Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0153

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“Х Б” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, О.Ц, П.Я, Б.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагч П.С, С.Э, А.Б, А.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Х.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 817 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор “Х Б” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн газрын ахлах байцаагч С.Э, П.С, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, А.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 817 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 29 дүгээр зүйлийн 29.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гаргах хүртэл Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн газрын болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсэг-ийн Нэгийн 6 дугаар заалтаас бусад заалтыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч татварын улсын байцаагч нар нь шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн газрын болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсэг-ийн Нэгийн 6 дугаар заалтаас бусад заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Гомдол гаргагч нь Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх хэсэг”-ийн Нэгийн 6 дугаар заалтаас бусад заалтыг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгуулах шаардлага гаргасан болно ... шүүх гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн.

1. “Хөрөнгө оруулагч нарт олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000 төгрөгт албан татвар ногдуулаагүй” гэх зөрчлийн тухайд,

Дээрх гомдлын талаар анхан шатны шүүх “Хэрэг авагдсан нотлох баримтаас үзэхэд “Х Б” ХХК нь Монголбанкны 2015 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн А- 1/1269 дүгээр албан бичгээр /хх-72/, өгсөн зөвшөөрлийн дагуу өөрийн банкны энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгнөөс 8000 төгрөг оолгон өсгөж, хуримтлагдсан ашгаас өөрийн нөөц санд 5,656,094,961.41 /Таван тэрбум зургаан зуун тавин зургаан сая ерэн дөрвөн мянга есөн зуун жаран нэгэн төгрөг дөчин нэгэн мөнгө/, нэмж төлөгдсөн капитал данснаас 14,140,923,038.59 /Арван дөрвөн тэрбум нэг зуун дөчин сая есөн зуун хорин гурван мянга, гучин найман төгрөг тавин есөн мөнгө/ нийт 19,797,018,000,00 /Арван есөн тэрбум долоон зуун ерөн долоон сая арван найман мянган/ төгрөг шилжүүлэх гүйлгээ хийж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн болох нь тогтоогдож байна. Мөн Монгол банкны 2020 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн Б-10/1004 дугаар албан бичигт “... Х Б-ны нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх нь ногдол ашиг хуваарилах үйл ажиллагаанд хамааралгүй ...” гэжээ” хэмээн дүгнэж хариуцагч банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн үйлдлийг “... “ногдол ашиг хувиарласан” гэж татвар ногдуулсан нь ойлгомжгүй байхын зэрэгцээ татвар ногдуулах зорилгодоо нийцээгүй байна...” гэж дүгнэсэн.

2. Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын ажиллагаа, ажилчдын сургалтын зардалд 2012 оноос 2016 онуудад нийт 6,188,154,481 төгрөгийн татвар ногдуулах орлогоос хасч, татвар ногдох орлогыг бууруулсан гэх зөрчлийн тухайд,

Энэхүү зөрчлөөс 3,074,542,342 төгрөгийн сургалтын зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардалд тооцон хасах ёстой гэвч хариуцагч хасч тооцолгүй шийтгэл ногдуулсан энэ талаар шүүх “... хариуцагч нь шалгалтын явцад зарим сургалтын зардлыг хасагдах зардлаар тооцсон /870,000,000 төгрөг/, энэ үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, харин ч шүүхэд гаргасан тайлбартаа зарим сургалтын зардлыг хасагдах зардалд тооцсоноо хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд хэрэгт авагдсан аль зардлыг хасагдах зардлаар тооцсон нь тодорхойгүй байна ...” гэж дүгнэсэн.

3. Бусдад олгосон хүүгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэх тухайд,

“Х Б” ХХК-ийн төв болон салбар нэгжүүдийн 2015, 2016 оны суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлангийн хүүгийн орлогод ногдуулсан мэдээлэл, төлсөн татварын мэдээлэл зөрүүтэй зарим салбар, тооцооны төвийн тайлагнасан тайланг хяналт шалгалтын тооцоололд оруулаагүй болох нь Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 12/905, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 25/170 дугаар албан бичиг болон хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч тайлангаа илгээж, татвар ногдуулсан 10 тооцооны төвийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн зэргээр тогтоогдож байгаа болно.

Энэ талаар анхан шатны шүүх 128/ШШ2020/0817 дугаар шийдвэрийн 30 дугаар талд тодорхой бичсэн. Гэвч шүүх “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлангийн хүүгийн орлогод ногдуулсан болон төлсөн татварьш зөрүүг дахин тооцож, татварын тооцооллыг бодитойгоор тогтоох шаардлагатай байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна ... Хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бүтэн хоёр жилийн хугацаанд Х Б-инд иж бүрэн хяналт шалгалт хийсэн боловч дээр дурдсан алдаа дутагдлыг гаргасан нь тогтоогдож байхад хүүгийн орлогод ногдуулсан болон төлсөн татварын зөрүүг дахин тооц гэж актын биелэлтийг түдгэлзүүлж байгаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид заавал шийтгэл ногдуул гэсэнтэй адил гэж үзнэ.

4. 2012 оноос 2016 онуудад хөрөнгө түрээслүүлсний болон хөрөнгө борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэсэн зөрчлийн талаар,

Анхан шатны шүүх “Х Б” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ татварын албанд гаргаж байсан, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 2013 онд 60,503,023.59 төгрөг, 2014 онд 64,026,955.21 төгрөг, 2015 онд 97,803,797.16 төгрөг, 2016 онд 63,866,246.81 төгрөгийг тус тус төлсөн, тус төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон, “Х Б” ХХК-ийн 2016 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар татварын өглөг нь 2,175,631,919.47 төгрөг байгаа болох нь гомдол гаргагчийн болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь “Х Б” ХХК-ийг одоог хүртэл НӨАТ төлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгохгүй байгаа атлаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэх зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэхгүй байна” хэмээн дүгнэсэн байна ... Түүнчлэн шүүх хариуцагч “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүйн улмаас татварын ногдуулалт, төлөлт бодитойгоор тавигдаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна ...” гэж тус тус дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хурал дээр зохигчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хангалтай дурдсан нь дээрх байдлаар нотлогдож байна ... Хариуцагчийн гаргасан шийтгэлийн хуудас хуульд үндэслээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нарийвчлан судлах үүргээ биелүүлээгүй байна гэдэг дүгнэлтийг шүүх хийсэн ... Гэсэн хэдий ч дээрх дүгнэлтүүдтэй зөрчилтэй “... нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх нь ногдол ашиг хуваарилах ажиллагаанд хамаарах эсэх, аль хамтран ажиллах гэрээ, сургалтын гэрээний дагуу явагдсан сургалтын зардлыг хасагдах зардлаар тооцсон эсэх, ямар үндэслэлээр ялгамжтай авч үзсэн, “Х Б” ХХК-ийн бүх салбар тооцооны төвийн тайлагнасан тайланг хяналт шалгалтын тооцоололд оруулсан эсэх, “Х Б” ХХК-ийн салбаруудын ТТ-12 дугаар маягтаар тайлагнасан нийт ногдуулалт, төлөлт болон хүүгийн орлогод ногдуулсан, төлсөн татварын зөрүү юунаас болж үүссэн, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөр нъ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлтөд ору тогтоогдсон үндэслэл, шалтгаан зэрэг хэргийн нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас цаашид тодруулах шаардлагатай, дээрх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нь дээрх асуудлыг судалсны үндсэн дээр дахин шинэ захиргааны акт гаргах нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ ...” дүгнэлтийг хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг удирдлага болгон Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн газрын болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх хэсэг”-ийн Нэгийн 6 дугаар заалтаас бусад заалтыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна ... Хариуцагч гомдол гаргагч “Х Б” ХХК-ийг албан татвар ногдох орлогод татвар ногдуулаагүй, татвар ногдох орлогыг хасч тооцсон, Бусдад олгосон хүүгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 2012 оноос 2016 онуудад хөрөнгө түрээслүүлсний болон хөрөнгө борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэж үзэн түүнийгээ зөрчилд тооцож шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д “Зорчил үйлдсэн хүн, хуулийн эттээдэд зерчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” заасны дагуу шийтгэл оногдуулах журамтай ... Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тодорхойлсон, хуулийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчмыг хуульчилж өгсний дотор 1.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон ... Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийи 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасныхаа үндэслэлийг нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй, түүнчлэн тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хуулийг зөрчин “Х Б” ХХК-д шийтгэл ногдуулсан нь баримтаар нотлогдож байна ... Хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийтгэх хуудас нь хууль ноцтой зөрчиж гарсан нь тогтоогдож байхад анхан шатны шүүх хариуцагчийг хууль зөрчсөн шийтгэх хуудсаа залруулж дахин Шийтгэх хуудас гаргахыг даалгасан агуулгатай байгаа нь үндэслэлгүй бөгөөд гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Хууль зөрчсөн бөгөөд хуулийн шаардлагад нийцээгүй шийтгэх хуудас нь хүчингүй болох үндэстэй бөгөөд харин хариуцагч татварын байгууллага дахин шалгалт хийх эрхийг энэ нь хөндөхгүй билээ ... Иймд ... шүүхийн 2020 оны ... 128/ШШ2020/0817 дугаар шийдвэрийг хүчингүй болгож гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд хангаж өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч П.С нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... “Х Б” ХХК-ийн гомдолтой зөрчлийн хэрэг нь тус шүүхэд 2 жил гаруй хугацаанд хянагдаж энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэх, шинжээч нар дүгнэлт гаргах, шүүхээс үзлэг хийх, хэрэг нотлох баримт цуглуулах зэрэг бүхий л үйл ажиллагаа хийгдсэн боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Тухайлбал, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, ил тодорхой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр дахин хяналт шалгалтыг хийх шаардлагагүй, талууд хэрэгт цугларсан баримтын хүрээнд мэтгэлцсэн, шүүх дээр үнэлэлт өгөөгүй, тухайн үед эрх бүхий албан тушаалтан нар зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нийт 58 хоногоос илүү хугацаанд хяналт шалгалтыг хийж зөрчил гаргагчийн процесс ажиллагаанд оролцох эрх, үүргийг хангаж ажилласан ... Хяналт шалгалтанд хамрагдсан хугацаа нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх цаг хугацаанд хамаарч буй бөгөөд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3 дахь заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудас үйлдсэн ... Шийтгэлийн хуудсанд тусгагдсан зөрчлүүдээс ногдол ашгийн орлогод татвар ногдуулсан үйл баримтад Монголбанкны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-10/1004 дугаар албан бичгийг дурдаж ногдол ашиг хуваарилсан байхад, түүнд татвар ногдуулсныг ойлгомжгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна ... Бусдад олгосон хүүгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилтэй холбоотой шүүхээс үзлэг хийсэн. Ингээд талуудын маргаж үйл баримтыг шүүхийн зүгээс үнэлж дүгнэх боломжтой байсан боловч тэгээгүй ... “Х Б” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж татвар төлөх ёстой байсан ч аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай хамтатгаж татвар төлсөн бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэнд тооцож хариуцлага хүлээлгэсэн ... Шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр дахин хяналт шалгалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаанд хамаарахгүй гэж үзэж байна ... Иймд эрх бүхий албан тушаалтан нарын үйлдсэн шийтгэлийн хуудсанд зөрчил тус бүрд шүүхийн зүгээс үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой байтал дахин хяналт шалгалт хийлгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж байгаа учраас Захигааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ алдааг шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч нар нь /цаашид “татварын улсын байцаагч нар” гэх/ “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 36170400007 дугаар томилолтыг үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч “Х Б” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 367201802 дугаар шийтгэлийн хуудсаар

1. Хөрөнгө оруулагч нарт олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000.0 төгрөгт албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 2,753,565,300.0 төгрөгиийг нөхөн төлүүлж, 826,069,590.0 төгрөгийн торгууль, 550,713,060.0 төгрөгийн алданги,

2. Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал /үйл ажиллагаа/, ажилчдын сургалтын зардалд зарцуулсан 2012 онд 1,054,625,106.72, 2013 онд 979,814,179.91, 2014 онд 1,513,541,614.86, 2015 онд 1,273,235,988.31, 2016 онд 1,348,937,597.38, нийт 6,188,154,481.18 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 1,547,038,620.30 төгрөгийг нөхөн төлүүлж, 464,111,586.09 төгрөгийн торгууль, 235,007,631.69 төгрөгийн алданги,

3. Албан татвар ногдох орлого олохоор ашиглагдаагүй /Захирлын хувийн орон сууц/, үндсэн хөрөнгөд элэгдэл байгуулж 2012 онд 4,517,658.1, 2013 онд 10,227,857,1, 2014 онд 10,227,857.1, 2015 онд 10,227,857.1, 2016 онд 13,614,820.7, нийт 48,816,050.1 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 12,204,012.5 төгрөгийг нөхөн төлүүлж, 3,661,203.8 төгрөгийн торгууль, 1,871,556.7 төгрөгийн алданги,

4. Бусдад олгосон хүүгийн орлого 2015 онд 2,157,285,814.40, 2016 онд 6,001,263,590.30, нийт 8,158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 815,854,940.7 төгрөгийг нөхөн төлүүлж, 244,756,482.14 төгрөгийн торгууль, 62,804,055.39 төгрөгийн алданги,

5. Хөрөнгө түрээсэлсэн, борлуулсны орлого 2016 оны 533,110,663.23 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 53,311,066.32 төгрөгийг нөхөн төлүүлж, 15,993,319.90 төгрөгийн торгууль, 1,746,310.6 төгрөгийн алданги,

6. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдох үнэлгээг 2012 онд 2,635,451,435.1, 2013 онд 2,706,939,551.9, 2014 онд 2,152,062,940.4, 2015 онд 3,052,082,160.1, 2016 онд 2,939,864,943.4, нийт 13,486,401,030.9 төгрөгөөр бууруулсан, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 93,204,745.7 төгрөгийг нөхөн төлүүлж, 27,961,423.7 төгрөгийн торгууль, 15,262,777.3 төгрөгийн алдангиийг буюу гомдол гаргагч “Х Б” ХХК-ийн нийт 47,952,703,194,61 төгрөгийн зөрчилд 5,507,967,641,76 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 1,698,948,083,80 төгрөгийн торгууль, 885,405,391,69 төгрөгийн алданги, 698,366,87 төгрөгийн хүү, нийт 8,093,019,484,12 төгрөгийн шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Х Б” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “... Банк нь шалгалтад хамрагдсан 2012-2016 онуудад Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ногдол ашиг зарлаж хуваарилаагүй ... ногдол ашиг хуваарилах талаар Монголбанкнаас зөвшөөрөл хүсэж байсан боловч ... ногдол ашиг хуваарилахгүй байхыг мэдэгдсэн тул ... огт хуваарилаагүй ... Банк нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д зааснаар өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, хорогдуулах боломжтой ... 3,074,542,342 төгрөгийн сургалтын зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс гэсэн зардалд хамааруулан хасагдах зардлаар тооцно ... Шалгалтьн явцад улсын байцаагчдад сургалтын зардлын талаар нэг бүрчлэн тайлбарлаж, сургалтын байгууллагуудтай байгуулсан гэрээ, төлбөр шилжүүлсэн баримтуудыг танилцуулсныг хүлээж аваагүйд гомдолтой ... Банкны дотоод арга хэмжээний зардал нь (Ажил хэргийн уулзалт, ажилтнуудын цайны газрын хоолны материал, Хаан-үдэш арга хэмжээ) хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн зардлууд тул хасагдах зардлаар тооцох байсан, … гүйцэтгэх захирлын орон сууц нь хувь хүний хувийн өмч биш, харин банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө … орлого олох зориулалтаар ашиглагдаж байхад зөрчилд тооцсон нь буруу … хүүгийн орлогыг иргэдийн дансанд он гарсан дараагийн ажлын өдөрт шилжүүлдгээс зөрчлөөр тооцсон дээрх хүүгийн орлого, холбогдох суутгах татвар нь дараа оны 01 дүгээр сард төлөгдөөд эхний улирлын тайланд тусгагдсан … төсөвт төлөгдсөн татварыг давхардуулан нөхөн төлөх, торгууль алданги нэмж төлөх нь хууль зүйн үндэслэлгүй ... банк нь ... Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгэгдэж, гэрчилгээ аваагүйгээс нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж, тайлагнах эрхгүй байсан … Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бууруулсан 2012-2016 онуудад зөрчилд ногдуулсан нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсанд заасан дансанд төлж барагдуулсан ба торгууль алдангийн хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1-д заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үед тооцогдох торгууль алдангийг хүчингүй болгох үндэслэлтэй байсан ...” гэсэн үндэслэлээр “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын ахлах байцаагч С.Э, П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, А.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэг”-ийн Нэгийн 6 дахь заалтаас бусад заалтыг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгуулах” шаардлага бүхий гомдол гарган маргасныг шүүх “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гаргах хүртэл Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэг”-ийн Нэгийн 6 дахь заалтаас бусад заалтыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар буюу тухайн маргааныг шийдвэрлээд гаргаж буй шийдвэрийн үндэслэл болж байгаа хэм хэмжээг хэргийн бодит нөхцөлд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт тусгах шаардлагатай, ийнхүү тусгаагүй  буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт огт дүгнэлт хийгээгүй, хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхой бус, уг байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх гомдол гаргагчийн хариуцагч татварын улсын ахлах байцаагч нар нь шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь хэсэг (“Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал /үйл ажиллагаа/, ажилчдын сургалтын зардалд зарцуулсан 2012 онд 1,054,625,106.72, 2013 онд 979,814,179.91, 2014 онд 1,513,541,614.86, 2015 онд 1,273,235,988.31, 2016 онд 1,348,937,597.38, нийт 6,188,154,481.18 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 1,547,038,620.30 төгрөгийг нөхөн төлүүлж, 464,111,586.09 төгрөгийн торгууль, 235,007,631.69 төгрөгийн), мөн шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 3 дахь хэсэг (Албан татвар ногдох орлого олохоор ашиглагдаагүй /Захирлын хувийн орон сууц/ үндсэн хөрөнгөд элэгдэл байгуулж 2012 онд 4,517,658.1, 2013 онд 10,227,857,1, 2014 онд 10,227,857.1, 2015 онд 10,227,857.1, 2016 онд 13,614,820.7, нийт 48,816,050.1 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 12,204,012.5 төгрөгийг нөхөн төлүүлж, 3,661,203.8 төгрөгийн торгууль, 1,871,556.7 төгрөгийн алданги), шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 5 дахь хэсэгтэй холбогдуулан (Хөрөнгө түрээсэлсэн, борлуулсны орлого 2016 оны 533,110,663.23 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 53,311,066.32 төгрөгийг нөхөн төлүүлж, 15,993,319.90 төгрөгийн торгууль, 1,746,310.6 төгрөгийн алданги) хэргийн оролцогчид тодорхой үндэслэлээр маргасан байхад тэдгээр маргасан үндэслэл тус бүртэй холбогдуулан хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар болон захиргааны актын тухайн хэсгүүдэд хууль зүйн дүгнэлт тайлбар өгөөгүй, уг хэсгүүдтэй холбоотой хуулийн хэм хэмжээг хэрхэн тайлбарлаж хэрэглэж байгаа талаар шийдвэрт огт тусгаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болж байна. 

Анхан шатны шүүх гомдлын зарим шаардлагад хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд дүгнэлт өгсөн атлаа эцэслэн шийдвэрлэлгүйгээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий шийтгэлийн хуудас, түүний үндэслэл, маргааны үйл баримт, талуудын маргаж буй үндэслэлд дутуу дүгнэлт хийсэн байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй, үүнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Татварын улсын байцаагч нарын 2018 оны “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” маргаан бүхий 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсгээр гомдол гаргагч “Х Б” ХХК-ийн Хөрөнгө оруулагч нарт олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000.0 төгрөгт албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь ААНБОАТ, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан, гомдол гаргагчаас “... Банк нь шалгалтад хамрагдсан 2012-2016 онуудад Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ногдол ашиг зарлаж хуваарилаагүй ... шийтгэл ногдуулсан дээрх дүн нь Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах хэлбэрээр өөрчилж болно” гэсэн заалт, Монголбанкны 2015 оны ... А/1269 дүгээр албан бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр нэгж хувьцааны үнийг “Хувьцаанд хөрвөх нөөцийн сан”, “Нэмж төлөгдсөн капитал” данснаас тооцон өсгөсөн гүйлгээтэй холбоотой ...” гэж тайлбарлан маргасан байх бөгөөд хэрэгт Х Б-ны хуваарилагдаагүй ноогдол ашгаас өөрийн хөрөнгийн нөөцийн санд 5,656,094,961.41 төгрөг хуваарилахыг зөвшөөрсөн “Х Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар тогтоол /1хх-73/, Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1 дэх хэсгэт Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах хэлбэрээр өөрчилж болохоор заасныг, Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь хэсэгт Банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг хэлэлцэж шийдвэрлэхээр заасныг, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А-58 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хамгийн багадаа 50,000,000,000.00 төгрөг байхаар тогтоосныг, Компанийн өөрийн нэгж энгийн хувьцааны үнийг 5,000 төгрөгөөс 8,000 төгрөг болгон нэмэгдүүлэх хүсэлттэй болохыг тус тус үндэслэн Х Бны нэгж энгийн хувьцааны үнийг 5,000 төгрөгөөс 8,000 төгрөг болгож өсгөхийг зөвшөөрч, нэрлэсэн үнийг нэмгдүүлсэнтэй холбоотойгоор, Х Б-ны өөрийн хөрөнгийн нөөцийн сангаас 5,656,094,961,41 төгрөг, Нэмж төлөгдсөн капитал данснаас 14,140,923,038.59 төгрөг, нийт 19,797,018,000.00 төгрөгөөр энгийн хувьцааны дансанд шилжүүлэхээр тогтоосон “Х Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоол /1хх-77/, Монголбанкнаас Х Бны гүйцэтгэх захиралд хүргүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “... аливаа хэлбэрээр ногдол ашиг хуваарилахгүй байхыг ... мэдэгдье ...” гэх А-6/271 /1хх-66/, Монголбанкны 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “... Х Б-ны энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгон өсгөж хуримтлагдсан ашгаас байгуулагдсан нөөцийн данснаас ... төгрөг, нэмж төлөгдсөн капитал данснаас ... төгрөг, нийт 19,797,018,000.0 төгрөг шилжүүлэх гүйлгээ хийж банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50,608,320,000.0 төгрөг болгоход Монголбанкны зүгээс татгалзах зүйлгүй” гэх “Зөвшөөрөл олгох тухай” А-1/1269 /1хх-72/, Монголбанкны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “... Х Бны нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөж хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн нь дээрх банкны хууль тогтоомж, Монголбанкнаас гаргасан журмын хүрээнд ногдол ашиг хуваарилах үйл ажиллагаанд хамаарахгүй, Монголбанкнаас ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэртэй зөрчилдөөгүй тул Монголбанкнаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны дөрийн А-1/1269 дүгээр албан бичгээр холбогдох зөвшөөрлийг тус банканд өгсөн ...” гэх Б-10/1004 /11хх-49-50/ дүгээр албан бичгүүд болон холбогдох бусад баримтууд авагдсан байна.

Банкны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгохоор заасан бөгөөд тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Банк өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд банкны өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно”, 35.2-т “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, банкны систем дэх нөлөө, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно”, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д “Банк өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж,  эсхүл хорогдуулж тодорхойлно” гэж, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана”, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Банк нь ногдол ашиг хуваарилсны дараа Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилж болно” гэж, Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно”, 31.2.1-д “нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах”, 31.2.2-т “хувьцаа нэмж гаргах замаар өсгөх”, 31.2.3-д “өөрийн гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авч, хүчингүй болгох замаар бууруулах” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.1-д “Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно”, 9.1.3-д “Ногдол ашгийн орлого”, 17.2-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, 17.2.1-д “Ногдол ашгийн орлогод 10 хувиар” гэж тус тус хуульчилжээ.

Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалттай холбогдуулан “... Банк нь шалгалтад хамрагдсан 2012-2016 онуудад Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ногдол ашиг зарлаж хуваарилаагүй ... ногдол ашиг хуваарилах талаар Монголбанкнаас зөвшөөрөл хүсэж байсан боловч ... ногдол ашиг хуваарилахгүй байхыг мэдэгдсэн тул ... огт хуваарилаагүй ... Банк нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д зааснаар өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, хорогдуулах боломжтой ...” гэж, хариуцагч нар “... “Х Б” ХХК нь хэд хэдэн удаа хувьцааныхаа үнийг нэмэгдүүлж, бичилт хийсэн ... бид нар 5000-8000 төгрөгийн бичилт хийсэн бөгөөд энэ бичилтэд зөрчил гэж үзэж төлбөр ногдуулсан ... “Х Б” ХХК дээр хоёр данс байгаа ... хувьцааны үйл ажиллагаатай холбоотой данс, нөгөө нь хувьцаанаас бусад хуримтлагдсан үйл ажиллагааны данс байсан ... хувьцаа эзэмшигчийн тогтоолоор 5,6 тэрбум төгрөг гарсан ... 17 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бөгөөд татвар авах ёстой байсан ... хөрөнгийг нэмэгдүүлж бичилт хийж байгаа нь ногдол ашиг хуваарилсан гэсэн үг ...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх гомдлын шаардлагын тус хэсэгтэй холбогдуулан “... банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн болох нь тогтоогдож байна ... зөрчлөөр тооцсон зарим дүн нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөж өөрийн хөрөнгийн нөөцийн сан болон нэмж төлөгдсөн капиталын данснаас гүйлгээ хийж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой байхад энэхүү нөхцөл байдлыг нягтлан үзэлгүйгээр ногдол ашиг хуваарилсан гэж үзэж татвар ногдуулсан нь ойлгомжгүй, ... татвар ногдох зорилгод нийцээгүй ...” гэж дүгнэсэн атлаа эцэслэн шийдвэрлээгүй нь ойлгомжгүй, зөрчилтэй, актын уг хэсэгтэй холбогдуулан хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдэх нь ногдол ашгийн орлогод хамаарахгүй, татвар ногдох үндэслэл болохгүй талаар мөн “зөрчлөөр тооцсон зарим дүн” гэж дүгнэхдээ хувьцаа эзэмшигчдийн хэзээ гаргасан ямар шийдвэрээр нэгж хувьцааны үнийг хэрхэн өсгөсөн, тэр нь банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлсэнтэй холбоотой болох, мөн уг асуудал нь ногдол ашгийн орлогод үл хамаарах талаар хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдож байгаа талаар шийтгэлийн хуудасны уг хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Гомдол гаргагчийн зүгээс Татварын улсын байцаагч нарын 2018 оны  маргаан бүхий 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсгээр гомдол гаргагч “Х Б” ХХК-ийн Хөрөнгө оруулагч нарт олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000.0 төгрөгт албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан шийтгэл нь үндэслэлгүй, ногдол ашиг хуваарилаагүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн гэж маргаж буй энэ тохиолдолд шүүх холбогдох баримтуудын хүрээнд татварын улсын байцаагч нарын хяналт, шалгалтын хүрээнд илэрсэн “Х Б” ХХК-ийн Хөрөнгө оруулагч нарт олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000.0 төгрөгт албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэх зөрчил нь тус банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эсхүл компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн эсэхийг ялгаж, салган эдгээр нь банкны ногдол ашиг хуваарилсан хэлбэр мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”,  12.1.9-д “бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс”, 12.8-д “Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана”, 12.8.1-д “санхүүгийн түрээсийн төлбөр”, 12.8.2-т “албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.1-д “энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал”, 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал”, 15.1.3-д “энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр” гэж тус тус хуульчилсан байна.

Маргаан бүхий шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь хэсгээр Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал /үйл ажиллагаа/, ажилчдын сургалтын зардалд зарцуулсан /2012 онд 1,054,625,106.72, 2013 онд 979,814,179.91, 2014 онд 1,513,541,614.86, 2015 онд 1,273,235,988.31, 2016 онд 1,348,937,597.38/, нийт 6,188,154,481.18 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн уг зөрчилд 1,547,038,620.30 төгрөгийг нөхөн төлүүлж, 464,111,586.09 төгрөгийн торгууль, 235,007,631.69 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн, гомдол гаргагчаас “... зөрчлөөс тооцсон дүнгээс 3,074,542,342 төгрөгийн сургалтын зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасан “бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс” гэсэн зардалд хамааруулан хасагдах зардлаар тооцно ...” гэж маргасан байх бөгөөд хэрэгт “Х Б” ХХК-ийн банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, уулзалт хүлээн авалт, баяр ёслолын арга хэмжээ, ажилчдаа гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран сургалтад хамруулсантай холбоотой тухайлбал, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2013/03 дугаар “Хамтран ажиллах гэрээ” /10хх-131/, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Х Б” ХХК, “ICC Czech Republic” банкуудын холбооны нарийн бичгийн дарга нарын хооронд байгуулагдсан 02/2013 /5хх-95/, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 28/64 /5хх-153/, мөн оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1205 /5хх-144/,  05 дугаар сарын 20-ны өдрийн 642 дугаар “Сургалт зохион байгуулах гэрээ”-нүүд, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 636, мөн оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 962, 09 дүгээр сарын 04-ний өдрийн 881 дүгээр “Сургалт зохион байгуулах гэрээ”-нүүд, төлбөр шилжүүлсэн зэрэг баримтууд авагдсан байх бөгөөд хариуцагч хяналт шалгалтын явцад 870,559,629.07 төгрөгийг хасах зардал /сургалт/-д тооцсон гэжээ. 

Анхан шатны шүүх “... аль хамтран ажиллах гэрээ, сургалтын гэрээний дагуу явагдсан сургалтуудын зардлыг хасагдах зардлаар тооцсон нь тодорхойгүй ...” гэж дүгнэсэн нь, мөн шийтгэлийн хуудасны Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал /үйл ажиллагаа/-д хамаарах хэсэг үндэслэлтэй эсэхэд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан алдааг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”   гэж тус тус заасантай нийцээгүй, хууль бус байна.

Зүй нь хэргийн хэрэгт авагдсан баримт эргэлзээтэй тодорхой бус тохиолдолд шүүх тэдгээрийг тодруулах, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсанчлан “сургалтын зардлыг хасагдах зардлаар тооцсон нь тодорхойгүй” гэх зэрэг дүгнэлтийг хийсэн, гомдол гаргагч банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, уулзалт хүлээн авалт, баяр ёслолын арга хэмжээ, ажилчдын сургалтад хамруулах зорилгоор гаргасан /хяналт шалгалтад хамаарах хугацаанд/ зардлууд нь хуульд заасан хасагдах зардалд тооцогдох зардал мөн эсэх, аль сургалт, арга хэмжээний зардал нь хуульд зааснаар хасагдах зардалд хамаарах талаар дүгнэлт хийлгүй орхиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

Түүнчлэн гомдол гаргагчаас шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 6 дахь хэсэгтэй холбогдуулан “... Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бууруулсан 2012-2016 онуудад зөрчилд ногдуулсан нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсанд заасан дансанд төлж барагдуулсан ба торгууль алдангийн хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1-д заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үед тооцогдох торгууль алдангийг хүчингүй болгох үндэслэлтэй байсан ...” гэж зөрчлийн тухайд бус харин торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар маргасан байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнээгүй байхаас гадна хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийн зардлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ”, 44.3-д “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс гэж тус тус заасны дагуу шийдвэрлээгүй орхигдуулсан алдааг тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Ийнхүү анхан шатны шүүх дээрх байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан, уг зөрчил шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 817 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ