Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2017/0832/З |
Дугаар | 935 |
Огноо | 2017-12-15 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 935
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ц” ХХК.
Хариуцагч: Улсын нэгдүгээр төв эмнэлэг.
Гуравдагч этгээд: “Л ” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: ““Ц” ХХК-ийн захирал З.Б Сангийн яамны 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/4911 дугаар “Тендер шалгаруулалтын тухай” албан бичгийн “....тухайн тендер шалгаруулалтад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул дээрх тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль журамд нийцүүлэн дахин зарлахыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн шийдвэрийг биелүүлэхийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П , хариуцагч Улсын 1 дүгээр төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , Ш.Н , гуравдагч этгээд “Л ” ХХК-ийн захирал Л.Ж , гуравдагч этгээд “Л ” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Ж гэрч Х.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Ц” ХХК-ийн захирал З.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Улсын нэгдүгээр төв эмнэлэгээс зарласан “Элэг шилжүүлэн суулгах вакум өрөөнүүд, эмчийн амралтын өрөөний их засвар” ЭМСЯ-201704052 дугаар бүхий тендерт хууль журмын дагуу оролцсон болно. Улсын нэгдүгээр эмнэлгээс зарласан уг тендерт “Л-” ХХК шалгарсан. Уг шалгаруулалтын талаар Сангийн Яамны Хууль, худалдан авах ажиллагааны хэлтэст гомдол гаргасны дагуу уг тендерийн шалгаруулалтын ажиллагаанд шалгалт хийхэд уг (тендерийн шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй байхад шалгаруулалт хийсэн нь хууль бус байна иймээс дээрх тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль журамд нийцүүлэн дахин зарлахыг Монгол Улсын Сангийн Яамнаас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/4911 тоот албан бичгээр захиалагч буюу Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэлгт хүргүүлсэн. Гэвч дээрх Сангийн Яамны шийдвэр болон Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг захиалагч зөрчиж дур мэдэн “Л-” ХХК-ийг тендерт шалгаруулж ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг засварын ажил эхэлсэн байна. Одоо энэ засварын ажил явагдаж байна.
Иймд Сангийн яамны 2017 оны 08 дугаар 18-ны өдрийн 6-1/4911 албан тоотын шийдвэрийг биелүүлэхийг Улсын нэгдүгээр эмнэлэгт даалгаж өгнө үү” гэжээ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А169 тоот тушаалын дагуу явагдсан тендерийн үнэлгээний хорооны хурлаас тендерт гуравдагч этгээд “ Л ” ХХК-ийг ялагчаар тодруулсан. Тендерийн ялагчаар тодруулсан Үнэлгээний хорооны шийдвэр нь хууль зөрчсөн гэсэн мэдэгдлийг Сангийн яам 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/4720 тоот албан бичгээр гаргасан байдаг. Тухайн тендерт шалгарсан компани нь тендерийн материалын “Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж”-ийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3Б-д заасан шаардлагыг хангаагүй гэж 1/4720 тоот албан бичгээр захиалагч талд мэдэгдсэн. Үүний дагуу дээрх зөрчлүүдийг арилгаж, тендерийн үнэлгээ хууль дүрэм, журамд заасны дагуу дахин явуул гэж үүрэг өгсөн. Уг албан бичгийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тендерийн үнэлгээний хуралдаан болсон ба энэхүү хуралдаанаар энэ асуудлыг Сангийн яамнаас ирсэн албан бичгийн дагуу зөрчлийг арилгалгүйгээр “ Л ” ХХК-ийг ялагчаар тодруулсан шийдвэрийг хүчингүй болголгүй хэвээр үлдээсэн. Мөн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Сангийн яамны албан бичгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал н.Б*******ид ирүүлсэн. Энэхүү албан бичигт Үнэлгээний шаардлагыг хангаагүй байхад дахин үнэлгээ хийсэн шийдвэрийг “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгосон. Хариуцагчийн зүгээс энэхүү бичиг хугацаа хоцорч ирсэн тул бид нэгэнт ялагчийг шалгаруулж гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Хууль зөрчсөн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгож, дахин тендер зарласан байхад гэрээг цуцлах ёстой байсан. Өөрөөр хэлбэл “ Л ” ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 5-6 хоногийн дараа Сангийн яамны албан бичиг манайд ирсэн гэж хэлдэг. Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. Тендерт ирүүлсэн компаниудын материалыг шаардлага хангасан эсэхийг захиалагч байгууллага хянаж үзээд ялагчийг тодруулах ёстой. Хууль зөрчиж байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус тооцогддог. Тендерийн маргаан өөр хуулиар зохицуулагдаж байгаа ч гэсэн гэрээтэй холбоотой асуудал Иргэний хуулиар шийдвэрлэгддэг. Иймд хууль зөрчиж тендерийн сонгон шалгаруулалтын ялагчаар тодруулсан ажиллагааг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Сангийн яамнаас тендерийн үнэлгээний асуудлыг хууль зөрчсөн, тендерийн шаардлагад тавигдах шаардлагыг ялагч компани хангаагүй байдаг. Сая барилгын гүйцэтгэлийн ажилд үзлэг хийхэд ялагч компани 100 хувь өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг гүйцэтгэх ёстой гэж дурдсан. Гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хүчинтэй хугацаа нь дуусчихсан. Гэтэл хугацаа нь дуусчихсан, захиргааны хэрэг үүсчихсэн байхад хөрөнгө оруулалтын асуудал үргэлжлээд явж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Хариуцагч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус эмнэлэг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөг хүртэл эмнэлгийн хагалгааны нэгдсэн тасгийг хааж, эмнэлгийн хийх хагалгааг хязгаарлан, элэг шилжүүлэн суулгах хагалгааг бүрэн зогсоосон.
Үүний улмаас тус эмнэлгийн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүргээ биелүүлэх ажиллагаа доголдож ихээхэн хүндрэл үүсээд байгаа бөгөөд хагалгаа хүлээсэн, элэг шилжүүлэн суулгах хагалгааны хүлээгдлийн улмаас эрүүл мэнд доройтож амь тэнссэн байдалтай байгаа үйлчлүүлэгчид, тэдгээрийн гэр бүлийнхэн зөвхөн эмнэлэгт төдийгүй Эрүүл мэндийн яам, Засгийн газар бусад эрх бүхий байгууллагад хандан олон гомдол, шаардлагыг ирүүлж байгаа тул бид хагалгааны вакум өрөөний засварын ажлыг дуусгахад бүх хүчээ дайчилж яаралтай дуусгах гэрээ байгуулсан компаниас шаардаж, хамтран ажиллаж байна.
Монголын Элэг шилжүүлэн суулгах Үндэсний баг, Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагаас гэрээт ажлыг дуусгаж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар шаардлага, мэдэгдэл ирүүлээд байна.
Эмнэлгийн мэс заслын ялангуяа элэг шилжүүлэн суулгах эмчилгээг яаралтай хийх шаардлагатай байгаа үйлчлүүлэгчид амь тэнссэн байдалтай байгаа өнөөгийн бодит нөхцөлд гэрээт ажлыг маш богино хугацаанд дуусгах зайлшгүй шаардлагатай байна.
Эмнэлэгтээ хагалгааны вакум цогцолборын бүтээн байгуулалтыг хийлгэх ажлын тендерийн шалгаруулалт хуулийн дагуу явагдсан, бид хууль зөрчөөгүй, шалгаруулах ажлыг худалдан авалтын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тендерийн ялагчаар тодруулсан шийдвэрийг Монгол улсын Сангийн яам хэлэлцээд хүчингүй болгоогүй. Тендерийн шаардлага хангаагүй компаниудын материалыг үнэлээгүй, харин хамгийн сайн үзүүлэлттэй “ Л ” ХХК нь “Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж”-ийн 5 дугаар зүйлийн 5.2Б, 5.3Д-д тус тус заасныг зөрчсөнийг анхаарна уу? гээд энэхүү шийдвэрийг хүчингүй болгоогүй, зөрчлүүдийг арилгаж журамд нийцүүлж дахин үнэлгээ хийнэ үү гэсэн. Бид энэ албан бичгийн дагуу “ Л ” ХХК-ийн гэрчилгээ, өмч хөрөнгийг шалгахад “ Л ” ХХК, “Т*******” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг захиралтай компани байсан тул Тендерийн оролцогчдод өгөх хүснэгтийн “түншлэл” гэх хэсэгт буюу 5.3Б, 5.3В, 5.3Г, 5.3Д-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохдоо түншлэлийн гишүүн тус бүрийн нөөц бололцоог хамтад нь харгалзан үзнэ гэж заасны дагуу гуравдагч этгээд “ Л ” ХХК нь тендерийн ажиллагаанд тавигдаж байгаа шаардлагыг хангасан гэсэн шийдвэр гаргасан. Тендерт шалгарсан компанийн материалд өмнө нь хагалгааны вакум өрөөний барилгын ажлыг 2-оос доошгүй удаа хийж байсан гэх шаардлагыг хангаж байсан тул “ Л ” ХХК-ийг шалгаруулсан.
Гэтэл Монгол Улсын Сангийн яаманд нэхэмжлэгч “Ц” ХХК нь дахин гомдол гаргасан. Өмнө нь эмнэлгийн барилгын ажилтай холбоотой тендер зарлахад техник хэрэгслийг нь үнэлээд дараа нь Сангийн яамаар хянуулдаг байсан. Хянуулдаг байсан үед ч гэсэн Сангийн яам эхэлж мэдэгддэггүй, тендерийн ажиллагааг түдгэлзүүлэх гомдол ирсэн тул бид хянаж байгаа учир шийдвэр гаргаж болохгүй гэж манай байгууллагад албан тоот ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээс өмнө тендерийн ялагчийг тодруулсан шийдвэрийг түдгэлзүүлсэн бичиг ирсэн байдаг. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамны гаргасан албан бичиг гэрээний хугацаа дуусч, гэрээ байгуулах сүүлийн өдөр гарсан ба манай байгууллагад 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр авсан. Энэ хооронд эрх бүхий байгууллагаас ямар нэг албан бичиг, гомдол манай байгууллагад ирээгүй тул “Тендерийн тухай” хуулийн дагуу “ажлын 5 хоногт ямар нэг гомдол маргаан гараагүй бол гэрээ байгуулна” гэж заасны дагуу “ Л ” ХХК-тай байгуулсан. Бид гэрээ байгуулсан талаарх нотлох баримтуудаа Сангийн яаманд хүргүүлсэн ба Сангийн яам албан бичгээ 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар явуулсан, харин манай байгууллагад 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ирсэн нь нотлогдож “ Л ” ХХК-тай гэрээ байгуулсан. Тендерийн хуульд гэрээ байгуулах хугацаанд Сангийн яам тендерт ирүүлсэн материалыг хянаж, заавар зөвлөгөө өгөх ёстой байдаг. Харин гэрээ байгуулагдсан бол Сангийн яамны оролцох ажил биш. Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яам тендерийн ялагчийг тодруулсан шийдвэрийг хүчингүй болгосон байхад гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрээг үндэслэлгүйгээр шууд хүчингүй болгох ямар ч хуулийн заалт байхгүй. Бид худалдан авах хуулийн дагуу гэрээ байгуулсан тал шүүхэд хандана гэж заасныг Сангийн яаманд танилцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани Сангийн яаманд гомдол гаргасны дараа манай байгууллагад 2017 оны 07 дугаар сарын 30-ний өдөр тендерийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай албан бичиг ирээд сонгон шалгаруулалтад оролцож байгаа компаниудын албан бичиг хянагдсан байдаг. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сангийн яамнаас 6-1/4720 тоот албан бичиг манайд ирсэн юм. Энэхүү бичгийг нэхэмжлэгчийн зүгээс тендерийн ажиллагааг хүчингүй болгоод дахин тендер зарлуулах бүхий агуулгатай байсан гэж тайлбарлаж байна. Тендертэй холбоотой гомдлын хүлээн авч шийдвэрлэхдээ “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт заасан аль нэг шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл дахин зарлах заалт байхгүй, мөн сүүлийн ирсэн албан бичигтэй холбогдуулж ярьж байгаа “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасан энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх гэсэн хуулийн заалтыг баримталсан гэж тайлбарладаг. Гэтэл Сангийн яамны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг нь “тендерт ялсан компанид ижил төстэй чадвар байна уу? гэдэг шаардлагыг хангаж байна уу? гэдгийг шалгаж үзэх, тендерт оролцсон бусад компаниудад татгалзсан хариу өгсөн нь үндэслэлтэй байна, зарим нэг зөрчлүүдээ арилгаад тендерийн үнэлгээг дахин хий” гэсэн утгатай албан бичиг манайд ирсэн. Энэхүү албан бичигт тендерийн үнэлгээг “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт 55.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох, дахин зарлах гэсэн утга байгаагүй. Манай байгууллагад ирсэн 2 дахь албан бичиг нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байсан. “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт 55.2 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно гэж заасны дагуу Сангийн яам гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг л хянах ёстой. Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана. Сангийн яамнаас манайд ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тендерийн үнэлгээг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт дахин зарлах тухай албан бичгийг биелүүлээгүй гэж нэхэмжлэгч “Ц” ХХК болон сонгон шалгаруулалтад оролцсон компаниуд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа. Энэ асуудлаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П тай уулзаад “ Л ” ХХК-тай гэрээ байгуулсан, танай компани гомдолтой байгаа бол шүүхэд хандах эрх нь нээлттэй, манайд Сангийн яамнаас тендерийн үнэлгээг түдгэлзүүлэх тухай ямар нэг албан бичиг ирээгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч цаашдаа манай компани вакум өрөөний барилгын гүйцэтгэлийн ажлаар цаашдаа мэргэших бодолтой, манайд өмнө нь ийм ажил хийж байсан туршлага байхгүй гэж ярьж байсан. Энэ эрхтэн шилжүүлэх вакум өрөөний барилгын ажил хэн нэгний туршилт хийх зүйл биш. Ё.П тай уулзсан үеийн бичлэг ч одоо манайд байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ингэж тендерийн шалгуур үзүүлэлт болсон “ижил төстэй ажлын туршлага” байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Гүйцэтгэгч “ Л ” ХХК түншлэлийн гэрээ байгуулж барилгын гүйцэтгэлийн ажлын тендерт 2 компанитай нэгдэж оролцсон. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар Хэд хэд компани түншлэлийн гэрээ байгуулж нэг сонгон шалгаруулалтад оролцвол бүгдийг нь адил оролцогч гэж үзнэ гэж зааснаар “ Л ” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулсан бусад “Т*******” ХХК, “З*******” ХХК-иуд нь хууль зааснаар бүгд адил оролцогч юм. Манай байгууллага Сангийн яамнаас тендерийн үйл ажиллагаа явуулахад чиглэл өгсөн албан бичгийн дагуу ажилласан. “Т*******” ХХК, “З*******” ХХК нь сонгон шалгаруулалтад заасан бүх шаардлагыг хангаж байсан тул хуулийн дагуу ажиллагаа явагдсан. Сангийн яамнаас үнэлгээг дахин явуулах талаар үүрэг болгосон, манай байгууллага үнэлгээг дахин хийсэн байдаг. Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийг дахин Сангийн яаманд гомдол гаргасан талаар мэдээгүй, хуульд зааснаар нэг асуудлаар дахин гомдол гаргасан бол тухайн асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, энэхүү шийдвэр нь эцсийн байна гэсэн байдаг. Нэг асуудалд нэг л удаа гомдол гаргах ёстой. Сангийн яамнаас мөн гаргасан шийдвэртээ тендерийн үнэлгээний асуудлыг хүчингүй болгох тухай дурдаагүй мөртлөө 2 дахь албан бичигт сонгон шалгаруулалтын ажиллагааг дахин хүчингүй болгож байна гэсэн утга агуулгатай байсан нь үндэслэлгүй юм. Цаг хугацааны хувьд хууль зүйн факт үүссэн, хэрвээ тендерийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн албан бичигтээ дурдсан байсан бол манай байгууллага “ Л ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байсан. Иймд “Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
Гуравдагч этгээд “Л-” ХХК-ийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд зааснаар энэхүү тендерт хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг буюу хэд хэдэн этгээд нэгдэж оролцох боломж байгаа. Захиалагч талаас тендерт оролцсон компаниудад өгсөн зааварчилгаанд түншлэлийн хэлбэрээр оролцож болно гэж дурдсан байдаг. Зааварчилгаанд дурдсанаар сонгон шалгаруулалтад оролцогч талууд өөрсдийн ажил үүргийг хуваарилсан байх ёстой. Энэхүү шаардлагуудын хүрээнд хамтран ажиллах, түншлэлийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Л ” ХХК, “Т*******” ХХК-иудын хооронд байгуулсан байдаг. Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд өөрсдийн хийх ажил үүргээ хүлээх хуваарилж, хүлээх хариуцлагаа тодорхой зааж хамтран ажиллах, түншлэлийн гэрээний дагуу тендерт оролцож шалгарсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагыг 4-5 хоногийн дараа ирсэн албан бичгийн дагуу гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах боломжтой байсан гэсэн тайлбар хэлж байна.
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд зааснаар өмнө гаргасан гомдлын дагуу мэдэгдээд, тендерийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түдгэлзүүлж, үйлдлийн хэрэгжилтийг хүчингүй болгуулах гэсэн албан тоотыг Сангийн яам болон эрх бүхий албан байгууллагаас өгч байсан. Нэхэмжлэгч компанийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ямар нэг гомдолтой холбогдуулан гомдол ирээгүй. Энэхүү гомдлыг ирсэн эсэх талаар хариуцагч тал, гуравдагч этгээд нар эрх бүхий төрийн байгууллагаас лавлах үүрэггүй. Энэ үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээдийг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь төрийн захиргааны байгууллагаас гомдлыг хянаад шаардлагатай тохиолдолд тендерийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түдгэлзүүлэх боломжтой. Гэтэл төрийн байгууллага хуульд заасан эрх үүргээ биелүүлээгүйгээс болж хариуцагч байгууллага, “ Л ” ХХК-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. “ Л ” ХХК, “Т*******” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг гүйцэтгэх удирдлагатай компани бөгөөд шүүхэд энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Л.Ж нь дээрх 2 компанийн аль алиных нь үүсгэн байгуулагч ба “З*******” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж, сонгон шалгаруулалтад оролцсон байдаг. Вакум хагалгааны өрөөг дахин засварлах ажил нь барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй дурын компанийн хийх ажил биш. Энэхүү шалгуур үзүүлэлтийг захиалагч талаас тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд нарийвчлан зааж өгсөн байдаг. Энэхүү ажилд туршлагатай компани нь Монгол улсад “Т*******” ХХК юм. Энэ компани нь П.Н.Шастины нэрэмжит улсын төв гуравдугаар эмнэлгийн зүрх, судасны вакум хагалгааны өрөөний барилгын ажлыг гүйцэтгэж байсан. Хэрвээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдвал ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байна. “Ц” ХХК-ийн зүгээс манай компани өмнө нь вакум өрөөний барилгын ажил хийж байсан туршлага байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн, туршлага байхгүй. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П тай уулзсан уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх гэж бодож байна. Энэ уулзалтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н “Ц” ХХК нь цаашдаа Монгол улсын хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмж, хагалгааны зориулалттай вакум өрөөний барилгын гүйцэтгэлийн ажлыг хийхээр маш том зорилго тавьж байгаа, Улсын төв нэгдүүгээр эмнэлгийн барилгын ажилд туршлага хуримтлуулах зорилготой гэж хэлсэн талаарх тайлбарыг ярьсан.
Сая шүүхийн журмаар барилгын ажлын гүйцэтгэлд үзлэг хийхэд гүйцэтгэгч компанийн зүгээс барилгын ажлын 30 хувийн гүйцэтгэлээ тооцуулан санхүүжилтээ авчихсан. Энэхүү 30 хувь дээр нэмээд албан тоотуудаа боловсруулаад Барилгын хөгжлийн төвд хүргүүлэхээр бэлдчихсэн. Одоо нэмж 50 хувийн гүйцэтгэл буюу 80 хувийн ажлаа үнэлүүлэх гэж байгаа. Нэхэмжлэгч талаас гэрээний хугацаатай холбоотой тайлбар хэлсэн. Гэрээг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулж 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаа нь дуусах ёстой байсан. Дээрх асуудал гүйцэтгэгч компани гэхээсээ илүү тухайн нөхцөл байдалд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нөхцөл байдлууд үүссэн байдаг. Ялангуяа барилгын үйл ажиллагаа эрхлэх, бараа материалаа Хятад ард улсаас авах гэтэл Хятад улсын үндэсний баярын өдөр таарчихсан байсан тул барилгын материалын бүх томоохон худалдааны төвүүд хаагдсан, мөн тодорхой эрх бүхий байгууллагуудын дүгнэлт гартал барилгын ажлыг түр зогсоосон зэрэг шалтгаанууд үүссэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
“Ц” ХХК-ийн захирал З.Б Сангийн яамны 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/4911 дугаар “Тендер шалгаруулалтын тухай” албан бичгийн “....тухайн тендер шалгаруулалтад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул дээрх тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль журамд нийцүүлэн дахин зарлахыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн шийдвэрийг биелүүлэхийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Элэг шилжүүлэн суулгах вакум өрөөнүүд, эмч нарын амралтын өрөө их засвар гүйцэтгүүлэх” ЭМСЯ/201704052 дугаар тендерийг Сангийн яамнаас хүчингүй болгож дахин тендер шалгаруул гэснийг биелүүлэхгүй “Л ” ХХК-тай гэрээ байгуулсан нь хууль бус гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/169 дүгээр тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороо тус эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах вакум өрөөнүүд болон эмч нарын амралтын өрөөний их засвар хийх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт ирүүлсэн нэр бүхий компаниудын тендерийг хэлэлцэж шалгаруулжээ.
Үнэлгээний хорооны 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар энэ тендерт оролцсон “Э*******” ХХК, “Л ” ХХК, “*******” ХХК, “Ц” ХХК, “Г*******” ХХК-иудаас ирүүлсэн тендерийн баримт бичгийг нягтлан хэлэлцэж “Э*******” ХХК, “*******” ХХК, “Ц” ХХК, “Г*******” ХХК-ийн тендерээс татгалзаж, “Л ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасны дагуу “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тул 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах зөвлөмж гаргахаар шийдвэрлэжээ.
Харин үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг тендерт оролцсон “Э*******” ХХК, болон “Ц” ХХК-иуд эс зөвшөөрч “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гаргасан гомдлыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам хүлээн авч хянаад 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 6-1/4720 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.
Сангийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргүүлсэн уг албан бичигт “Ц” ХХК нь....оролцогчийн тендерийн баталгааны хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дуусахаар байгаа нь Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21 дүгээр зүйлийн 4-д заасныг зөрчсөн байх тул хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.”, “....түүнчлэн захиалагчийн “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлсэн –Л ” ХХК-ийн ижил төстэй ажлын туршлагын чадвар нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5:2/д/ болон 5.3/б/-д тус тус заасныг хангаагүй байхыг анхаарна уу. Иймд дээрх зөрчлүүдийг арилгаж уг тендерийн үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй байна.” гэсэн агуулгатайгаар боловсруулагдан хүргэгджээ.
Энэхүү төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн албан бичгийг нэхэмжлэгч компани тухайн тендерийг хүчингүй болгож дахин тендер зарлахыг үүрэг болгосон гэж, харин хариуцагч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хурлаараа авч хэлэлцэн дахин үнэлсэн учир гэрээ байгуулах эрх нээгдсэн гэж тус тус маргаж байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр оролцсон Сангийн яамны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн дээрх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг нь тухайн тендерийг хүчингүй болгож дахин тендер шалгаруулах агуулгатай байсан гэж тайлбарласан боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн уг албан бичигт тендерийг хүчингүй болгосон, өөрчилсөн талаар холбогдох хуулийн заалтыг үндэслээгүй гэрчийн тайлбар албан бичгийн агуулгатай нийцэхгүй байх тул үнэлэх боломжгүй байна.
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.... гомдлыг авч хэлэлцээд энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:”, 55.3.1 “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;”, 55.3.2 “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах;”, 55.3.3 “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах;” гэж хуульчилжээ.
Гэтэл Сангийн яамны энэхүү албан бичигт дээрх хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй нь уг тендерийг хүчингүй болгосон гэж үзэхээргүй байна.
Нөгөө талаар “Л ” ХХК-тай холбоотой ижил төстэй ажлын туршлагын чадварын талаар тендерийн баримт бичигт ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн Үнэлгээний хорооны 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар дахин хэлэлцэн шалгаруулсан тус хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл “Л ” ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн тус компанийн Улсын гуравдугаар төв эмнэлгийн хагалгааны зориулалтын 2 өрөөнд иж бүрэн вакум хагалгааны мэс заслын ба туслах өрөөнүүдийн ажлыг олон улсын стандартын дагуу хийсэн тухай тодорхойлолт, гэрээ /2014.07.21-11.28/, (тендерийн баримт бичгийн 396-407 дугаар хуудас), Клиникийн нэгдүгээр амаржих газрын хагалгааны өрөөнд иж бүрдэл мэс заслын вакум өрөө, тоног төхөөрөмжийн хамт засаж суурилуулах ажлыг стандартын өндөр түвшинд хийсэн тухай тодорхойлолт, гэрээ /2012.10.27-2014.01.09/, (тендерийн баримт бичгийн 408-418 дугаар хуудас) зэргийг үндэслэн үнэлгээг дахин хийж шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчөөгүй.
Гэтэл “Ц” ХХК захиалагч нь тендерийн үнэлгээг дахин хийгээгүй өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн гэж 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2 дахь удаагаа гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын даргын гарын үсэг бүхий 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/4711 дүгээр албан бичгээр тухайн тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул дээрх тендер шалгаруулалтыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, хууль журамд нийцүүлэн дахин зарлахыг мэдэгджээ.
Энэхүү тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон Сангийн яамны 6-1/4711 дугаар албан бичгийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг 8 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 10 минутад хүлээн авсан болох нь шуудан хүргэгчийн дэвтрийн бүртгэлээр нотлогдсон байна.
Ингэснээр Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 20.1-д “Тендер нь захиалагч ТОӨЗ-ны 27.1-д заасны дагуу тогтоосон тендер нээх он, сар, өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.”, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “Д”-ийн Тендерийг нээх, үнэлэх гэсэн эхний хэсэгт “Тендерийн нээлт хийх огноо, цаг нь: 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минут” гэж зааснаар хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэсний дагуу нэхэмжлэгч “Ц” ХХК-д 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №ЭМСЯ/201704052/008 дугаар мэдэгдлийг хүргүүлжээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 08 дугаар сарын 11-ний өдрийн №ЭМСЯ/201704052/008 дугаар мэдэгдлийг 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эдийн засагч Ц.А******* тэр өдрөөр мэдэгдэл өгснөө баталж гарын үсгээ зур гэхэд татгалзсан энэ тухай мэдэгдлийн ар талд тэмдэглэсэн гэх боловч энэ талаараа хангалттай нотлоогүй байна.
Хариуцагч хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэсэн зохицуулалтын дагуу гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснээс хойш ажлын 5 хоногийн хугацаа 8 дугаар сарын 18-ны өдөр дуусах байсан тул энэ өдөр шалгарсан компанитай гэрээ байгуулсан гэж тайлбарлажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд гэрээ байгуулах эрх олгох тухай тендерт оролцогчдод мэдэгдсэнээс хойш тендер хүчинтэй байх хугацаанд тухайн тендерийн талаар гомдол гарсан талаар эрх бүхий захиргааны байгууллага болон оролцогчдоос мэдэгдээгүй тул шалгарсан компанитай гэрээ байгуулсан үйл баримтыг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдлыг хянаад гаргасан захиргааны байгууллагын шийдвэр 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр огноологдсон хэдий ч гэрээ байгуулснаас хойш даруй 4 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 22-ны өдөр шууданд хийгдэж, 6 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 24-ны өдөр хариуцагч байгууллагад очсон нь шуудан хүргэгчийн дэвтрээр нотлогдсон байхад энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч “Ц”ХХК-ийн захиргааны байгууллагын тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон шийдвэрийг биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны акт гаргахаас татгалзсан, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Элэг шилжүүлэн суулгах вакум өрөөнүүд, эмч нарын амралтын өрөө их засвар гүйцэтгүүлэх” ЭМСЯ/201704052 дугаар тендерт оролцсон нэр бүхий компаниудын ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлэн “Л ” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрээс нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчдийн тайлбараар нотлогдоогүй болно.
Тодруулбал “Л ” ХХК, “Т*******” ХХК, “З*******” ХХК-иуд тухайн тендерт түншлэлийн хэлбэрээр оролцож ирүүлсэн Тендерийн баримт бичгийн нотлох баримтуудыг үнэлэн хуралдаанаараа хэлэлцэн шалгаруулсан Үнэлгээний хорооны хамтын шийдвэр хууль зөрчөөгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиалагчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдлийг 08 дугаар сарын 15-ны өдөр авсан учир гэрээ байгуулах хугацаа 08 дугаар сарын 20-ны өдөр дуусах байсан, гэрээний өмнөх шатанд буюу хуулийн хүрээнд гаргасан гомдлыг захиргааны байгууллага хүлээн авч шийдвэр гаргасныг биелүүлээгүй гэх тайлбар хангалттай нотлох баримтаар нотлогдоогүйн дээр энэ үндэслэлээр тендерийг хүчингүй болгох боломжгүй.
Ийнхүү дээрх байдалд дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Үнэлгээний хорооны шийдвэрээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.7.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримлан Сангийн яамны 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/4911 дугаар “Тендер шалгаруулалтын тухай” албан бичгийн тухайн тендер шалгаруулалтад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул дээрх тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль журамд нийцүүлэн дахин зарлахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн шийдвэрийг биелүүлэхийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт даалгах “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР