| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2017/0099/З |
| Дугаар | 931 |
| Огноо | 2017-12-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 931
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Ж .
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.
Гуравдагч этгээд: Э.Ж .
Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Д ” ХХК-ийн 10%-ийн хувьцаа эзэмшигчээс намайг хассан үйлдлийг илт хууль бус болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгч Ч.Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие “Д ” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд хувьцааны дийлэнх хэсгийг Э.Ж д худалдаж улмаар 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш тус компанийн 10 хувийн хувьцааг эзэмших болсон.
“Д ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Ж нь 2012 оноос хойш компанийн үйл ажиллагаанд миний биеийг оролцуулалгүй бие даан үйл ажиллагаа явуулж компанийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг нэг ч удаа танилцуулаагүй бөгөөд хувьцаа эзэмшигчийн хурал хийж байгаагүй, ногдол ашиг олгож байгаагүй болно. Компанийн бүх баримт бичиг Э.Ж д байдаг бөгөөд түүнтэй холбоотой мэдээлэл, бичиг баримтыг ч гаргаж өгдөггүй.
Миний бие компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас лавлагаа авахад миний биеийг “Д ” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигчээс 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хасаж тус компанид ямар ч хувь, хувьцаа эзэмшигч биш болгосон болохыг олж мэдсэн.
Миний бие “Д ” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа хэнд ч ямар нэгэн байдлаар шилжүүлээгүй байхад Улсын бүртгэлийн байгууллага өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хувьцаа эзэмшигчийн эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулж хувьцаа эзэмшигчээс хассан илт хууль бус үйлдэл хийжээ.
Улсын бүртгэлийн байгууллагын дээрх хууль бус үйлдэл нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна: 11.5.1 улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах; 11.5.2 энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 23.3.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 23.3.2-т эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, 23.3.3-т дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 23.3.4-т иргэний хуульд заасан холбогдох гэрээ, 23.3.5-д улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж заасныг зөрчжээ.
Миний бие эрх шилжүүлээгүй, гэрээ байгуулаагүй байхад миний эзэмшлийн хувьцааны бүртгэлийг өөрчилж байгаа нь иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “өмчлөх эрхэд” бүдүүлгээр халдсан үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын /шинэ нэрээр/ 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Д ” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигчээс Ч.Ж миний биеийг хассан үйлдэлийг Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай /хуучин хуулийн орчинд/ 9.1.7, 9.1.9-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Ж нь “Д ” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч байсан. Хувьцааны тодорхой хувийг бусдад шилжүүлснээр 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш “Д ” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигчээр үлдсэн. 2012 оноос хойш “Д ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ж гэж хүн компанийн санхүүгийн тайлан тооцоог танилцуулахгүй, үйл ажиллагаанд оролцуулахгүй өдийг хүрсэн. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагын лавлагааг авснаар 10 хувийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан болохыг олж мэдсэн. Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй хувьцааг нь бусдад шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.5-д улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна гээд мөн хуулийн 11.5.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 11.5.2-д энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; 11.5.3-д энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичиг гээд 23.3-д хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ 23.3.1-т баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 23.3.2-т эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр; 23.3.3-т дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт; 23.3.4-д Иргэний хуульд заасан холбогдох гэрээ; 23.3.5-д улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргасан байх гэсэн шаардлага байдаг.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д бүртгэл үнэн зөв байх гэсэн шаардлагыг зөрчсөн бөгөөд Ч.Ж хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй байхад үлсын бүртгэлд өөрчлөлт хийж бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох. “Д ” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг байсан бүртгэлээс Ч.Ж ыг хассан бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуучин хууль үйлчилж байсан цаг хугацаанд гарсан тул хуучин хуулиар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Д ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэл хийсэн байдаг. Нэхэмжлэгч үүнийг илт хууль бус бүртгэл хийсэн гэж үздэг. Бүртгэл хийлгэхээр ирсэн баримтыг харахад Улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоол, эрх шилжүүлэх гэрээ, итгэмжлэл, татварын байгууллагын тодорхойлолт, дүрмээ шинэчилж ирүүлсэн байна Энэ бүгдээс харахад хуульд заасан баримт авсан байдаг. Бүртгэлийн байгууллагын буруутгах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Д ” ХХК-ийн 10 хувийг Ч.Ж нь 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн хувьцааг надад өөрийн хүсэл зориг, харилцан тохиролцож гэрээ байгуулан, улмаар тогтоол үйлдэж шилжүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хувьцаагаа хэд хэдэн удаа хэсэгчлэн шилжүүлэн авсан болно. С.Ж нь гэрээг хийж шилжүүлээгүй гэж маргаж тайлбар өгсөн байна. Гэрээг өөрийн хүсэл зоригоор хийсэн, гэрээнд өөрөө гарын үсэг зурсан зэрэг үйл баримтууд хэрэгт байгааг дурдах нь зүйтэй.
Гарын үсэг зурсан, зураагүй, мөн биш эсэх нь шинжээч томилон шийдвэрлэх ёстой байх С.Ж нь өөрөө гарын үсэг зурсан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Ж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Д ” ХХК-ийн 10%-ийн хувьцаа эзэмшигчээс намайг хассан үйлдлийг илт хууль бус болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр “Д ” ХХК-ийн 10%-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ж ы зөвшөөрөлгүй хувьцаа эзэмшигчээс хассан захиргааны байгууллагын бүртгэл илт хууль бус гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
“Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүртгэлийн байгууллагад гаргасан хуульд нийцсэн нотлох баримтыг үндэслэн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулсан хариуцагчийн 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн бүртгэл хууль зүйн үндэслэлтэй.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Иргэний хуулийн 182.2-т заасны дагуу хууль буюу гэрээнд тусгайлан заасан бол хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд ийнхүү бүртгэхэд энэ хуульд заасан журмыг баримтлана.” гэж заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг бүртгүүлэхээр ирүүлсэн УБ-5 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хурлын 11 дүгээр тогтоол, Компанийн шинэчилсэн дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдийн хуулбар, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ, итгэмжлэл, Татварын байгууллагын тодорхойлолт зэргийг үндэслэн “Д ” ХХК-ийн 10%-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Ж ыг хассан маргаан бүхий бүртгэл хууль зөрчөөгүй гэж дүгнэв.
Учир нь мэдүүлэг гаргагчийн тухайн үед бүрдүүлж ирүүлсэн мэдүүлэг, нотлох баримтууд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж бүртгэсэн бүртгэл дээрх хуулийн зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл “Д ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ хуульд нийцсэн эсэхийг шалгаж тогтоох эрх бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуулиар олгогдоогүй байна.
Нөгөө талаар тус компанийн хувьцааг хэн хэдэн хувиар эзэмших эрх маргаантай байхад нэхэмжлэгчийн өмчлөгчийн зөвшөөрөлгүй бүртгэлд өөрчлөлт оруулсан нь илт хууль бус гэх шаардлагаар захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй:”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн:” гэж заасан үндэслэлээр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Учир нь хариуцагч бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд мэдүүлэг гаргагчаас ирүүлсэн баримтуудыг үндэслэн гаргасан шийдвэр захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй бөгөөд энэхүү бүртгэл хийгдсэнээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн маргаан бүхий бүртгэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах шаардлагын хүрээнд хариуцагч Улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, хэргийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд энэ дүгнэлтийн үндэслэлээс хамаарч нэхэмжлэлийн шаардлагыг хангах, маргаан бүхий бүртгэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах үндэслэлгүй байна.
Харин “Д ” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй холбоотой маргааныг харьяаллын шүүхэд хандаж эцэслэн шийдвэрлэсний дараа бүртгэлийн асуудалтай холбоотой маргаан үүсвэл нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалуулах эрх нь нээлттэй болно.
Ийнхүү дээрх байдалд дүгнэлт хийвэл нэхэмжлэгчийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Д ” ХХК-ийн 10%-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Ж ыг хассан үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Д ” ХХК-ийн 10%-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Ж ыг хассан үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР