2.3, 27.2.4-т заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар зохион байгуулалтад өөрчлөлт орсон тохиолдолд олгогддог баталгаа юм.

Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнаж, Төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтын тусгай алба бөгөөд хуулиар Улсын Их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг даалгавар өгөх, хянахыг хориглосон зохицуулалттай бөгөөд энэ нь биднээс өндөр ёс зүй, хууль эдлэх, ил тод байх зарчмыг шаарддаг.

Гэтэл дээрх байдлаар Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин төрийн албанд анхлан томилогдож, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь Төрийн хуулийг үл хүндэтгэн, түүнийг сахин биелүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ.” гэж заасанд нийцүүлэн “Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар” байсныг Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/59 дугаар тушаалын хавсралтаар “Нийслэл дэх Төрийн аудитын газар" болгож өөрчилсөн. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

Өмнө нь Төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж байгаагүй тул зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан. Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэс байхаар тус тус өөрчлөн зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3,13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

Мөн нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гарсан тухайн ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын төрлүүд мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшилт, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлалтай тогтоож гаргасан хүчин төгөлдөр тушаал юм. Өмнө нь Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 тоот тушаалын хавсралт 3-р батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь Төрийн жинхэнэ албанд цаашлаад Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байсан тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчлан тогтоож, хэрэгжүүлэх боломжит жишиг хувилбарыг боловсруулж системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхлээд байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитор А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх төрийн аудитын газрыг 50 орон тоотой байсныг 45 болгож цөөрүүлэн, Нийцлийн аудитын хэлтэс байгаагүйг хууль тогтоомжид нийцүүлэн шинээр бий болгож баталсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан” гэж үзэх үндэслэлтэй юм.

Улсын дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.” гэж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно.” мөн тус тайлбарт “Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц буюу алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгжийг шинээр бий болсныг ойлгоно.” гэж тус тус тайлбарласан байдаг.

Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Мөн хэсэгт заасан ...шалгаруулж авна’ гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг, комиссын дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.” гэсэн тайлбарын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалын 4-т “... Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн батлагдсан ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаж байгаа албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгасугай” гэж үүрэг болгосны дагуу Сонгон шалгаруулалтын комисс сонсох ажиллагаа явуулж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгуурлалт явуулж, танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь газрын дарга 1, дэд дарга 1, хэлтсийн дарга бөгөөд менежер 4, ахлах аудитор 8, аудитор 26, нягтлан бодогч 1, хуульч 1, мэдээлэл технологийн ажилтан 1, даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм. Шинжээчийг Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “аудитын баг” гэж ... аудитын хуулийн этгээдээс томилогдсон аудитор, аудиторын туслах болон шинжээчийг” гэж тодорхойлсон байна. Энэ хүрээнд төрийн хяналтыг хэрэгжүүлдэг аудитын тусгай албанд аудитын туслах гэдэг албан тушаалтан нь мэргэшсэн нягтлан бодогч буюу төрийн байгууллагуудад дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэн мэргэшсэн нягтлан бодогч байх төрийн албанд 5-с доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавьсан. Улмаар шинжээч гэсэн албан тушаал төрөлжсөн аудит буюу санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн аудитад байхгүй болсон.

Нэхэмжлэгч нь анх төрийн албанд томилогдохдоо зохих журмын дагуу бус Төрийн албаны тухай 4 дүгээр зүйл, 10 дугаар зүйлийн 10.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.8, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журам”-ыг тус тус зөрчин томилогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2,4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх", 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд авах” зохицуулалтуудыг зөрчиж томилогдсон нь Монгол Улсын үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч" гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгожээ.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-т “хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ.” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.5-д заасныг үндэслэл болгосон. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т тодорхой заасан.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллах албан тушаалыг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь үүнд хамаарахгүй бөгөөд төрийн захиргааны ангилал, зэрэглэл болох АА-7 буюу төрийн жинхэнэ албаны “ахлах түшмэл”-ийн албан тушаалд  томилогдон ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.4-т төрийн захиргааны болон төрийн тусгай алба нь Төрийн жинхэнэ албанд хамаардаг тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаагүй. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу “Үр дүнгийн гэрээ”-г байгуулдаг болохыг төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсны хувьд мэдэж байгаа гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т тус тус нарийвчлан зохицуулсан байна. Энэ нь мөн хуулийн 27.2-т зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчид тусгайлан олгогддог баталгаа юм.

Нэхэмжлэлд “Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин заасан” гэж тайлбарлаж байна. Тус хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх талаар зохицуулалтууд байдаг. 24 дүгээр зүйлд мөн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох насанд хүрсэн, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлөх талаар зохицуулсан. 25 дугаар зүйлд  халах талаар, 26 дугаар зүйлд сахилгын хариуцлагын талаар зохицуулсан байдаг. Б.Быг ажлаас чөлөөлсөн тушаал нь эдгээр заалтуудтай хамааралгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар буюу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсаны улмаас ямар нэгэн байдлаар эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр ажлаас нь чөлөөлсөн.

Мөн нэхэмжлэгч нь халагдсан гэж ташаа ойлгон тайлбарлажээ. Гэвч зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан болон хуульд заасан бусад үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалттай байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор нь Аудитын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг үндэслэл болгож төрийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “төрийн аудитын байгууллагын албан хаагч нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсролтой байна” гэж заасан тул төрийн аудитын байгууллагад ажиллах байгаа албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан болзол журмыг дагуу сонгон шалгаруулалтад орж томилогддог байх шаардлагыг тавьж ажиллаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б******* дугаар тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан албан тушаал буюу Нийслэл дэх төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны шатанд “эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 Тэрээр Нийслэл дэх Төрийн Аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо хасагдсан, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардалгад нийцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б******* Б Нийслэл дэх Аудитын газарт 2011 оны 02 дугаар сараас Мэргэжлийн нэгдсэн сангийн судалгаа, шинжилгээ хариуцсан шинжээч, нягтлан бодогч, 2014 оны 02 дугаар сараас Шинжээч-Нягтлан бодогч, мөн оны 09 дүгээр сараас Санхүүгийн аудитын 1 албаны 2 дугаар багт аудитор /шинжээч/-ээр тус тус  томилогдон ажилласан тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөн, орон тоо цөөрч ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй гэсэн үндэслэлээр Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7,14 дүгээр зүйлийн 14.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д зааснаар болон Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын байнгын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг үндэслэн Б.Быг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б******* дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ. 

Учир нь Б.Быг аудитор /шинжээч/-ын албан тушаалд ажиллаж байх үеийн буюу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталсан Үндэсний аудитын газрын харьяа аудитын газрын Аудитор /шинжээч/-ийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байранд тавигдах шаардлагыг нягтлан бодогч болон бусад мэргэжилтэй байж болох шаардлага тавьсан байх ба уг ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг Б.Б нь хангасан гэж үзэж аудитор (шинжээч)-ын албан тушаалд томилсон бөгөөд тэрээр 6 жил ажиллажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Быг анх аудитор (шинжээч)-ын албан тушаалд томилохдоо ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үзэж томилсон атлаа уг албан тушаалаас чөлөөлсөн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй, аудиторын орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь шинэ бүтцээр Нийслэл дэх Аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтэст харьяалагдаж байсан бөгөөд энэ хэлтсийн аудиторын орон тоо  цөөрөөгүй 13 байснаас 16 болж 3 орон тоогоор нэмэгдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон байна.

Нөгөө талаар Нийслэл дэх төрийн аудитын газар 50 орон тоотойгоос 45, Санхүүгийн аудитын хэлтэс нийт 24 орон тоотойгоос 22, үүнээс ахлах аудитор 9-өөс 4 болж цөөрсөн нь аудитор (шинжээч)-оор ажиллаж байсан Б.Быг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 

 Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн үйл баримт нь Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 4-д “Ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна.” гэж зохицуулсантай нийцээгүй байна. 

Өөрөөр хэлбэл орон тоо нь цөөрсөн ахлах аудиторуудыг ажлын байраар хангахын тулд аудитор (шинжээч)-ын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж аудитор /шинжээч/-оор ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Быг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосныг хууль, журамд нийцээгүй гэж дүгнэв.

Түүнчлэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр баталсан (хх-182) Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагын “Мэргэшил” гэсэн үзүүлэлтэд “мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй” байх шаардлага нэмсэн хэдий ч өмнө нь эрхэлж байсан Үндэсний аудитын газрын харьяа аудитын газрын Аудитор (шинжээч)-ын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан (хх-6 ) ажлын байрны тодорхойлолттой харьцуулахад ажлын байрны үндсэн зорилго, чиг үүрэг өөрчлөгдөөгүй  байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ажилд орохдоо Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д заасныг зөрчиж төрийн албанд анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журмыг зөрчиж томилогдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөсөн, аудитын зэрэг дэвийн болон онцгой нөхцөлийн нэмэгдэл авч цалинждаг төрийн жинхэнэ албан хаагч байна.  

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах... гэж заасан ба Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталсан аудитор /шинжээч/-ийн ажлын байрны тодорхойлолт болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны /албан тушаал/-ын тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын аудитор хийх үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн болох нь нотлогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийг ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж шүүх үзлээ.

Нөгөө талаар хариуцагч аудитор /шинжээч/-ээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Быг холбогдох хууль, журмын дагуу томилогдоогүй, төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон атлаа түүнд Төрийн албаны  тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангаж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон нь ойлгомжгүй байна.  

Дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б.Быг ажлаас чөлөөлөх тухай Б******* дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ, 14.1.5-д өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах гэж заасны дагуу нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б.Быг ажлаас чөлөөлөх тухай Б******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Быг Нийслэлийн дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,475,927 (дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянга есэн зуун хорин долоо) төгрөгийг Б.Бд олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэгч эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР