Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2017/03699/И |
Дугаар | 001/ХТ2018/00854 |
Огноо | 2018-05-25 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/00854
Б.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар магадлалтай,
Б.Тын нэхэмжлэлтэй
ГЕГ-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ГЕГ- даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн Б\260 тоот тушаалаар намайг өвчтэй байх хугацаанд ажлаас халсан. Улмаар ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах болон ажилгүй хугацааны цалин хөлсийг буруутай этгээдээс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 тоот шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 12 сарын 20-ны өдрөөс 2017 оны 3 сарын 16-ны өдрийг хүртэлх олговорт 1.882.136 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн тогтоолоор шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өмнөх хугацаанаас гадна 2017 оны 3 сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 сарын 27-ны өдрийг дуустал би ажилгүй байсаар байх тул ажилгүй хугацааны цалин хөлсийг буруутай этгээдээс 9 cap 4 хоногийн цалин хөлс болох 5.680.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.Т нь ГЕГ- даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн Б/260 дугаар тушаалтай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 1282 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 сарын 03-ны өдөр 001/ХТ2017/01083 дугаар тогтоол тус тус гарч 2017 оны 10 сарын 30-ны өдөр гардан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох талаар заасан бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор заасан байна. Улсын Дээд шүүхийн тогтоол 2017 оны 10 сарын 03-ны өдөр гарсан байх ба иргэн Б.Тын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03264 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГЕГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5.393.472 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлээс 286.528 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тын Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 781 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш 2017 оны 12 сарын 21-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ГЕГ-т даалгаж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4.дэх хэсэгт батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох гэж заасан байдаг. Гаалийн байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул ГЕГ- дарга тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоон томилдог. Иргэн Б.Тыг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/01083 дугаар тогтоол 2017 оны 10 сарын 03-ны өдөр гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох талаар заасан байх бөгөөд хуулийн 120.1.3 давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор заасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч ГЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5.393.472 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дугаар шийдвэрээр Б.Тыг ГЕГ- Улаанбаатар хот дахь гаалийн газарт аж ахуй хариуцсан менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг тухайн ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заажээ.
Хариуцагч ГЕГ- нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгч Б.Тыг ажилд нь эгүүлэн томилоогүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор.... олгоно” гэжээ.
Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хариуцагч байгууллага шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг шүүх хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03264 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ