Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 012

 

 

 

 

 

    

2019 оны 12 сарын 31 өдөр                     Дугаар 2020/ШЦТ/12                                               Өлгий сум

                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Т,

шүүгдэгч Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

БӨ аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д д холбогдох эрүүгийн холбогдох 1913********** дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 25-ны төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс казах, Ховд аймгийн Ховд сумын 5 дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Д , регистрийн дугаар ПЭ76*******

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Д  нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БӨ аймгийн Толбо сумын нутаг дэвсгэр Хашаатын даваанд 0000 ХОА улсын дугаартай “Соната” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.9-ийн а-д заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас тээврийн хэрэгсэл нь засмал замаас гарч онхолдож, зорчигч болох А ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Д  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-18 дугаар хуудас/,

2. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

3. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 460 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

4. Зам тээврийн ослын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт/ хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

5. Шинжээч Б гийн  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч Д ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д гийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д  нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БӨ аймгийн Толбо сумын нутаг дэвсгэр Хашаатын даваанд 0000 ХОА улсын дугаартай “Соната” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.9-ийн а-д заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас тээврийн хэрэгсэл нь засмал замаас гарч осолдож,  зорчигч болох А ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-18 дугаар хуудас/,

- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Хашаатын даваанд гарахад зам мөстэй байсан. Цаашаа даваад мөстэй замаар халтирч замын хажуу тал руу машины хамраар замын хажуу талд үсэрч буусан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 460 дугаартай: “иргэн А ийн биед цээжний баруун талын 9 дүгээр хавирганы цууралт, ахар сүүл ясны төгсгөл хэсгийн далд хугарал, баруун талын тохойны хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, бүсэлхийн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед учрах боломжтой гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

- Зам тээврийн ослын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаартай жолооч Д  нь “Соното-” маркийн 0000 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол болох үед Замын хөдөлгөөний дүрмийн доорх зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна. Үүнд: Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-ийн “а” хэсэгт тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт/ хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

- Шинжээч эмч Б гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг гэмтлүүд буюу ахар сүүл ясны төгсгөл хэсгийн далд хугарал нь хатуу хүчин зүйлсийн үйлчлэл буюу хүний хүчнээс давсан зам тээврийн ослын улмаас үүс эх боломжтой байдаг. Харин хүн өөрөө унах үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орой 18 цагийн үе байсан байх Х  аймгаас БӨ аймаг руу өөрийн Соната-6 маркийн 0000 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан юм. Тэгээд Хашаатын даваанаас уруудаж яваад цастай мөстэй байсан засмал зам дээр машин гулгаж замын хажуу тал руу үсэрч гарсан юм. Тэгээд замын хажуу тал руу үсэрч гараад зогссон юм. Тэгээд тэр газар нь машины зогсоож орхиод араас ирсэн машиныг зогсоож бүгдээрээ Толбо сум руу эмнэлэгт очоод үзүүлсэн юм. Үзүүлэхэд эхнэрийн ахар сүүл нь гэмтсэн байсан мөн хамт явсан А ийн уруул нь язарч сэтэрсэн байсан өөр ямар нэгэн гэмтсэн хүн байгаагүй. Эхнэр аймгийн нэгдсэн эмнэлэгт тэр шөнө ирээд 5 хоног эмчилгээ хийлгээд гаргасан юм. Одоо гэртээ байгаа бие нь сайжирч байгаа гэхдээ сууж чадахгүй байгаа. Болсон асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Цагдаа нар маргааш өдөр нь очоод хэргийн газарт үзлэг хийсэн юм. Тухайн үед тээврийн хэрэгсэл дотор 7 хүн явж байсан болно. Долоо хүний хамгийн бага нь нэг настай миний хүүхэд ээжийнхээ өвөр дээр сууж явж байсан хоёр дахь хүүхэд маань 5 настай хойд талд сууж явсан юм. Нөгөө гурван хүүхэд нэг нь 5 настай, нэг нь 15 настай нэг нь 17 настай хүүхэд байсан юм. Одоо энэ хүүхдүүд бүгд сургуульдаа явж байна уучилсан баримт өгсөн гомдол санал байхгүй гэсэн. Надад тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын жолооны үнэмлэх байгаа тухайн үед засмал зам нь цастай байсан бөгөөд цас нь мөстсөн байсан учир тээврийн хэрэгсэл гулгаад замын хажуу тал руу үсэрч гараад зогссон юм. Тухайн үед би зогсоох арга хэмжээ авч тоормоз дараагүй харин тоормоз дарсан бол машин бүр буцаж эргээд онхолдож унах байсан юм. Осол болсон газар нь огцом уруу газар байсан болно. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. Тухайн осол болоод шөнө БӨ аймгийн төвд ирээд 00 цагийн үед шалгуулсан юм. Тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж гарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д  нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д  замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодон оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг мөрдөөгүй нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ хэргийн хохирогч А ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагаанд явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д  нь хохирогчид хохирлыг төлж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Д д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Д аас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргаж, хохирогч А ээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баталгааг хавсаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5/101 дугаартай саналд яллагдагч Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Д  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Д д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д  урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Д  урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д  цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч А д төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т