Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 011

 

   БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Т ,

шүүгдэгчийн өмгөөлөгч А,

шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-ь заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох 1913********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суудаг, ам бүл 7, аав, ээж, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б , регистрийн дугаар БВ********.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үед жолоодон явж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас машин дотор сууж явсан зорчигч А гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/,

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/,

3. Хохирогч А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

4. Гэрч Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

5. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/ хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

6. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 419 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

7. Зам тээврийн ослын талаар гарсан шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт  /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

8. Шүүгдэгч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үед жолоодон явж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас машин дотор сууж явсан иргэн А  биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б ы эзэмшлийн Зил-130 загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/,

- Хохирогч А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б сумын Хөх адар гэх газраас Баруун гэх газар руу явж байх үед замын огцом эргэлтээс машин огцом эргэсэн. Тэр үед би хүүгийн хамт машинаас унасан байсан.

...Надад хэн нэгэн хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Б  миний нөхөр бөгөөд хада аав, ээжийн хамт надад бүх талаараа тусалсан. Тэгээд ч манай гэр бүлд учирсан хохирлыг харж үзэн нөхөр Б д хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24, 25-26 дугаар хуудас/,

- Гэрч Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд нэг их удаагүй байхад Б  буцаж ирээд замдаа машины хаалга онгойлогдож А  машины хаалганаас уначихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бүх шаардлагатай эм хэрэгслүүдээ аваад тэр даруй К ын гэрт ирсэн. Тэр үед бид нар очиход К ын бэрийг гэрт оруулсан байсан ба үзэж харахад зүүн гарын буглагын болон шууны булшин гүн зүсэгдэж шалбарсан, цус алдалттай, хөдөлгөх боломжгүй зовиуртай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаартай: “Иргэн Б ы биенээс авсан авсан гэх Б  гэж бичигдсэн 1 ш хуруу шилтэй цус нь шинжилгээнд бүрэн тэнцэнэ. Иргэн Б  нь эрүүл байсан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 437 дугаартай: “Б ийн Е  гийн биед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 419 дугаартай: ”... иргэн А  биед баруун талын умдаг ясны хугарал, дух, хамар, зүүн талын хацар, зүүн талын гарын бугалга, шууны хэсгийг хамарсан зулгарсан шарх, баруун талын ташааны хэсэг хөх ягаан өнгийн цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

- Зам тээврийн ослын талаар гарсан шинжээч БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т ын  2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 25 дугаартай: “...жолооч Б  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.2 а-д зааснаар замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байх гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн 0000 БӨА улсын дугаартай ЗИЛ-130 загварын тээврийн хэрэгслээр эхнэр болох А , 9 сартай хүү болох Е  нарын хамт өдрийн 14 цагийн үед Б сумын “Терис арых” гэх газарт байдаг намаржаанаас гараад тус сумын “Баруун” гэх газарт байдаг өвөлжөө руу явж байхад гэрээсээ  2.3 км гаруй газарт явж байхад миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын хаалга нь онгойж, эхнэр А  болон хүү маань машины хаалгаас унасан. Тэр үед би машинаа зогсоож, өөрөө машинаас бууж эхнэрийн хажууд дөхөж очиход эхнэрийн зүүн талын гарнаас цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь босгож машиндаа суулгаад гэрт аваад ирсэн. Бид нар гэрт очиход 15 цаг болж байсан ба сумын эмнэлгээс эмч дуудсан. Орой 17 цагийн үед Б сумын эмч А  гэх эмч ирж үзээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн байна. Орой 20 цагийн үед аймгийн төвөөс эмч нар манай гэрт ирээд эхнэр бид хоёрыг орой 23 цагийн үед аймгийн төвд авч ирсэн.

Тэр үеэс эхлэн миний эхнэр аймгийн төвд, дараа нь Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн. Одоо биеийн байдал нь сайн байгаа. Миний эхнэр миний жолоодож явсан машинаас унаж гэмтэл авсанд маш их харамсаж байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн хаалга нь урьд нь онгодоггүй байсан. Харин бариулыг доошоо дарсан үед онгойдог. Тухайн үед миний эхнэр нэг гартаа хүүхдээ тэврээд нэг гараараа халуун сав бариад явж байсан. Миний эхнэрийн машинаас унасан гэх газар нь замын эргэлттэй хэсэг байсан. Машин эргэх үед эхнэр маань хаалга руу наалдах үед түүний баруун гарын тохой нь бариулыг доошоо дарсанаас болоод хаалга онгойлогдсон байх гэж бодож байна. Би зөвхөн “А” зэрэглэлийн жолооны үнэмлэхтэй бөгөөд тухайн ангиллын жолооны үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэддэг байсан. Тийм болохоор энэ өвөл жолооны сураглтанд суух төлөвлөгөөтэй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан байх ба шүүгдэгч Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Хэргийн үйл баримт, эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Б  нь Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Жолоочийн лавлагаа”-нд бичигдсэнээр 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын үнэмлэхтэй боловч Зил-130 загварын тээврийн хэрэгсэл жолоодох атлаа Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмыг үл тоомсорлож замын хөдөлгөөнд оролцож автомашин жолоодсон нь тус зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч А  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийн шинжийг хангасан байх ба улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа автотээврийн хэрэгсэл жолоодсон нь дээрх гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх нөхцөлийг буюу зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөлийг бүрэн хангажээ.

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ хэргийн улмаас хохирогч А  эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3 дахь заалтад заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А  нь нөхөр нь болох шүүгдэгч Б аас мөнгөн дүнгээр хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэмээн үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б д үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч А д учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч Б д хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Мөн нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тухайн зүйл, ангид заасан хэмжээгээр буюу 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б д үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б д мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.4 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

4. Шүүгдэгч Б  шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т