Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/шш2016/00270

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр       Дугаар 181/ШШ2016/00270         Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал таун 804 дүгээр байрны 1608 тоодод оршин суух С.Нармандах /РД:ШГ70062601/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Голомт хотхоны Д-52 тоотод оршин суух БНСУ-ын иргэн Lee Jeoungho /Ли Жон Ху/ ПД:GK1742912-д холбогдох 72 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Нармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, хариуцагч Lee Jeoungho /Ли Жон Ху/ -гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Сансармаа,шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Нармандах миний бие 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Солонгос улсын иргэн Ли Жон Ху-тай зээлийн гэрээ байгуулж 40 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Ли Жон Ху-нь гэрээнд заасан хугацаанд зээл хүүгээ төлөөгүй тул зээлийн гэрээг 2013 оны 1 дүгээр сарын 26 хүртэл 2 сараар, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 26 хүртэл 1 сараар сунгаж нэмэлт гэрээ байгуулсан.

Дээрх гэрээнд заасан хугацаа дуусахад Ли Жон Ху нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сүүлдээ олдохгүй байсан тул түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож, нэхэмжлэл гаргасан.

 Нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгаж хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцаа болгож Багануур дүүрэг 1 дүгээр хороо 30 айлын орон сууцны 02, 05 тоот 2 байрыг захиран зарцуулах эрхийг олгосон гэж ойлгож байсан, гэтэл Ли Жон Ху нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3/1603 тоот шаардах хуудсаар Сансармааг 02 тоот орон сууцыг суллаж өгөхийг шаардсан байна. Иймээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2., 236.1.3., 236.2-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тул үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх боломжгүй юм. Би нэмэлт гэрээнд зааснаар Багануур дүүрэг 1 дүгээр хороо 30 айлын орон сууцны 02, 05 тоот 2 байрыг захиран зарцуулах эрхийг надад олгосон гэж ойлгоод Б.Баярааг дагуулан ирж Ли Жон Ху-нь Б.Баяраатай ”Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулан 12 300 000 төгрөгийг би хүлээн авсан. Мөн Сансармаад 02 тоот байрыг зарахаар тохиролцож 5 сая төгрөг авсан. Зээлдүүлсэн мөнгөний хүүд 2 сая төгрөг авсан, эдгээрийг нийт зээлээс хасахыг хүлээн зөвшөөрнө.

Иймд Ли Жон Ху-гаас 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 40 сая төгрөг, 5 сарын хүү 12 000 000 төгрөг, алдангид 20 000 000 төгрөг нийт 72 000 000 төгрөг гаргуулан өгнө үү гэв. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын иргэн Lee Jeoung ho /Ли Жон Ху/ миний бие Багануур дүүрэгт 30 айлын орон сууцны барилгын ажил хийж байх үедээ Монгол улсын иргэн С.Нармандахтай 2012 оны 9 дүгээр сарын 26-нд зээлийн гэрээ байгуулан 40 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Зээлийн хугацаанд 2 сая төгрөгийг зээлийн хүүд төлсөн. С.Нармандах нь  зээлийн гэрээ хийж надад мөнгө зээлдүүлсэн өдөртөө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 30 айлын орон сууцны  02 болон 05 тоот тус тус 2 өрөө 45,76 м.кв байрыг нэг бүрийг нь 49 сая төгрөгт тооцож худалдаж авахаар 2012.09.26-ны өдөр Орон сууц захиалгаар барих 2 ширхэг гэрээг надтай байгуулсан.

Тус 30 айлын орон сууцны санхүүжилт зогссоны улмаас улсын комисст хүлээлгэн өгч чадаагүй, Нармандахаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй байсан. 2013 оны 3 дугаар сард С.Нармандах нь Багануур дахь байрны 05 тоотод оршин суух хүн байна гээд Б.Баярааг дагуулан ирсэн. Тухайн үед Нармандахад өгөх мөнгө байгаагүй тул Нармандахын саналыг хүлээн авч Орон сууц захиалгаар барих тухай гэрээг Б.Баяраагийн нэр дээр хийх Б.Баяраа нь тус орон сууцны төлбөрийг С.Нармандахад төлөхөөр болсон. С.Нармандах нь байрны үнийг 41 сая төгрөг болгон бууруулж гэрээ хийх, зөрүү төлбөрийг бүгдийг нь авна гэхэд надад хохиролтой байсан хэдий ч 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд С.Нармандахтай тооцоо дуусахаар тохиролцсон. Баяраа нь Нармандахад 12 300 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн бөгөөд Б.Баяраа нь 05 тоотод амьдарч байна. Нармандах 2014 оны 4 дүгээр сард 02 тоот байрны цоожийг эвдэн О.Сансармаатай 2014 оны 5 дугаар сарын 14-нд гэрээ хийж 5 сая төгрөг авсан байна. Би Сансармааг 02 тоотод оруулахыг зөвшөөрөөгүй тул  Сансармаад байр чөлөөлж өгөх тухай шаардлага тавихад Нармандахад 15-25 сая төгрөг төлсөн хэмээн ярьж өнөөдрийг хүртэл хууль бусаар амьдарч байна. Багануур дүүргийн 30 айлын орон сууцыг 2015 оны 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Миний хувьд С.Нармандахын төлбөрт Багануур дүүргийн 30 айлын орон сууцнаас 05 тоот орон сууцыг Нармандахын хүсэлтээр Б.Баяраагаас ямар нэгэн төлбөр авалгүй Баярааг оруулж өнөөдрийг хүртэл амьдруулж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2., 236.1.3., 236.2-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тул үүргийн харилцаа дуусгавар болсон гэв. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Сансармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 айлын орон сууцны 02 тоот 2 өрөө байрыг 45 сая төгрөгөөр худалдан авахаар С.Нармандахтай тохиролцож урьдчилгаанд нь 5 сая төгрөг өгсөн. Би Нармандахыг энэ байрыг зарах эрхтэй хүн гэж ойлгож байсан тул 5 сая төгрөгөө өгсөн гэтэл намайг Эм Ди Кэй Ай ХХК-ийн захирал Ли Жон Ху нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3/1603 тоот шаардах хуудсаар 02 тоот орон сууцыг суллаж өгөхийг шаардсан. Байдал нэгэнт ийм болж байгаа тохиолдолд би Б.Баяраатай адилхан Орон сууц захиалгаар бариулах гэрээг Ли Жон Ху тай хийхийг хүсэж байна гэв.     

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Хариуцагч БНСУ-ын иргэн Lee Jeoung ho /Ли Жон Ху/-нь “Орон сууц бариулах эрх”-ийг барьцаалан нэхэмжлэгч С.Нармандахаас 40 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдэн, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ.

Ли Жон Ху-нь гэрээнд заасан хугацаанд зээл хүүгээ төлөөгүй тул зээлийн гэрээг 2013 оны 1 дүгээр сарын 26 хүртэл 2 сараар, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 26 хүртэл 1 сараар тус тус сунгаж нэмэлт гэрээ байгуулсан байна.

Нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгаж хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Багануур дүүрэг 1 дүгээр хороо 30 айлын орон сууцны 02, 05 тоот 2 байрыг захиран зарцуулах эрхийг олгов гэж бичсэн байгаа боловч Барьцааны гэрээг  бичгээр байгуулаагүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, нэмэлт гэрээгээр тогтоогдож байна.

 Зохигчдын хооронд хийсэн зээлийн гэрээнд ...“Орон сууц бариулах эрх”-ийг барьцаалан... гэж, нэмэлт гэрээгээр “ ... Багануур дүүрэг 1 дүгээр хороо 30 айлын орон сууцны 02, 05 тоот 2 байрыг захиран зарцуулах эрхийг олгов” гэж тус тус заасан байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан Барьцааны гэрээний хэлбэрийн шаардлага хангаагүй, агуулга нь бүрэн бус байх тул барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэсгүй байна.

Тэрээр хариуцагч Ли Жон Ху 40 сая төгрөгийг хүлээн авсан ба зээлийн төлбөрт 2 000 000 төгрөг буцаан төлж, 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ли Жон Ху, Б.Баяраа нарын хооронд байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Б.Баяраагаас урьдчилгаанд төлсөн 12 300 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлийн дагуу О.Сансармаагийн төлсөн 5 000 000 төгрөгийг С.Нармандах хүлээн авсан болох нь зохигчид болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баяраа, О.Сансармаа нарын тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй тул зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй.

Гэрээний хугацаа 2013 оны 2 дугаар сарын 26-нд дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээл, гэрээнд заасан алданги төлөх үүрэгтэй.

Хариуцагч зээлд 40.000.000, зээлийн хүүд 12.000.000 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртлэх  алдангид  20.000.000  нийт 72.000.000  төгрөг  төлөх үүрэгтэй ба үүнээс өмнө төлсөн 19.300.000 төгрөгийг хасаж,  нэхэмжлэлээс 52.700.000 төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй.

С.Нармандах, Б.Баяраа, О.Сансармаа нарын Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, хэлцлийн дагуу эдлэх эрх, хүлээх үүрэг нь нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан БНСУ-ын иргэн Lee Jeoung ho /Ли Жон Ху/- гаас 52 700 000/тавин хоёр сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж С.Нармандахад олгож, нэхэмжлэлээс 19.300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 421450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО