Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0179

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий /шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 19 дүгээр зүйлийн 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын Сүхбаатар аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Д-Ө” хоршоог 3676056 регистрийн дугаартай “Д-Ө” ХХК болгосон улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... үндэслэх хэсэгт Ц.Б нь Улсын бүртгэлийн Ерөнхий газарт маргаан бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж хуулийн дагуу бүртгэл хийгдсэн, хууль зөрчөөгүй гэсэн хариу авсан тул нэхэмжлэл нь гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага хангасан гэж үзлээ. Мөн хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “Д-Ө” хоршооны бүх гишүүдийн хурлын 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор “Д-Ө” хоршоог үүсгэн байгуулахад нэхэмжлэгч Ц.Б оролцож, хоршоог үүсгэн байгуулж, гишүүнээр бүртгэгдэж, улмаар хоршооны даргаар ажиллаж байжээ. Хоршооны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар Ш.Д-ыг хоршооны даргаар томилж, Ц.Б-ыг чөлөөлсөн бөгөөд тэр өдрөө Ц.Б нь хөрөнгө болон гишүүнчлэлээсээ татгалзсан өргөдлийг хоршооны дарга Ш.Д-д гаргаж өгсөн байна. Түүнчлэн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн хэлтэст Э.Ц нь хоршоог компани болгох хүсэлт хүргүүлсэн. Улсын бүртгэлийн хэлтэс нь холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж дүгнэж, миний Улсын бүртгэлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хууль бус шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй. Шүүх хариуцагч улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус гаргасан шийдвэрийг үндэслэсэн.

Хариуцагч нь Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсныг, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлттэй холбоотой харилцааг зохицуулна гэсэн хуулийн заалтыг, түүнчлэн “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай” хууль зүйн сайдын гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/208 дугаар тушаал, “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан нарийвчласан зохицуулалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн. Улсын бүртгэлийн хэлтэс нь хоршооны нэр өөрчилж, компани болгохдоо иргэн Д Ц нарын гаргаж өгсөн хуурамч нотлох баримтыг үндэслэж олгосон. Хоршоо нь 26,050,000 төгрөгийн дүрмийн сантай гэж компаний эхлэлтийн баланс дээр хоршооны хуурамч дүрмийн санг тавьсаныг нягтлаагүй, шалгаагүй. Үүнийг “Д-Ө” хоршооноос хуулийн хүрээнд шаардах эрхтэй байтал шаардаагүй.

Үнэхээр ийм их дүрмийн сантай юм бол энэ мөнгөн дүнг хууль болон холбогдох журамд зааснаар санхүүгийн тайланг гаргаж өгөх байсан. Түүнчлэн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 003 дугаартай тогтоол дээр Дашням миний гарын үсэг надад мэдэгдэхгүйгээр хуурамчаар зурсан. Би ямар нэгэн итгэмжлэл болон эрх олгоогүй, миний урьдаас шийдвэр гаргасан. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хүчин төгөлдөр бус шийдвэр байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх гэсэн зохицуулалтыг зөрчсөн. Ингэж зөрчснөөр иргэн Б миний Д-Ө хоршооны гишүүнчлэлийн асуудал ноцтойгоор зөрчигдсөн. Би энэ бүхнийг хоршооны гишүүний хувьд бүгдийг мэдэж, энэ талаар холбогдох нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргахад шүүх хангаж өгөөгүй.

2. Үндэслэх хэсэгт хөрөнгө ... болон гэж бичжээ. Би зөвхөн гишүүнчлэлийн асуудлаар тухайн үед маргаж байсан. Хөрөнгийн асуудлаар яриагүй, шүүхэд хөрөнгө, гишүүнчлэл гэж маргаагүй байхад шүүх хэрэгт хамааралгүй зүйлийг тусгаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд ... шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“Д-Ө” хоршооны бүх гишүүдийн хурлын 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хоршоог үүсгэн байгуулах тухай” 01 дүгээр тогтоолоор “Д-Ө” хоршоог байгуулсан байх бөгөөд тус хоршооноос хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргаснаар Сүхбаатар аймгйн Улсын бүртгэлийн хэлтэс “Д ө” ХХК /РД:3676056/ болгон өөрчилж бүртгэн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000131390 дугаар гэрчилгээ дахин олгожээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь дээрх бүртгэлийг эс зөвшөөрч “... Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Д-Ө хоршоо”-ны хэлбэрийг өөрчилж, нэг хүний компани болгож, хууль бус үйл ажиллагаа хийсэн ... хууль бус шийдвэрийг хэний хүсэлтийг үндэслэж гаргасныг би мэдээгүй ... компани болгоход гишүүн тус бүрээс “Хөрөнгөнөөс, гишүүнчлэлээс татгалзсан, эсвэл өөр гишүүнд шилжүүлсэн өргөдөл бичгээр гаргах”, гэрээний үндсэн дээр хуулийн дагуу явагдах үйл ажиллагааг зөрсөн ... эрх бүхий байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас намайг хоршооны гишүүнчлэлээс хууль бусаар хассан ...” гэсэн үндэслэлээр “Д-Ө хоршоо”-г 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3676056 регистрийн дугаартай, “Д-Ө” ХХК болгосон улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан байх бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 7.1.3-д “хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн”, 19 дүгээр зүйлийн 19.4-д “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.1.1-д “нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар”, 22.1.2-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”, 22.1.4-д “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.5-д “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл”, 22.1.6-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 22.1.7-д “хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл”, 22.1.8-д “хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт”, 22.1.9-д “улсын бүртгэлийн гэрчилгээ”, 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд улсын бүртгэгч нь хуульд нэрлэж заасан улсын бүртгэлийн төрлүүдийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэхээр гаргасан хүсэлтийг хуульд заасан холбогдох баримтуудын хамт хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах эрхтэй байх бөгөөд Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн хаягийн талаар нотлох баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг  баримтыг бүрдүүлсэн байх шаардлага тавигдсан байх бөгөөд эдгээрээс өөр баримт бүрдүүлсэн байх талаар өөр бусад хуульд тусгайлан заагаагүй байна.

Түүнчлэн хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 18.1.3-д “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд “Д-Ө” хоршооны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар Ш.Д-ыг хоршооны даргаар томилж, Ц.Б-ыг хоршооны даргаас чөлөөлсөн байх бөгөөд тус өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар хоршооны гишүүн Э.Цогбадрах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 278 дугаар шийдвэрээр “Д-Ө” хоршооны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Тус магадлалыг эс зөвшөөрч хариуцагч “Д-Ө” хоршооны дарга Ш.Д хяналтын журмаар гомдол гаргаж, улмаар хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тул Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаар захирамжаар хариуцагч Ш.Д-ыг гомдол гаргаагүйд тооцсоноор Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 278 дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Үүний дараа “Д-Ө” хоршооны бүх гишүүд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “хоршооны гишүүнээр элсүүлэхийг Ш.Д баталгаажуулах тухай, хоршооны хэлбэрийг өөрчлөх, хоршооны тэргүүлэгч гишүүдийг сонгох, бусад асуудал”-ыг хэлэлцэхээр, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдөр “хоршооны бүтэц зохион байгуулалт, хоршооны хэлбэр өөрчлөх, Ш.Д-ыг хоршооны гишүүнээр элсүүлэх, бусад асуудал”-ыг хэлэлцэхээр тус тус хуралдаж, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар “Д-Ө” хоршооны гишүүнээр Ш.Д-ыг элсүүлэх саналыг бүх гишүүдийн 100 хувийн, хоршоог нэг хүний компани болгон хэлбэрийг өөрчлөх саналыг 88,8 хувийн, бүх гишүүдийн шийдвэрээр Э.Ц-д “Д-Ө” хоршооны үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэх саналыг 88,8 хувийн саналаар тус тус дэмжиж, хоршооны хэлбэрийг өөрчилж, компани болгох асуудлыг хоршооны гишүүдэд танилцуулсан байх бөгөөд тус өдрүүдийн хуралд нэхэмжлэгч Ц.Б өөрийн биеэр оролцсон үйл баримтууд тогтоогджээ.

Дээрхээс үзэхэдД-Ө” хоршооны 2018 оны 08 дугаар 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа “Д-Ө” хоршоог “Д ө” ХХК болгож өөрчлөх асуудлыг тус хоршооны бүх гишүүдийн 2020 оны 04 дугаар сарын 09, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хурлуудаар хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Улмаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр “Д-Ө” ХХК-ийг үүсгэн байгуулагч Э.Ц Сүхбаатар аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл болон хуульд заасан баримтуудыг хавсаргаж хандсан болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 434 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Д ө” ХХК-ийн хувийн хэргийн хуулбар баримтууд болох Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл[1], “Д Ө” хоршооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Д-Ө” хоршооны гишүүн Ш.Д-ыг хоршооны гишүүнд элссэнд тооцож, хоршооны хэлбэрийг өөрчлөн байгуулахтай холбогдуулан Э.Ц-ыг үйл ажиллагаа өмчлөлийн эрхийг шилжүүлж, “Д-Ө” компанийн дүрмийг баталсан 001[2], мөн өдрийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар Цэвэгсүрэн овогтой Б-ыг “Д Ө” хоршооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн 002[3], 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Д-Ө” ХХК болон өөрчлөн байгуулсантай холбогдуулан хоршооны бүх гишүүд нийт 26,050,000 төгрөгийн үнэ бүхий хувь нийлүүлсэн хөрөнгийг Э.Цогбадрахад шилжүүлэхийг зөвшөөрсөн 003 дугаар тогтоолууд, “Д-Ө” хоршооны бүх гишүүдийн 2020 оны 04 дүгээр сарын 09, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдийн хурлын тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хоршооноос гарсан гишүүдийн хоршооноос гарах тухай Сүхбаатар аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул “Д-Ө” хоршоог “Д-Ө” ХХК болгон өөрчилж, бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, “Д-Ө” хоршооноос хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандаж гаргасан өргөдөл, холбогдох бусад баримтууд нь дээр дурдсан холбогдох хуулийн шаардлагад нийцсэн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 18.1.3-д “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэж заасан хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй энэхүү тохиолдолд хариуцагч улсын бүртгэлийн байгууллагыг бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байсан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн “... шүүх хариуцагч улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус гаргасан шийдвэрийг үндэслэсэн ... хариуцагч нь Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсныг, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлттэй холбоотой харилцааг зохицуулна гэсэн хуулийн заалтыг, түүнчлэн “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай” Хууль зүйн сайдын гаргасан ... “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан нарийвчилсан зохицуулалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн .... ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Энэ тохиолдолд Захиргааны хэргийн шүүх нь “Д-Ө” хоршооны бүх гишүүдийн 2020 оны 04 дүгээр сарын 09, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдийн хурлын тэмдэглэлүүд, “Д-Ө” хоршооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01,02,03 дугаар тогтоолууд, “Д–Ө” ХХК болон өөрчилсөнтэй холбогдуулан хоршооны бүх гишүүд нийт 26,050,000 төгрөгийн үнэ бүхий хувь нийлүүлсэн хөрөнгийг Э.Ц-д шилжүүлсэн, нэхэмжлэгч Ц.Б-ын хоршооны хөрөнгө, гишүүнчлэлээсээ татгалзсан өргөдөл нь Хоршооны тухай хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй, мөн “Д-Ө” хоршооноос хуулийн этгээдийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргахдаа хуурамч баримт гарган өгсөн эсэхийг захиргааны хэргийн шүүх шалгаж, дүгнэх хууль зүйн боломжгүй, хариуцагчийг мөн хуурамч баримт бүрдсэн эсэхийг хянаагүй, шалгаагүй гэж буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн  “... Улсын бүртгэлийн хэлтэс нь хоршооны нэр өөрчилж, компани болгохдоо иргэн Ш.Д, Э.Ц нарын гаргаж өгсөн хуурамч нотлох баримтыг үндэслэж олгосон. Хоршоо нь 26,050,000 төгрөгийн дүрмийн сантай гэж компанийн эхлэлтийн баланс дээр хоршооны хуурамч дүрмийн санг тавьсаныг нягтлаагүй, ... үүнийг ... хуулийн хүрээнд шаардах эрхтэй байтал шаардаагүй ... 003 дугаар тогтоол дээр Д миний гарын үсэг надад мэдэгдэхгүйгээр хуурамчаар зурсан, ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үед буюу маргаан бүхий бүртгэлийг хийх үндэслэл болсон баримтууд хуурамч болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэр баримтгүй, бусад этгээдээс энэ талаар гомдол санал гаргаж шийдвэрлүүлж буй талаар баримт нотолгоо байгаагүй байх тул улсын бүртгэлийн байгууллагыг тус бүртгэлийг хийсэн нь буруу гэж үзэх үндэслэлгүй юм .

Хэдийгээр хэрэгт Ц.Б-ын Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “... хоршоо нь ... хэлбэрээ өөрчлөн бусдад худалдагдаж байгаааг зөвшөөрч гишүүнчлэлийн бүртгэлээс намайг хасаж өгөхийг хүсье ...” гэх  хүсэлт /нотариатаар батлуулсан/ авагдсан, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бүх гишүүдийн хурлаар Ш.Д-ыг ... хоршооны гишүүн болгож, даргаар томилж, би хоршооны даргаас чөлөөлөгдсөн ... тухайн өдрөө ... Ш.Д би “Хөрөнгө болон, гишүүнчлэлээсээ татгалзсан өргөдлийг өгч байсан ...” гэж дурдсан байх боловч захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээ улсын бүртгэлийн байгууллагын хийсэн хуулийн этгээдийн бүртгэл хууль ёсны эсэх, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх асуудал буюу нэхэмжлэлийн энэ талаарх шаардлагын хүрээгээр хязаарлагдахаар байхад анхан шатны шүүх маргаан бүхий бүртгэлтэй холбоотой өмнөх хоршооны гишүүн хөрөнгө, гишүүнчлэлээсээ татгалзсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн алдаанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн “... Үндэслэх хэсэгт хөрөнгө ... болон гэж бичжээ. Би зөвхөн гишүүнчлэлийн асуудлаар тухайн үед маргаж байсан. Хөрөнгийн асуудал яриагүй, шүүхэд хөрөнгө, гишүүнчлэл гэж маргаагүй байхад шүүх хэрэгт хамааралгүй зүйлийг тусгаж ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Гэвч энэ үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Эдгээр болон бусад үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

 

[1]Хавтаст хэргийн 38 дахь тал

[2] Мөн тэнд 43 дахь тал

[3] Хавтаст хэргийн 44 дэх тал