Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2017/04480/И |
Дугаар | 001/ХТ2018/00855 |
Огноо | 2018-05-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/00855
Ц.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03857 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 345 дугаар магадлалтай,
Ц.Э-ын нэхэмжлэлтэй
Баянзүрх дүүргийн ***- дүгээр цэцэрлэгт холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: …миний бие 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 24 жил бүлгийн багшаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эрхлэгч Ө.Алдармаа нь өрөөндөө дуудаж таны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн шинжилгээний хариугаар тэмбүү өвчин гэсэн хариу гарсан. Тухайн үед эмч Ш.Мядагмаа эрхлэгч бид хоёрын яриаг бичиж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа иртэл 09:00 цагийн орчимд даргын өрөөнд ортол эрхлэгч Ө.Алдармаа, арга зүйч Ж.Энхзул, эмч Ш.Мядагмаа нар байсан. Эмч Ш.Мядагмаа тэмдэглэл хөтөлж, эрхлэгч Ө.Алдармаа Ц.Э- багшаа өнгөрсөн жил танай туслах багш хүүхэд өшиглөсөн, мөн та хэд хоногийн өмнө бослого хөдөлгөөн удирдсан, түүнчлэн тэмбүү өвчин туссан байгаа учраас таныг ажлаас чөлөөлсөн ч болохоор байна, гэхдээ бид ангид чинь хүн оруулж ажлыг чинь зохицуулна гэж хэлсэн. 2017 оны 9 дүгээр capын 07-ны өглөө эрхлэгч Ө.Алдармаа болон жижүүр үйлчлэгч н.Дэжидмаа нарт 06:15 цагийн орчимд шинжилгээ өгөх тухайгаа мессеж бичээд гэр бүлийн хүнтэйгээ хамт Гялс төвд шинжилгээ өгөхөд бидний шинжилгээ эрүүл гэж гарсан бөгөөд эрхлэгчийн өрөөнд орж шинжилгээний хариугаа өгсөн. Гэтэл маргааш орой нь буюу 9 дүгээр сарын 08-ны өдөр эрхлэгч Ө.Алдармаа ажлаас халах тушаал уншсан. Ө.Алдармаа болон мэргэжлийн бус эмч Ш.Мядагмаа нар эмнэлгийн байгууллагын гаргасан шинжилгээний хариуг гуйвуулан өөрсдөө хүн гүтгэчихээд ёс зүйгүй авир гаргасан хэмээн өөрийнхөө эрх мэдлийг ашиглан үндэслэлгүйгээр ажлаас халсанд маш их гомдолтой байна.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн ***- дүгээр цэцэрлэгийн төлөөлөгч Ө.А-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Ц.Э- нь тус цэцэрлэгт 1993 оноос хойш олон жил ажилласан, дадлага туршлагатай мэт харагддаг боловч ажпын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүргээ хангалтгүй хийдэг, ажлын байранд тавигдах наад захын шалгуур, шаардлагыг хангадаггүй, бакалаврын түвшний боловсрол байхгүй, ноцтой халдварт өвчтэй, шударга бус зантай, өөрийгөө олон жил ажилласан дархлагдсан гэж ойлгож ажлаас хоцрох, ажил таслах өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй байхаас гадна ажлын байрандаа урд өдөр нь уусан архи нь гараагүй мансуурсан байдалтай ирж хүүхдүүдэд болон хамт олондоо маш буруу үлгэр дуурайлал үзүүлдэг. Мөн эцэг эхчүүдээс дур мэдэн үндэслэлгүй мөнгө хураах зэргээр ажил үүргээ хангалтгүй биелүүлдэг болсон нь энэ хүнийг цаашид ажиллуулах боломжгүй байдалд хүргэсэн тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Хөдөлмөрийн гэрээний 3.3-т багшийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллана гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 4.27-д багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлнэ гэж тус тус заасан байдаг бөгөөд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 41 дүгээр тушаалаар баталсан Багшийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан давтан зөрчил болсон гэж үзнэ. Мөн Багшийн ёс зүйн дүрмийн 2.1.5-д Ном сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлсийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр хураамж хандив өгөхийг шаардах... гэж заасныг зөрчиж Ц.Э- нь 2017 оны 5 дугаар сард хувиасаа дур мэдэн Батламж гэх зүйл хийлгэж эцэг эхчүүдээс 30.000 төгрөг хураасан байсан. Түүнчлэн ёс зүйн дүрмийн 2.3.2-т заасан өөрийн болон хувь хүний нэр төр, сэтгэл санаанд хохирол учруулахгүй байх, мөн дүрмийн 2.1.6-д Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн биеэ авч явах гэснийг тус тус зөрчиж Ц.Э- нь биеийн тамирын багш Ч.Энхтүвшинг хамт олны өмнө гутаан доромжилсон. Ц.Э- нь 2017 оны 5 сард Анги засварын мөнгө ангийнхаа бүх хүүхдүүдээс хураасан атлаа няравт тушаахдаа 30 гаран хүүхдийн мөнгө хүлээлгэж өгсөн. 100 хувь хураасан атлаа зарим хүүхдийн нэрсийг жагсаалтаас хасаж бичсэн зөрчил нь тогтоогдсон тул өөрт нь хэлж арилгуулсан төдийгүй 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр цэцэрлэгийн бүх багш ажилтнууд нэгдсэн шинжилгээнд хамрагдахад Ц.Э- +- буюу тэмбүү өвчний халдвартай гэж гарсан. Энэ хүнийг өвчтэй гэдэг үндэслэлээр ажлаас халаагүй бас өвчтэй гэж худлаа гүтгээгүй.
Иймд Ц.Э-ыг ажлаас халах тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03857 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Э-ыг хариуцагч Баянзүрх дүүргийн ***- дүгээр цэцэрлэгийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 1.909.004 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 115.694 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 345 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03857 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн ***- дүгээр цэцэрлэгт холбогдуулсан эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Ц.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм журамд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгож байгаа тушаал шийдвэрээ гаргах ёстой. Ингэснээр ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байж Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангах юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 тоот тушаалаар ажлаас нь халахдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн боловч тушаал шийдвэрт ноцтой зөрчил болон давтан зөрчил гаргасан эсэх нь тодорхой бус байгаа. БШУЯамны Сайдын 41 дүгээр тушаалын 2.3.1 дэх хэсэгт “Хамтран ажиллагчдынхаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах,” гэсэн нь тодорхой бус. Байгууллагын дотоод журмын 5.11 дэх хэсгийг дотоод журмаас хайгаад олоогүй. Байгууллагын дотоод журмын 10.8 дэх хэсэгт “Захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа буюу 2 удаа чанаргүй гүйцэтгэсэн, огт биелүүлээгүй” гэсэн. Гэтэл үр дүнгийн гэрээгээ дандаа 80 дээш хувиар биелүүлдэг. Хүүхдийн биед халдсан болон ажил үүргээ хангалтгүй хийснээс болж хүүхэд хохирсон зүйл байхгүй. Туслах багшид түр орхиод өөр багшийн ангид ороод хувцас аваад ороод ирэх 5-д минут л болсон байх энэ хооронд л хүүхэд өшгөлсөн хэрэг гарсан байсан. Туслах багшийг яах гэж ажиллуулдаг вэ гэвэл багшид ажил гарсан бол түр харж үлдэхээс гадна давхар туслаж ажиллах үүрэгтэй болохоос өшиглөх ёсгүй байдаг. Гэтэл тухайн туслах багш өшгөлсөнөөс үүдэлтэй нэхэмжлэгчид 2017.01.03-ны өдөр Б/01 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь өөрөө үндэслэлгүй юм. Гэрчээр н.Нармандахыг асуулгахдаа хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг ажил тасалсан эсэхийг тогтоолгохоор асуулгах байсан юм гэсэн нь өөрөө үндэслэлгүй. Учир нь маргаж буй тушаалын үндэслэл бол нэхэмжлэгч нь багш ажилтан нартай ёс зүйгүй харьцсан гэсэн асуудал болохоос ажил тасалсан асуудал биш тул гэрчээр н.Нармандахыг асуулгах шаардлага байхгүй байсан. Хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурьдаад нотлох баримтаар гаргаж өгсөн гээд байгаа хурлын тэмдэглэл нь тушаалд заасан үндэслэлд хамааралгүй. Хариуцагч нь тодорхой бус тушаал гаргачихаад уг тушаалдаа нийцүүлэх гээд аль тааралдсан болгоныг хамааруулах гээд зүтгэж болохгүй байх.
Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн гэсэн нь хэдний өдөр ямар ажлын хэн гэсэн удирдлагаас өгөөд биелүүлээгүй байгаа эсэх нь тодорхой бус, магадлалд дурьдсан 2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн багш нарын зөвлөгөөний хурал дээр хугацаатай үүрэг өгсөн байхад нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шаптгаангүйгээр хийгээгүй гэсэн байна. Уг хуралд хамран сургах ба тойргийн бус судалгааг 2017.09.04-ны өдөр өгөөд 2017.09.06-ны өдөр гаргаж өгөхөөр хугацаатай үүрэг өгсөн боловч нэхэмжлэгчийг хариуцагч өөрөө Бэлгийн замын халдварт өвчтэй байна гэснээс болж маргаан үүсэн үүнийгээ нэхэмжлэгч 2017.09.06-д эмнэлгийн шинжилгээ хийлгээд хариу нь 2017.09.07-ны өдөр гарсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.13-т зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэж байгаа бол албан тушаалыг нь хэвээр хадгалах зохицуулалтад хамааралтай болохоос ажил таслаагүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчийг бэлгийн замын халдварт өвчингүй байхад өвчтэй гээд хүүхдийн байгууллагад ажиллаж болохгүй яаралтай ахин шинжилгээ өг гэсэн мөртлөө өгөхөөр хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Хамрах бүлгийн судалгааг арга зүйч гаргаж өгсөн байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Мөн нэхэмжлэгч хуучин ангидаа биш шинээр 40-50 хүүхэдтэй анги хүлээж авсан бөгөөд эцэг эхээс шаардаад дээрх хугацаанд гаргаж өгөх боломжгүй байсан. Хэрвээ хучин ангидаа орж байсан бол эцэг эхээс шаардаад авах шаардлагагүй өөрөө шууд гаргаад өгөх боломжтой байсан гэдгийг гэрч нар мэдүүлэгтэй нотолсон байдаг. Давж заалдах шатны шүүх эцэг эхчүүдээс захиргааны зөвшөөрөлгүйгээр 30.000 төгрөг хураасан батламж олгосон эсэх талаар гомдол мэдээлэл гаргасныг 2017.05.15-ны өдөр багш ажилчдын хурал дээр хэлэлцэн Ц.Э- багш хүлээн зөвшөөрсөн гэсэн нь ор үндэслэлгүй.
Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 101/Ш32017/03857 тоот шийдвэрийг хэвээр үлдээж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 345 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Э-, хариуцагч ***- дүгээр цэцэрлэгт холбогдуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч “ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч оролцохдоо нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, хариуцагч тайлбар, татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээнэ.
Зохигчийн хэн аль нь өөрийн тайлбараа нотлохоор нотлох баримтыг шүүхэд гаргасан, түүнчлэн хүсэлт гаргаж шүүхээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийлгэснээс үзэхэд зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн, шүүх энэ боломжийг хангасан байна.
Нэхэмжлэгч Ц.Э- ***- дүгээр цэцэрлэгт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр багшаар ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 тоот тушаалаар ажлаас халагджээ.
Б/46 тоот тушаалд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, БСШУЯамны Сайдын 41 дүгээр тушаалын 2.3.1, байгууллагын дотоод журмын 5.11, 10.8, 10.9, 10.13-г баримталж, Ц.Э- багш, ажилтнуудтай ёс зүйгүй харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэжээ.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох хоёр нөхцлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан байна.
Ажилтны хэзээ гаргасан, ямар үйлдэл нь ажлаас халах үндэслэл болсон, уг үйлдлийг ажил олгогч сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл ...ноцтой зөрчил гэж үзсэн аль нь болохыг тушаалд тодорхой тусгаагүйгээс уг шийдвэрийн хууль зүйн үндэслэл тодорхой бус болжээ.
Хариуцагч хариу тайлбартаа, ...Ц.Э- сахилгын зөрчил давтан гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, үүний дараа ёс зүйн болоод удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зөрчил гаргасан гэсэн байна.
Хэргийн баримтаар ёс зүйн зөрчлийн хэм хэмжээг хэрхэн тогтоох хууль зүйн үндэслэл болон нэхэмжлэгч Ц.Э- “багш, ажилчидтай ёс зүйгүй харьцсан” зөрчил гаргасан нь тогтоогдоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.
Хөдөлмөрийн гэрээний 3.3-т “багшийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллана, хөдөлмөрийн дотоод журмын 4.27-д “багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлнэ” гэж тус тус заасан байх бөгөөд Боловсрол шинжлэх ухааны сайдын 41 дүгээр тушаалаар баталсан Багшийн ёс зүйн дүрмийг баримталдаг гэх боловч уг дүрэм хэрэгт авагдаагүй, тухайн дүрмийн аль зохицуулалтыг нэхэмжлэгч зөрчсөн, Ц.Э- нь “...2016.12.24-ны өдөр багш Ч.Энхтүвшинг гутаан доромжилсон, 2017.09.06, 07-ны өдрүүдэд шинжилгээний хариутай холбоотой эрхлэгч болон эмчийг доромжилсон” зөрчил гаргасныг хариуцагч нотлоогүй байна.
Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй тухайд, хариуцагч хариу тайлбартаа “...2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн багш нарын зөвлөлгөөн хийж, 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор хамран сургах тойрог, тойргийн бус хүүхдийн судалгаа хийх, цахим элсэлтийн судалгаа хийх, сургалтын хөтөлбөр боловсруулах үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй” гэжээ.
Хариуцагч тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 10.8-г баримталсан байх ба үүнд захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа буюу 2 удаа чанаргүй гүйцэтгэсэн, огт биелүүлээгүй бол сахилгын зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу шийтгэл ногдуулна гэжээ.
Судалгаа хийх, сургалтын хөтөлбөр боловсруулах үүргийг арга зүйчид өгсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан бөгөөд энэ судалгааг багш нар гаргах үүрэгтэй байсан гэж үзвэл 2017 оны 9 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Ц.Э-ын шинжилгээний хариу сөрөг гарсны улмаас тэрээр цаашид ажил үүргээ үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болсон, дахин шинжилгээ өгсөн нь тогтоогдсон тул ажилтан үүрэг даалгаварыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй. Нөгөө талаар хөдөлмөрийн дотоод журамд удирдлагаас өгсөн 2 удаагийн үүрэг, даалгаварыг зохих ёсоор биелүүлээгүй эсхүл огт биелүүлээгүй үйлдлийг сахилгын зөрчилд тооцохыг заасан байна.
Иймд Ц.Э-ыг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халсан тушаал хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “...Ц.Э- өмнө нь сахилгын шийтгэл хүлээснээс гадна хариуцагчийн тайлбарт дурдсан батламж нэрээр 30.000 төгрөг эцэг, эхчүүдээс авсан зөрчил болон 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор судалгаа гаргах удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй 3 удаагийн давтан зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн байна.
Эцэг, эхчүүдээс мөнгө хураасан үйлдлийг ажил олгогчийн тушаалд заасан үндэслэлд хамааруулах боломжгүй, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэх боломжгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Дээрх байдлаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгов.
Анхан шатны шүүхийн шийдвэрт дараахь үндэслэлээр өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж, 120 дугаар зүйлийн 120.1-д шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох тохиолдлыг тус тус заажээ.
Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно” гэж заасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын агуулгыг буруу тодорхойлсон гэж үзэх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 345 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03857 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “хуулийн хүчин төгөлдөр” гэснийг “хуулийн хүчинтэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ