Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 47

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2036000000045 дугаартай, 178/2020/0050/Э/ индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн жинчид” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 1-7 тоотод оршин амьдрах, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух хаягтай, аминдаа гэр нэг, 60 толгой бог малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр 1-7 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр  Н.Алтанцэцэгийг зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч ******* овогт ******* ******* /1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, ******* регистрийн дугаартай, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичиг хэргийн ажилтан/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хөдөөнөөс манай найз Д.Отгончимэг нөхрийнхөө хамт манайд ирээд, манай нөхөр бид дөрөв архи ууцгаасан. Тэгээд Д.Отгончимэг Т.Баянбат хоёр түрүүлээд унтсан. Би унтаж байтал манай нөхөр намайг татаж сэрээгээд “ажилдаа яваач” гэхээр нь өглөө болчихсон юм байх гэтэл харанхуй байсан. Тэгээд эргээд унтаж байтал дахин дахин намайг сэрээгээд унтуулахгүй болохоор нь Д.Отгончимэг Т.Баянбат хоёрын оронд ороод жаахан унтаж байтал намайг дахин татаж сэрээгээд “ янхан, банзал” гэх зэргээр доромжилж хэрүүл хийж байгаад архины шил аваад шидэхэд тэр нь намайг оноогүй, дахиад аяга авч шидээд миний толгойд онож гэмтээсэн.  ... гэх мэдүүлэг / хэргийн 7-8-р хуудас/

Гэрч Д.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би нөхөр Т.Баянбатын хамт Цэцэг сумаас орж ирээд найз Н.*******д бууцгаасан.  Н.Алтанцэцэг бид хоёр Гоо сайхны салон орсон. Бид хоёр орой 20 цагийн үед ирэхэд манай нөхөр Т.Баянбат, Н.******* нөхөр Б.******* хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд бид дөрөв хамт архи ууж байгаад унтсан. Шөнө Б.******* 04 цагийн үед босож нүүрс хийчихээд унталгүй эхнэрээ татаж сэрээгээд унтуулахгүй байсан. Н.Алтанцэцэг нөхөр бид хоёрын унтаж байсан орон дээр ирээд унтах гэтэл Б.******* бас унтуулахгүй хэрүүл хийж байгаад эхлээд будаа агшаагчны сав шидсэн боловч тэр нь оноогүй, дахиад аяга шидсэн чинь Н.******* толгойд оноод цус гарсан.Өмнө нь Н.Алтанцэцэг 2018 онд манай нөхөр миний нүд рүү чулуугаар цохиж гэмтээснээс болоод бид хоёр тусдаа амьдарч байгаа гэж ярьж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 12-р хуудас/

Гэрч Т.Баянбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тэгээд унтаж байтал өглөө 08 цагийн үед хүн орилох чимээ гарахаар нь сэрэхэд Н.******* толгойноос нь цус гарчихсан “ ******* аяга шидээд миний толгой хагарчихлаа” гэж хэлээд уйлж байсан... гэх мэдүүлэг /хэргийн 13-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаартай шинжээчийн ...Н.******* биед толгойн зулай хэсэгт шарх  гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Н.******* биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 19-р хуудас/

Шүүгдэгч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ...Би өглөө 4-5 цагийн хооронд босож гал түлчихээд урьд орой нь ууж байгаад үлдсэн тал шил архийг Т.Баянбат бид хоёр хувааж уусан.Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна.Орой нь Т.Баянбат надад “ чи эхнэр лүүгээ аяга шидээд толгойг нь хагалсан” гэж хэлэхээр нь болсон  үйл явдлыг ойлгосон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 сарын 05-ны орой  эхнэрийнхээ найз Д.Отгончимэг болон түүний нөхөр Т.Баянбат, эхнэр Н.Алтанцэцэг нартай өөрийнхөө гэрт архи ууж байгаад, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг хянах чадваргүй болж эхнэрээ унтуулахгүй дахин дахин сэрээж, хэл амаар доромжилж, аяга шидэж эхнэр Н.******* толгойд цохиж  түүний биед  ... толгойн зулай хэсэгт шарх ... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийн  хохирогч Н.Алтанцэцэг рүү аяга шидэж, толгойн тус газар нь цохисноос,  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Шүүгдэгч Б.*******  нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрийнхөө үйлдлээ хянах чадваргүй болж эхнэртэйгээ зүй бус харьцсанаас үүдэн эхнэрээ зодож, биед нь гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.******* биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь  тогтоогдож байх тул  шүүгдэгч Б.*******ийг хүний   эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Н.Алтанцэцэг нь   ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.. гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 29-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Төмөр-Очирын... Б.******* нь эцэг эхээс гурвуулаа, дороо 2 дүүтэй.Сүүлийн 2 жил архи нэлээд хэрэглэж байна гэж сонссон.Дархан хотод Поллитехник коллежид 2008-2010 онд суралцаж хүнд машин механизмын засварчин мэргэжлээр төгссөн.Одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг...гэх мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/

Гэрч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* бид хоёр багын найзууд. Б.******* нь цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу, дөлгөөн тайван зантай, хүний арга эвийг олоод эелдэг боловсон харьцдаг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн.Хааяа архи уусан үедээ зан ааш нь өөрчлөгдөж байгааг мэдэхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/

Улсын бүртгэлийн газрын ...Б.*******ийн байнга оршин суух хаяг нь Ховд аймаг, Булган сум, Бүрэнхайрхан баг... гэх тодорхойлолт / хэргийн 48-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин “ бага” гэх дүгнэлт .../ хэргийн 54-р хуудас/, Цагдаагийн газрын Асап сангийн мэдээлэл гэх баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн боловч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг, архи уусан үедээ эхнэртэйгээ зүй бус харьцдаг байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.5,6.6-д заасан эрүүгийн хариуцлагагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна үзлээ.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******ийг    таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчийн  эзэмшлийн LCD загварын 43 инчийн зурагт битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/23 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэргээ ойлгож гэмшиж байна,хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон  550 нэгжтэй тэнцэх хэмжээний  550000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна, 550000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү  гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун тавин мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 550000 төгрөгний торгох ялыг  05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Б.*******т  тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ялаар шийтгэсэн тул түүний эзэмшлийн LCD загварын 43 инчийн зурагт битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/23 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун тавин   мянган    төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан  550000 төгрөгний  торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******т тайлбарласугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Эрүүгийн 2036000000045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүйг дурдаж,  шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн LCD загварын 43 инчийн зурагт битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/23 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА