Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.С-т холбогдох эрүүгийн 1938008830094 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.С-,

Шүүгдэгч Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод С.А-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зовхи болон зүүн чихний дэлбээнд шарх, зүүн дээд зовхи, хацар, чамархай, хүзүү хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод С.А-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зовхи болон зүүн чихний дэлбээнд шарх, зүүн дээд зовхи, хацар, чамархай, хүзүү хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938008830094 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны орой ажлаа тараад гэртээ харихад эхнэр Дунгармаа маань гэртээ байхгүй байсан...Тэгээд би Гэлэгээ ахын гэрийг Хуягаа ахаар заалгуулж шөнийн 01 цагийн үед очсон. Тэдний гэрт Хуягаа ахын хамт ороход манай эхнэр Дунгармаа, Д.Э-, Сайханаа нар байсан...Тэгтэл Сайханаа ганц пиво уумаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо харанхуй шөнө болсон байхад юугаа уудаг юм гэж хэлээд түүнтэй маргалдсан...Сайханаа над дээр ирснээ “чи манай нутгийн хүнийг яагаад байна, чи дархад хүнийг мэдэх үү” гэж хэлэхээр нь би “чи юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлээд мөрнөөс нь татахад чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэснээ миний шанаа руу гараараа цохьсон. Тэгэхээр нь би Сайханааг дараад газарт унагаад цохиогүй...Тэгээд босоод байж байхад Сайханаа араас босож ирснээ миний зүүн талын нүд рүү гараараа цохьсон...” “...Г.С- нь миний эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулахаар болж, надтай харилцан тохиролцсон. Г.С- нь надаас уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир би түүнтэй эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

Гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...С.А- Г.С- дүүг маань эхлээд цохиж авах үед Г.С- дүү маань түүнийг өөрөөсөө түлхэж холдуулаад хальт барилцаж авсан. Тэгж барилцаж авсан байх үед нь би салгасан. С.А- дүүгийн маань мотоциклийг шатаана гээд зогсож байх үед Г.С- дүү маань уурлаад түлхсэн. Тэгэхэд С.А- мотоцикль даваад унасан. Тэгж унахдаа нүд болохоо больчихлоо гэсээр босож ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Шүүгдэгч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...Мотоцикпийг маань шатаана гээд байхаар нь түүнийг түлхэж унагаасан нь үнэн. Унахдаа мотоциклийн төмөр рүү нүүрээрээ мөргөчихсөн. Тэгж мөргөчхөөд л нүд маань юм харахаа больчихлоо гэж хэлж байсан...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...хохирогч С.А-гаас уучлалт гуйж, түүний эмчилгээнд гарсан хохирлыг төлж барагдуулахаар болж тохиролцсон байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 40-41-р хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай: С.А-гийн биед баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зовхи болон зүүн чихний дэлбээнд шарх, зүүн дээд зовхи, хацар, чамархай, хүзүү хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. С.А-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 33-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-50-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод С.А-тай хэрүүл маргаан үүсгэж, 4 улмаар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зовхи болон зүүн чихний дэлбээнд шарх, зүүн дээд зовхи, хацар, чамархай, хүзүү хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч С.А-гийн мэдүүлэг /хх-ийн12-15 хуудас/, гэрч Д.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Хохирогч С.А-гийн эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн гэмтүйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалдүндэслэн шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Г.С-, хохирогч С.А- нар нь согтууруулахундааны зүйл хэрэглэсэн, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.С- нь хохирогч С.А-гийн эрүүл мэндэдхөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч Г.С- нь хохирогч С.А-д учруулсан 300.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.С-аас 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.А-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыгүндэслэн шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн 5 нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.С- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.С-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

1938008830094 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овогт Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Г.Сыг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938008830094 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Саас 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ад олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР