Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00084

 

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 1938008430088 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Намдаваа гэх газар иргэн Б.А эзэмшлийн 54-59 ХӨҮ улсын дугаартай Пургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч Г.М-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Намдаваа гэх газар иргэн Б.А-ийн эзэмшлийн 54-59 ХӨҮ улсын дугаартай Пургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч Г.М-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938008430088 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн орчим би машинаа жолоодоод эхнэр Мөнхжаргал, хамаатан Наран нарын хамт аймгийн төв орохоор хөдөлсөн. Тэр үед цас ороод үзэгдэх орчин муу байсан. Тухайн үед ховилтой зам таарахаар нь хүчээ сааруулж тооромзоо гишгэж баруун гар тал руугаа дарсан боловч гулгаад баруун гар талаараа унаад 4 дугуй нь дээшээ харчихсан...Би машины хажууд тэр хоёрыг үлдээгээд ослоос хойш хажууханд байх айлд очиж ойрхон машинтай хүн байвал дуудаад өгөөч хэлсэн. Тэгтэл удалгүй машинтай хүн ирж бид гурвыг сумын эмнэлэгт хүргэж өгсөн...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-9-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-13-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /ХХ-ийн 15-17-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 19-23-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 39, 41-42-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний ээж Г.М нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зам тээврийн осолд орж эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийгдэж байгаад нас барсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ах Амарсанаа эгч Мөнхжаргал нарын хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг явсан ба тээврийн хэрэгсэл шарваж осол гарсан байх гэж бодож байгаа бөгөөд цас орж шуурч байсан…Би тээврийн хэрэгслийн ард суудлын хажууд махан дээр сууж явсан ба суудлын бүсээ бүслээгүй. Тээврийн хэрэгслийг ах Амарсанаа жолоодож явсан ба архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Миний биеийн зүүн талын дөрвөн хавирга эгэмтэй хугарсан. Одоо эгэм л эдгэж өгөхгүй байна... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Иргэний хариуцагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”... Манай хадам аав А, ээж Мл нар нь Улаанбаатар хотоос Мөрөн суманд ирээд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр миний эзэмшлийн 54-59 ХӨҮ улсын дугаартай Пургон маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумруу идшээ хийхээр явсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зам тээврийн осолд орсон талаар нь мэдсэн...Аймгийн Нэгдсэн эмнэлгээс Улаанбаатар хот Гэмтэл согог Үндэсний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37-р хуудас/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2563 дугаартай:

      ...Талийгаач Г.М нь хүзүүний гэмтэл, хүзүүний 6, 7 дугаар нугаламын мултрал, гулсалт, хүзүүний 3-р нугаламын арын сэртэнгийн хугарал, хүзүүний 5-р нугаламын нумын хугарал, хүзүүний 6, 7-р нугаламын нугас дарагдал, жийргэвчийн урагдал, жийргэвч авч нугас чөлөөлөх мэс засал, дөрвөн мөчний саажилт, аарцагны үйл ажиллагааны алдагдал гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 43-51-р хуудас/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Аригуунтөгсийн 2020 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 336 дугаартай:

  1. Д.Н-ийн биед зүүн эгэм ясны хугарал, зүүн 2, 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх эгэм хавирга яснуудын хугарлын улмаас цээжний хөндийд хий хурж байгаа тул гэмтлүүдэд тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй.
  3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 76-77-р хуудас/,
  4. Хохирогч Д.Н-ийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 80-85-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулач, цагдаагийн ахмад Г.Мягмарсүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай:

      1. ...Жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг мөрдөж хөдөлгөөнд оролцуулаагүйгээс осол үүссэн.

       2. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал болон тээврийн хэрэгслийн эд анги нөлөөлсөн гэж үзэхгүй байна гэх дүгнэлт /ХХ-ийн 64-р хуудас/,

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 112-р хуудас/,

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 99, 100, 102, 104-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938008430088 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Намдаваа гэх газар иргэн Б.А-ийн эзэмшлийн 54-59 ХӨҮ улсын дугаартай Пургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч Г.Мөнхжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-9-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-13-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /ХХ-ийн 15-17-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 19-23-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 39, 41-42-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-гийн /хх-ийн 26-р хуудас/, хохирогч Д.Н-ийн /хх-ийн 29-30-р хуудас/, иргэний хариуцагч Б.А-ийн /ХХ-ийн 36-37-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2563 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 43-51-р хуудас/,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.А-ийн 2020 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 336 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-85-р хуудас/,

     Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулач, цагдаагийн ахмад Г.М-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт  /ХХ-ийн 64-р хуудас/,

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 112-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Д.А нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.Мөнхжаргалын амь насыг хохироосон, хохирогч Д.Н хүнд зэргийн гэмтэл учруулсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А, хохирогч Д.Н нар нь  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 100-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч Д.А нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгч нь ам бүл 1, 70 настай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 Эрүүгийн 1938008430088 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Амарсанаагийн №42055 дугаартай В,C ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн 1938008430088 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 54-59 ХӨҮ улсын дугаартай Пургон маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.А-д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1938008430088 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.А-ийн №42055 дугаартай В,C ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

6. Эрүүгийн 1938008430088 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 54-59 ХӨҮ улсын дугаартай Пургон маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР