Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2021/0165

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Т.М нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Т.М, Ш.Б, Ц.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Т, Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Т.М нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалын иргэн О.П-д 293 м.кв газар нэмэгдүүлэн олгосон хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон нэхэмжлэлийн “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон 04/2019 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг баримтлан шинжээчийн зардал  2562969 (Хоёр сая таван зуун жаран хоёр мянга есөн зуун жаран есөн) төгрөгийг хариуцагч Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын (РД:9129278) Төрийн сан дахь 100900005007 тоот дансанд төлүүлж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг анхнаасаа хүлээн авах ёсгүй байсан. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”  гэж, мөн хуулийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол “нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах”-аар тус тус заасан … Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудаар нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээд О.П-ыг нийтийн эзэмшлийн зам руу орж газраа тэлсэн талаар 2017 оноос эхлэн мэдсэн атлаа огт гомдол гаргаж байгаагүй … Харин 2019 оны 4 дүгээр сарын 24, мөн оны 5 дугаар сарын 17-ны өдрүүдэд эрх бүхий байгууллагад гомдол хүсэлт гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна … Тухайлбал, 2017 онд гуравдагч этгээд хашаа татаж эхэлсэн гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд энэ хугацаанаас эхлэн тэр шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй атлаа 2020 онд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор заасан байдаг … энэ заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгохоор зохицуулсан.

Гэтэл иргэн Т.М нь 2018 онд тухайн газрыг өөр этгээдээс худалдаж авсан этгээд байх тул Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/484 дүгээр тушаал болон уг тушаалыг үндэслэн олгосон 04/2019 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээний улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, Т.М нь тухайн захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй этгээд юм … Мөн нэхэмжлэгч иргэн Бя, Ба нар нь 2017 онд өөрсдийн эрх бүхий газар дээр барилгаа барьж эхэлсэн талаар талууд маргадаггүй бөгөөд энэ үйл баримтаас үзвэл иргэн Бя, Ба нарын газар луугаа орох гарах гарцыг гуравдагч этгээд нь харин ч нэмэгдүүлж тэдэнд эерэг нөлөөлөл үзүүлсэн, энэ утгаараа нэхэмжлэгч Бя, Ба нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тухайн захиргааны акт зөрчөөгүй … Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэртээ “барилгажих талбайг хэтрүүлсэн нь нийтийн эзэмшлийн талбай руу орж авто замын зорчих хэсгийн замыг нарийн болгож иргэдийн хооронд маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлжээ” гэж дүгнэсэн боловч гуравдагч этгээдийн газрын аль хэсгийг шүүх юуг үндэслэж нийтийн эзэмшлийн талбай гэж үзэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна … Нөгөө талаар шүүх шийдвэртээ “нөгөө талаар хариуцагчийн А/484 дүгээр захирамжаар нэмэгдүүлэн олгосон хэсэг иргэн О.П-ын хашаатай зэргэлдээ амьдардаг иргэдийн газартай ямар нэг байдлаар давхцалгүй бөгөөд өөр нэгний эрх, хууль ёсны сонирхол хөндөгдсөн байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой байсан … Гэтэл шүүх А/484 дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”  шаардлагыг хангахгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна .

3. Шүүх шийдвэртээ “... Хамгаалалтын захиргаа нийтлэг шаардлага, стандартуудыг хангаж байгаа эсэхийг судалсны үндсэн дээр санал гаргах үүрэгтэй ...” хуулийн шаардлагад нийцээгүй санал хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн ...” дүгнэжээ … Гэтэл нэхэмжлэгч нар Хамгаалалтын захиргааны дээрхи, дэмжсэн саналын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ нь бие даасан захиргааны акт байхад шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна … Түүнчлэн нэхэмжлэгч Т.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... орц, гарцыг чөлөөлөх, автомашин зорчих боломжтой болгохыг хүссэн, гуравдагч этгээдийн байшинг холдуулах талаар огт яриагүй” гэдгээ тайлбарласан байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудал буюу 540 м.кв газартаа барьсан барилгын талаар мөн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэж үзнэ.

4. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр О.П-ын 540 м.кв газар нь 163 м.кв-аар илүү гарсан, зүүн талруугаа 3 м.кв-аар илүү гарсан гэж, нийтдээ 363 м.кв газрыг эзэмшиж байгаа нь “Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах, байгаль хамгаалах журам”-д 1 өрх, 0,12 га, барилга нь 0,02 га гэдгийг зөрчсөн, журмаар тооцвол 163 м.кв-аар илүү, харин Архитектур, төлөвлөлтийн даалгавраар тооцвол З м.кв-аар илүү гарсан гэж тус тус дүгнэсэн байдаг … Үүнээс үзвэл гуравдагч этгээдэд газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосон А/484 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёны ашиг сонирхол зөрчигдөөгүй тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд харин стандарт, норм зөрчсөн гэж үзвэл 3 м.кв газрын л асуудал маргаан үүсгэж байгаа гэж ойлгогдож байна .

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг журамласан бөгөөд хуулийн эдгээр үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна … Нэгэнт нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй гэдгийг шүүх шийдвэртээ дүгнэсэн нь үндэслэлтэй, энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү … Захиргааны хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилахаар заажээ. Энэ хэргийн тухайд шүүх санаачлагаараа шинжээч томилсон бөгөөд энэ тохиолдолд шинжээчийн зардлыг улсын төсвөөс гаргах, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд хариуцагчаар, хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлэх журамтай тул шүүхийн зардлыг дахин хуваарилаж өгнө үү … Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна ...” гэжээ.

Гуравдагч этгээд О.П Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Гуравдагч этгээд О.П нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалын дагуу өмнө ашиглаж байсан 540 м.кв газар дээр 293 м.кв газрыг нэмэгдүүлэн ашиглах эрхтэй болсон. Ингэж нэмэгдүүлсэн 293 м.кв газар нь 540 м.кв газрын баруун, зүүн талд нэмэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нарын ашиглалтын газартай давхцалгүй болно … Өмнө ашиглаж байсан 540 м.кв газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар шийдвэрээр ашиглах эрхтэй болсон ... Уг 540 м.кв газар дээр гуравдагч этгээд хууль журмын дагуу зуслангийн байшинг 2018 онд барьсан бөгөөд нэхэмжлэгч иргэд барилгыг баригдахад мэдэж байсан … Энэ тухайгаа ч нэхэмжлэлдээ дурдсан байдаг бөгөөд 540 м.кв газартай маргахгүй гэдгээ шүүхэд удаа дараа мэдүүлж, зөвхөн сүүлд нэмэгдүүлсэн 293 м.кв газартай маргасан. Уг нэмэгдүүлсэн 293 м.кв газарт ямар ч барилга байхгүй бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/102 дугаар дүгнэлтээр гуравдагч этгээдийн зуслангийн байшин 363 м.кв буюу 540 м.кв газартаа багтаж баригдсан болохыг дүгнэсэн … Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт бүхэлдээ нэхэмжлэгч нарын маргаагүй 540 м.кв газар болон газар дээрх гуравдагч этгээдийн барилгын байршил, хэмжээний талаар дүгнэсэн байгаа нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч хэргийн оролцогч нарын маргаагүй асуудалд дүгнэлт өгч шийдсэн байна … шүүхээс нэмэгдүүлэн олгосон 293 м.кв газартай холбоотой ганцхан дүгнэлт хийсэн нь “Нөгөө талаар хариуцагчийн А/484 дүгээр захирамжаар нэмэгдүүлэн олгосон хэсэг иргэн О.П-ын хашаатай зэргэлдээ амьдардаг иргэдийн газартай ямар нэг байдлаар давхцалгүй бөгөөд өөр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байдал тогтоогдоогүй болно” гэжээ … Үүнээс үзвэл нэхэмжлэгч нарын маргаад байгаа 293 м.кв газар нь ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нарын газартай давхцалгүй, тэдний эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөгдсөн байдал тогтоогдоогүй юм бол яагаад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хангасан болох нь тодорхойгүй байна … Шүүхийн дүгнэлтээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан шийдвэр гарах боломжгүй байхад шүүх үндэслэлгүй, нотолгоогүй шийдвэр гаргасан байна.

Хоёр. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй тухайд: шүүх “... нэхэмжлэгч нар ийнхүү шилжүүлж баталгаажуулсан 540 м.кв газартай маргаагүй харин нэмэгдүүлэн олгосон газарт барилга барьж, хашаа хатган нийтийн эзэмшлийн зам талбайг нарийсган нэхэмжлэгч иргэдийн аюулгүй амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж байна” гэжээ … Үүнээс үзвэл маргаантай нөхцөл байдал нь төрийн захиргааны шийдвэртэй бус гуравдагч этгээдийн хашаагаа хэрхэн яаж барьснаас хамааралтайгаар үүдсэн байх тул төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй байхад маргааны үйл баримтад огт хамааралгүйгээр төрийн захиргааны байгууллагыг хяналт тавих, судалгаа хийх үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгасан байгаа нь хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийг шүүх ойлгоогүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна … Тодруулбал, А/484 дүгээр шийдвэр бус гуравдагч этгээдийн хашаа нэхэмжлэгч нарын эрхийг хөндөөд байна гэж маргасан байхад шүүх хэрэгт цугларсан баримтыг буруу үнэлэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн … Түүнчлэн шүүх “хариуцагчийн шийдвэр холбогдох хууль журмын шаардлагад нийцээгүй болох нь 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 033/06 дугаар галын байцаагчийн дүгнэлтээр тогтоогджээ” гэж дүгнэсэн байна … Гэтэл уг дүгнэлт нь “Т.М” гэх иргэнд бусдын буюу О.П-ын эзэмшлийн барилга, байгууламжтай холбоотой дүгнэлтийг гаргаж өгсөн байдаг. Улсын байцаагч яагаад бусдын эзэмшилтэй холбоотой дүгнэлтийг хөндлөнгийн этгээдэд гаргаж өгөөд, яг зөрчил гаргаад байна гэж үзсэн О.П-д өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй байгаагаас үзвэл уг баримт хуулийн дагуу нотлох баримтын шаардлага хангах эсэхийг шүүх тодруулах ажиллагаа огт хийлгүй, шууд нэг талыг барьж дүгнэлтийг үндэслэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Гурав. Маргааны нөхцөл, байдал үйл баримтын тухайд: Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/102 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч иргэд нь өөрсдөө нийтийн эзэмшлийн газар, ой модруу орох, гарах хэсгийн орц гарцыг хааж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын олгосон хэмжээнээс 10 дахин том хашаалсан болохыг тогтоосон … Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаантай газар дээр байлцуулан, эвлэрэх талаар хэлэлцэх санал тавихад нэхэмжлэгч нар хариуцагчийг саналыг хүлээж аваагүй … бодит байдал дээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Нүхтийн амны тус хэсэг газарт тухайн үеийн сайд дарга нарын хамаатан садан, үр хүүхэд гэх бүлэг хүмүүс цугласан байх бөгөөд сүүлд очиж суурьшсан жирийн иргэнийг ад үзэж, элдвийн асуудал үүсгэж, хэл ам хийдэг нь нэг биш удаа бөгөөд миний бие иргэдийн шахалтаар тус газар луу ордог ганц модон гүүрийг өөрийн хөрөнгө мөнгөөр засаж сайжруулан хүнд даацын машин нэвтрэх боломжтой болгосон … Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, бодит байдал, шударга ёсонд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна … Иймд ... шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү… ”

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.М нар нь “... О.П нь ... А/265 дугаар тушаалаар 540 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшдэг байсан ... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/484 дүгээр шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 04/2019 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээгээр 293 м.кв-аар нэмэгдүүлж, 833 м.кв болгон өмнөх зөвшөөрөлгүй хийсэн хууль бус ажиллагаа хийснийхээ дараа баталгаажуулж авсан ... нийтийн эдэлбэр газар, зам талбайн зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар иргэн О.П-д олгосон ... маргаан бүхий газрыг ашиглах эрхийн зөвшөөрлийг хариуцагч нь О.П-д олгосныг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ... анх олж мэдсэн ... нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна ... маргаан бүхий газрыг ашиглах эрхийг О.П-д олгох шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, ... 2017-2018 онд газрын зөвшөөрөлгүйгээр О.П-ын илүү гарган барьсан барилга, цахилгааны дэд станц бохирын цооног, хашаа, зэрэг хууль бус үйлдлийг хамгаалах зорилгоор буюу газрыг хууль бусаар ашигласны дараа О.П-ын 540 м.кв хэмжээтэй газрыг 293 м.кв-аар нэмж сунган 833 м.кв хэмжээтэй болгон газар эзэмших эрх олгосон ... А/484 дүгээр шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 04/2019 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ нь ... хууль тогтоомжийг илтэд зөрчсөн, маргаан бүхий захиргааны акт ТХГНтХ-ийн 27.1.81 дагуу батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд тусгаж нийцүүлээгүй ... галын аюулгүй байдлын ерөнхий шаардлагыг зөрчсөн ...” гэх зэрэг үндэслэлээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалын иргэн О.П-д 293 м.кв талбай бүхий газрыг нэмэгдүүлэн олгосон хэсэг болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон 04/2019 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хангаж, Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалын иргэн О.П-д 293 м.кв газар нэмэгдүүлэн олгосон хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон нэхэмжлэлийн “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон 04/2019 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч хэргийн оролцогчдын маргасан хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн зам 102-т байршилтай Зуслангийн сууцны зориулалттай 48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр О.П-ыг Ү-2206010800 дугаарт бүртгэж  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 000191413 дугаар гэрчилгээ /1хх-31/ олгосон байх бөгөөд иргэн Ш.Б-аас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийн 79 дүгээр гэрчилгээ /1хх-99/ бүхий (Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд зуслангийн зориулалттай 0,054 га) газраа иргэн О.П-д шилжүүлэх хүсэлт /1хх-92/ гаргасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалын холбогдох хэсгээр гуравдагч этгээд О.П-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аманд зуслангийн зориулалттай 0,054 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2015/28 дугаар гурвалсан гэрээ /2хх-22/ байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2017/085 дугаар газар ашиглах гэрчилгээ  /1хх-114/ олгожээ.

Улмаар гуравдагч этгээд О.П нь Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд ашиглаж буй газартаа хяналтын хэмжилт хийлгэж ашиглалтад өртсөн хэмжээгээр 241,7 м.кв-аар нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаар тус газраас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр “Санал хүргүүлэх тухай” албан бичгийг /1хх-106/ Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн маргаан бүхий А/484 дүгээр тушаалын холбогдох хэсгээр гуравдагч этгээд О.П-д Богдхан уулын Дархан цаазат газар, Нүхтийн аманд зуслангийн зориулалттай 540 м.кв газар дээр нэмж 293 м.кв газрыг (нийт 833 м.кв газар) ашиглуулахаар шийдвэрлэж, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04/2019 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ /2хх-3/ олгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга болон О.Пүрэвжал нарын хороонд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2019/46 дугаар гэрээ /1хх-107/ байгуулагдсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090 Нүхтийн зам гудамж, 102-1 тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай, Амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр О.П-ыг Ү-2206058023 дугаарт бүртгэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 000655476 дугаар гэрчилгээ /1хх-128/ олгосон үйл баримтууд тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байх тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалын иргэн О.П-д 293 м.кв талбай бүхий газрыг нэмэгдүүлэн олгосон хэсэг болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон 04/2019 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах” гэж тодорхойлон маргахдаа  үндэслэлээ “... О.Пүрэвжал нь ... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/484 дүгээр шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 04/2019 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээгээр 293 м.кв-аар нэмэгдүүлж, 833 м.кв болгон өмнөх зөвшөөрөлгүй хийсэн хууль бус ажиллагаа хийснийхээ дараа баталгаажуулж авсан ... нийтийн эдэлбэр газар, зам талбайн зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар иргэн О.П-д олгосон, ... 2017-2018 онд газрын зөвшөөрөлгүйгээр О.П-ын илүү гарган барьсан барилга, цахилгааны дэд станц бохирын цооног, хашаа, зэрэг хууль бус үйлдлийг хамгаалах зорилгоор буюу газрыг хууль бусаар ашигласны дараа О.П-ын 540 м.кв хэмжээтэй газрыг 293 м.кв-аар нэмж сунган 833 м.кв хэмжээтэй болгон газар эзэмших эрх олгосон ...” гэж тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/484 дүгээр шийдвэрээр газар ашиглах эрхийг 293 м.кв-аар нэмэгдүүлж олгосныг эс зөвшөөрсөн тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын орц гарц хаагдсан, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн буюу Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын тус 2018 оны А/484 дүгээр шийдвэрийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг эс зөвшөөрсөн, тус шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ хэмээн тайлбарлан маргасан байх тул шүүх Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын тус 2018 оны А/484 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хууль ёсны эсэх, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын орц гарц хаагдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэхийг тодруулах шаардлагатай байна.

            Хэрэгт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/2085 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн ... 2017/085, 04/2019 тоот гэрчилгээнд бичигдсэн солбицлын утгыг боловсруулан үзэхэд 540 м.кв, 831 м.кв хэмжээтэй байна. Уг газруудын зураглалыг давхцуулан үзэхэд 540 м.кв талбайтай газар нь баруун тал руугаа 145 м.кв, зүүн тал руугаа 135 м.кв, урд тал руугаа 16 м.кв тус тус талбайгаар тэлсэн байна”, ... О.П-ын барилга нь 363 м.кв хэмжээтэй байх бөгөөд 540 м.кв талбайтай зураглалтай давхцуулан үзэхэд ашиглах газраас барилга нь зүүн тал руугаа 3 м.кв талбайгаар илүү гарсан байна .... О.Пүрэвжал нь 815 м.кв газарт хашаа барьж, хашааны дотор 363 м.кв талбайд барилга барьсан байна ... газрыг нийтийн эзэмшлийн зам талбайтай давхацсаныг тодорхойлох боломжгүй байна ... учир нь бодит байдал дээр явган хүний зам байхгүй, харин явган хүний зам байсан гэх хавтангууд 9 ширхэг байсан ....” гэх Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/102 дугаар дүгнэлт /3хх-158/, мөн “Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “... Иргэн О.Пүрэвжал, иргэн н.Дагвадорж нарын баригдаж байгаа олон нийтийн барилга, сунгаж барьсан хашаа хайс нь нийтийн эзэмшлийн зам гарцыг нарийсгаснаар болзошгүй гамшиг осол, гал түймэр, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь нас, эд материалыг аврах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулах, аврах болон гал унтраах шуурхай албаны автомашин байрлуулах, орж гарах хөдөлгөөн хийхэд саад учирч цаг хугацаа алдах, ихээхэн хэмжээний хохирол учрах эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж байна ...” гэх 033/66 дугаар дүгнэлт /1хх-49/ зэрэг баримтууд авагдсан байх боловч эдгээр баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудын хүрээнд гуравдагч этгээдэд газар ашиглах эрх нэмэгдүүлэн олгосон маргаан бүхий акт болох Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын орц гарц хаагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалын иргэн О.П-д 293 м.кв талбай бүхий газрыг нэмэгдүүлэн олгосноор орц гарц хаагдсан гэж үзэж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон 04/2019 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах” гэж тодорхойлон маргасан тул шүүх энэ хүрээнд хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тодруулах шаардлагатай.

Хариуцагчаас “... гуравдагч этгээдэд нэмж олгосон 293 м.кв талбайтай газар нь урьд ашиглаж байсан 540 м.кв талбайтай газрын баруун болон зүүн талд нэмж олгогдсон” гэж тайлбарлаж байх боловч үүнийг нотлох, эсхүл үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд О.Пүрэвжавд өмнө нь ашиглуулахаар шийдвэрлэсэн 540 м.кв талбайтай газар дээр нэмж 293 м.кв талбай олгосноор нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан тэдний орц, гарцыг хаах нөхцөл бүрдсэн эсэх, эсхүл гуравдагч этгээдэд нь өмнө 540 м.кв газар ашиглах эрх олгосон шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын орц, гарц хаагдсан эсэх, эсхүл тэрээр урьд ашиглуулахаар олгосон 540 м.кв талбай бүхий газар дээр барилга барихдаа нийтийн эзэмшлийн зам талбай руу хэтрүүлэн барьсны улмаас эсхүл зөвхөн хашаа сунгаж барьсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй, эдгээр нөхцөл байдлыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх уг асуудлуудыг тодруулж, энэ талаарх хэргийн оролцогчдын маргасан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А/484 дүгээр шийдвэрийн улмаас орц, гарц хаагдаж байна гэж маргасан атлаа тус шийдвэрийг бүхэлд нь буюу гуравдагч этгээд олгосон 293 м.кв газар ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргасан нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл бүрэн дүүрэн тодорхой бус байхад тодруулаагүй, мөн хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, бүрдүүлээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч нар ... 540  м.кв газартай маргаагүй харин нэмэгдүүлэн олгосон газарт барилга барьж, ... нэхэмжлэгч иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж байна ...” хэмээн нэхэмжлэгч нарын маргаж буй шаардлагын талаар зөв дүгнэлт хийсэн атлаа “... О.Пүрэвжав зуслангийн барилга /5 айлын орон сууц/-ыг 540 м.кв талбайд барьсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч бодит байдал дээр барилгажих талбайн хэмжээг хэтрүүлсэн нь нийтийн эзэмшлийн талбай руу орж авто замын зорчих хэсгийг нарийн болгож иргэдийн хооронд маргаан үүсэх нөхцлийг бүрдүүлжээ ... шинжээчийн дүгнэлтэд зааснаар иргэн О.Пүрэвжавын барилга 363 м.кв талбай эзэлж байгаа нь ... “Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах, байгаль хамгаалах журам”-ын 3 дахь хэсгийн 3.1.4-д ... гэсэн хэмжээнээс даруй 163 м.кв-аар, ... 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2016/15-24 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгажих талбайн хэмжээ 360 м.кв байна гэсэн хэмжээнээс 3 м.кв-аар тус тус хэтрүүлж барьсан, түүний гадуур 815 м.кв талбай бүхий хашаа хатгасан нь нийтийн эзэмшлийн талбай руу орж автозамын зорчих хэсгийг нарийсган тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх аюулгүй ажиллагааны норм, стандартыг зөрчжээ ...” гэж гуравдагч этгээдийн барилгын хэмжээ холбогдох журамд нийцсэн эсэх, барилгын талбайн гадуурх хашаа норм стандарт зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүйг дурдах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэгч нарын маргаж буй хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн, эдгээр алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ШҮҮГЧ                                        Э.ЗОРИГТБААТАР

                            

                              ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

                            

                              ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ