Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 433

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

    Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,      
        
    Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багт оршин суух, Божулай овогт Бат-Очирын Цогт холбогдох 

    “Зээлийн үлдэгдэл 4 808 809 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн  авч танилцаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Цог нь 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1/157 тоот захирамжаар 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр зээл авч зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар батлуулж баталгаажуулсан. Гэрээний хугацаа дуусгавар болсон. Б.Цогоос удаа дараа шаардаж байсан боловч төлнө гэсээр төлөхгүй өдий хүрлээ. Иймд Б.Цогоос үлдэгдэл 4 808 809 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
    
Хариуцагч Божулай овогт Бат-Очирын Цог нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн болно. 4 808 809 төгрөгнөөс 3 500 000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 1 308 809 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Тайлбар бичсэн Б.Цог гэжээ.

Уг тайлбартаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ХААН банкин дахь Төрийн сангийн 120655406 тоот дансанд 3 250 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 5636116417 тоот дансанд 250 000 төлсөн талаарх баримтыг тус тус хавсарган ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга нь хариуцагч Б.Цогоос “Зээл үлдэгдэл 4 808 809 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Б.Цог нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 808 809 /дөрвөн сая найман зуун найман мянга найман зуун ес/ төгрөгнөөс 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэх 1 308 809 /нэг сая гурван зуун найман мянга найман зуун ес/ төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 4 808 809 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 91 890 төгрөгний тал хувь 45 945 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:

    1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын нэхэмжилсэн         4 808 809 төгрөгийг хариуцагч Божулай овогт Бат-Очирын Цог нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Цогоос 4 808 809 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 91 890 төгрөгний тал хувь 45 945 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ