Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 209

 

Ц.Бат-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 399 дүгээр магадлалтай, Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201525031785 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Нийслэлийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 241 дүгээр зүйлд зааснаар 5 жил хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэнчимэдийн Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д заасан “Бусдын бие махбодид онц харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Бат-Эрдэнийг онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д зааснаар 7 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон нийт 130 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг шаргал өнгийн 19 см урттай, ажлын хэсэг нь 10 см, ажлын хэсгийн өргөн нь 1.8 см, бариулын өргөн 9 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах”-аар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 128 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… 2015 оны 12 дугаар сарын 17-ны орой би сэтгэл санаа тогтворгүй, өөрийгөө тайвшруулах зорилгоор согтууруулах ундаа хэрэглэж байхдаа төрсөн дүү Батзоригтой маргалдаж, айж цочирдсондоо ийм үр дүнд хүрчихлээ. Тухайн хэрэг болох өдрийн өмнө 2015 оны 12 дугаар сарын 4-ний орой ажил тараад гэртээ харьж явах замд үл таних 2 залуу хоолойн тус газар заазуур тулгаж “чи үхмээр байна уу” гэх зүйл болсон. Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч Б.Барсболд шалгаж, 2015 оны 12 дугаар сарын 15-нд уулзаж тухайн 2 залуугийн талаар асуухад “гадуур шалгагдаж байгаа, гэр нь танай урд гудамжинд байдаг чи уулзсан уу” гэсэн.  “Тэр хоёр хүнтэй таны дэргэд уулзаж, зүс царайг нь тогтоох шаардлагатай байна” гэтэл байцаагч “би уулзуулж өгнө, ярьж тохироод сал” гэх зүйл хэлж, дуудахаар ирээрэй гээд явуулсан. 2015 оны 12 дугаар сарын 4-нөөс хойш 5 хоног ажилдаа явалгүй гэрээс гаралгүй зөвхөн байцаагч дуудахыг хүлээсэн. Байцаалт өгөөд гарч явахад тэр хоёр залуу “чамтай таарна муу лалар минь” гэдэг үг одоог хүртэл чихэнд байна. Энийг нотлох гэрч байгаа, би заль мэх хэрэглэж бусдыг гүжирдсэн байвал хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Мөрдөн байцаагч Б.Барсболд нь миний үйлдсэн хэрэг болон надад заазуур тулгаж танхайрсан тус хэргүүдийг давхар шалгаж дуусгасан. Энэ байцаалтын шатанд би өргөдөл бичиж өгөхөд дэмий байхаа гээд устгуулсан. Ингээд эцсийн шатанд та бүхэнд хандахийг хүлээсэн. Ялтан Бат-Эрдэнэ би энэ гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан нь тодорхой байтал яагаад энэ талаас харахгүй байгаад гомдолтой байна. Миний үйлдсэн төрсөн дүүгээ мэдсээр байж удаа дараа олон хутгалсан хэрэг нь хүнд хэрэг боловч энэ гэмт хэргийг нэг бол сэтгэцийн өвчтэй, нөгөө бол айж цочирдсондоо гэх үндэслэлээр бий болно гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой. Би тухайн орой өөрийн гар утаснаас 80803565 гэх дугаараас цагдаад дуудлага өгсөн тухай шалгаад гарч ирээгүй. Байцаагч дэслэгч Б.Барсболдод шалгаад өгөөч гэж хоёрч удаа гуйж үзсэн боловч шалгаж үзээгүйд, мөн намайг удаа дараагийн гэмт хэрэгтэн гэж үзсэний үүднээс яллаж байгаад гомдолтой байна. Надад хууль зүйн зөвлөгөө өгөх хүн алга байна. Хяналтын шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаан шалгуулж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингэсний үр дүнд ирээдүйд төрсөн дүүтэйгээ ахин ойртох үндэслэл бий болох болов уу гэж бодож байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг “... шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ урьд 4 удаа ял шийтгүүлж байсан. Ялтай байхдаа согтуурсан үедээ “хамт архи ууж байсан Э.Чагдарсүрэнг хөөж явууллаа” гэж уурлан өөрийн төрсөн дүү Ц.Батзоригтой маргалдаж, харилцан зодолдож байгаад ширээн дээр байсан хутгыг авч Ц.Батзоригийн хэвлийн хэсэгт 2 удаа, нуруу, гарын шууны орчим тус бүр 1 удаа хутгалж хэвлийн хөндий, дотор эрхтнийг гэмтээсэн хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгагдсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судлаад Ц.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн талаар дүгнэлтээ хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдлийн шинж чанарт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-12б тоотод согтуурсан үедээ төрсөн дүү Ц.Батзоригийн нуруу болон гарын шууны орчим, мөн хэвлий хэсэгт хоёр удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулж, хэвлийн хөндийд нэвтэрсэн, дотор эрхтнийг гэмтээсэн учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоохдоо шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул хэргийг “нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Харин энэ гомдлоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.2-т заасны дагуу прокурорт гаргаж шалгуулах эрх нь нээлттэй болно.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй баримтыг тогтоох, түүнийг мөрдөн байцаалтаар нотлогдоогүй “2 хүнд заазуур тулгуулсан” гэх гомдлыг нотлогдсон гэж үзэх эрхгүй тул хянах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 399 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

            ШҮҮГЧ                                               Б.ЦОГТ