Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 502

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

улсын яллагч Д.Уянга,

өсвөр насны шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Одонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03214 0439 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.У, 2003 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 23 дугаар дунд сургуульд сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блүү Скай” хотхоны 46в байр 3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Өсвөр насны шүүгдэгч Б.У нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Оргил-Эрдэнийн нүүрэн тус газар цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Өсвөр насны шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч П.Оргил-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...найз Дашням над руу залгаад намайг зүгээр байж байхад энэ 33 дугаар сургуулийнхан яг зодлоо, чи хүрээд ирээч таксины мөнгө өгье гэсэн. Манай найз Дашням хэдэн хүүхэдтэй байсан ба өөр хэсэг хүүхдүүд тэднийг зодох гээд байж байсан. Би тэнэд дундаас Дашнямаас өөр таньдаг хүүхэд байгаагүй. Тэгээд би тэр хүүхдүүдэд хандаж “10 тоолохын дотор бүгд зугтацгаа, зайлцгаа” гэсэн чинь Дашнямтай хамт байсан 3-4 хүүхдүүд тэдний араас нь хөөж гүйсэн. Тэгээд би араас нь алхаад явж байсан чинь Дашнямын найз манай талын гэх хүүхдүүд нэг хэсэг хүүхдүүдийг зааж “тэнд 8 дугаар ангийнхан байна” гээд тийшээ гүйж очоод тэднийг номхон зогсоогоод алгадах гээд байхаар нь би тэднийг болиулсан юм. Тухайн үед Сансрын тунель дээр хэсэг хүүхдүүд ирж байсан. Би тэднийг манай тал юм байлгүй гээд бодоод хүлээж байсан. Тэд ирэнгүүтээ тэдний Ууганаа гэх нэг хүүхэд над дээр ирээд чи 10 тоолуулдаг  гэлүү, гээд намайг гэнэдүүлж байгаад эрүү рүү нэг удаа гараараа цохисон. Дахиад юм ярьж байгаад гэнэдүүлээд шанаа руу 1 цохингуутаа миний уруул руу дахиад нэг удаа цохисон. Тухайн үед миний уруул сэтэрч цус гарсан ба доод 2 шүд хөдөлсөн. Бас нэг найз нь ирээд миний эрүү рүү нэг удаа цохисон...би ганцаараа л цохиулаад байсан...эм, тариа авсан. 250.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Б.Дашням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “анда энд бид нарыг хүмүүс дээрэлхээд байна, чи хүрээд ирэх үү гэсэн. Цэцэг зочид буудлын баруун талд байдаг “Милая” рестоараны ойролцоо ирэхэд Энкуан нь сургуулийнхаа 10 орчим хүүхэдтэй хамт байсан ба цаад талд нь бараг 20 гаруй эрэгтэй хүүхдүүд тэднийг айлгасан байдалтай зогсож байсан...олуулаа болохоор нь би өөрийн найз Оргил-Эрдэнийг дуудсан. Удалгүй манай найз Оргил-Эрдэнэ ирээд тэр хүүхдүүдэд хандаж “10 тоолоход явцгаа” гэх хэлэхэд нөгөө хүүхдүүд тал тал тийшээ зугтаад явцгаасан...гэнэт зугтаасан хүүхдүүд ах нартайгаа эргээд ирсэн. Тэр дунд миний зүс таних Ууганаа гэх хүүхэд явж байсан. Тэгээд Ууганаа нь миний харснаар Оргил-Эрдэнийн нүүрэн тус газар нь гараараа 4 удаа цохисон. Яг эрүү орчим нь цохиж хариу үйлдэл гаргаагүй. Хэрэв эсэргүүцсэн бол Ууганатай хамт байсан ах нарт зодуулах байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Яллагдагч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би түүнийг нэг удаа гараараа цохичихсон. Ам руу нь цохисон. Тэр залуу намайг зөрүүлж цохиогүй ба надад нэг цохиулаад газар уначихсан. Тэгээд амаа дараад байсан, би түүнд хандаж зүгээр үү гэхэд надад цохиулсан залуу зүгээр ээ хоёулаа одоо ингээд салъя гэсэн. Тэгээд би зүгээр юм байх гэж бодоод яваад өгсөн. П.Оргил-Эрдэнийн нэхэмжилснээр түүнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6237 тоот дүгнэлтэд: 

  1. П.Оргил-Эрдэнийн биед доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 24/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Прокурор яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ өсвөр насны шүүгдэгч Б.Уыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж бичсэн ба яллагдагчаар татах тогтоолд санаатай хөнгөн хохирол учруулсан гэж дурьдаагүй мөн санаатай хөнгөн хохирол учруулсан гэсэн хуулийн ойлголт нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул дээрх нөхцөл байдлыг өсвөр насны шүүгдэгчид хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж шүүх дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.У нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Оргил-Эрдэнийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч П.Оргил-Эрдэнийн: “...Тэд ирэнгүүтээ тэдний Ууганаа гэх нэг хүүхэд над дээр ирээд чи 10 тоолуулдаг  гэлүү, гээд намайг гэнэдүүлж байгаад эрүү рүү нэг удаа гараараа цохисон. Дахиад юм ярьж байгаад гэнэдүүлээд шанаа руу 1 цохингуутаа миний уруул руу дахиад нэг удаа цохисон. Тухайн үед миний уруул сэтэрч цус гарсан ба доод 2 шүд хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Дашнямын: “...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ...манай найз Оргил-Эрдэнэ ирээд тэр хүүхдүүдэд хандаж “10 тоолоход явцгаа” гэх хэлэхэд нөгөө хүүхдүүд тал тал тийшээ зугтаад явцгаасан...гэнэт зугтаасан хүүхдүүд ах нартайгаа эргээд ирсэн. Тэр дунд миний зүс таних Ууганаа гэх хүүхэд явж байсан. Тэгээд Ууганаа нь миний харснаар Оргил-Эрдэнийн нүүрэн тус газар нь гараараа 4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч П.Оргил-Эрдэнэд хохирол төлбөр төлж барагдуулсан байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Уын сайн дураар хохирол төлбөрийг төлж барагдуулсан нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульд заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, ерөнхий боловсролын сургуулын ахлах ангийн сурагч болох хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгй ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан ялаас Б.Уыг чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР