Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Цэвээнсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00734 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдох

4 398 509 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12/08/07 тоот гэрээг Г.Цэвээнсүрэн би захиалагч тал, нөгөө талаас бэлтгэн нийлүүлэгч “Сандэй” ХХК-ийн ерөнхий захирал Д.Бат-Өлзий, борлуулалтын менежер Э.Болортуяа нартай хамтран гэрээний 1.1-д зааснаар Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Фийс тауэр оффис, үйлчилгээний зориулалттай барилгаа 5 дугаар давхрын 521 тоот, нийт 19.66 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг тодорхой нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн.

Уг гэрээний 2.2-т зааснаар нэг м.кв талбайг 5 419 000 төгрөгөөр бодож, 19.66 м.кв талбайн төлбөрийг хийхдээ 2012 оны 08 дугаар сарын 07-нд 49 880 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 08-нд 20 434 776 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 34 411 626 төгрөг буюу эдгээрийн нийлбэр нь 104 726 402 төгрөгийг би “Сандэй” ХХК-нд бэлнээр өгсөн юм. Гэрээний 3.1-д Гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгын 5 дугаар давхрын 521 тоот 19 66 м.кв-ыг иж бүрэн, чанар сайтай барьж, 2012 оны 3 дугаар улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө гэсэн боловч 312 хоногийн дараа буюу 2013 оны 08 дугаар сарын дундуур уг барилга ашиглалтанд орсон юм. Миний бие нэг, хоёрхон сарын дотор уг худалдаа үйлчилгээний барилгын гүйцэтгэлийг хийх зардлын төлбөрийг 100 хувь буюу 104 726 402 төгрөгийг бүрэн төлсөн билээ. Гэтэл “Сандэй” ХХК нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учраас би Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.4, 225.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу учирсан хохирол буюу алданги нөхөн төлүүлэхийг шаардаж байна. Өөрт учирсан хохирлыг бодохдоо “Сандэй” ХХК-д миний төлсөн 104 726 402 төгрөгөөс хоногийн 0.5 хувийн алданги буюу хоногийн 17 454 төгрөгөөр бодож, Монгол улсын барилгын тухай хуульд заасан гүйцэтгээгүй үүргээс 60 хоногийг хасаж 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 252 хоногийн буюу 4 398 509 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэн Г.Цэвээнсүрэн нь 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 12/08/07 тоот худалдаа үйлчилгээ барилгын захиалагчтай хөрөнгө оруулалтын гэрээний 1.1, 1.2 дахь хэсэгт 10 653 540 төгрөгийг одоо болтол төлөөгүй болно. Иймд энэ хүн гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй юм. Дээрх гэрээний 1.2 дахь хэсэгт заасны дагуу өрөөний зохион байгуулалт, зураг төслийг мэдэж байсан бөгөөд гэрээний 6.1 болон 7 дугаар хэсэгт Г.Цэвээнсүрэн нь графикийн дагуу төлөх ёстой байсан 36 222 764 төгрөг төлөх ёстой байснаас гэрээний 6.2 дахь хэсэгт заасны дагуу 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр 36 222 764 төгрөгийн 5 хувийн хөнгөлөлт эдэлсэн. Энэ нь 1 811 138 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байгаа юм. Мөн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12/08/07 тоот гэрээ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн захирамж байхад иргэний хэрэг үүсгэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Мөн Улсын дээд шүүхийн тайлбарт хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117, 123 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгчийн захирамж орохын зэрэгцээ мөн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага нь хугацаа хэтэрсний алданги 252 хоногоор буюу 4 421 340 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл Г.Цэвээнсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бас л хугацаа хэтрүүлсний мөнгө буюу 252 хоногоор тооцож 4 398 509 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Мөн нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн бүхий л үндэслэл шаардлагаа дахин гаргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг үүсгэснээс хойш 65.1.1, 65.1, 65.1.8, 65.1.10 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдааны хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэнгийн хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдуулан алдангид 4 398 509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэн, түүний өмгөөлөгч Д.Туяа нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэн нь “Сандэй” ХХК-тай байгуулсан гэрээний 2.2-т зааснаар 1 м.кв талбайг 5 419 000 төгрөгөөр бодож, 19.66 м.кв талбайн төлбөрийг хийхдээ 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөн оны 09 дүгээр сард 104 726 402 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл дээрх захиалсан талбайг 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Гандирс-Од” ХХК-иар хэмжилт хийлгэхэд, худалдаа үйлчилгээний зориулалтаар захиран зарцуулах, эзэмших, ашиглах, өмчлөлийн талбай нь 13.31 м.кв, харин өмчлөх эрхгүй, явган хүмүүс зорчдог коридор буюу нийтийн эзэмшлийн дундын талбайн 6.35 м.кв байсан. Энэхүү зөрүүтэй талбайн асуудлын талаар “Сандэй” ХХК-д 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл бичсэн боловч огт хариу өгөөгүй...Г.Цэвээнсүрэн нь бодит байдал дээр 13.31 м.кв талбай нь үнэ 72 126 890 төгрөг, НӨАТ 10 хувь буюу 7 212 689 төгрөг, нийт 79 339 579 төгрөгийг “Сандэй” ХХК-д өгөх ёстой байтал тус компани надаас 25 386 823 төгрөг илүү авсан атлаа 10 653 540 төгрөгийг одоо болтол төлөөгүй гэж худал тайлбар өгсөн. 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12/08/07 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г захиалагч Г.Цэвээнсүрэнтэй байгуулахдаа зөвхөн компанийн эрх, ашиг сохирхлыг урьдал болгон өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ давуу байдлаар ашиглан гэрээнд “гүйцэтгэгч нь үүгийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд хариуцлага тооцох талаар бичээгүй явдал бол Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 42.11 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. “Сандэй” ХХК нь зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээ байгуулсан нь тодорхой байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ гүйцэтгэгчийн хангаагүй үүргийг үл тоон нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэнг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. “Сандэй” ХХК-ийн 12/08/07 тоот гэрээний зөрчилтэй талаар 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шаардлага гаргасан гэвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа болоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэн нь хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдуулан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу алдангид 4 398 509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэн нь гэрээнд зааснаар үйлчилгээний заалны төлбөрийн 60 хувь буюу 40 314 776 төгрөг, НӨАТ 10 653 754 төгрөг, ашиглалтад ороход 36 22 764 төгрөг, нийт 117 191 294 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр, хариуцагч “Сандэй” ХХК нь “Пийс тауэр” оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 давхрын 521 тоот 19.66 м.кв талбайг 2012 оны 3 дугаар улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх үүргийг харилцан хүлээсэн бөгөөд хариуцагч нь уг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж, захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, төлбөрийн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. /хх 4-8, 61-66/

 

            Хариуцагч компани нь гэрээнд заасан хугацаа болох 2012 оны 3 дугаар улиралд захиалсан үйлчилгээний зориулалттай талбайг ашиглалтад оруулаагүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байх боловч ийнхүү хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь дангаараа нэхэмжлэгчид алданги шаардах эрхийн үндэслэл болохгүй.

 

            “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтэй хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэн нь хариуцагч “Сандэй” ХХК-д үйлчилгээний заалны төлбөрт нийт 104 726 402 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй болно.

           

            Талуудын хоорондын гэрээний 2.3-т “Захиалагч нь 2.1, 2.2-т заасан төлбөрийг хугацаандаа өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэж заасныг ажил хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн гэрээний зөрчилд хамааруулан ойлгох боломжгүй юм. Гэрээний нэг талын үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлсон нь нөгөө талын үүрэгт шууд хамаарах талаар хуульд заагаагүй.

 

            Иймд гүйцэтгэгч болох “Сандэй” ХХК нь оффис, үйлчилгээний зориулалттай барилгын талбайг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагч нь хариуцагчаас анз буюу алданги шаардах талаар бичгээр тохиролцоогүй байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00734 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цэвээнсүрэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН