Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

“Монтрак групп” ХХК-ны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 102/ШШ2016/05288 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч “Өлзий техник сервис” ХХК-д холбогдох

Гуравлагч этгээд: “Пүрэвдаш” ХХК

 

Гэрээний үүрэгт 118 590 000 төгрөг гаргуулахыг шаардсан үндсэн нэхэмжлэлтэй, “Монтарк групп” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Өлзий техник сервис” ХХК-тай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Хоролцэцэг, Д.Батмөнх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунбилэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ичинхорол, Д.Наранцэцэг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Хүрэлсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хоролцэцэг, Д.Батмөнх нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15/014 дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээг “Өлзий техник сервис” ХХК-тай байгуулж, гэрээгээр 2 ширхэг авто ачигч машиныг шилжүүлсэн. Хариуцагч “Өлзий техник сервис” ХХК авто ачигчийн үнэ 107 000 ам доллар төлөх үүргийг хүлээсэн. “Өлзий техник сервис” ХХК нь манай компанитай ижил үйл ажиллагаа явуулдаг, буцаан төлөх төлбөрийн чадвартай гэж үзэн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Техникийг “Өлзий техник сервис” ХХК-ийн менежер н.Пүрэвдаш техник хүлээлцэх актаар хүлээж авсан. Гэрээний нөхцөлд гэрээний дагуу төлбөрийг төлж дуусгана. Хэрэв төлбөрийг тохиролцсон хугацаанд дуусаагүй 14 хоног хэтэрсэн тохиолдолд сар бүрийн 15 000 000 төгрөгөөр түрээслэсэнд тооцож төлөхөөр заасан. Гэрээний нөхцөлийг тохироход хэн нэгний албадан шаардлага ороогүй. Хоёр компанийн гүйцэтгэх захирал хоёр удаагийн төлөлтөөр 95 040 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан. Бид эдгээр техникийг БНХАУ-аас зээлээр авч хүү алданги төлдөг. Тиймээс Өлзий техник сервис ХХК-иас техникийг буцааж авъя гэхэд техникийг 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр менежер н.Пүрэвдаш авчирч өгсөн. Энэ хугацаанд хариуцагч нь техникийг ашиглаж байсан ба буцаан өгөхдөө хэвийн элэгдэл хорогдолоос илүү их элээсэн байсан. Хариуцагч компани 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 5 сар 25 хоног техникийг ашигласан тул энэ хугацааны түрээсийн төлбөр 175 000 000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 95 940 000 төгрөгийг хасаж 79 060 000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гэрээнд тохирсоноор алданги 39 530 000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч “Өлзий техник сервис” ХХК нь манайхаас худалдаж авсан техникийг цааш нь дамжуулж Пүрэвдаш ХХК-нд, Пүрэвдаш ХХК нь Ш.Гансүхэд худалдсан энэ асуудал нь манайд хамаагүй. “Монтрак групп” ХХК нь хариуцагчтай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. “Монтрак потом” ХХК гэдэг нь манай охин компани. Иймд хариуцагч “Өлзий техник” ХХК-наас түрээсийн төлбөр 79 060 000 төгрөг, алданги 39 530 000 төгрөг нийт 118 590 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Өлзий техник сервис” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Өлзий техник сервис” ХХК нь “Монтрак” ХХК-тай хоёр техник зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа өөрийн хүсэлтээр бус Пүрэвдаш ХХК-ийн хүсэлтийг нэхэмжлэгч компани хүлээж аваагүй тул “Пүрэвдаш” ХХК-ийн өмнөөс гэрээг байгуулсан. “Пүрэвдаш” ХХК, Ш.Гансүх нар уурхай хамтран ажиллуулдаг хүмүүс. Хоёр авто ачигчийн төлбөр 95 940 000 төгрөгийг “Пүрэвдаш” ХХК, Ш.Гансүх нар Ц.Цэнд-Очироор дамжуулж төлж байсан. Тийм ч учраас төлбөрийг төлж байсан Ш.Гансүх 100 000 000 төгрөг төлсөн байж техник ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх нь гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргах гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан юм. Маргаж байгаа хоёр техникийг Ш.Гансүх, “Пүрэвдаш” ХХК нар ашиглаж байсан гэдгийг харгалзан “Өлзий техник сервис” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 118 590 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Пүрэвдаш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүрэлсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хувьд тодорхойгүй зүйл нилээд байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан атлаа түрээсийн төлбөр нэхэмжлээд түүнээс алданги нэхэмжилж байна. Иргэний хуульд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм уу эсвэл санхүүгийн түрээс, түрээс юмуу, аль хэлбэрээр нэхэмжилж байна вэ гэдгийг тодруулах шаардлагатай. Гуравдагч этгээд “Пүрэвдаш” ХХК нь Ш.Гансүхийн хамт техникийг худалдан авч орон нутагт ашигласан гэдэг нь үнэн. Энэ хоёр “Монтрак потом” ХХК-нд техникийн төлбөрийн хагас 95 940 000 төгрөгийг төлсөн. Монгол улсад бараа ажил үйлчилгээг төгрөгөөр илэрхийлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Нэхэмжлэлийн шаардлага ямар ханшаар илэрхийлэгдэж байгаа нь харагдахгүй байна. “Монтрак групп” ХХК нь “Монтрак потом” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй, хоорондоо ямар хамааралтай, техник нь хэний өмчлөлийнх гэдэг нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “Пүрэвдаш” ХХК, Ш.Гансүх нарын эрх ашиг хөндөгдсөн хэвээр байна гэжээ.

            Хариуцагч “Өлзий техник сервис” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өлзий техник сервис” ХХК 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2 ширхэг авто ачигчийг зээлээр худалдах худалдан авах гэрээг “Монтрак групп” ХХК-тай байгуулсан. 05 дугаар сарын 09-ний өдөр 70 000 000 төгрөг, 06 дугаар сарын 02-ны өдөр 25 940 000 төгрөг нийт 95 940 000 төгрөг төлсөн. “Монтрак групп” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хоёр авто ачигчийг буцааж авсан. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл гэх 79 060 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иймд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Монтрак групп” ХХК, “Өлзий техник сервис” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.11 дэх заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байснаа гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болгуулах гэж өөрчилсөн. Хариуцагч нь 95 940 000 төгрөг гаргуулах болон гэрээний 3.11 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаас татгалзсан. Одоо гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлага гаргаж байна гэдгийг ойлголоо. Бид зээлээр худалдах, худалдан авах гэрээний талаар яриагүй. Түрээсийн төлбөр шаардсан гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “Өлзий техник сервис” ХХК-иас 118 590 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 908 872 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Өлзий техник сервис” ХХК-иас 908 872 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч “Өлзий техник сервис” ХХК нь “Монтарк групп” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Өлзий техник сервис” ХХК-тай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 778 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд бий болсон үйл явдлыг нэг мөр ойлголгүй бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс үүдэн эрх зүйн дүгнэлтийг буруу шинж шүүх хэрэглэх ёсгүй хэмжээг хэрэглэснээр шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байдаг.

            А. Шүүх иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар “түрээсийн гэрээгээр түрээслэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд, заасан зорилго биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”. Мөн хуулийн 232.6 дах хэсэгт зааснаар “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхийг тогтоосон анзийг алданги гэнэ” гэж Хууль тогтоогч тодорхойлсныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл “Өлзий техник сервис” ХХК, 2015 оны 06-р сарын 04-ний өдөр 2 ширхэг авто ачигчийг зээлээр худалдах худалдан авах гэрээгээр “Монтрак групп” ХХК-иас 107 000 ам доллараар худалдаж авсан. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг үндэслэн талууд зээлээр худалдах, худалдан авах төлбөрийг тодорхой хугацааны  туршид хэсэгчлэн төлж явж байсан. Гэтэл нэхэмжлэгч компани нь хариуцагч тал хэсэгчлэн төлөх төлбөрийг хугацаанд төлөөгүй тул зээлээр худалдах худалдан авах гэрээг цуцалж, түрээсийн гэрээний дагуу нийт 118 590 000 төгрөгийг манай компаниас нэхэмжилсэнийг Баянгол дүүргийн шүүх хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэр нь хууль ёсны байх зарчимыг хангаж чадаагүй байна.  Нэхэмжлэгчид түрээсийн гэрээгээр шаардах эрх үүссэн эсэх тухайд:

            Талууд “дээрх хоёр авто ачигчийг” зээлээр худалдах, худалдан авах  гэрээгээр худалдан авсан бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан  хүчин төгөлдөр хэлцэл байна. Нөгөө талаараа талууд “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр шаардах эрх үүссэн иргэний эрх зүйн харилцаанд маргахгүй байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.11 дэх хэсэгт худалдан авагч гэрээний 3.8 дахь хэсэгт заасан хувиараас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч гэрээгээ цуцалж, түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ... гэж заасны дагуу түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээний дээрх заалтын дагуу шаардлага гаргах бол нэгдүгээрт  гэрээг цуцалсан байхыг шаарддаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг цуцалсан асуудал байхгүй бөгөөд энэ талаарх нотлох баримт ч хэрэгт авагдаагүй байхад, нэхэмжлэгчид ийнхүү шаардлага гаргах эрх үүсээгүй байсан.

Нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр шаардах эрх нь Иргэний хуулийн 318 дугаар  зүйлд заасны дагуу үүсэх бөгөөд талуудын хооронд ийнхүү гэрээ байгуулж, хүсэл зориг илэрхийлэгдээгүй байхад нэхэмжлэгч түрээсийн төлбөр шаардах эрх байхгүй бөгөөд мөн шүүхээс талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Нөгөө талаараа Иргэний хуулийн 318.3, 318.4 дэх заалтад түрээсийн гэрээг бичгээр хийхийг хуульчилсан бөгөөд энэхүү шаардлага хангаагүй байгаа нь гэрээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг.

Гэрээний 3.5 дах заалтанд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт үүргийн үнийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө... гэж заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байдаг.

Талууд зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу үүссэн үүргийн харилцаанд аль нэг тал нь үүргээ биелүүлээгүй байгаа тохиолдолд анзыг хэрэглэхээр гэрээнд тусгасан бөгөөд түүнээс зээлээр худалдах худалдан авах гэрээний бус шаардах эрхэд хэрэглэхээр тохиролцоогүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК нь хариуцагч “Өлзий техник сервис” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 79 060 000 төгрөг, алдангид 39 530 000 төгрөг, бүгд 118 590 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ичинхорол 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гэрч Ц.Цэнд-Очирыг асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүх 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2016/18747 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч гэрчийг шүүхэд дуудах, албадан ирүүлж асуух талаар зохих ажиллагаа явуулаагүй байна. /хх 133, 135/

 

            Мөн шүүх 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2016/20620 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн Ш.Гансүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулсан атлаа 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/24649 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх шүүгчийн захирамжийн 1 дэх заалт /Ш.Гансүхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах тухай/-ыг хүчингүй болгожээ. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан байхад уг заалтыг баримтлалгүй, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хүчингүй болгох захирамж гаргаснаас уг шийдвэрт гомдол гаргах хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх хангагдаагүй зөрчигдсөн байна. /хх 162, 189/

 

            Түүнчлэн зохигчид шүүх хуралдаанд “...гэрээний 3.11 дэх заалт засвартай байгаа” талаар мэтгэлцсэн болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх-185/ байх бөгөөд уг гэрээний эх хувийг зохигчдоос гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд “хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах” ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

            Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 102/ШШ2016/05288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Өлзий техник сервис” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                   

                                                     ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                         Д.ЦОГТСАЙХАН