Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 933

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.Д*******гийн эрх залгамжлагч “О” ХХК. 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба.

Нэхэмжлэлийн шаардлага: “Б.Д*******гийн эрх залгамжлагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьянгүний гудамж хуучнаар Ленин клубын урд байршилтай нэхэмжлэгчийн эзэмшил бүхий 18643310379869 нэгж талбарын дугаар бүхий 322 м.кв газрын хэмжээг 426.07 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож хүсэлт гаргасан хэмжээгээр нэмэгдүүлэн эрх залгамжлагч “О” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А , Б.Б нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эцэг У.*******, хүү Б.Д******* нь анх 1996 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 1дүгээр хороо, Жамьяангүний гудамж хуучнаар Ленин клубын урд 748,07 м.кв талбай бүхий бусдын эзэмшиж ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй хоосон байсан газрыг өөрсдийн хүч, хөрөнгөөр тохижуулж хашаалсан бөгөөд тус газар дээр 644 мкв талбай бүхий ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий объект барьж байгуулан 20 гаруй жилийн туршид өөрийн үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг “Д*******” ХХК-ны нэр дээр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Энэ хугацаанд бидний зүгээс Газрын албанд дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг амаар болон бичгээр удаа дараа гаргаж холбогдох албан тушаалтнуудад хандаж байсан боловч тодорхой хариу өгөхгүй байсаар ирсэн бөгөөд харин Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 тоот захирамжаар Б.Д*******д зөвхөн үл хөдлөх хөрөнгийн суурийн хэмжээ буюу 322 мкв газрыг л үйлчилгээний чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг Газрын албанаас эхний удаад барилгын чинь суурийн хэмжээгээр шийдвэрлэнэ яваандаа газрын хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой юм гэж байсан.

Гэтэл Нийслэлийн газрын алба нь бидний газрын хэмжээ нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн аваад хариу өгөхдөө “БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба Улаанбаатар хотын ГЗАДХ-ын 1981 оны 230 дугаар тогтоолоор Оросын холбооны улсын мэдэлд шилжүүлсэн газар байна. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалтыг зөрчиж байх тул таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм” хэмээн хуулинд байхгүй зүйл заалтыг баримтлан хүсэлтийг шийдвэрлээгүй.

Нийслэлийн газрын албаны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч бидний Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасны дагуу “Хүсэлт болгосон газрын байршил нь Нийслэлийн кадастрын зургийн мэдээллийн санд Санктпетербург нэрээр бүртгэгдсэн зурагтай давхцаж байна. Иймд Монгол улс дахь Оросын Холбооны улсын хөрөнгийн газартай холбоотой асуудал хоёр упсын хоорондын хэлэлцээрээр зохицуулагддаг тул шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг 2017 оны 06 дугаар 07-ны өдрийн 03/2292 дугаар тоотоор Нийслэлийн газрын албанаас хариу өгснөөр бид энэ тухай мэдсэн.

Маргаан бүхий дээрх 426.07 м.кв газар нь бидний хашаалж эзэмшиж ирсэн газарт ордог бөгөөд анхнаасаа Оросын холбооны улсын эзэмшил гэх хашаалсан хэсэгт ордоггүй гэдэг нь тодорхой байхад хожим Нийслэлийн газрын албаны ажилтан, кадастрын мэргэжилтнүүдийн кадастрын хэмжилт зураглалыг газар дээр нь хийгээгүй, буруу хийсэн буюу буруу тооцоолсон хайхрамжгүй, хариуцлагагүй хууль бус үйлдлийн улмаас манай эзэмшиж байсан газраас 426.07 м.кв газрыг Оросын холбооны улсын эзэмшил гэх газарт давхцуулан “Санктпетербург” гэсэн нэр дээр бүртгэн мэдээллийн санд оруулсан хэмээн үзэж гомдолтой байна.

Түүнчлэн Оросын Холбооны Улсыг газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэх дээр дурдсан аль 1981 оны шийдвэр өнөөдөр хүчингүй болсон байх учиртай. Өөрөөр хэлбэл, 1994 онд Монгол Улсын анхны Газрын тухай хууль  шинээр батлагдсан байх бөгөөд уг хуулийн дагуу газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, харин гэрээний дагуу гадаадын иргэн аж ахуйн нэгжид зөвхөн ашиглуулах эрх зүйн үндэслэлтэй байна.

Гэтэл 1996 оноос хойш Оросын Холбооны Улс болон түүний харьяа ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьяангүний гудамж хуучнаар Ленин клубын урд хэсэгт эзэмшиж ашиглаж байгаагуй, одоо ч эзэмшиж, ашиглаагүй байгаа.

Түүгээр ч зогсохгүй 2002 оны Газрыг тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу тухайн газраа 2 буюу түүнээс дээш хугацаагаар эзэмшиж ашиглаагүй явдал нь бидний газар эзэмших эрхэд сөрөг нөлөө учруулах учиргүй ба ер нь ямар нэгэн улс нөгөө улсад газар эзэмших, тухайлбал Оросын Холбооны Улс нь Монгол улсад газар эзэмших эрх байхгүй тул хэрэв Оросын Холбооны Улсын газар эзэмших эрх олгосон ямар нэгэн шийдвэр байгаа бол тэр нь хууль зөрчсөн явдал болж түүний газар эзэмших эрхийг нь үгүйсгэх үндэслэлийг бий болгоно.

Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газрын алба нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахьь хэсэгт Төрөөс газрын талаар баримтлах зарчим нь “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, холбогдох Газрын тухай хууль тогтоомжийг  зөрчин  У.*******, Б.Д******* нарын гаргасан газрын хэмжээ нэмэгдүүлэхтэй холбоотой хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань зөрчиж байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд “У.*******, Б.Д******* нарын 1996 оноос өөрсдийн хуч хөрөнгеөр бетон хашаа брлон илга байгууламж барьж талбайг нь тохижуулан эзэмшиж ирсэн Сүхбаатар дүургийн 1-р хороо, Жамьяангуний гудамж хуучнаар Ленин клубын урд байршилтай 748.07 м.кв талбай газар руу 426.07 м.кв хэмжээгээр давхцуулан хэмжилт хийж Нийслэлийн  кадастрьн зургийн мэдээллийн санд “Санктпетрбург” нэр дээр бүртгэсэн Нийслэлийн газрын албаны үйлдэлийг хууль бус болохыг тогтоолгох, Б.Д*******гийн эзэмшлийн Сухбаатар дүүргийн 1-р хороо, Жамьяангүний гудамж хуучнаар Ленин клубын урд байрлах 18643310379869 нэгж талбарын аар бүхий 322 метр квадрат газрын хэмжээг 426.07 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Д*******” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр АОЗ/88 тоот албан бичгээр, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А04/158 тоот албан бичгүүдээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ленин клубын урд 753 м.кв газрыг эзэмших хүсэлтээ ирүүлсэн ба уг хүсэлтийг хүлээн авч судлаад нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 дүгээр захирамжаар барилга баригдсан барилгын суурийн хэмжээгээр буюу 322 м.кв талбайтайгаар баталгаажуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг “Д*******” ХХК-ийн захирал У.******* хүлээн зөвшөөрч 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эззмшүүлэх гэрээ”-г байгуулж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 322 м.кв газрыг Б.Д*******д шилжуүлэх тухай албан бичиг, Б.Д******* 322 м.кв газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах тухай хусэлтүүдийг манай газарт ирүүлж байжээ. Энэхүү хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжаар Б.Д*******д 322 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн ба Б.Дэлгэрмерөн нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ гэрчилгээг хүлээн авсан байна.

Нийслэлийн Газрын албанд иргэн Б.Д******* нь эзэмшиж буй талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлснийг судлан үзэж боломжгүй тухай хариуг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасан бөгөөд дээрх хуульд заасан хугацаагаар тооцон үзэхэд нэхэмжлэгч иргэдийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа Этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр дур мэдэн хашаалан эзэмшиж байсан байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2001 оноос “Кадастрын зураглал ба газрын кадастр” төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд 2002 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хийсэн хэмжилтийг үндэслэн 2005 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Газрын харилцаа геодези зураг зүйн газар /хуучин нэрээр/ Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлсэн байна.

2004 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх сансрын зургаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдаж буйгаар ямар нэгэн хашаа байгаагүй харин маргаан бүхий газарт байрлах объект байсан байна.

Манай байгууллага нь хэмжилт хийж, бүртгэсэн этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шуүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасны дагуу жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү” гэжээ.

“О” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:Эрх залгамжлагмаар тогтоолгох тухай хусэлт гаргах нь

“Монгол Улсын иргэн Уундайн ******* болон *******ын Д******* нар Нийслэлийн Засаг даргад холбогдуулан тус шүүхэд Б.Д*******гийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъяангүний гудамж хуучнаар Ленин клубын урд байрлах 18643310379869 нэгж талбарын дугаар бүхий 322 метр квадрат газрын хэмжээг 426.07 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан билээ.

Уг 18643310379869 нэгж талбарын дугаар бүхий 322 метр квадрат газар нь иргэн *******ын Д*******гөөс “О” ХХК-руу Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжигдсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмших гэрээ, гэрчилгээний дагуу шилжигдсэн.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1д заасан үндэслэл журмын дагуу “О” ХХК ийг нэхэмжлэгч *******ын Д*******гийн эрх залгамжлагчаар тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч “О” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Монгол Улсын иргэн Уундайн ******* болон *******ын Д******* нар Нийслэлийн Засаг даргад холбогдуулан тус шүүхэд 1996 оноос хойш өөрсдийн хүч хөрөнгөөр бетон хашаа болон барилга байгууламжыг тохижуулан эзэмшиж ирсэн Сүхбаатар дүүргийн 1р хороо, жамъянгүний гудамж хуучнаар Ленин клубын урд байршилтай 784.07 м.кв талбай бүхий газар 426.07 м.кв хэмжээгээр давхацуулан хэмжилт хийж Нийслэлийн Кадастрын зургын мэдээллийн санд Санктпетрбург нэр дээр бүртгэсэн Нийслэлийн газрын албаны үлйдлийг хууль бус болохыг тогтоолгох, Б.Д*******гийн эзэмшлийн Б.Д*******гийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1р хороо, Жамъяангүний гудамж хуучнаар Ленин клубын урд байрлах 18643310379869 нэгж талбарын дугаар бүхий 322 метр квадрат газрын хэмжээг 426.07 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан билээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэхэд дараах шаардлагыг тавьсан байдаг. Үүнд:

31.1. Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсьш иргэн, аж ахуйн иэгж, байгууллага байна.

31.2. Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалгын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.

31.3. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.

31.4. Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан сганц байгуулах, ашигт малтмальш хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна.

Нийслэл Засаг дарга болон Нийслэлийн газрын албанаас дээрхи үндэслэлүүд огт тогтоогдоогүй буюу бусдын эзэмшиж буй газартай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагыг бүрэн хангасан байхад хууль бус үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлсэн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 1дүгээр хороо, Жамъяангүний гудамж хуучнаар Ленин клубын урд байрлах 18643310379869 нэгж талбарын дугаар бүхий 322 метр квадрат газрыг олгож, бусад хэсгийг олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэмэгдүүлэн 426.07 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн эрх залгамжлагч “О” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Б.Д*******гийн эрх залгамжлагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьянгүний гудамж хуучнаар Ленин клубын урд байршилтай нэхэмжлэгчийн эзэмшил бүхий 18643310379869 нэгж талбарын дугаар бүхий 322 м.кв газрын хэмжээг 426.07 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож хүсэлт гаргасан хэмжээгээр нэмэгдүүлэн эрх залгамжлагч “О” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай дээрх газрыг 1996 оноос өөрсдийн хүч хөрөнгөөр засан сайжруулж бетон хашаа хатган эзэмшиж ирсэн бөгөөд нийт 784.07 м кв талбай газраас үл хөдлөх хөрөнгө болох барилгын сууриар буюу 322 м кв газрыг эзэмшүүлж үлдэх 426.07 м кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 дүгээр захирамжаар “Дэлгэр интернейшнл” ХХК-ийн уг талбайд 753 м кв газар эзэмших хүсэлтийг хүлээн авч судлаад барилга баригдсан суурийн хэмжээгээр буюу 322 м кв талбайтайгаар  баталгаажуулж, мөн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжаар Б.Д*******д 322 м кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Түүнчлэн уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/771 дүгээр захирамжаар “О” ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулжээ. 

Иргэн Б.Д*******гийн эзэмшиж буй газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга, түүний газрын албанаас уг газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба Улаанбаатар хотын АДХГЗ-ын 1981 оны 230 дугаар тогтоолоор ОХУ-ын мэдэлд шилжүүлсэн газар байна. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасныг зөрчиж асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан нь хууль, журамтай нийцээгүй хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй байсан гэж үзэхээр байна. 

Учир нь Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 230 дугаар тогтоолоор Сайд нарын зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоолыг үндэслэн Лениний нэрэмжит клубт зориулан 1.05 га газар олгосон хэдий ч Сайд нарын зөвлөлийн “Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай” 1981 оны 262 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, Лениний нэрэмжит клубыг Санкт-Петрбург хотын мэдэлд шилжүүлж, уг байшинг дипломат албаны үйл ажиллагаанд ашиглахгүй болсныг харгалзан тус клубын эзэмшилд олгосон 1.05 га газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг зохих хууль тогтоомжид заасны дагуу Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсүгэй гэж шийдвэрлэжээ.

Энэхүү тогтоолын агуулгаас харахад уг газрын эзэмшигчийг Газрын тухай хуульд нийцүүлэн шинээр тогтоох байсан хэдий ч өнөөдрийг хүртэл маргаан бүхий газар хэн нэгний эзэмшилд баталгаажаагүй хүсэлт гаргасан газар хууль ёсны дагуу эзэмшил үүсээгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэхээр байна.

Нөгөө талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ФГУП “Госзагрансобственность” байгууллагын Улаанбаатар хот дахьь салбарыг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч энэ шийдвэртэй маргаагүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлэхийг хүссэн газар нь Газрын тухай хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулаагүй болох нь Нийслэлийн газрын албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/3891 (хх-ийн 168) дугаар албан бичгээр тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгоно.”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэж хуульчилжээ.

Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу маргаан бүхий газрыг хэн нэгэн иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулаагүй байхад   нэхэмжлэгчийн нэмэгдүүлэн эзэмшихээр гаргасан хүсэлтийг хууль, журмын хүрээнд шийдвэрлэж газрыг олгоогүй нь хууль бус байна.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно.” гэсний дагуу нэхэмжлэгчийн 1996 оноос хашаалж хамгаалан үйл ажиллагаа явуулсан уг газрыг хүсэлт гаргасан хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмшүүлж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Нөгөө талаар нэхэмжлэгч Д*******гийн эрх залгамжлагч “О” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа 322 м кв газрын эзэмших эрх  “Дэлгэр интернейшнл” ХХК-иас Б.Д*******д, Б.Д*******гөөс “О” ХХК-д тус тус хуулийн хүрээнд шилжиж баталгаажсан бөгөөд нэмэгдүүлэн эзэмшихийг хүссэн 426.07 м кв газрыг 1996 оноос өнөөг хүртэл хашаагаар зааглан эзэмших хугацаанд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болж байна.

Тодруулбал Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д заасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан...ерөнхий төлөвлөгөө....суурьшлийн бүсийн .....төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтлана:”, 4.1.3 “газар..эзэмших, ашиглахад шудрага ёс, тэгш байдлыг хангах:”,   4.1.4-д “газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу үндсэн зориулалтаар нь...эзэмших...” гэсэн зарчимтай нийцнэ гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч“ О” ХХК-д одоогийн эзэмшиж байгаа 322 м кв газрыг хүсэлт гаргасан 426.07 м кв хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шиййдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 –т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьянгүний гудамж хуучнаар Ленин клубын урд байршилтай нэхэмжлэгчийн эзэмшил бүхий 18643310379869 нэгж талбарын дугаар бүхий 322 м.кв газрын хэмжээг 426.07 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож хүсэлт гаргасан хэмжээгээр нэмэгдүүлэн эрх залгамжлагч “О” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахьь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдахь шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.НАСАНДЭЛГЭР